antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2017 5 comments

Б.Дангаасүрэн: Авлига нь хар санаа, өшөө хорсол, дайсагнал, аллага тонуулыг даллана…

нийтлэсэн Admin

1559854_815807141874522_761330193097127580_n

Энэ цаг мөчид та бид эрүүл саруул нийгмийн тухай санааширч байгаагийн учиг шалтгаан нь эрх мэдлийн эрэмбэ дарааллаас үл хамааран хавтгайрч буй авлига гэгчтэй үлэмж их хамаатай юм. Ерөөс хууль журам зөрчин байж хувиа бодож довоо шарлуулан, өөрийн болон бусдын эд хөрөнгийг арвижуулан авлигын цар хүрээг тэлэгсэд өнөөдрийн нийгэмд дэндүү олширч байгаа нь үнэн. Дагаад чигч шударга үнэн гэдэгт үл итгэсэн бүхэл бүтэн үе өсч өндийж байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахаас өгсүүлээд, нийгмийн бүхий л салбарт “хаалгачаас нь хаан хүртэл” нь зүтгэж байгаад асуудлаа шийдүүлнэ дээ гэдэг гажиг зарчимаар юм бүхэнд хандаж, нөгөөх эрх мэдэлтнүүд нь хэн бэлтэй, хөдөлгөөнтэй, артайд нь асуудлыг нь шийдэж өгнө дөө гэсэн тооцоололтойгоор л ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь булавч бултайх үнэн билээ. Ийм дүр зураг ноёлсон нийгэм эцэстээ хаа хүрэх вэ? гэдэг асуултын хариулт нь авлигаас үүдсэн шударга бус, зүй бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтын уршигаар хүний эрх гэдэг юм мөнгөнд дөрлүүлсэн хувь эрх ашгуудад чирэгдэн тээр хол шидэгдэж, нөгөөх ардчилал, тэгш эрх гэхчлэн ёсчлон ярих дуртай ойлголтууд ор нэрийн төдий болж булшлагдах аюултай юм. Угаас авлига, хүний эрх хоёр хоорондоо үл зохицох харш зүйлс бөгөөд авлигын үйлдэл нь хүний эрхийг зөрчих хэрэгсэл болдог гэдгийг энд тодотгоё. Түүнчлэн төрийн байгууллагуудын хүнд суртал, нүсэр шат дамжлага, хөшүүн хойрго ажиллагаа, дутагдал, зөрчил гаргасан ажилтнуудтайгаа хариуцлага тооцох тогтсон, үр нөлөө бүхий арга механизм байдаггүй, үйл ажиллагаа нь хаалттай орчинд явагддаг зэрэг нь авлига, хээл хахуулийг улам бүр ургаж, төлжихөд нөлөөлж байгаа үндсэн нөхцөл болсоор байгааг, авлига нэмэгдэх тусам иргэдэд төрөөс үзүүлэх хүний эрхийн хамгаалал багасч, иргэдийн амьдралд тусах хүндрэл бэрхшээл их байдаг гэдгийг ч шинжээчид хэлдэг юм.

Тэгэхээр бид авлигаас ангид байхын тухай хаа хаанаа үнэн итгэл үнэмшилтэй байж, тэмцэх ёстой юм. Цаашлаад өгүүлэхээсээ өмнө Монгол хэлний тайлбар тольд “авилга” гэж үгийг хэрхэн тайлсныг харвал “ёсон бусаар шунаж авсан эд” юм гэжээ. За харин уг ойлголтыг, авлига гэж үгийг албан ёсоор хуулинд оноон хэвшүүлэн хэрэглэх саналыг М.Зэнээ агсан УИХ-аар Коррупцитай тэмцэх хууль хэлэлцэх үеэр санаачлан гаргаснаар тусгагдан өдийг хүрээд байгаа юм. Харин одоо манай улс Авлигын эсрэг тэмцэхэд албан ёсоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд ямар алхмуудыг хийж ирснийг эргэн харъя.

НҮБ-ээс урьтаж хуулиа баталсан нь…

Бид хэдийнээс авлигын эсрэг тэмцэж эхэлсэн талаар ярихаас урьтаж дэлхий нийтийн жишиг хандлагыг онцлох хэрэгтэй юм. Учир нь авлига гэгч нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудлуудын нэг бөгөөд энэхүү буруу үзэгдэлтэй зөвхөн нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй гэдгийг, олон улсын түвшинд хамтран тэмцэхээс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталсан байдаг. Тэрхүү конвенцийн удиртгал хэсэгт Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байна хэмээн онцолсон байдаг.

Тэгвэл манай улсын тухайд НҮБ-ын конвенц батлагдахаас 7 жилийн өмнө буюу 1996 онд Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг баталсан бол 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулжээ.

За харин Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг 2 жилийн дараа буюу 2005 онд УИХ-аар соёрхон баталсан юм. Ерөнхийдөө энэ үед Монгол Улсын төр засаг авлигын эсрэг тэмцэлд хөшүүн хойрго хандаж ирлээ гэсэн хандлага нийгэмд давамгайлж байсан нь эргээд эрх баригчдад ташуур болж, Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэсэн юм. Хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүрч байна.

Авлигын эсрэг гадны орнуудын тэмцэл, бодит алхмуудыг харахад Сингапур гэхэд 1952 онд Авлигын үйлдэл мөрдөх товчоог анх байгуулж байсан бол, Солонгосын тухайд 2001 оны 7 сард хүчин төгөлдөр болсон Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх Солонгосын тусгай комиссыг (АТСТК) (KICAC) 2002 оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан байдаг. Энэхүү комисс нь 8 гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тодруулбал, авлигатай тэмцэх бодлого тогтоож, зохицуулах; шудрага байдлын төвшин, төрийн байгууллагын авлигатай тэмцэх туршлагын үнэлэлт хийх; хууль эрх зүйн хүрээнд сайжруулалт хийх; авлигын мэдээллийн учрыг олох; авлигыг илрүүлэн мэдээлэгчдийг хамгаалах, урамшуулах; төрийн үйлчилгээний ёс зүйг дээшлүүлэх; авлигын учруулах эрсдлийг олон нийтэд мэдүүлэх; авлигатай тэмцэх олон нийт, хувийн эзэмшлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх; авлигын эсрэг даяар олны тэмцлийг эрхлэх гэхчлэн хийсэн ажил ихтэй гэдэг.

Түүнчлэн Танзани улсын тухайд жишээ татахад, анх Танзани манлайлж Авлигаас сэргийлэх хуулийг 1971 онд батласан бөгөөд цагдаагийн хүчний хүрээнд Авлигатай тэмцэх тасаг байгуулахын тулд түүндээ 1975 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Сонирхолтой нь өнөөдөр нэрд гараад байгаа Хонг Конгийн Авлигатай тэмцэх тусгай комиссыг байгуулахдаа Танзаниас үлгэр авсан гэхчлэн мэдээллүүд бий.

Тэгэхээр эдгээр жишээг татахын учир нь Авлигын эсрэг хуулийг баталсан л бол хуулийг мөрдлөг болгон ажиллах газрыг байгуулах нь зүй ёсны асуудал юм. Түүнчлэн манай улсын Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг билээ.

УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлаж гаргасныг энд тэмдэглэх хэрэгтэй юм.

АТГ ба Төр

За харин Авлигатай тэмцэх газар улстөрөөс, эрх баригчдаас хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдэг дээр нийгэмд талцсан байр сууриуд байж ирснийг хэлэх хэрэгтэй.

Авлигатай тэмцэх хуулийн 15.3-д зааснаар Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг байгууллагыг байгуулах шийдвэрийг Парламент гаргасан. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд энэхүү байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон. 15 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага. Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа шинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно. Тийм учраас, АТГ-ын эрхлэх ажил үүрэг өргөн хүрээтэй – соён гэгээрүүлэх болон боловсролын үйл ажиллагаанаас эхлээд гэмт хэргийн мөрдөн байцаалт болон тусгай ажиллагааг хамарч байдаг. 16 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтлах ба аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг.

Ямарч байсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хэнбэгуай ч хөндлөнгөөс оролцох нь хуулиар хориотой гэж ойлгогддог. Гэтэл төр засгийн төвшинд ажил алба хашиж байгаа хүмүүс, улстөрийн нам хүчнүүдийн зүгээс Авлигатай тэмцэх газрыг хэсэг бусагт үйлчиллээ, хэлмэгдүүлэлтийг давтлаа гэхчлэн хэлж ярьдаг болсон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэхгүй байгаатай АТГ-ыг шууд холбон ярьж байгаа. Тэрбээр “Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр бүр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон. 1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгосон нь хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа. Тэр үед Чойдогсүрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан түүхтэй. Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна. Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.” гэхчлэн хэлж ярьж байгаа.

Тэгэхээр энд ойлголтын том зөрүү яваад байгаа харагдана. Юу гэхээр Н.Алтанхуяг гишүүний ойлгоод байгаагаар бол АТГ нь 1937 оны 9 дүгээр сараас 1939 оны 4 дүгээр сар хүртэл 20 474 хүнд буудан алах ял ноогдуулж, гүйцэтгэсэн Онцгой бүрэн эрхт комисстой дүйцэхүйц хэмжээгүй эрх мэдэлтэй газар болж таарах гээд байна. Гэтэл хэрэг дээрээ ямар хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг эхэнд өгүүлсэн билээ.

Гол нь Монгол Улсад амь бөхтэй оршиж байгаа авлигыг зогсооход бүх нийтээрээ хамжин анхаарах хэрэгтэй байгааг судалгааны дүнгүүд ч баталгаажуулж байгаа юм. Тиймээс тандалт судалгааны дүнгүүдээс ишлэн хүргэж байна.

Авлигын цар хүрээ…

Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудаас өөрийн албан тушаалын эрх мэдлийг хувийн зорилгоор ашиглах нь олон хэлбэрээр илрэн гардаг аж. Тухайлбал, Өмгөөлөгчөөр дамжуулах, Биечлэн уулзаж өгч, авах, Мөнгө зээлдүүлээд мартах, Мөрийтэй тоглож санаатай алдах, Эд зүйлсийг зах зээлийн үнээс доогуур үнээр, худалдах, Зуучлагчаар дамжуулах, Хувьцаа, эд хөрөнгө өмчлүүлэх, Ойр дотны хүмүүсээр дамжуулах, Эд зүйлсийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авах, Үйл ажиллагааны зардал болгож өгөх, Ойр дотны хүн, гэр бүлийн гишүүд, тэдний компанид давуу байдал олгох гэхчлэн олон хэлбэрүүд байгаа юм. Тиймээс “Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн хүрээнд хээл хахууль өгөх, авах дараахь аргуудыг хэр хэрэглэсэн гэж Та төсөөлж, таамаглаж байна вэ? гэсэн асуултын хүрээнд судалгаа явуулахад, шинжээчдийн 47 хувь нь улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүс, тэдний өмчлөлийн аж ахуйн нэгжид давуу байдал олгох нь тэдэнд хээл хахууль өгч буй их хэмжээгээр болон маш их хэмжээгээр хэрэглэгдсэн хэлбэр гэж үзсэн байна. Түүнчлэн шинжээчдийн үзэж байгаагаар төрийн өндөр албан тушаалтнууд хээл хахууль авахдаа аливаа үйл ажиллагааны зардлыг төлүүлэх, төлбөр хийлгэх, өмч хөрөнгийг зах зээлийн үнээс илүү үнээр худалдах зэрэг аргыг их хэмжээгээр болон маш их хэмжээгээр ашигладаг гэж үзжээ.

Мөн 2014 онд улс төрийн намуудын үйл ажиллагаан дахь авлигын цар хүрээг тогтоохоор Монгол Улсад улс төрийн аль нам авлигад хамгийн ихээр автсан бэ? гэсэн асуултаар судалгаа явуулахад шинжээчдийн 54.56 хувь нь Ардчилсан намыг, 33.56 хувь нь Монгол Ардын Намыг, 23.98 хувь нь Монгол Ардын Хувьсгалт Намыг авлигад хамгийн ихээр автсан гэж үзсэн байна. Харин шинжээчдийн 6.34 хувь нь Иргэний зориг-Ногоон Намыг, 4.8 хувь нь Монголын Үндэсний Ардчилсан Намыг, 0.6 хувь нь Монголын Ногоон Намыг авлигад хамгийн ихээр автсан гэж үзсэн байгаа юм.

Тэгэхээр дээр өгүүлсэн мэдээлэл болоод судалгаанд тулгуурлан харахад Монгол Улсад авлигатай тэмцэх хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдсан хэвээрээ байна. “Транспарэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигыг шинжээчид болон хөндлөнгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Манай улсын тухайд 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80 дугаар байрт тус тус орсон мэдээлэл бий. Хэдийгээр бидний байр урагшилсан мэдээлэл байгаа ч, яг бодит амьдрал дээр нөхцөл байдал ямар байна вэ? Албан тушаал, эрх сүрийн өмнө мөнгө бэлгүй нь хүчин мөхөстдөг, арчаагүй доройгоороо чичлүүлж адлагддаг баларсан жишиг хавтгайрсаар байна.

Төгсгөлд нь, АТГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байх үедээ амиа алдсан Б.Дангаасүрэн агсны захидлаас ишлэн хүргэе. Тэрбээр:

Таныг эрүүл саруул нийгэмд амьдрахыг хүсдэг гэдэгт итгэж байгаа учраас би энэ захидлыг бичихээр шийдсэн юм. Хүн төрөлхтөний хамгийн ихээр эрхэмлэдэг үнэт зүйлсийн нэг нь шударга ёсны төлөөх тэмцэл, илэрхийлэл, хүсэл эрмэлзэл байдаг. Үүний гол дайсан нь авлига гэдэгтэй Та санал нийлэх биз ээ. Эх сайхан орныг минь авлига гэдэг аймшигт мангас өдөр, цагаар цөлмөж дуусах нь. Үр хүүхдийн маань идэх хоол, өмсөх хувцсыг өм цөм дутааж бараад, улам цаашлан амьдрах газар нутаг, орон гэр, хашаа хороог минь ч булаах нь энүүхэнд болжээ. Өнөөдөр монголчууд та бидний дунд авлигын хар саварт хэд гурван төгрөгөө алдаагүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг бид хүсдэг бил үү?

Авлигыг хоёр утгаар тодорхойлж болно. Аль аль нь муу. Ерөнхий утгаараа бол авлигаас жирийн ард иргэд нэлэнхүйдээ хохирч үлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч болоод байхад би яахаараа болдоггүй юм” гэсэн эзэн биегүй атаа жөтөө газар авч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгүйдэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сүлжээ, эдийн засгийн луйвар… тэсч тэвчихийн аргагүй муу муухайн үүд хаалга өөрөө аяндаа нээгдэнэ. Бизнесмэнүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ хэрэглэгч буюу иргэн Танд, надад, бидэнд үүрүүлсэн авлигын төлөөс болно.

Тэгвэл явцуу утгаараа авлига нь хар санаа, өшөө хорсол, дайсагнал, аллага тонуулыг даллана. Улмаар охид бүсгүйчүүдийг барьцаалах, газар нутаг, эд баялгаараа наймаалцах, тусгаар тогтнолоо алдах аюулыг ч дагуулна. Нэг үгээр хэлбэл, ШУДАРГА ЁС орон зайгаа авлигад алдаж, ард олон итгэл найдвараа булшлуулна гэсэн үг.

Гэхдээ авлигыг давагдашгүй хүч гэж бүү төсөөл. Харин ч сул дорой нэгэн юм шүү. Та бидний хууль журмаа хүндэтгэн сахихгүй, үл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан үйл түүнийг амилуулж байдаг юм. Хялбар амьдралыг хүсч, олз ашиг хайх сонирхолтой хэн бүхний хомхой сувдаг үйлдэл л түүнийг сэргээж байдаг юм.

Цас ханзрах цагаар олон жилийн хур хог ил гарч эрүүл амьдрах нөхцөл бололцоог маань боогдуулдаг. Ой мод, онгон байгаль маань түймэрт хуйхлагдаж үнс нурам болж байна. Урьд нь ус урсдаг байсан газар хуурай сайр болж, ой мод саглайж асан уулс өдгөө нүцгэн толгод болон харсаар байтал хувирч байна. Хайлах цасан дороос өвс ургамал аятай “соёолон” гарч ирэх хогийг Та байх л зүйл гэж хэлэхгүй биз. Энэ бол ажил үүргээ умартсан хүмүүсийн увайгүй зангаас ургасан хог юм. Ой, хээрийн түймрийн тухай мэдээнд бид хэтэрхий дасчихсан байжээ. Эрдэнэт хүний алтан амийг авч одох хүртэл хаврын хуурайшил гэж ярьсаар ирэв. Үнэндээ энэ нь хувиа хичээсэн хүмүүсийн сувдаг сэтгэлээс авалцаж байдаг гал юм. Орхон гол тасарч, Улаан цутгалан ширгэснийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байвал бүү итгэ. Аль нэг сувдаг сэтгэлтэн авлигад өгчихсөн нь тэр шүү.

Одоо боллоо! Хэдий болтол энэ бүхнийг хүлцэн тэвчих юм бэ? Амьдралын минь утга учрыг хүртэл үгүй хийж дуусахаас нь урьтаж цөмөөрөө хамтран авлигыг устгая! Хөгжлийг сааруулж, ядуурлыг гааруулж байгаа авлигатай бүгдээрээ гар, санаа нийлэн одооноос л тэмцье! Буруу бүхнийг өөрчилье! Эрх мэдлээ ашиглан биднийг хохироох гэсэн аливаа үйлдлийн эсрэг хамтдаа зогсъё! Хэн нэгэнд тал засах гэхдээ та бидний хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг уландаа гишгэж байгаа гэм буруутай үйл ажиллагааг таслан зогсооё! Амьдралынхаа сайн сайхныг, ирээдүй хойчоо авран хамгаалцгаая! Үр хүүхдүүддээ эрүүл саруул, шударга нийгэм өвлүүлэн үлдээе!” хэмээн бичсэн байдаг юм.

Авлигатай тэмцэхэд миний оролцоо гэж юу байхав дээ хэмээн Та бодож байж магадгүй. Тийм биш ээ. Харин ч Таны, зөвхөн Таны оролцоо юу юунаас илүү, чухамдаа ус, агаар шиг хэрэгтэй байна. Учир нь нийгмийн аливаа харилцаа зөв, шударга байх нь Та биднээс өөрсдөөс маань шалтгаална, бас эхэлнэ. Наанадаж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах нь авлигагүй нийгмийг байгуулахад оруулж байгаа Таны тус нэмэр болох юм шүү! хэмээн бичсэн байдаг юм.

Эцэст нь хэлэхэд Авлигатай тэмцэх тэмцлийг хэлмэгдүүлэлт болох гэж байна хэмээн ихэд айж АТГ-ыг татан буулгах гэж улайран зүтгэгч нөхдүүд өөрсдийгөө хаана, юу хийж байгаагаа, юу хийснээ мэддэг болоод л Авлигатай тэмцэх тэмцэлд саад болохыг санаархдаг байхдаа…

Э.Болорхажид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • баагий (January 11, 2017 12:06:26 pm )

    Авлига авч ард түмнээ дарамталдаг, хэлмэгдүүлдэг, эрх мэдэл албан тушаалд улайран зүтгэдэг систем үйлчилж байхад яаж авилга буурхав дээ.

  • irgen (January 11, 2017 5:24:24 pm )

    AN, MAN 2-oos salahaas naash avilga ustahgui MONGOLD

  • ИХ Л ХЭРЭГТЭЙ ГАЗАР (January 11, 2017 6:12:02 pm )

    ЭНЭ ГАЗАР АЖЛАА ХИЙСЭН ШИГ ХИЙВЭЛ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД ДОРОО Л САЙХАН БОЛНО ДОО ОРОС ХЯТАДУУД МОНГОЛЧУУДАД АВИЛГАЛТАЙ ЯАЖ ТЭМЦДЭГИЙГ ТОД ХАРУУЛЖ БАЙНА ХАРИН МОНГОЛД ХУЛГАЙЧ АЛУУРЧИН НЬ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САЙД БОЛОХ ЖИШЭЭТЭЙ АВАИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХУЛГАЙЧ НАРЫНХАА ДАРАМТАНД ХЭЦҮҮ Л АЖИЛЛАХ ЮМ ДАА МОНГОЛД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ БОЛТОЛ ИХ Л ТЭМЦЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА ДАА

  • Зочин (January 11, 2017 6:45:57 pm )

    Авлигал нь нийгмийн баялгийг тарамдуулан, төр засгийн чадварыг мөхөөж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг хаадгаараа ядуу иргэдэд хамгийн хүнд тусдаг. Өт хорхойгүй модод үзэсгэлэн төгс найгаж, тэнд өт хорхойн хэрэг үгүйн адил, хүний мөр хүрээгүй газарт байгалийн үзэсгэлэн цогцолсон эх дэлхийдээ хүмүүн бид огт хэрэггүйг илтгэх буюу. Хүмүүн сүйрэл үгүйсэн бол дэлхий минь ямархан байх хийгээд АВЛИГАЛ гээч огт үгүй бол амьдрал мөн тийм байхсан. Сэтгэлээсээ илүү үнэтэй хүн, хүнээс үнэтэй эрдэнэ гэж хаана байх билээ. Авлигал гэж юу юм бол гэдэг асуултыг иргэншсэн хүмүүс өөрсдөөсөө хэтэрхий хожуу асуусан. Өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухаандаа дарлагдан тамирдсан хойноо, УХААН нь өтөлж доройтсон үедээ л сая АВЛИГА хэмээх нууцхан чөтгөрийг өөрсдөөсөө илрүүлж, тэгээд маш үнэмшилгүйгээр үзэн ядаж, идэвхигүйгээр тэмцэж эхэлсэн ч, хамгийн инээдтэй нь амин сүнстэйгээ нөхцчихөөд байгаа энэ чөтгөрийг авлах эрлээ өөрөөсөө бус өрөөлөөс хайн бужигнасны алдсаар авлигын чөтгөр хүчээ авч амьдралын хаан суудлыг булаан эзэлсэн байна. Авлигын талаар Эрдэмтэн Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь бичигт Авлига гэдэг нь ёсон бусаар шунаж адсан эд гэж тайлбарлан тодорхойлсон байна. Харин эрдэмтэн Т.Намжим Авлига гэдэг нь ёсон бусаар өгч авалцаж байгаа мөнгө төгрөг, эд зүйл юм. Авлигал гэдэг нь тэрхүү өгч авалцаж буй үйлдлийг илэрхийлж буй гаж үзэгдлийн нэр гэжээ. Монгол улсын хуулинд авлига гэдэг нэр томъёогоор бичиж тодорхойлсон байдаг. Монгол улс нь Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг 1996 онд баталж, 2006 оны 7-р сарын 6-наас энэхүү хуулийг шинэчлэн боловсруулж, 2006 оны 11-р сарын 1-нээс дагаж мөрдөхөөр 6 бүлэг 35 зүйлтэйгээр шинэчлэн баталсан. 2003 онд НҮБ-аас авлигын эсрэг конвенцийг батлан гаргасан. Монгол улс Авлигатай тэмцэх газрыг үүсгэн байгуулж 2007 оны 1-р сарын 11-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Авлигын гэмт хэрэг нь гэрчгүй, нууц далд аргаар, зохион байгуулалтын өндөр түвшинд үйлдэгддэг болохоор илрүүлэхэд төвөгтэй нь мэдээж. Авлига өгөгчийг бус авагчийг шийтгэдэг, мэдээлэгчийг урамшуулдаг хуультай болох хэрэгтэй. Хэрэв авлига өгсөн хүн, авсан этгээдийг гэрчлэн мэдээлээд байвал авах сонирхолтой хүн үгүй болж, энэ гэмт хэргийн хүрээ багасах учиртай. Харин хүчээр авлига өгөх гэж оролдсон этгээдийг мэдээлвэл урамшуулдаг болчихвол өгөх сонирхолтой хүний тоо ч цөөрөх биз. Авлигатай тэмцэхэд таны ҮГҮЙ гэсэн хариулт маш чухал үүрэг гүйцэтгэхийг хэзээ ч мартаж болохгүй. Таныг авлига авахгүй гэхэд хэн нэгэн буу тулгаж байгаад өгөхгүй нь лав. Оюун ухааны маань шим шүлт хүч чадал хордож, хүн чанарын минь мөс хайлж, сэтгэл зүрх минь үнэр орсон хойно л сая л Нил мөрний Сац суврагаас Фараоны занданшуулсан шарилыг олоод Египетийн хаан сая үхчихлээ гэж хашгиралдах мэт АВИЛГА-ын тухай бид шуугилдаж эхэллээ. Тэгээд Ура хашгиралдан босоод АВИЛГЫН ЭСРЭГ ХАМТДАА тэмцэх гэсэн чинь. Төр нь шүүх цагдаагаа бариад, шүүх цагдаа нь авлигыг барьсан ч авлига нь эргээд төрөө барьчихаад, дэлхийн талыг эзэлж явсан домогт хаадын минь үлдээсэн төр өнөөдөр хөөрхий болжээ. Тийм ээ. Төрийн хяналтгүй авлига луйварчдын тархин дотор хорт өвс мэт ургаж, авлигын алган дээр нүцгэн төр чичирч хэвтэхэд бид гадуур ундааны шил, Сола-ны лааз хайх мэт тэр муу авлигыг хайж, хаа нэгтэйгээс олдохоор нь тэмцэл хийж ялаад АВЛИГАГҮЙ НИЙГЭМ байгуулах гэж явнам. Төрийн халаас, түшмэдийн хормойд нуугдсан тэр АЗТАЙ АВЛИГА-тай бид яаж тэмцэж, харагдахгүй байгаа дайсны цэрэгийг хаана нь буудаж нам унагаах болж байна. Байгаа нь мэдэгддэгч харагддаггүй, өгсөн авсан нь ажлаа бүтээсэн, ашгаа олчихсон байгаа тэрхүү таатай нууцад нь хэрхэн нэвтрэх вэ? Том дарга том иднэ, бага дарга бага иднэ гэлцдэг нь Сүхбаатарын талбайд шинэ жилийн шөнө нартай бороонд шавшуулна гэдэг шиг тэнэг үг биш шүү. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг, дарга нэмэгдвэл авлига нэмэгддэг цаг үе шүү! Хүмүүн төрөлхтөний язгуур ухаарал хэдийн үхсэн бол найдвар алга, унтсан бол сэрээх л хэрэгтэй. Авах идэхийн чөтгөр зөв ухаарлыг минь унтуулчихсанаас бус авлигын угаарт хордоод амьдрал үхжээ гэж бодогдохгүй байна. Эхийгээ идэж дуусаад найман хөлдөө тэнцэж босдог хилэнцэт аалз мэт Монгол улсаа идэн хоослож буй үй олон хилэнцэт хүн хорхойнууд байгаа цагт Монгол улс мөхөх аюулд хүрэх нь үнэн бөгөөд хүмүүний сэтгэл эгнэгт ариусан гэгээрч, Төр нь цэвэр тунгалаг аврагдан хөгжлийн шинэ шатанд гарч ард түмэн нь амар тайван амьдрах болно. Манай Цагдаагийн байгууллага Төрийн байгууллагуудыг авлигагүйгээр манлайлсан анхны үлгэр жишээ байгууллага болно гэдэгт эргэлзэхгүйгээр найдаж, бас болоорой гэж ерөөмөөр байна. Хүмүүний нийгэм гэгээрч хүн зоны сэтгэл угаагдахыг хүлээсэн мянган жилийг амьдрал өөрөө тэсч гарах эсвэл бүх хүн яг зэрэг сэтгэлээ ариусган өөрийгөө ялах тохиолдолд АВЛИГА УСТАНА. Төрийн албаны бохирдсон ёс зүйг цэвэршүүлэх арга нь ажиллагсдын цалинг нэмж, гадны нөлөөнд автахааргүй болгох явдал гэв үү? Нэмэгдсэн цалиндаа ханаад цадчихдаг, тэгээд илүү харахаа больчихдог хүмүүс билүү бид чинь. Төрийн маань хүч авлигадаа байна. Авлигаар төр хооллож, хоолныхоо төлбөрийг цатгалан тэнэгүүдэд эрх ямба болгон илгээнэ. Түшмэдүүд үндсэн ажлаа хийсний төлөө шан харамж нэхэж, эвэртэн туурайтнууд эрх мэдлээ хууль бусаар ашиглан садан төрөл, найз нөхөддөө албан тушаал бэлэглэж, жүнзэнд хоносон сархадын шавхруу мэт сулбагар төр засгийг бүтээцгээж байна. Тэдний чадах нь хүнд суртал. Лаг шаварт лавхан зоосон тагнаатай гадас мэт цул хүнд сурталтнуудыг төрийн хууль, түмний хэрэгцээ, яншаа хэрүүлчид, яарсан иргэд хэн гуай нь ч хөдөлгөхгүй ч, ганц амь оруулж хөдөлгөн идэвхжүүлэгч ачтан нь зөвхөн АВЛИГА. Хөрсийг нүхлэж агааржуулдгийг нь бодоод талбайдаа оготно үржүүлээд байвал ямархан ургац авах билээ. Авлигын ачийг магтан дуулах нь түүн лугаа ижил. Авлигачидгүй, хүнд сурталгүй орчинд, хуулийн хамгаалалт дор дарамтгүй амьдрах боломж хайсан Монгол залуус сүрэг сүргээрээ харьд одоцгоож, авлигын мөнгө шуудайлсан хар элэгтнүүд гэр, төр хоёрт минь шургалахаар вагон вагоноороо зөрөн ирж улс мөхөөх аюулын харангыг дэлдэж эхэллээ. Аяа, хүмүүс минь. Ташуураар жанчихаас нааш хөдөлдөггүй зовлонт адгуус хийгээд, хуулиар жанчихаас нааш сэхээрдэггүй ухаант хүмүүн хоёрт яг адилхан жанчих Чингисийн монголчууд бидэнд ташуур хэрэгтэй жор л асар тустай. Авлига нь эдийн засгийн эрүүл хөрсний шим шүүсийг хог ургамал мэт сорон өсөлтийг сааруулж, нийгмийн ялгаа, тэгш бус байдлыг дэвэргэн хөөрөгдөж, хөгжил дэвшлийн тэнцвэрийг алдагдуулан, нийгмийн эрүүл саруул сэтгэл зүйг бохирлон буртагладаг. Улмаар хүрээгээ тэлж үндэстний өрсөлдөх болон хөгжих чадварыг доройтуулан улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулах аюултай үзэгдэл учраас АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА тэмцэхдээ бид мөр зэрэгцэн нэгэн зүгт уухайлан давшихдаа бус зүрх сэтгэл рүүгээ, оюун ухаан руугаа ухаарлын минь сэнтийг түрэмгийлэн эзэлсэн авлигын чөтгөрийн үүр уурхай руу, ЧӨЛӨӨЛӨХ ДАЙН ЗАРЛАЖ ширүүн дайралт хийцгээе, Ард түмэн минь ээ! Авлигатай тэмцэхэд ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛ хэрэгтэй. Авлигагүй Монгол бидний зүтгэлд, бидний итгэлд, бидний сэтгэлд

  • Anonymous (January 11, 2017 9:38:47 pm )

    Дангаасүрэнгээс эрх мэдэлтнүүд айхдаа цагдаагын тагнуулын хүнээр цааш харуулсан ажиллах хугацаандаа авилгалчдын авилгалын хэргийг материалжуулж хариуцлагад татах бэлтгэлээ хийснийг мэдээд алсан

antalya rent a car