antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2016 1 comment

Түшмэл жамбаагийн хөгтэй явдлаас…

нийтлэсэн Admin
527-148247081615590585_1316692631684437_6436213207812999760_n2. Ертөнцийн тухай бодсон нь
Түшмэл Жамбаа алсыг зорин их замд гарч явах зуураа “Ертөнц гэдэг бас хачин юм даа” гэж бодов. Уулын цаана, уул, усны цаана бас ус гээд л барагдана гэж үгүй, хачин юм даа? …
Энэ газар нутгийг сийлж урласан хүн ер нь их тэнэг хүн байж шүү. Очиж очиж Богдын хүрээг (Да хүрээ) тийм хол хийх гэж ер байх уу? Энэ уулын цаана л хийчихсэн бол болох байж дээ. … Үгүй тэгээд усыг газар доороос гарч ирдгээр хийсэн нь юу ч билээ. Миний бодлоор бол ус гэдэг бол хэн л домбо тосохын хамт дээрээс гоожиж байх ёстой шүү дээ… Энэ ер нь тэнэг зүйл хийжээ. За, одоо яая гэхэв дээ..
Богдын хүрээ ойрхон байсан сан бол би аль хэдийнэ гүн юм уу, түшээ гүн болчихсон байх шүү дээ… гэхдээ энэ надад муу болох үгүй ээ. Яагаад гэвэл ийм хол газар явж, энэ хол уул усыг туулж Да хүрээ орсон хүн надаас өөр байхгүй болохоор Богд эзэн соёрхож хамгийн өндөр цол хэргэмийг надад хайрлах нь дамжиггүй ээ…
Ертөнцөд би юуны ачаар хошуу ноёны агь болж төрөв өө. Тэгээгүй бол энэ Албидай, Салбидай хоёр шиг тэнэг амьтад болох байсан байх шүү. Би одоо Богдод бараалхаад гүн ноёнтон болохын хамт л бүх хошуу нутаг миний өмнө нахилзах болно. Тэр үед намайг ер нь энэ дэлхий даах болов уу? Тэр цагт энэ муу Албидай, Салбидай хоёроор юу хийх билээ? Оронд нь ухаантай түшмэлээр дархан хиагаа хийнэ гэх зэргээр бодоод мань Жамбаа,
– Хүүе, Салбидай, тамхи асаа хэмээн захирав.
Өнөөх нь тамхийг нь асааж өгөөд эзэндээ залбиран мөргөөд,
– Эзэн түшмэл ээ, Да хүрээ чинь ийм хол байх уу? гэж асуухад
– Газрын мухарт байдаг юм гэж Жамбаа ихэмсгээр хариулав.
Газар гэдэг чинь бас явсаар байгаад мухардчихдаг юм байх нь гэж бодсон Салбидай:
– Түшмэл минь, өршөө. Да хүрээнээс цааш газар дэлхий гэж ер байна уу? гэж асуусанд,
– Да хүрээнээс цааш чөдөртэй морины бэлчээр хүрэхгүй газар яваад тэнгэрийн хаяанд тулдаг юм, мэдэв үү! Би тэр жил долоон хошууны даншиг наадамд очиж байхдаа нэг өдөр чөдөртэй морио хайж яваад тэнгэрийн хаяанд тулчихсан юм даг. Тэгээд тэнгэрийн хаяаг ташуураараа дэлдэж үзсэн чинь түн түн гэж дуугарч байсан юм, мэдэв үү! Ингэхээр манай хошуунд надаас өөр газрын мухар, тэнгэрийн хаяанд хүрсэн хүн байхгүй гэдгийг мэдэж ав гэж түшмэл Жамбаа айлдаад хоёр гараа дээш өргөн Богд эзнийхээ төлөө залбирсанд Албидай, Салбидай хоёр зарц нь элгээ хөштөл инээжээ.
Асар, Басар хоёр нохой нь гаслан хуцав гэнэ. Тэгээд үнэн шударгыг хүндэтгэдэг хоёр зарц нь эрхэм түшмэлийнхээ алдар, ивээлд наминчлан байжээ. Тэмээний бөхнөөс өлгөөтэй байгаа лонхтой архинаас эзэндээ аягалаад Жамбааг баахан өдөөж, сонин юм яриулмуй гэж шийдээд,
– Эзэнтэн минь, хоёр муу тэнэг зарцдаа ертөнцийн сониноос ярьж хайрлах болов уу хэмээн мэхийн ёслов.
3. Нар сарны тухай сэтгэсэн нь
– Эрхэм эзэнтэн минь, болгоож хайрлана уу? Бидний явж байгаа энэ газар хавтгай байдаг. Гэтэл дээр нь тэнгэр бүрхсэн байдаг. Тэгтэл саран наран мандаад, бас шингэдэг. Өдөр шөнө ээлжилдэг. Энэ бүхэн ямар учир утгатайг та тайлж өгөөч гэж Албидай зарц нь эзнээсээ сүсэглэн асуусанд түшмэл Жамбаа ийн хариулав.
– Энэ бол номын гүн ухааны учир. Та хоёрт ер хэрэг байхгүй. Харин би үүний чинь тухай богд ламд айлтгаж, газар дэлхийг өөрчлүүлнэ гэж бодож байгаа юм.
Эрд урьд цагт энэ газар дэлхийг Сортогтой гэдэг нэг тэнэг өвгөн модоор сийлж хийсэн гэж би үлгэрээс олж мэдсэн юм. Тэр яг үнэн гэдгийг ч би нуталсан. Яагаад гэвэл тарвага нүхээ ухсаныг нь үзвэл дотроос нь модны үндэс гарсан байна билээ. Миний бодлоор бол ингэж толгой дээрээс наран халаахгүй, бороо орохгүй, шуурга шуурахгүй аятайхан байх юм гэдэг нь үнэн байгаа биз дээ гэсэнд Салбидай.
– Хэлэхэд яах вэ эзэнтэн минь, хийхэд ямар бол?
– Ийм болохоор би Богд эзэнд айлтгаж, дэлхий ертөнцийг өөрчлүүлэх тухай номын шинэ ухааныг нээх гэж байгаа юм. Мэдэв үү? гэсэнд Албидай зарц нь:
– Ээ, Бурхан минь. Өршөөж үзээрэй эзэнтэн минь. Та чинь газар тэнгэрийг хөрвүүлж, галав юүлүүлчих юм биш байгаа даа. Хоёр муу зарц чинь амьд явахыг л хүсдэг юм шүү дээ гэв.
– Энэ бүтээл номын гүн ухаанаар биелэх учир… гэж хэлээд гараа өргөн наманчилсан юм. Салбидай үүнийг дуулаад:
– Энэ гайхамшигт гүн ухаан таны хаанаас тань ундардаг байна? гэж асуусанд:
– Энэ бол миний ходоодны мухраас ундардаг юм хэмээн хэлээд Жамбаа цүндгэр том гэдсээ пад пад цохив гэнэ.
– Тэгж таарна аа. Энэ лав оюун тархинаас биш харин гэдэсний мухраас л гарсан ухаан байх нь байна шүү гэж хэлээд Албидай, Салбидай хоёр нь илжигнийхээ нуруун дээр тогтож ядан инээлдэв ээ.
/Хэсэглэн авав/
.
Энэхүү “Түшмэл Жамбаагийн хөгтэй явдал” бүтээл нь ЭРДЭНЭСИЙН САН цувралын 19-р ботид дэлхийн бусад хошин шог зохиолтой хамт хэвлэгдэв.
Энэ ботид орсон хошин шог зохиолууд
.
– МЯНГУУЖИНГИЙН АДАЛ ЯВДАЛ
– МОЛЛАГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
– СЭЦЭН БИЙРБАЛ, ИХ АКБАР ХОЁР
– ТИЛЬ ОЙЛЕНШПИГЕЛИЙН ДОМОГ
– КИМ СОН ДАЛИЙН ЯВДАЛ
– ТҮШМЭЛ ЖАМБААГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
– БЯЦХАН ШУЛАМ
Хуудасны нийт тоо 310
Б.Наминчимэд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • танил (December 25, 2016 11:55:34 am )

    уул нь Номинчимэд нэртэй л байсан даа. сонгуульд нэр дэвшээд Наминчимэд болсон юм болов уу

antalya rent a car