antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2016 2 comments

Баялгаа барах биш хадгалах сан хэрэгтэй!

нийтлэсэн Admin

27a694313bba8db3e0c789f66d3fec3original

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараах арван жилд Монголын эдийн засаг  олон улсын тоглоомын дүрмээс харьцангуй хол байжээ. Одоогийнх шиг эдийн засгийн үндсэн тулгуур нь уул уурхайн салбар байсангүй. Шилжилтийн дараах шок бүрэн арилаагүй он жилүүд байв. Тийм ч болохоор ерээд оны сүүлээр болсон Ази болон Оросын хямрал бидэнд нэг их падлийгүй мэт өнгөрсөн биз. Харин АНУ-ын ипотекийн зах зээл дээр 2007 оноос эхэлсэн хүндрэлтэй  нөхцөл байдал 2008 оны сүүлчээс дэлхийн санхүүгийн хямрал болж эрчээ аван улмаар  Монголын эдийн засагт зэсийн үнийн уналтаар дамжин нөлөөлсөн байдаг. Улаан металлаа гадагш нь гаргаж, улсын төсвийн дансаа овоо арвижуулж суусан Монгол Улсын  төсвийн орлого буурч, улстөрчид сандарч эхлэв. Үүнийг эргэн сануулахын учир нь эдгээр он жилүүдээс Монголын төр сургамж авч, хямралын өмнө нуруу алдахгүй дархлаатай байх тал дээр анхаарсан, урт хугацааны зөв зүйтэй шийдвэрүүдээ гаргаж, хэрэгжүүлсэн байх ёстой байлаа. Гэтэл бид өнөөдөр дахиад хямарчихжээ.

Бидэнд хурааж хумьсан хөрөнгө мөнгө даанч алга. Уг нь есөн оны хямралын дараачаас дэлхийн зах зээл дээр үүр гийж, түүхий эдүүдийн ханш өсч, дагаад манай улсын эдийн засаг огцом өсөлтийг үзүүлж, орлогодоо пологтож байсан даа. Гэвч тэр их мөнгөнөөсөө цааш хийсэнгүй ээ. 2009 оны амаргүй байдлыг давах үедээ Хөгжлийн санд байсан хэдэн бор юмаа зарцуулчихсан улстөрчид Хүний хөгжлийн сан хэмээх дэлхийн стандартад нийцсэн нэршилтэй сан байгуулсан ч, тэр нь хэрэг дээрээ бол Монгол хүний хөгжлийн төлөөх сан гэхээсээ эдийн засгийн маргаашийг боомилсон сан болж хувирсан. Тус санг сонгуулийн зориулалтаар л ашиглаж, бэлэн мөнгө тараах суваг болгосон. Бэлэн мөнгө тараах гээд баахан зээл авсных нь гор өдгөө ч үргэлжилсээр байна.

Манай эрх баригчид олон улсын туршлагуудыг харахгүй биш хардаг. Гэхдээ Монголд нутагшуулахдаа нэр усаар нь халхавч хийгээд зүсийг нь хувиргаад танигдахгүй болгочихдог жишгийг сангуудтай холбоотой мэдээллээс харж болно. Гол нь манай улс уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засагтай нь үнэн. Эдийн засгаа төрөлжүүлье, олон өнгөтэй болгоё гэж олон жил ярьж байгаа ч, уул уурхайгаас хамаарч, түүхий эдүүдийн ханшид дөмөгхөн шиг өсөлт гарахыг хүлээсэн тийм л байдалтай байна. Уг нь дэлхийн улс орнуудын жишгээс харахад бидэн шиг уул уурхайн салбартаа голлон түшиглэдэг улс орнууд Үндэсний хуримтлалд Үндэсний баялгийн санг оруулж тооцдог юм. Уул уурхай үргэлж өсөлттэй байдаггүй. Түүхий эдүүдийн үнэ ханш өгсөж, уруудсан циклтэй байдаг. Тэгэхээр уул уурхайд түшиглэсэн эдийн засагт зохицуулалт хэрэгтэй. Эдийн засагт асуудал үүслээ гэхэд улс орон, иргэдийн нуруун дээр буух ачааг харьцангуй бага хэмжээнд байлгахын тулд төр хэдийнээ хуримтлуулж зэхсэн хөрөнгөтэй байх ёстой. Гэтэл манай тухайд тэгж чадаагүй. Харин ч эсрэгээрээ баялгийн хараалд өртсөн дүр зурагтай байна.

Тодотгоход, байгалийн арвин баялаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлж болох тухай өөр хоорондоо харилцан уялдаа бүхий хоёр ойлголт байдаг аж. Эхнийх нь богино-дунд хугацаа буюу 5 хүртэлх жилийн хугацааг хамаарах “Голланд өвчин”. Харин хоёр дах нь 5-аас дээш жил буюу дундаас-урт хугацааг хамардаг “Байгалийн баялгийн хараал” хэмээх ойлголт бий.

Тэгвэл манай тухайд 2008 оноос Голланд өвчний шинж тэмдэг ажиглагдсан гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ ойлголтыг тухайлан авч үзвэл эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог. Тухайлбал,  Голланд улсад  1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэний дараа зөвхөн энэ салбартаа өндөр ач холбогдол өгч, аль хэдийнэ хөгжчихөөд байсан аж үйлдвэрлэлийн салбараа унагаачихсан байдаг. Харин тус улсын Ерөнхий сайд үүний эсрэг арга хэмжээ авч, улмаар Засгийн газар нь  өөрөө өөрийнхөө гарыг хүлж, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, үрэлгэн бус тооцоотой, төлөвлөгөөтэй хандаж чадсанаар асуудлаа шийдэж чадсан байдаг. Түүнчлэн эдийн засагчид баялгийн хараалын гол шалтгаан тухайн орнууд байгалийн баялгаа хуримтлал болгож чаддаггүйд оршиж байна гэж үздэг.

Харин хуримтлал үүсгэж чаддаггүй нь  эдийн засгийн, улс төрийн гэсэн хоёр хүчин зүйлсээс хамаардаг аж.  Байгалийн баялаг ихтэй орнууд гэнэт амар хялбар баяжих боломжоос болж нийгэмд хэт цатгалдсан байдал, авилгал, тэгш бус хөгжил зэрэг гаж үзэгдлүүд нүүрлэдэг ба үүнийг эдийн засагчид байгалийн баялгийн хараал гэж нэрлэх нь нийтлэг.

Тэгвэл Монголын төр хурааж хуримтлуулах тал дээр ямар алхмууд хийж ирсэн бэ. Өдгөө бол эрх баригчид мөнгө байхгүй, бүсээ чангал гэж ард иргэдэд хэлж байгаа. Гэтэл мөнгө биднийг чиглэн урсаж байсан нь саяхны явдал шүү дээ. Дэлхийн улс орнууд тэр мөнгөний урсгалыг амдаж тосоод баялгийн сангуудаа байгуулаад, хуримтлалтай болчихсон жишээ цөөнгүй бий. Тэдгээрээс өгүүлэхийн өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу байгуулсан Тогтворжуулалтын сангийн хувь заяа хэрхсэн бэ гэдэг асуултад анхаарал хандуулъя.

Тогтворгүй “Тогтворжуулалтын сан”

Уг нь их л хэрэгтэй гэж үзээд энэ санг байгуулсан байдаг. Тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас доошгүй байна гээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа  заасан ч, эл нөхцөлийг 2018 оны төсвийн жилээс өмнө хангана гээд мөн хуулинд  тодотгоод өгчихсөн байсан билээ.Тогтворжуулалтын сангийн хуримтлал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан бол тэр илүү гарсан хэсгээр нь дотоод болон гадаад зах зээлд хөрөнгө оруулна гэж байв. Гэвч энэ бүхэн үлгэр болсон доо.  Тухайн үед Сангийн сайд байсан С.Баярцогт   “…Санд төвлөрсөн бүх хөрөнгийг шууд эдийн засагт оруулаад байвал шингээж чадахаа байж, тодорхой хугацааны дараа хямралыг бий болгодог. Тогтворжуулалтын сан гэдэг ойлголт бол бүхэлдээ болзошгүй эрсдэл, өсөлтийн үеийн хэт тэлэлтээс хамгаалах зохицуулалт” гэж хэлж байлаа. Тус санд яг ямар учиртай хаанаас орж ирсэн мөнгийг хийх вэ гэхээр зэс, нүүрс гэсэн гол нэрийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ болон төсөвт оруулж ирэхээр тооцсон тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох татварын орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч манай улстөрчид өнгөрсөн жилүүдэд орж ирсэн орлогыг тэр хэмжээгээр буцаагаад зарлагадсан. Санд мөнгө хийлээ гэдэг ч, тавих хяналтын механизм нь асуудалтай байв.

Тэгээд ч улстөрчид олж байгаагаасаа хэтрүүлэн зардал гаргаж, төсвөө үргэлж алдагдалтай байлгаж ирсэн. Эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг маргаашдаа  үлдээх, хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж ирэв.

Гэтэл олон улсын жишээнээс харахад тийм байдаггүй юм байна. Мэдээж уул уурхай үргэлж уналттай байхгүй. Таваарын зах зээлд өсөлт эргэн ирнэ гэж шинжээчид хэлж байгаа. Тиймээс бидэнд уул уурхайгаас дахин боломжийн орлого мөнгө орж ирэх болов уу. Тэр үед алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй биз.  Дэлхий дахинд Абу Дабигаас Сингапур хүртэл олон орнуудын Баялгийн сангуудын нийт хөрөнгө  хэдэн их наяд ам.доллараар хэмжигдэж байдаг. Ингээд гадны улс орнуудын баялгийн сангуудын жишээнээс хүргэе.

Хойд хөршийн НӨӨЦИЙН САН

Манай хойд хөршид Нөөцийн сан гэж бий. Төсөвт орох нефть,  байгалийн хийн орлого багассан үед төсвийн зарлагыг нөхөх зориулалттай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, байгалийн нөөцийн экспортын орлогоос хамаарах хамаарлыг багасгах зориулалттай сан юм. Нөөцийн сангийн удирдлагыг Сангийн яам нь хэрэгжүүлдэг. Сангийн хөрөнгийн 95 хүртэлх хувийг өндөр хөгжилтэй улс орнуудын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас хэлбэрээр байршуулдаг. Нефть байгалийн хийн нийт орлогоос жил бүрийн төсвийн тухай хуулиар улсын төсөвт хийх шилжүүлгийн хэмжээ, Нөөцийн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг заадаг бөгөөд үлдсэн орлого нь Үндэсний баялгийн санд төвлөрдөг. Харин тэр  хөрөнгийг Холбооны тэтгэврийн санг санхүүжүүлэхэд зориулдаг юм байна. Нөөцийн сангийн хөрөнгийн өрийн бичгийг үнэт цаасны хэлбэрээр байршуулж болох гадаад улс орны болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын нэрсийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Австри, Бельги, Их Британи, Герман, Дани, Ирланд, Испани, АНУ, Франц гэхчлэн улс орнуудаас гадна Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй байдаг аж.

Казахстаны ҮНДЭСНИЙ САН

Казахстанд Үндэсний сан гэж бий.  Дэлхийн зах зээлийн үнэ ханшийн  өөрчлөлтөөс улсын төсвийн хамаарах хамаарлыг багасгах буюу тогтворжуулах зорилготой. Үндэсний сангийн хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагыг Казахстаны Үндэсний банк хэрэгжүүлдэг. Үүнийхээ төлөө улирал бүр сангийн хөрөнгийн тодорхой хэсгийн 0.075 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг.

Үндэсний сангийн хөрөнгө нь тогтворжуулалтын хэсэг, хадгаламжийн хэсэг гэж хоёр хуваагддаг. Хадгаламжийн хэсгийг  хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг. Хадгаламжийн хэсгийн хөрөнгийн 75 хувийг орлого нь тодорхой үнэт цаасанд, 25 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтад оруулдаг. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадын хөрөнгийн зах зээл дээр гадаад валютаар байршуулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төрөл бүрийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдэд өндөр хөгжилтэй улсуудын зах зээл дээр байршуулдаг байна. Казахстаны үндэсний сангийн активийн гадаад удирдлагыг дэлхийн томоохон банкууд болох Citibank, Deutsche bank, ABN Amro зэрэг  банкууд гүйцэтгэдэг аж.  Тус сангаас дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулдаггүй. Үндэсний сангийн талаар явагдсан хэлэлцүүлгийн үеэр иргэддээ ногдол ашиг хуваарилах талаар яригдаж байсан боловч, бэлэн мөнгөний нэмэлт урсгал нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэж үзсэн байдаг. Үндэсний сангийн  хуримтлалын эх үүсвэрийн тухайд нефтийн салбарын шууд татварууд, тус салбарын ашгийн татвар, нөөц ашигласны төлбөр, үнийн өсөлтийн албан татвар, бүтээгдхүүн хуваах хувийн төлбөр гэхчлэн орно. Мөн   хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдан борлуулсны төлбөрийн орлого, Казахстан улсын татварын хууль тогтоомжоор хориглоогүй бусад татвар орлогыг тус санд төвлөрүүлдэг юм байна.

Чили улсын  нууц

Дэлхийн зэсийн 1/3-ийг үйлдвэрлэдэг Чили улс баялгийнхаа ачаар зэсийн экспортоос маш их хэмжээний хөрөнгө  цуглуулж чадсан. Тус улсын эдийн засгийн тогтвортой өндөр  өсөлтийн  нууц нь зах зээлийн шинэчлэл гэж яригддаг ч уул уурхайн орлогын удирдлагыг сайжруулахаар 2000 онд оруулсан Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн бодлого чухал хувь нэмрээ оруулсан бөгөөд түүний  ачаар засаглал сайтай, төсвийн сайн сахилга баттай орон гэж үнэлүүлдэг. Түүнээс гадна Чили нь зарим нэг үзүүлэлтээрээ Монголтой төстэй. Чили улсад зэс экспортын 45%-ийг, ЗГ-ын орлогын 1/3-г бүрдүүлдэг  бол Монголд нүүрс, зэсийн экспортыг нэмбэл ойролцоо тоо гарна. Харин Монгол Улсаас ялгаатай нь Чили Улс төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тооцохдоо уул уурхайн бус орлогоо хандлагын, мөчлөгийн гэж ялгахаас гадна Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг сөрөг болгохгүй зорилт тавьдаг юм байна.

Чили улс Тогтвортой байдлын 3 төрөл сантай. Тэдгээр нь Хадгаламжийн, Тэтгэврийн, Эдийн засаг нийгмийн тогтворжуулалтын сангууд юм. Төсвийн хомсдолтой үед ашиглах эсвэл нийгмийн өрийг дарах хоёр чиглэлд ашигладаг. Жил бүр энэ хадгаламжаас ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэх хэмжээг тэтгэврийн нөөцийн сан руу шилжүүлдэг. Ирээдүйд энэ нөөцнөөс оюутнуудыг гадаадад сургах тэтгэлэг ашиглах магадлалтай гэж тооцсон байдаг. Төв банк нь Сангийн яамны өмнөөс гадаадад хөрөнгө оруулдаг.  Үүнийхээ төлөө Сангийн яамнаас 0.01 хувийн төлбөр авдаг. Хөрөнгө оруулалтын 70 хувь нь АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд, бусад нь Европ, Японд явагддаг.

Сангийн хөрөнгийг  дотоодын хөрөнгө оруулалтад ашиглавал улстөрийн дарамтад өртөх магадлал өндөртэй гэж үздэг. Иргэддээ ногдол ашиг хуваарилдаггүй.  Төсвийн дансанд анх ДНБ-ийнхээ 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байлгах зорилготой байсан аж. Чилийн дансны илүүдэл нь хэдийгээр 8-9 хувьтай байсан ч, 1 хувьтай байсан шиг зарлага гаргадаг. Энэ илүүдлийг Чили улс үрэхгүй хадгалдаг бөгөөд жил бүр дансны бүтцийн хэмжээг хянаж, эдийн засгийн нөхцлүүдтэй зохицуулж, өөрчилдөг аж. Их хэмжээний хадгаламжийг тогтвортой байдлын сан руугаа шилжүүлдэг юм байна.

Тэгэхээр зарим улс орнуудын сангуудтай холбоотой мэдээллийг хүргэхэд ийм байна. Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Баялгийн санг байгуулах тухай хуулийн төсөл санаачлаад ажиллаж байгаа гэгдэж байсан ч, сүүлийн үед энэ тал дээр хаа хаанаа дуугарахаа больжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, шууд батлан гаргаж байсан. Түүнчлэн тус сангийн хөрөнгө мөнгийг ипотекийн санхүүжилт рүү оруулах тухай асуудал яригдаж байсан билээ. Ипотек гэдэг бол иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгийн хуримтлал үүсгэж байгаа нэг хэлбэр. Тэр утгаараа Ипотек болон Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн ирээдүйн түншлэл байж болох асуудал болов уу. Гэхдээ улстөржилт биш төрийн зөв бодлого хэрэгтэй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн, Э.Болорхажид

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ШИНЭ ОН (December 23, 2016 11:58:46 am )

    ЗӨВ ШҮҮ

  • G (December 23, 2016 5:23:18 pm )

    UHAAN MUUTAI NOYOD URGASHGUI ALBAD SHUNALTAI GISHUUD SHURGUU DARGA NAR BHAD BID HUGJIHGUE!!!

antalya rent a car