МАН-ын Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болов. Намын дарга С.Батболдын тавьсан илтгэлээр эхэлсэн гуравдугаар Бага хурлаар тус намаас дэвшүүлж буй Монгол Улсыг 2012-2031 он хүртэл хөгжүүлэх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцлээ. Намын дарга илтгэлийнхээ эхэнд Д.Сүхбаатар жанжны төрсөн өдөр гэдгийг дурдаад түүний мэндэлсний 119 жилийн баярын мэндийг журмын нөхдөдөө хүргэж байна хэмээсэн. Түүнийг ийн хэлэхэд Бага хурлын гишүүд ч алга ташин баяр хүргэж байлаа.
Намын дарга С.Батболдын энэ удаагийн илтгэл нь дээр дурдсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т чиглэгдсэн бөгөөд хөтөлбөрийн зорилт, зарчмын талаарх танилцуулгыг хийсэн юм.
Түүний илтгэлд дурдагдсанаар өнгөрөгч оны сүүлээр хуралдсан намын XXVI Их хурлаас улс орныг хөгжүүлэх 20 жилийн хөтөлбөрийг гаргах тухай шийдвэрийг гаргажээ. Тиймээс сүүлийн хоёр жилийн турш улс орон даяар “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулж, ийнхүү ойрын 20 жилд улс орныг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан гэнэ.
Уг хөтөлбөрт дэд бүтэц, хот байгуулалт, аж үйлдвэржилт, уул уурхайн бодлого, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 82 стратегийн зорилт, 560 гаруй хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг онцгойлон тусгасан гэх. Тухайлбал, Нийгмийн дундаж давхаргыг дэмжихэд анхаарах тул өрхийн, жижиг дунд бизнесийг онцгой анхаарах аж. Ингэхдээ татварын байдлаар дэмжлэг үзүүлэх бөгөөд орлогоос нь хамааран татвар авдаг байхаар хөтөлбөрт тусгажээ. Түүнчлэн нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг барина хэмээн хөтөлбөрт тусгажээ. Ингэснээр манай улс 2031 он гэхэд нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас бүрэн гарах аж.
Харин 2016 он гэхэд төмөр болон авто замын сүлжээг бүрэн барьж дуусгана хэмээн хөтөлбөрт дурджээ. Түүнчлэн бүх нутаг эрчим хүчний экспортлогч болохын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана хэмээсэн байна. Энэ мэтчилэн улс орон маань 20 жилийн дараа гэхэд хөгжингүй орон болох юм байх. Үүнийгээ нотлохын тулд намын дарга С.Батболд дараахь жишээг татсан юм. Монголчууд бид 1919 онд тусгаар тогтнолоо сэргээнэ гэж ярьсан бол хэн итгэх билээ. 1980-аад онд ЗХУ задарч, Монгол Улс ардчилсан улс болж, дэлхийн улс орнуудтай чөлөөтэй харилцдаг болно гэсэн бол хэн итгэх билээ. Гэхдээ бид үүнийг хийж чадсан. Тиймээс хөгжлийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадна гэж байв.
МАН-ын даргын хэлсэн өөр нэг үг тун содон сонстсон юм. Тэрээр “Манай нам 2008 оны сонгуулиар ялалт байгуулсан ч ялсан намын бардам занг хойш тавьж, холч, уудам ухаан гарган АН-ыг хамтарсан Засагт орохыг урьсан. Гэсэн ч тэд гурван жил гаруйн хугацаанд замын төгсгөлөөс эргэж, гэрээнээсээ буцлаа. Тиймээс туулах зам, тулгарах бэрхшээлийн өмнө манай нам ард түмэнтэйгээ үлдлээ. Тиймээс ард түмнийхээ төлөө Ардын нам, ардын засаг зорилгоосоо хэзээ ч буцахгүй” хэмээж байв. Энэ үед танхимд цугласан МАН-ынхан алга ташиж байв. Тэднийхээр бол манай Засгийн газар “Ардын засгийн газар” гэдэг шинэ нэртэй болчихсон бололтой.
Ийнхүү намын даргын илтгэлийн дараа хөтөлбөрийн дэд хэсгүүдийн талаар тус бүрт нь танилцуулга хийж, гишүүд асуулт асууж байсан юм. Ингэхдээ засаглалын хөгжлийн талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, эдийн засгийн хөгжлийн тухай Хөрөнгийн биржийн дарга Б.Болд, Хүрээлэн буй орчны талаар БОАЖ-ны сайд Д.Цогтбаатар, нийгмийн салбарын талаар тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар тус тус нарийвчилсан мэдээлэл хийсэн юм.
Танхимд байгаа гишүүдийн зүгээс хөтөлбөрт тусгагдаагүй зарим зүйлсийн талаар санал бодлоо илэрхийлсээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
АН-ЫН БАГА ХУРАЛ АН-ЫН ҮЗХ-ТОЙ ЗҮЙРЛЭМГҮЙ ТАНСАГ БОЛОВ
Хэсэг завсарлаад үдээс хойш 15.00 цагт эхэлсэн хурлаар хөгжлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн ярилаа. Ардын намын Бага хурлыг АН-ын ҮЗХ-ны хуралтай зүйрлэмгүй тансаг болж байна гэж жигтэйхэн. Өнгө гэрэл, тайз дэлгэцийн гайхамшгийг ч үзүүлж байна. Бүр хурал болж байгаа танхимынхаа үүдийг төрийн хамгаалалтын “шкаф” шиг том биетэй залуусаар мануулсан байлаа. Улс төрийн намын дотоодын жирийн нэг хурлыг төрийн хамгаалалтаар хамгаалуулж Ардын нам сүр хүчээ гайхуулав. Гэвч Бага хурлын өнгө аяс АН-ын ҮЗХ-ныхтой бас харьцууламгүй нам гүм, уйтгартай боллоо. Намаа, дарга нараа шүүмжилж, дориун хэдэн үг хэлэх хүн олдсонгүй. Бага хурлын гишүүн Ж.Оюунгэрэл “Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа хувийн хэвшлийнхнийг оруулсангүй. Төсвийн зарлага өсөөд байна. Татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацаад байна. Улс төрийн намуудын популизм хэрээс хэтэрлээ” гэж хэлсэн нь энэ өдрийн хамгийн хатуу ширүүн шүүмжлэл нь байв уу даа. Оройн 19.00 цаг гэхэд МАН-ын дарга нарын боловсруулсан Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцэж дуусаад тогтоолын төслөө баталлаа. Тиймээс МАН-ын дарга С.Батболд үг хэлэв. МАН ийм том асуудлын ард гарч чадлаа гэдгээ тунхаглалаа Хэлэлцүүлэг өргөн дэлгэр болсныг магтан дуулав. “МАН улсаа улс шиг улс болгосон гавьяатай нам. Бидэнд мэдлэг, туршлага, чадвар байна. Тиймээс сонгуульд амжилттай оролцъё. Ардын нам, ардын засаг мандтугай” гээд буулаа. Гэвч тэр дахин үг хэлэхээр тайзнаа гарч ирэв. Хөгжлийн хөтөлбөрөө ярилцсан Бага хурлынхан энэ цагаас эхлэн намын дотоод асуудал руугаа орж байгаа нь энэ байв. “МАН-ын Удирдах зөвлөлөөр удахгүй сая хэлэлцсэн хөгжлийн хөтөлбөрөө олон нийтэд хүргэх талаар төлөвлөгөө гаргана. Үүнийг “Ард түмнээ сонсъё” аяны үргэлжлэл болгож, 21 аймагт танилцуулна. Ингээд тэндээс гарсан саналуудаа сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгана. Ардчилсан нам тэртэй тэргүй сөрөг хүчин болоод биднээс салаад явчихлаа” гээд дөнгөж ярьж эхэлж байсан намын дарга хэвлэлийнхнийг танхимаас гаргая гэдэг саналаа илэрхийлснээр хурал хаалттай хаалганы цаана үргэлжилсэн юм.
Намын даргаа үг хэлсний дараа Бага хурлын гишүүдийн саналыг сонссон байна. Харин дараа нь Засгийн газарт шинээр орсон Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар, Ашигт малтмалын газрын дарга асан Л.Батхуяг болон бусад шинэ дэд сайдуудыг Бага хурлын гишүүн болгох эсэхийг нууц санал хураалтаар шийдэж, дэмжжээ. Нэгэнт намын удирдлагуудаасаа чимээгүй байх үүрэг даалгавар авсан учраас Бага хурлын гишүүд хаалттай хуралдааны үеэр ч шүүмжлэл өрнүүлээгүй гэнэ. Ингээд МАН-ынхан оройн 21.30 цаг хүртэл хуралдлаа.
Т.ГЭРЭЛ, Я.МӨНГӨН
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 04, 2012 4:17:53 pm )
teneg setguulchee yu ni haalttai ve tv r oroi hurtel shuud garaal bsan shde
1 Comment