Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор олон тооны адуу хилээр гаргах гэж буй мэдээлэл гарсанаас хойш тус хэргийг Шадар сайд У.Хүрэлсүх анхааралдаа авснаар тэдгээр адууны ихэнхийг буцаасан ч цөөнгүйг нь хилийн ойролцоо хариулж буй. Мөн үүнээс өмнө Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаас бэлтгэсэн өвсийг хил давуулахгүй байхаар шийдвэрлэсэн ч хууль зөрчихийг завдсан асуудлууд цөөнгүй илэрч байна.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Арваннэгдүгээр сарын 16-нд “Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт экспортод гаргахаар 200 мянган тонн өвс бэлтгэжээ. Үүнээс 120 мянган тонныг нь боомт дээр татсан мэдээлэл байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул хадлан, тэжээл хүрэлцэхгүй гэсэн гомдол, хүсэлтийг малчид тавьсан. Аж ахуйн нэгжүүд улсын хадлангийн нөөцийн 20 хувьтай тэнцэхүйц өвсийг Хятад руу гаргахаар бэлтгэсэн байна. Тиймээс Улсын онцгой комисс болон МХЕГ зэрэг холбогдох байгууллагад танилцуулж, өвс экспортлохыг зогсоосон” хэмээн мэдээлж байсан билээ.
Хятадууд их хэмжээний өвс бэлтгэж хилээр гаргахыг завдан хүлээж байгаа талаар Эрдэнэцагаан сумын иргэн “Аравдугаар сарын сүүлчээс эхлээд хүнд даацын олон машинаар Дорнодын Матадын нутгаас болон Сүхбаатарын Эрдэнэцагаанаас өвс ачиж ирсэн.
Гэвч Шадар сайдын захирамжтай холбоотойгоор өвсөө хилээр гаргаж чадаагүй. Хятадын компаниуд сумын удирдлагуудтай гэрээ байгуулж өвс хаддаг. Үүний төлбөрт нь орон нутагт маань засмал зам тавьж өгсөн. Тиймээс нутгийн удирдлагууд хадлан хадахаар орж ирсэн Хятадын компанийнхантай гэрээ байгуулж, өвс бэлтгэх талбайг нь зааж өгдөг юм гэсэн. Дорнодын Матад ч мөн хадсан өвснөөсөө өгдөг бололтой” гэв. Тэд Матад дахь хадлангийнхаа талбайгаас холдож чадахгүй, хятадуудаас төлбөрөө авахаар хүлээсэн олон тооны Монгол иргэд байгаа тухай орон нутгийн иргэд мэдээлж байна. Уг асуудлыг дээд удирдлагууд анхааралдаа авсан ч хараа хяналтыг жаахан л сулруулбал их хэмжээний өвс болон адууг хилээр гаргахад бэлхэн байна.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (December 13, 2016 12:41:48 pm )
Засгийн газрынхаа шийдвэрийг гааль, хил, мэргэжлийн хяналтын байгууллага нь хэрэгжүүлэх байлгүй дээ. Эхлээд эх орноо, өөрийн малчид, малаа хамгаалъяа. Илүү гарвал бусдад туслъяа.Юм болгоныг зоосны нүхээр харахаа зогсооё л доо.
1 Comment