Монголын Залуучуудын Холбоо 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах “Алма Матер” ёслолын ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд завсарлаад байсан “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, 16 дахь жилдээ зохион байгуулахаар болоод байна. Тус шагналыг 2006 онд хүртэж байсан шилдгийн шилдэг оюутны нэг болох УИХ-ын гишүүн Н. Учралтай уулзаж, тухайн үеийн дурсамжаас нь хуваалцлаа.
Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алма Матер” оны тэргүүний оюутан шалгаруулах ёслол дөрвөн жилийн дараа дахин сэргэж байна. Та 2006 оны ”Алма Матер” шагналын эзэн, Монголын шилдэг оюутан болж байжээ. Тэр үеэ эргэн дурсвал?
Монголын Залуучуудын Холбоо “Эврика” эрдэм шинжилгээний их хурал гэж зохион байгуулдаг. Энэ хуралд оролцохыг хүсдэг, оролцсоноороо оюутнуудын дунд маш их нэр хүндийг авчирдаг, өөийгөө үнэлүүлдэг хамгийн том эрдэм шинжилгээний их хурал байдаг. Дараагийн том шалгуурыг бий болгосон, нэр хүндтэй ёслолын ажиллагаа бол энэ “Алма Матер”. “Алма Матер”-ын шилдэг оюутан гэдэг бол Монгол Улсын шилдэг оюутан гэсэн нэр алдрыг хүртдэг байлаа. Үүнээс гадна нь шилдгээр шалгарсан оюутнууд салбар салбартаа манлайлагч болж чаддаг нь энэ шагналын үнэ цэнийг өндөрт өргөнө. Би 2006 оны “Алма матер”-ын шилдгийн шилдэг оюутан болж, Төрийн ордонд “Шилдэг оюутан хэрхэн болох вэ” гэдэг лекцийг уншиж байлаа. Тэр үед сангийн сайдаар ажиллаж байсан н.Алтанхуяг даргаас энэ шагналаа гардаж байсан юм. Монголын шилдэг оюутнууд төрийн ордонд цугларч, тэрхүү залуучуудад лекц уншиж байснаа мартдаггүй. Энэ бол миний амьдралын хамгийн бахархалтай цаг үе.
Таны хувьд энэ шагналыг хүртэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан гэж хардаг вэ? Ер нь тухайн үед ямар шалгаруулалтаар шилдгийг тодруулж байв?
Оюутан байх 4 жилийн хугацаандаа Монголд зохион байгуулагддаг бүх эрдэм шинжилгээний хурал, парламентийн мэтгэлцээний тэмцээнүүдэд оролцсон байх. Бүгдэнд нь байр эзэлж байлаа. “ Super Student”, “ Шилдэг оюутан хэрхэн болох вэ?” гэж сонсдог номтой хамт гаргасан. Тэр ном маань 2000 гаруй хувь хэвлэгдэж, Вестселлер болж байлаа. Ер нь шилдэг оюутан яаж болох вэ гэдгийг ярьдаг, энэ тогтолцоог бий болгох ёстой гэж боддог байлаа. Яагаад гэхээр оюутан хүн л яаж сайн оюутан болох тухай ярина. Тиймээс л оюутан байх хугацаандаа гаргасан ном минь их амжилт гаргасан. UB palace-т 3 жил дараалан “ Шилдэг оюутан хэрхэн болох вэ?” лекцээ уншсан. Ерөнхийдөө үеийнхэн дундаа манлайлагч байж, үеийнхээ оюутнуудад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг эрмэлзэж явсныг минь үнэлсэн болов уу. Тухайн үед шалгарсан оюутнуудыг ярилцлаганд оруулж, тэрхүү ярилцлагаар бас өөрийгөө илэрхийлж байлаа.
Энэ шагнал танд ямар нэгэн өөрчлөлт авчирч чадсан уу? Энэ шагналын үнэ цэнийг хэрхэн дүгнэдэг вэ?
Шагнал гэдэг өөрөө маш их хариуцлага дагуулдаг. Яг тэр үед шилдэг оюутан хэрхэн болох вэ гэдгийг бусдад ярьж байсан учраас шилдэг байх ёстой, урагшаа тэмүүлж байх ёстой, энэ нэр алдрыг өргөж явах ёстой гэдэг бодол суусан. Цаашдаа ч бас энэ нэр хүндээ алдахгүй, тасралтгүй урагшлах хөгжих дэвжих ёстой гэж бодсон.
“Алма Матер”-ын оны шилдэг оюутан хүн төгсөөд ажилгүй байвал болохгүй. Дээрээс нь ажилд очоод гологдож болохгүй. Ажилд орчоод манлайлагч байх ёстой. Энэ бол маш том хариуцлага, үнэ цэнэ. Хүнд шагнал өгнө гэдэг бол нэг асуудал, шагналын нэр хүндийг дааж явна гэдэг бол бүр том асуудал. Тэр ч утгаараа энэ шагналынхаа нэр хүндийг унагаахгүй, үнэ цэнийг нь бууруулахгүйгээр өдий хүртэл аваад явж байгаа гэж боддог.
Оюутнууд бол шагнал урамшуулал хөөцөлдөх биш, бодит шалгууртай, дээрээс нь энэ шагналыг авсан залуучууд бүгдээрээ салбар салбартаа манлайлагч, тэргүүлэгч байдаг нь өнөөдрийн нийгэмд бэлхнээ харагдаж байгаа. Энэ шагнал бол залуу хүний дараагийн амжилтын суурийг тавьж өгдөг ийм том шалгуур болсон шагнал.
Хүн бүрт л эх нутаг, улс орныхоо төлөөх сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл байдаг. Өөр өөрийнхөө хэмжээнд л үүнийгээ нотолж, оролцоогоо илэрхийлдэг. Харин та тухайн үед өөрийгөө УИХ-д ард түмнээ төлөөлөх гишүүн болж, хууль батлах үйл хэрэгт гар бие оролцоно гэж бодож байсан уу?
Би сурагч байхдаа, оюутан байхдаа ч нэг л зүйлийг боддог байсан. Хөгжил гэдэг бол байгаа байрнаасаа урагшлахыг, хөгжил гэдэг бол тасралтгүй урагшлахыг хэлдэг. Өчигдөр би ямар байсан өнөөдөр би арай өөр түвшинд очсон байх ёстой. Жилийн өмнө хэн байсан 2 жилийн дараа хэн байх вэ гэдгээ тодорхойлох нь чухал. Тийм ч учраас оюутнуудад зориулж лекц уншсан, эрдэм шинжилгээний хурлуудад оролцсон, оны шилдэг оюутан болсон гээд зогсч болохгүй. Дараагийн алхам нь гадаадын их дээд сургуулиудад суралцлаа. Өөрийн бие даасан сургууль байгууллаа. Энэ бүхэн миний тасралтгүй урагшлах үйл явц. Ер нь 90 хувиар A үнэлгээ авдаг хүүхэд бол дөрвөн жил дараалан энэ үнэлгээг авч байгаагаа мундаг гэж ойлгож болохгүй. Харин 95 хувиар А үнэлгээ авч байвал тэр хүн хөгжиж байна. Манайхан 90 хувиар A авдаг хүүхдийг чи онц сурдаг гэж бөөцийлсөөр байгаад 90-ээрээ л дуусдаг. Харин нэгдүгээр куртстээ 60 авдаг байсан хүүхэд 4 курстээ нөгөө 90 авдаг байсан хүүхэдтэй ижил түвшинд очдог. Үүнийг л хөгжил гэж үзээд байгаа юм. Миний амьдралын зарчим бол тасралтгүй урагшлах. Энэ зарчмаараа л явж байна.
МЗХ багагүй хугацаанд завсарлаад буй энэ нэр хүндтэй арга хэмжээг дахин сэргээж байна. Энэ талаархи сэтгэгдлээсээ хуваалцвал?
“Алма Матер”-ыг дахин сэргээж байгаад маш их баяртай байна. Босго, шалгуур нь өндөр байх ёстой. Оюутнуудад энэ шагналын үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. “Алма Матер”-ын шилдэг оюутан нь зөвхөн академик мэдлэг, голч оноотой байхаасаа илүү зөв хандлагатай, урагшлах боломжтой оюутан байгаасай гэж бодож байна. Ингэснээрээ энэ шагналын маань цаашдын үнэ цэнэ нэмэгдэх байх. Олон мянган оюутнууд дундаас энэ шагналынхаа үнэ цэнийг өндөрт өргөх, одоо цагийн шилдэг оюутан тодрон гарна гэдэгт итгэж байна.
Холбоотой мэдээ
-
bi (December 07, 2016 3:17:52 pm )
ene neg hudlaa iltgegch ntr gesen nuhduud bnaa tedniihee demjlegiig awaad yanzan buriin medeh medehgui shagnal yarij yawdag yarihaas tsaashgui amitad bnaa
-
ganaa (December 07, 2016 11:49:06 pm )
shall hudlaa gar shuudeeee
2 Comments