Өдгөө 15 жилийнхээ ойтой золгож буй Монгол Улсын анхны хувийн эмнэлэг”Ачтан”-д цөсний хүүдийн чулууг дурангаар авах хагалгаанд ороод эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үнэлж баршгүй хохирол амссан иргэн О.Түмэндэмбэрлийн нэхэмжлэлтэй хэрэг цагдаа, шүүхийн шатанд хоёр жил явж буй. Уг хагалгааг хийсэн Хүний гавьяат эмч Б.Төмөрбаатарыг бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болохыг анхан шатны шүүхээс тогтоосон ч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байна. Уг хагалгааг гардан гүйцэтгэсэн Б.Төмөрбаатар эмч гурван жилийн дараа хохирогч О.Түмэндэмбэрлээс уучлал хүсч, “30 сая төгрөгөөр тохироод салъя” гэх утгатай зүйл хэлээд сураг алдарчээ. Хэдийгээр Б.Төмөрбаатар эмч уучлал хүссэн ч шүүх хуралдааны үеэр өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй, эрс эсэргүүцсээр ирснийг хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа, Хүний гавьяат эмч Б.Төмөрбаатарыг нарийн судас ч оёдог, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багт багтдаг чадвартай эмч гэж “Ачтан” эмнэлгийн удирдлагууд шүүх хуралдаанд хэлдэг.
Энэ асуудлаар хохирогч О.Түмэндэмбэрлээс зарим асуултад хариулт авлаа.
-Танд хагалгаа хийхдээ алдаа гаргасан гэх Б.Төмөрбаатар эмч тантай биечлэн уулзаж уучлал хүссэн гэсэн. 2013 оны 9-р сараас хойш нэг ч удаа уучлал хүсээгүй байсан хэрэг үү?
-Ачтан эмнэлгийн удирдлагууд, Б.Төмөрбаатар эмч намайг ерөөсөө л зөнд нь орхисон. Дараалсан олон хагалгаанд орж, өвчнөө тэсвэрлэж ядаж байхад тэр хүн нэг ч удаа биеийг маань асууж байгаагүй. Харин сүүлд долдугаар сард Монголын мэс засалчдын холбооны тэргүүн Нямсүрэн гэж хүн миний гар утас руу залгаад “Нэгдүгээр эмнэлэг дээр ирээд уулзаадхаач” гэснээр очсон юм. Нямсүрэн эмч надад хагалгаа хийхдээ алдаа гаргасан Б.Төмөрбаатар эмчийн өмнөөс уучлал хүсээд “та бүхний нэхэмжилсэн хохирлыг барагдуулахад чадах чинээгээрээ тус болъё. Б.Төмөрбаатарыг ч ямар нэг аргаар мөнгө гаргаж өг гэж хэлье. Төмөрөө эмч бөөр шилжүүлэн суулгах багийн эмч болохоор цаашид энэ багтаа ажиллаж, лицензээ хураалгахгүй байх хэрэгтэй байна” гэсэн л дээ. Харин би “Уг нь энэ асуудлыг та биш Б.Төмөрбаатар эмч л ярих ёстой баймаар юм” гэж хэлсэн. Энэ уулзалтаас хойш 2-3 хоногийн дараа мөрдөн байцаагч Батсуурь дуудсан. Намайг очиход мөрдөн байцаагч Батсуурь “та хоёр хохирол дээрээ тохиролцоод асуудлаа шийдвэл яасан юм бэ” гээд Төмөрбаатар эмч бид хоёр уулзсан. Төмөрбаатар эмч “Ах нь олон жил мэс заслын эмчээр ажиллахад ийм зүйл болж байсангүй. Чамайг одоо амьд мэнд байгаад баярлаж байна. Гэдэс нь дүүрээд байгаа бол чамд нэг л хүндрэл гарч магадгүй. Гэдэсний нарийсал болох эрсдэлтэй. Шинэ эм гарсан байна лээ. Тэр эмийг авч уугаарай. Ар гэрийнхэн, аав ээж нөхрөөс нь уучлал гуйя. Ах нь их мөнгөтэй хүн биш. Цалингийн зээлтэй. Тиймээс Ачтан эмнэлгээс мөнгө зээлээд эргэж төлөх талаар ярилцаж байна. Хэрэв мөнгөн дээрээ тохирвол би байгууллагатайгаа ярилцаад эргүүлж төлөхөөр ярилцаж байна. Миний боломж 30 сая төгрөг” гэсэн. Би гурван жил Төмөрбаатар эмчийг надтай адилхан охинтой эцэг хүний ёсоор уучлал гуйх байх гэж хүлээж байсан. Тийм болоод ч тэрүү нулимс тогтохгүй уйлаад л байсан. Тэгээд хэлсэн л дээ. “Би таныг шоронд орууллаа гээд, эмчлэх эрхийг тань хасууллаа гээд миний гэдэс бүтэн болчихгүй. Удаан хугацааны дараа ч гэсэн уучлал гуйж байгаад тань баярлаж байна. Би таныг сэтгэлдээ уучилсаан. Гэхдээ та надад учирсан хохирлыг 30 сая төгрөгөөр үнэлж болохгүй ээ” гэж хэлсэн.
-Уг нь таны нэхэмжилсэн мөнгө 104 сая төгрөг биз дээ. Шүүхээс тийм шийдвэр гарсан санагдаж байна?
-Асуудлын гол нь мөнгөндөө биш юмаа. Би хохирол нэхэмжлэх нь хууль ёсны хэрэг. Харин хүний насан туршийн эрүүл мэндийг хохироочихоод бараа таваар наймаалцаж байгаа мэт хохирлоо буулга, тэдэн төгрөг л өгөх боломжтой гэж хандсан нь сэтгэл эмзэглүүлж байна.
-Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэрэг хэдэн жилээр сунжрахыг үгүйсгэхгүй. Ийм байхад тохиролцох саналыг нь хүлээж авсан нь дээр байсан юм биш үү?
-Үнэндээ залхаж цөхөрдөг юм байна. Би ч бас тэр нь дээр гэж бодсон. Гэхдээ 30 сая төгрөг гэдэг миний гаргасан зардлын хажууд юу ч биш. Японд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тулдаа арай бага зардал нэхэмжилж байгаа. Та бүхний шаардсанаар шүүхээс тогтоосон 104 сая төгрөгөөс хоол байрны зардлаа хасаад 73 сая төгрөг гэж тооцсон.
Хувийн эмнэлэг ажиллуулж, хүмүүс цалинжуулаад амьдралаа өнгөтэй өөдтэй авч явж байсан хүн шүү дээ би. Эмчилгээний зардалд энд амьдарч байсан 3 өрөө байраа зараад явсан. Одоо надад 3 хүүхдээс маань өөр юу ч алга. Энэ байдлаа Төмөрбаатар эмчид хэлэхэд “Энэ долоо хоногтоо байгууллагатайгаа яриад хариу өгье” гэсэн л дээ. Би наймдугаар сард Японд эмнэлэгтээ үзүүлж шинжилгээ өгөх болохоор хурдан шийдэж өгөхийг хүсээд явсан. Харин Батсуурь байцаагч 40 сая болгоод 10 саяд нь Ачтан эмнэлгээс үйлчилгээ авах санал гаргасан. Надад дахиж “Ачтан” нэртэй аймшигтай газарт очиж зүрх зориг үлдээгүй. Бас тэгэх шаардлагагүй. Би хагалгаа хийсэн эмнэлгийнхээ эмчийн хяналтад байдаг. Тэр уулзалтаас хойш өнөөдрийг хүртэл сураг алга.
-Мэс засалчдын холбооны тэргүүн Нямсүрэн Төмөрбаатар эмчийг алдаа гаргасныг хүлээн зөвшөөрсөн гэсэн үү?
-Тийм. “Шинжээчийн дүгнэлт гаргасан Сэргэлэн эмчээс сонссон. Яалт ч үгүй алдаа гарсан юм билээ. Тиймээс бид уулзаж байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой” гэж байна лээ.
-Та “Ачтан” эмнэлгийн толгой компани болох “Пума” констракшн-д хандсан юм билээ. Тэдний зүгээс таны хохирлыг барагдуулна гэсэн үү?
-“Пума” констракшн компанийг хайж очоод Нацагдорж захиралтай уулзах хүсэлт тавихад “Ачтан” эмнэлгийг хариуцсан хүн гээд О.Роза гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэр хүнд туулсан зовлонгоо, бодит нөхцөл байдлаа хэлэхэд “Асуудлыг ойрын хугацаанд удирдлагын түвшинд яриад хариу хэлье. Бид эмчийн алдааны өмнөөс шууд хохирол гаргаж өгөхгүй. Хэрэв гаргах бол эмчээрээ ямар байдлаар төлүүлэхээ шийдэх хэрэгтэй” утгатай зүйл хэлсэн юм. Пума констракшн бизнесийн салбарт орон зайгаа олсон компани. Ийм компанийн удирдлага намайг хүний ёсоор хүлээж аваад, асуудлыг шийдэж өгнө гэсэн болохоор би өнөөдрийг хүртэл итгэж хүлээгээд л явж байна.
-Одоо таны биеийн байдал ямар байна вэ?
-Байнга үзүүлж, эмчийн хяналтад байдаг. Өндөр өртөгтэй дөрвөн төрлийн эм гурван жилийн турш ууж байна. Японы эмч нар “Монголд байх нь чамд хэцүү. Цөсний ерөнхий суваг тэр чигтээ байхгүй болсон учраас элэгнээс тайрч суваг гарган нарийн гэдэстэй холбосон хүнд хагалгаа хийсэн. Нарийн гэдэснээс элэг рүү бактер орох магадлалтай. Ингэвэл нэг л өдөр өндөр халуурч, элгэнд асуудал гарах магадлалтай учир Японд ойр байсан нь дээр” гэж зөвлөдөг. Монголд тавьсан гуурс цоорсноос гэдсийг хоёр хэсэг газар тайрсан. Хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн биш. Ходоодоо байнга дурандуулах шаардлагатай. Ер нь бол байнгын л эмчилгээ, шинжилгээ өгдөг. Гурван хүүхэддээ харагдахын тулд урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөж өндөр өртөгтэй оронд амьдрахаас өөр арга алга. Би 2014 оны 11 сарын 28 хүртэл гаргасан зардлаа л нэхэмжилсэн. Түүнээс хойш гарсан зардлыг тооцвол ямар дүн гарах уу. Хэрэв Пума констракшн, Ачтан эмнэлэг, Төмөрбаатар эмч асуудлыг маань шийдэж өгөхгүй ийм маягаар хойшж суусаар байвал өнөөдрйг хүртэл зарцуулсан бүх зардлаа нэхэмжилж дахиад эхнээс нь явна. Хэдэн жил болсон ч хамаагүй. Үр дүнг нь заавал үзнэ.
Тэрбээр ийнхүү ярилаа.
Өнөөдрийн байдлаар шүүхээр эцэслэн шийдэгдээгүй ч алдаа гаргасныг гэрчлэх шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтууд хангалттай цуглажээ. Энэхүү нийтлэлэр хэн нэгний нэр төрд халдах зорилго агуулаагүй бөгөөд тодорхой баримт материал түшиглэн бэлтгэж байгаагаа дурдах нь зүйтэй.
Алдаа хаана гарсан бэ?
Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд, А.Амгаланболд, Б.Долгормаа, О.Сэргэлэн С.Эрдэнэ нарын 2015 оны 03 дүгээр сарын 02-ны өдрийн №171 шинжээчийн дүгнэлтэд “Өвчтөн О.Түмэндэмбэрэлд хийсэн дурангийн мэс заслын явцад цөсний замыг гэмтээжээ. Хавтаст хэрэгт байгаа материалаас үзэхэд цөсний замд хавчаар буруу тавигдсанаас гэмтсэн байна. Цөсний ерөнхий цоргыг бүтэн битүүлж металль хавчаарыг хөндлөн тавих ёсгүй” гэжээ.
Харин “Ачтан” эмнэлэг, Б.Төмөрбаатар эмч “Алдаа биш хагалгааны хүндрэл, Сонгдо эмнэлэг бас буруутай” гэж маргасаар өнөөдрийг хүрсэн байна.
4 удаа хагалгаанд орж, элгээ тайруулжээ
Цөсний хүүдийн чулууг авах хагалгаа Монгол Улсад түгээмэл хийгдэж буй. Тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд ч хангалттай. Гэтэл нэг эмчийн хариуцлагагүй байдлаас эрүүл саруул хүн дөрвөн удаа хүнд хагалгаанд орж, элэгний баруун зүүн хэсгээс тахианы өндгөн чинээ элэг тайруулсан гээд бодоод үз дээ. Дөрвөн удаагийн хагалгаагаар иргэн О.Түмэндэмбэрлийн хэвлийн хөндийг тэр чигт нь хагалсан байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу? http://www.tumen.mn/p/9692.html
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (November 16, 2016 8:42:35 pm )
Алдаа гаргасан тодорхой хохиролыг барагдуулах л хэрэгтэй нэг хүний амьдралыг байхгүй болгожээ ямар харамсмаар юм бэ
-
Үлмэдэх (November 17, 2016 6:50:19 am )
Эмч хүн алдаа гаргахад ганц нэгэн хүн л хохирно. Төрийн хүн алдаа гаргахад улс нийгмээрээ хохирно. Хэн дуртай хүн эмчийн ажил хийдэггүй. Зөвхөн эмчийн мэргэжил эзэмшсэн хүн л хийдэг. Тэгвэл төрийн ажлыг хэн ч хамаагүй хийж байгаа нь бидний эмгэнэл. Уг нь улс төр гэдэг мэргэжил юм. Төрд( их хурал) хууличид, засгийн газарт эдийн засагчид голлон ажиллах ёстой. Манайд бол эмч, бөх, урлагийнхан гээд л хэн дуртай нь их хуралд сонгогдох юм. Тэдний мэдлэг, чадваргүйн алдаанаас болж ард түмэн бид бүгдээрээ хохирсоор байна. Дээрхи нэгэн иргэн эмчийн алдаанаас болж их хэмжээгээр хохирчээ. Тэгвэл төрийн алдаанаас болж бид бүгдээрээ ямар хэмжээний хохирол амсаж байна даа? Дээрхи хүн эмчтэй хариуцлага тооцож байгаа нь зүй ёсны хэрэг. Харин ард түмэн төр засагтай хариуцлага тооцмоор байна.
-
Egii (November 17, 2016 9:17:12 am )
үнэхээр зөв хэлжээ
-
зочин (November 17, 2016 5:03:33 pm )
Маш чадваргүй эмчшд. Энэ хүнээр хагалгаа хийлгээд, дараа нь Эрхүүд очиж хэвтэхэд, Орос эмч нар толгой сэгсэрч байсаншд, наад захын шулуун гэдэс тайрч гадагш нь гаргаж оёход л зөв оёж чадаагүй, өтгөн нь гэдэс рүүгээ орж , бүр бодийг нь хөтлөчихсөн байсаншд, эмчгүй газар ,мэргэжлийн бус хүн хийсиймуу?, нөгөө ертөнцийн хаалгаар аль хэдийнээ орчихсон хүн байнашдээ, гэж хэлж байсан, ер нь бол 1-р эмнэлгийн мундаг том эмч энээ тэрээ гэгддэг нөхдүүд үнэн өрөвдмөөр чадвар муутай мөртлөө их том, сувилагч нарын худлаа магтаалд хөөрчихсөн амьтад байд;гийн байна лээ, өөрсдөө ийм юм чинь ,зааж сургаж байгаа анагаахын оюутнууд бас л юу ч чаддаггүй, хүний амиар тоглосон нөхдүүд л гарна, би үүнд бүр итгэлтэй болсон шүү, яана даа,Монголын ард түмэн,
4 Comments