Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн нь хар тамхинд татагдан ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргаж байжээ. Энэхүү байдал нь сүүлдээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхүйц “аюулын харанга” дэлдэж байна. Тодруулбал, хар тамхины хэрэглээ улам залуужиж амьдралын мөн чанар, сайн мууг ялгаж чадахгүй гэнэн томоогүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж, бие биенээ даган дуурайж хар тамхинд орж байгаа нь харамсалтай.
Тиймээс Zaluu.com сайтаас “Хар тамхины эсрэг” аян өрнүүлж байна. Бид энэхүү аяныхаа хүрээнд хар тамхи гэх “цагаан тахал”-ын аймшигт хор хөнөөлийн талаар сурвалжилж хүүхэд залуусдаа үнэнийг хүргэж, үүнээс болж амьдралдаа алдаж эндсэн иргэдийн үнэнийг өгүүлсэн гэмшлийн үгийг хүргэхийг хүссэн юм. Хар тамхины хэргээр өдгөө улсын хэмжээнд 20 гаруй иргэн ял эдэлж байгаагийн 10 нь эмэгтэйчүүд юм. Тэд одоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа юм.
Тэгвэл бид энэ удаад 40 гаруй насандаа найзынхаа дайсан зүйлийг авч яваад Хятадын хил дээр саатуулагдан өдгөө 8 жилийг өргөст торны цаана өнгөрүүлж буй Э гэгч эмэгтэйн ярилцлагаар аянаа эхлүүлж байна. /эмэгтэйн хүсэлтээр түүний нэрийг Энхээ гэж оруулав/
Жирэмсэн найзыгаа надад хар тамхи дайж миний амьдралыг “там” болгоно гэж бодоогүй
-Хар тамхины хэргээр олон арван эмэгтэй ял эдэлж байна. Тэдний дийлэнх нь хүний гуйлтаар хар тамхи хилээр авч гарах гэж байгаад баригдан ял сонсдог. Таны хувьд яаж яваад энэ хэрэгт холбогдчихов?
-Би 2008 онд Малайзад найзындаа очсон. Тэгээд дөрөв хоногийн дараа нутаг буцах болоход найз минь надад хүүхдүүддээ юм өгч явуулах гэсэн гээд ойр зуурын юм өгч явуулсан. Гэтэл түүн дотроо хар тамхи хийсэн байсан уу, чемоданыг минь цоолоод хар тамхи хийсэн байсан уу мэдэхгүй. Ямарч байсан Хятадын хил дээр миний чемоданаас хар тамхи илэрсэн.
-Найз тань хар тамхи хэрэглэдэг байсан уу. Хар тамхи хэрэглэдэг, зөөвөрлөдөг хүмүүстэй холбоотой байсан юм уу. Та тэрийг нь огт мэдээгүй, гадарлаж байгаагүй юу?
-Жирэмсэн байсан шүү дээ манай найз чинь. Би жирэмсэн найзыгаа надад хар тамхи өгөөд явуулчихна гэж арай ч бодоогүй. Бид Хонгконгт уулзаж учраад л сайхан л найзууд явсан. Үнэхээр итгэж чадаагүй. Одоо хүртэл найз гэх тэр эмэгтэйд гомдож явдаг даа.
-Та Хонгконг руу ямар шугамаар очдог байсан юм бэ. Ер нь хэр их очдог байсан юм бол?
-Би Хонгконгт үнэртэй усны лангуу ажиллуулж, тэнд амьдардаг байсан. Лангуу маань ч их ашиг олж, овоо хөлөө олоод сайхан байтал найз минь “Малайз руу явж үз. Малайзын их дээд сургуульд оюутнууд их ирж суралцдаг. Хөнгөлөлт, тэтгэлэг их байдаг. Дотуур байр ч байдаг. Хүүхдээ сургаач, очиж судлаад үз” гээд байхаар нь нээрээ ч дажгүй санал юм уу даа гээд хамт явсан. Гэтэл надад хар тамхи өгч явуулаад миний хайран сайхан залуу нас, амьдралыг минь өргөст торны цаана өнгөрүүлнэ чинээ огт бодож байсангүй, төсөөлж ч байсангүй. Жирэмсэн эмэгтэй шүү дээ найз минь /уйлав/
-Та түрүүн хэлэхдээ Хятадын хил дээр баригдсан гэлээ. Тэгэхээр Малайзын хилээр яаж гарсан юм бэ?
-Малайзын хилээр ямар ч асуудалгүй гарчихсан. Шалгуулдаг дүрэм журам бүх зүйлээр нь шалгуулаад асуудалгүй гарсан. Би ч хар тамхи байна гэж бодоогүй болохоор өөртөө их л итгэлтэй явсан. Нохой нь хүртэл үнэрлэхэд байгаагүй. Тэгээд хятадын хилээр ороход л чемоданаас илэрсэн. Хар тамхи илэрлээ гээд надад нэг цагаан зүйл л үзүүлсэн. Би маш их гайхсан. Тухайн үед шоконд ороод яг юу болсон процессоо сайн санахгүй байна. Миний юманд хар тамхи байх ёсгүй гэсэн чинь таны чемоданаас илэрлээ л гэсэн. Хэрэглэсэн байж болзошгүй гэдсэндээ залгисан байж болзошгүй гэж шинжилгээ хүртэл авсан. Мэдээж илрээгүй. Чемодан маань зүсэгдчихсэн байсан. Тэгэхээр би найзыгаа миний чемоданыг зүсээд хар тамхи гээчээ хийж дээ гэж боддог юм.
Цаазын ял гүйцэтгэхээс өмнө уулзая гэж ээж минь ирж байсан
Хятадын шүүхээс танд хэдэн жилийн ял оноосон юм бэ. Ялтан солилцоогоор монголдоо хэзээ ирэв?
-Хятадын шүүхээс надад цаазын ял оноосон. Тэр үед тэнгэр хөмрөх шиг л аймшигтай байсан. Ээж минь, хүүхдүүд минь нүдэнд харагдаад үнэхээр хэцүү. Тухайн үедээ ээж минь энэ мэдээг сонсоод зүрх нь зогсчихвий гэхээс л хамгийн их айж, дотор харанхуйлж байлаа. Хүн тэр үед өөрөөсөө илүү төрүүлж өсгөсөн ээжийгээ л боддог юм билээ. /уйлав/. Гэхдээ эцсийн эцэст хүнд хэцүү цаг үед тохиолдоход ар гэрийнхнээс минь өөр хүн түшиж тулдаггүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Ээж минь, хүүхдүүд, дүү нар минь л эргэж тойрч, сэтгэлийн дэм өгдөг байлаа.
-Хятадын хорих ангид байхад ар гэрийнхэн нь хэр их эргэж тойрч байв?
-Тэр бүр ирээд байх боломжгүй шүү дээ. Цаазын ял гүйцэтгэхээс өмнө уулзая гэж ээж минь ирж байсан.
-Хятадын шүүхээс цаазын ял сонссон ч өнөөдөр та эх орондоо ял эдэлж байна. Цаазын ялтай хүнийг ялтан солилцоонд хамруулдаггүй. Харин та цаазын ялаас хэрхэн хэлтрэв?
-Жил гаруйн хугацаанд хоригдож, шалгагдаж байгаад 2009 оны гуравдугаар сарын 3-нд Хятадын шүүхээс цаазын ял сонссон. Миний гүйцэтгэлийг 2011 оны зургадугаар сарын 26-нд гүйцэтгэх байсан. Тэр л үед ээж минь цаазын ял гүйцэтгэхээс өмнө уулзая гэж ирсэн байсан. /уйлав/ Тэр үед ээжийгээ их өрөвдөж, өөртөө уур хүрч, найздаа маш их гомдож байлаа. Харин азаар намайг хоригдож байх хугацаандаа хэрэг зөрчил гаргаагүй гээд цаазын ялыг минь хугацаагүй ялаар өөрчилж байсан. Гэхдээ хугацаагүй ял гэдэг бол маш аймшигтай ш дээ. Хятадын шоронгоос хэзээ гарч, эх орон элгэн садантайгаа уулзах нь тодорхойгүй. Эх орондоо эсэн мэнд ирэх эсэх нь эргэлзээтэй. Ингээд л хүний нтугийн шоронд үхэх байхдаа л гэж бодож суудаг байлаа.
-Хэдийгээр хугацаагүй ч гэлээ мэдээж цаазын ялыг өөрчилсөнд үнэхээр их баярласан байх. Тэр агшинд яг ямар мэдрэмж төрсөн бэ?
-Мэдээж маш их баярласан. Цаазын ял сонссон хүний сэтгэл санаа маш хэцүү аймшигтай байдаг. Хаалга онгойх бүрт гүйцэтгэлийг минь хийх гэж байгаа юм биш биз дээ гэсэн айдас түгшүүр байдаг. Зарим шөнө бүр хар дарж зүүдэлж сэрдэг байсан. Одоо тэр үеийг бодохоос ч аймар. Харин 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны шөнө Африк улсын эмэгтэй амиа хорлох гэж байхад нь би амийг нь аварсан. Гэтэл хорих ангийн удирдлагууд намайг магтан сайшааж, дахин шүүхээр оруулж, ялыг минь 19 жил болгож өөрчилсөн. Хэдийгээр 19 жил гэдэг маш их тоо боловч цаазаас хугацаагүй, хугацаагүйгээс 19 жил болно гэдэг үнэхээр их баярладаг юм билээ. Ямарч байсан нас л байвал эх орондоо очих нь тодорхой боллоо гэж бодохоор л нүднээс нулимс урсдаг байсан. Тэгээд баярласандаа орой болгон шоронгоос гараад ээжтэйгээ байх, хүүхдүүдтэйгээ хийх гээд олон сайхан зүйлийн тухай бодож хонож байсан. Гэтэл 2015 оны нэгдүгээр сард нэг л шөнө намайг машинд суулгаад хаашаа ч юм бүү мэд хэлэлгүй шууд аваад явсан. Цаазын ялыг өөрчилсөнг мэдэж байгаа хэрнээ ингээд л цаазын ялыг гүйцэтгэх гэж байна, яг л цаазын ялыг гүйцэтгэх гэж байна гээд өөрийн эрхгүй айдаг юм билээ. Тухайн үед төрсөн тэр айдас мэдрэмжийг одоо үгээр илэрхийлж чадахгүй байна. /уйлав/
Монголдоо ирээд дөрвөн сар хэвтэрт байсан
-Тэгсэн чинь юу болсон бэ?
-Ямарч байсан онгоцны буудал энтрээр гараад л байсан. Надад айдсаас өөр юу ч мэдрэгдэхгүй байсан. Гэтэл би Монголдоо ирсэн. Маш их баярладаг юм билээ. Гэхдээ хүн айснаасаа болоод ч юм уу, хэт их шоконд орсон болохоор ч тэр үү мэдэхгүй. Нугас маань мэдээгүй болчихоод дөрвөн сар хэртэй эмчилгээ хийлгэсэн. Эхэндээ орчинтойгоо харьцаж чадахгүй маш хэцүү байсан. Үхнэ гэдэг зүйл олон жил сэтгэлд хоногшчихоод гэв гэнэт машинаар аваад явахаар ингээд л үхдэг юм байна. Ээжтэйгээ ч уулзаж чадахгүй, хүүхдүүдээ ч харж чадахгүй үхэх нь гэсэн айдасаас ч болсон уу хэлж мэдэхгүй юм.
-Монголд ирсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач. Мэдээж үгээр илэрхийлэмгүй сайхан байсан байх?
-Өөрийн эх орон цаанаа л өөр юм билээ. Намайг угтаж авсан эх орон, анх хүлээж авсан албан хаагчид, шоронгийн удирдлага, ял эдэлж буй ялтнууд бүгд л элгэмсэг дотно сайхан санагдсан. Жилийн бүрийн зургадугаар сарын 26-нд Хятад улсад цаазаар авах ялыг гүйцэтгэдэг. Ер нь гүйцэтгүүлчих байх гэдэгтээ хэт итгэлтэй байсан болохоор, мөн наранд гарахгүй байшин доторх байшинд амьдарч байсан болохоор сэтгэл маш их хөдөлсөн.
-Ер нь хятадын хорих ангийн нөхцөл хэр вэ. Монголынхтой харьцуулбал?
-Хятадад байнгын гавтай байдаг байсан. Байнга гав зүүснээс болж хөлийн судаснууд задарсан /Хөлийнхөө булчинг харуулав/.
-Хятадын шоронгийн харгалзагч нар монголчуудтай хэр харьцдаг вэ?
-Тэнд байдаггүй шүү дээ. Би харгалзагч, хянагч гэдгийг монголд л харлаа. Хятадын хорих ангид бол гадагшаа ажилд авч явахад хоёр хүн л авч явдаг. Хорих ангийн бүх зүйлийг камераар хянадаг. Хятадын хорих ангид бүх хүн ажилд хамрагдана. Нэг өрөөнд 14 хүн байхад хоёр хоёроороо явж ажилд хамрагдах жишээтэй.
-Хоол ундны нөхцөл ямар байх уу?
-Далайн хоол л иднэ. Махан хоолыг жилдээ нэг буюу цагаан сараар л иднэ. Аравдугаар сарын 1-нд гахайн мах 150 грамм өгдөг.
-Таны хөл үнэхээр аймар болжээ. Одоо энд эмчилгээ хийлгэж байгаа юу?
-Ял эдэлж буй хүмүүс бүгд ажил хөдөлмөр эрхэлдэг. Миний хувьд бие муу эмчилгээ хийлгэдэг учраас ажил хийхгүй зөвхөн эмчилгээ хийлгэж байгаа.
Би ядарч байна, цөхөрч байна
-Одоо танд хэдэн жилийн ял үлдсэн бэ?
-Би 2015 оны нэгдүгээр сард ялтан солилцоогоор эх орондоо ирсэн. Тэгээд дүйцүүлэх шүүх хуралд орж 15 жилийн хорих ял авсан. Би нийтдээ найман жил хоёр сарыг нь биеэрээ эдэлсэн байна. Одоо надад долоон жилийн хорих ял үлдсэн. Гэхдээ шүүх хурлын зарим үйл явцыг би ойлгоогүй. Бүх зүйл монгол хэл дээр явагдсан.
-Юу гэсэн үг вэ. Монгол Улсад болж буй шүүх хурал монгол хэл дээр явагдана. Та өөрөө ч монгол хүн шүү дээ?
-Хятадын хорих ангид байнга хятадаар ярь, хятад ханзаар бич гэдэг байсан. Бүхэл бүтэн найман есөн жил суучихаар эх хэлээ яг таг шууд ойлгоход бэрх болдог юм байна.
-Одоо хүүхдүүд чинь байнга эргэж тойрч байна уу?
-Тийм. Байнга эргэж тойрч байдаг. Ээж минь их өндөр настай. Одоо эмчилгээнд явах гэж байгаа гэсэн. Муу ээжийгээ их зовоож, сэтгэлийг нь их чилээлээ. Миний хүүхдүүд их том болцгоосон. Сайхан хүүхдүүд бий. Биеэ даацгаагаад дор бүрнээ л сайхан ажиллацгааж байна.
-Мэдээж тань шиг хэн нэгний гуйлтыг биелүүлэх гэж яваад ийм байдалд орж амьдралдаа алдаж оносон хүмүүс өчнөөн байдаг. Ер нь хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна?
-Тийм шүү. Хар тамхиар ял авч байгаа хүмүүсийг харахад дийлэнх нь санамсар болгоомжгүйгээсээ болж ийм байдалд орж байна. Хар тамхи гэдэг чинь ямар аймар хор уршигтай юм бэ гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрлээ. Найз нөхөд гэдэг чинь итгэл өгдөг ч эцэстээ итгэлийн хажуугаар хор хөнөөлийг дайдаг юм байна. Бүгдээрээ хар тамхины эсрэг байгаасай. Төр засаг ч анхаараасай гэж хүсч байна. Хар тамхи гэдэг чинь үнэхээр аймшигтай зүйл. Хятадын хорих ангид байхдаа энгэртээ хөөрхөн хүүхдээ тэвэрсэн ч хар тамхины уршигаас болж амиа алдаж байгаа эмэгтэйг ч харж байлаа.
Эх орондоо байгаа бид л хар тамхийг л хэрэглэхгүй, жигших хэрэгтэй байгаа юм. Тэгвэл гадаадад байгаа монголчууд ч хэрэглэхгүй байх. Найз нөхдүүд л нэгнээ энэ сайхан шүү дээ, энэ их мөнгө олдог шүү дээ гэж худал хэлж буруу зам руу уруу татаж, нэгнийгээ шорон луу түлхэж байна. Хятадын хорих ангид хар тамхины хэргээр 34 орны өчнөөн олон сайхан залуус ял эдэлж байна. Маш харамсалтай.
Эгчийнх нь хувьд хар тамхи байтугай дэлгүүрт зарагддаг цагаан тамхийг ч татаж үзээгүй хүн шүү дээ. Би маш олон жил суулаа. Үнэндээ бие сэтгэлээр ядарч байна. Цөхөрч байна гэсээр бидний ярилцлага өндөрлөлөө.
Б.Чимэг
Холбоотой мэдээ
Comments are closed.