Манай сонин “Америкийн монголчууд” булангаа шинээр нээж байна. “Өдрийн сонин”-ы олон сэтгүүлч, идэвхтэн бичигчид АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг. Тэд маань энэ буланг хөтлөн явуулах бөгөөд сард хоёр удаа уншигч танд Америкийн монголчуудын ажил, амьдрал, тэнд өрнөж байгаа үйл явдлыг хүргэнэ.
Америкт орон орноос очиж амьдарч байгаа хүмүүс нэг дор цуглан нэг хотхон болж амьдардаг. Удахгүй “Mongolian town”-ууд ч тэнд бий болох биз ээ. Тэр үед манай сонин ч тэнд хэвлэгдэн түгээгдэх болно. Үүний эхлэл бол “Америкийн монголчууд” булан маань юм.
Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний цагаачид байдаг гэдэг. Тиймээс өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь “шүдний өвчин” болон хувираад буй.
Монголчуудын хувьд ардчилал ялсан 1999 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж, одоогоор бараг 25 мянга орчим монголчууд бий гэж баримжаалан үздэг юм билээ. Бусад орны иргэдийн адил ажил хийж мөнгө олох, өөрийгөө хөгжүүлэх, үр хүүхдээ өндөр боловсролтой болгох гэхчилэн хүн бүр тодорхой зорилготойгоор энэ орныг зорино. Хүн болгон өөр өөр байдаг болохоор зорилгоо биелүүлж бас эс биелүүлж байгаа нь янз бүр. Монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд одоо ч Америк явахыг мөрөөддөг. Тэдний хувьд Америк оронд оччих л юм бол “бүх зүйл сайн сайхан болчих” мэтээр төсөөлнө. Харин боломж нь олдоод энэ оронд ирж, хөлөө олох гэж зүтгэхдээ “Хаана байгаа юм бэ? Тэр диваажин чинь” гэж өөрийн эрхгүй дуу алддаг.
Америк орон ДИВААЖИН уу?
Америк оронд хүмүүсийг татах олон сайхан зүйл бий.
Нэг. Америк оронд хууль ёсыг нийтээрээ сайн дагаж мөрддөг. Хууль дүрэм журам нь маш тодорхой, үүнийгээ ч маш сайн хэрэгжүүлж хяналтаа ч сайн тавина. Машин барьж явахад цагдаа зогсоосон бол “ямар учраас зогсоосон” гэдгээ тайлбарлаад буруутай үйлдэлд нь зохих торгуулийн хуудсыг нь бичиж өгөөд л явна.
Харин торгуультай холбоотой гомдол болон саналыг зөвхөн шүүхээр л шийдвэрлэдэг. Тэдний хувьд гол зарчим нь “хууль”. Тэд хуулийг л баримталдаг.
Америк даяар “Үндсэн хууль”-ийг тулгуур болгон, муж болгон өөр өөрийн хуулиа гарган, зөвхөн өөрийн мэдлийн нутаг дэвсгэр дээрээ л мөрдүүлнэ. Виржина мужид автомашины хурд хэтрүүлснээс хамааран осол нэмэгдэхэд, хуулиндаа өөрчлөлт оруулан хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох торгуулийн хэмжээг 1500 доллар хүртэл байхаар хуульчлах жишээтэй. Ийм тохиолдолд хэн ч ажил хийж олсон мөнгөө хурд хэтрүүлсний улмаас торгуульд өгөхийг хүсэх билээ. Монголчууд ажиллаж амьдардаг гадаадын бусад орнуудаас ялгаатай нь ямар ч хүнийг гэнэт зогсоогоод бичиг баримтыг нь шалгадаггүй. Энэ бол хүний эрхийг ихэд дээдэлдэгтэй холбоотой. Нөгөө талаасаа энэ оронд хүмүүсийг хууль дүрмийг л сайн сахиж сургах шаардлага нь болдог. Хичнээн “харласан” байлаа ч өөрөө л хичээгээд хууль дүрмийг нь зөрчихгүй л бол хэдэн жил болсон ч “хуулийн дарамт”-нд оролгүй ажиллаж амьдраад байж болдог боломжинд нь хүмүүс Америк оронд талархдаг бас дуртай байдаг аж.
Хоёр. Америк оронд нийгмийн хамгаалал нь үнэхээр сайн. Америкт заавал баячууд болон танил талтай, “дээрээ татаатай” хүмүүс сайхан амьдардаг ч биш. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хүмүүст үзүүлдэг нийгмийн халамж үйлчилгээ нь тусдаа. Зарим эмнэлэг нь “ядуу хүмүүс”-ийг хямд өртгөөр, тэр ч байтугай “сугалаа”-гаар ч сонгож эмчилдэг. Хэрэв жирэмсэн бол эхнээс нь хяналтдаа авч, төрөх зардлыг нь төлөх чадваргүй гэдгийг нь нотолсны үндсэн дээр төрөхөд нь тусгай даатгалд хамруулна. Тэгээд ч зогсохгүй төрсний дараа ч хүүхдийг нь өсөж том болтол сүү болон хүнсний хангамжинд хамруулдаг тогтолцоотой. Хэрэв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол маш олон төрлийн эмчилгээ болон оношилгоог хямд үнээр хийлгүүлэх боломжтой. Ийм маягийн нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоход Америкийн татварын болон даатгалын тогтолцоо нь сайнаар нөлөөлдөг аж. Хэрэв та автомашин унадаг бол даатгалаа нэг талдаа юу, эсвэл хоёр талдаа юу гэдгээ өөрөө сонгоно. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаар өөр машинтай мөргөлдөж орхивол заавал жолоочтой нь барьцалдаж, зодолдоод байх хэрэггүй. Цагдаа буруу зөвийг нь тогтоогоод өгнө. Даатгалын газар нэг ба хоёр талдаа даатгалтай гэдгээс хамааран бүх хохирлыг барагдуулна. Машиныг засварлах хугацаанд даатгалын газар таны унах машиныг гаргаж өгнө. Хэрэв дээрх осол таны буруугаас болсон бол дараагийн сараас таны даатгалын хураамж өсөх болно. Маш энгийн хэрнээ даатгуулахгүй байхын аргагүй тогтолцоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал нь бүр ч мундаг. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс хаана ч орсон тэдэнд туслах “дохионы орчуулагч” заавал байхаас гадна тэдэнд зориулсан сургууль болон утсан харилцаа нь ч тусдаа. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам, автомашины зогсоол, шат, бие засах газар, үзвэр болон үйлчилгээний газруудын суудал, автобусны үйлчилгээ гээд бүх л зүйлийг маш нарийн тооцсон байдаг. Түүнчлэн өндөр настнуудад зориулсан маш сайн үйлчилгээтэй. Энд тэтгэвэр гэдгийг “хүний тооноос хасагдах” биш, залуу насандаа үзэж амжаагүй болон биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж болгож чадсан байна. Түүнчлэн бидний “гуйлгачин” гэж нэрлэдэг хүмүүст зориулсан “үнэгүй хүнсний дэлгүүр”, очиж хонох газар, бас тэдэнд зориулсан “хяналт” ч бий. Ийм тогтолцооноос нь “хүний эрх”-ийг дээдэлсэн гэж үздэг байх.
Гурав. Иргэдийн дундаж түвшний амьдрал. Америкийн иргэд тэгтлээ улстөрждөггүй. Хүн амынх нь дийлэнх хувь нь дундаж түвшний амьдралтай болохоор, бас тэдний амьдрал нь улс төрөөс хамааран тэр болгон “савладаггүй” болохоор улс төрд нэг их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ энэ нь тэднийг улс төрийн идэвх муутай гэсэн үг биш л дээ. Сонгууль болон Засгийн газраас гаргасан ямар нэгэн алхам болон шийдвэр өөрсдийнх нь амьдралд муугаар нөлөөлөх ахул “иргэний үүрэг”-ээ ч сайн биелүүлж чаддаг. Америкт баян хүмүүс олон бий. Гэхдээ энгийн иргэд нь тэгтлээ тэдэнд атаархаж хорсдоггүй. Тэд хууль ёс шударга байгаад хүн болгонд тэгш үйлчилдэг, бас хүн болгон өөрийн боломж чадлаараа амьдрах ёстой гэж үздэг. Хүн болгонд боломж нь байгаа учраас тэд өөрсдөдөө байгаа боломжоо л зөв сайнаар ашиглахыг илүүд үзэх аж.
Америкт дундаж түвшний амьдрал гэдэг нь өөрийн байртай, унах машинтай, бас хэрэгтэй үед өөртөө зарцуулж чадах мөнгөтэй байх боломж. Тэд хүссэн байр, машин болон бусад зүйлсээ худалдан авахад нь улсаас зээл олгодог. Зээл нь бага хүүтэй, олон жилээр олгогддог болохоор хүссэн хүн болгон энэ боломжийг ашигладаг. Энд ганцхан болзол бий. Энэ бол байнгын ажилтай байх шаардлага. Тийм болохоор Америкийн иргэд ажилтай, орлоготой байхыг хамгийн чухалд үзнэ. Байнгын ажилтай байхын тулд маш сайн суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
Америкийн хамгийн гайхалтай ололтын нэг нь “иргэдийн бүртгэл болон хяналт”-ын тогтолцоо. SSN буюу “Нийгмийн хамгааллын дугаар” нь энэ орны иргэдийн талаарх мэдээллийг багтааж байдаг төдийгүй хяналт тавих бүх боломжийг олгож байдаг. Тухайн иргэн одоо хаана ажиллаж амьдарч байгаа болон ямар машин унадаг, хэдэн удаа зөрчил гаргасан, татвар, даатгал түүнчлэн эмнэлгийн ямар үйлчилгээ авсан болон зээлийн тухай бүх л мэдээлэл энд багтаж байдаг. АНУ-д хүүхэд төрсөн цагаас нь олгодог энэхүү SSN-ы тусламжтайгаар 300 сая орчим иргэдээ хянаж, зохицуулж чаддаг аж.
Дөрөв. Амгалан тайван амьдралын баталгаа. Америкт хүмүүсийг баян болон ядуу, хар болон шар, шашин шүтлэг, боловсрол мэдлэгээр нь ялгаварлан гадуурхдаггүй. Ямар нэгэн хүрээнд заримдаа ийм илрэл ажиглагдах хэдий ч бүх нийтийг хамардаггүй. Энэ талаарх хуулийн заалт болон хамгаалалт нь “чанга” байдаг болохоор хэн нэгэн энэ талаар “алдаа” гаргахыг хүсдэггүй аж. Нэг монгол залуу согтуудаа эхнэртээ гар хүрч гомдоожээ. Уурлаж гомдсон эхнэр нь цагдаа дуудаж орхиж. Нөхрийнх нь буруутай үйлдэл нотлогдсон болохоор шүүхийн шийдвэр гарч хоёр жилийн хугацаанд нөхрийг нь эхнэртээ хоёр метрээс илүү зайнд ойртож болохгүй гэж заасан байна. Хэдийгээр эхнэр нөхөр учраа олж эвлэрсэн ч шүүхийн шийдвэр нэгэнт гарсан болохоор бусдаас нуугдан байж хааяа уулзахаас өөр арга үгүй. Нөгөө талаас бусдын дарамт дор айж ичин амьдрах байдлаас нийгэм нь иргэдээ найдвартай хамгаалж байгаа хэрэг.
Иргэдийн төлсөн татварын мөнгөөр санхүүжиж байдаг төрийн үйлчилгээний алба нь иргэдийг ялгаварлан гадуурхахгүйгээр шударга сайнаар үйлчлэх ёстой гэдгийг тэд маш сайн мэддэг. Тийм болохоор төрийн албаны үйлчилгээ нь ямар ч хүнд сурталгүйгээр маш шуурхай, зөв тогтолцоотой үйлчилдэг аж.
Тав. Өөрийгөө хөгжүүлэх боломж. АНУ-д төрсөн хүүхдийг төрсөн цагаас нь “АНУ-ын иргэн” гэж үзэж, тэдний ямар орчинд өсөж хүмүүжих, эрүүл саруул байх бүх боломжийг хуульчлан заасан байдаг. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын газар болон үзвэр үйлчилгээ бусад бүх үйлчилгээ нь тэдний сайн сайхны төлөө л байдгаас гадна “Америкийн иргэн” гэдгээрээ бахархах бахархлыг заавал төлөвшүүлнэ.
Дунд сургуулийн хөтөлбөр нь энгийн хялбараас эхлээд анги ахих тусам нь хүндрүүлж, үнэхээр мэдлэг авьяас чадвараар нь ялгаж чаддаг. Бас өөрийгөө нээж хөгжүүлэх маш олон боломжийг санал болгоно. АНУ-д сургууль төгссөн дипломыг тухайн сургуульд ямар мэдлэгийг хэрхэн судалсан гэдгийг илтгэх баримт бичиг гэж үзэхээс чадвар гэж үздэггүй. Тийм болохоор их дээд сургууль төгссөн залуус өөрсдөө л ажлаа хайж олно. Харин тэднийг ажилд авах гол шалгуур нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх чадвар болон багаар ажиллах чадвар байдаг аж.
АНУ-д хүн болгон дээд боловсролтой байх албагүй. Ямар ч ажилд туршлагыг ихэд үнэлдэг. Хичнээн “хар ажил” хийж байгаа ч тухайн хүний чин сэтгэлээсээ ажиллах чадвар болон ажлын туршлагыг ихэд үнэлдэг. Мөн ажлын хөлс нь цаг болон бүтээмжээр үнэлэгддэг болохоор хүмүүс аль болох бүтээмж өндөртэй байхыг л хичээнэ. Бас үйлчлүүлэгчидтэй харьцах харилцаа их чухал болохоор тэр хүн чамд таалагдсан болон таалагдаагүйгээс үл хамааран эелдэг боловсон харилцаж түүний хүссэнээр л үйлчлэх ёстой. Учир нь чи тэр хүний төлсөн мөнгөөр цалинжиж байгаа болохоор. Ийм нөхцөлд үйлчилгээ болон ажлын чанар их чухал байдаг.
АМЕРИК ОРОНД МОНГОЛЧУУДАД ТААЛАГДДАГГҮЙ ОЛОН ЗҮЙЛ БИЙ
Нэг. Амсхийх чөлөөөгүй амьдралын урсгал. Америкт ажиллаж амьдрахаар ирсэн монголчууд эхэндээ мөнгө олохын тулд олдсон ажлаа гололгүйгээр маш их ажилладаг. Зарим нь илүү ихийг олохын тулд 2-3 ажил зэрэг хийх нь бий.
Мөнгийг олох тусмаа хэрэгцээгээ нэмэгдүүлж нэг л мэдэх дор “амьдрахын тулд ажиллаад байгаа, ажиллахын тулд амьдраад буй”-гаа ч ялгаж үл чадах болтлоо л зүтгэнэ. Ажлын өдөр, амралтын өдөр хэмээх хэмнэлээсээ анзаарч нэгэнтээ салах дор хамаг л залуу нас, хүсэл мөрөөдөл нь “өвгөрч” эхэлснийг мэдрэх. Энэ л мөчдөө олон олон залуус “юуны төлөө би зүтгээ вэ?” хэмээн гайхна. Бас “энэ мөнгө гээч миний амьдралын утга учир бил үү?” хэмээн эргэцүүлнэ. Яг л энэ хэмнэлээр сая сая хүмүүс зүтгэж буйг анзаарахдаа “амьдрал ийм л богинохон, бас ийм өчүүхэн гэж үү?” хэмээн бодлогоширно. Ажил хөдөлмөрийг сайн хийж, хөдөлмөрийн хөлс хэмээх мөнгийг гартаа атгаж байхдаа, “мөнгө олохын төлөөх улайрал энэ амьдралын туйл биш” гэдгийг ухаардаг. Зөвхөн их мөнгө олохын төлөөх улайрч, цаг хугацааны урсгалд өөрийгөө элээх энэ амьдрал нь монголчуудад таалагддагүй.
Хоёр. Өрнөөс өрний хоорон дахь амьдрал. Америкийн нийгмийн хамгаалал болон тогтолцоо нь сайн байдаг хэдий ч энэ нь зээлийн тогтолцоо буюу кредит картны үйлчилгээн дээр тогтдог. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч зээл авах бүрэн боломжтой. Амьдарч буй байраа 20-30 жилийн хугацаанд төлөхөөр, унаж буй авто машинаа 5-10 жилийн дотор, сурч буй сургуулийн төлбөрөө 5-10 жилийн дотор төлөхөөр зээл авах нь амьдралын ердийн хэмнэл нь. Зээл уриалсан сурталчилгаа, байнгын хямдрал, шуудангаар ирж буй зээлийн карт бүхэн хүнд “амар” мэт санагдавч нэг л мэдэхэд мөнгийг тань “эргүүлэн татаж авах” бизнесийн ухаан. Яг үнэндээ зээлийн картны энэ л тогтолцооны “гажиг”-аас өнөөгийн эдийн засгийн хямрал үүдсэн гэж нэг биш судлаачид нотолдог.
Ажиглах ахул зээлийн энэ тогтолцоо нь тасралтгүй урсах урсгалаараа хүмүүсийн амьдралын хэмнэлийг удирдаж, олсон мөнгийг нь “яг л мангас ” мэт ховдоглон залгих мэт. Эхэндээ анзаарахгүй хэрнээ цалингаа авч тооцоогоо хийх дор “олж буй их мөнгө нь хаашаа урсан одоо вэ?”хэмээн харуусах харамсал болон хувирна. Олж буй хэрээрээ хэрэглээгээ нэмэгдүүлэх тусам кредит картанд “удирдуулж” эцэстээ энэ л тавилантайгаа эвлэрдэг. Бусад хүмүүст ийм амьдрал нь таалагддаг бол “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” хэмээн сургадаг монголчууд бидэнд өрнөөс өрний хоорондох амьдрал таалагддаггүй.
Гурав. Инээмсэглэлээр хучсан шаналгаа. Хэдийгээр хүн болгон инээмсэглэх авч үүний цаана хүн болгоны сэтгэлийн шаналгаа “нуугдаж” байдаг. Ажлын төлөөх цаг наргүй зүтгэл, мөнгөгүй болж өрөө төлж чадахгүй болох вий гэх айдас америкт ажиллаж амьдарч байгаа ихэнх хүмүүсийн сэтгэлд байнга оршиж байдаг. Мөн ажлын цагийн замын түгжрэл, авто машин доторхи амьдрал, их хотын өндөр барилгууд, түүний дуу чимээ, шуугиан, тасралтгүй урсах элдэв олон мэдээллүүд хүмүүст маш их стресс (оюун санааны ядрал)-ыг авчирдаг. Гэхдээ суурин амьдралдаа бага наснаасаа дассан хүмүүс энэ байдалтайгаа эвлэрнэ. Харин нүүдэлчин удмын монголчуудад энэ байдалд дасах тэгтлээ амар биш.
Ховорхон олдох амралтын өдрүүддээ монголчууд аль болохоор хөдөө алсад гарч дуу чимээнээс хол, бас өөрийн тааваар, зоргоор байхыг хүсдэг. Зам дагуу тааралдах адуу, үхэр, хонийг харахдаа өөрийн эрхгүй дуу алдан дотношино.
Дөрөв. Өрөвдөх сэтгэлгүй хатуу тавилан. Хэдийгээр хүний эрхийг дээдэлдэг боловч хэрэв өөрийн арчаагүй байдлаасаа болж мөнгөгүй болчихвол хэн ч чамайг өрөвдөхгүй. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол байрнаас тань хөөгөөд л гаргана. Хэрэв чи хурд хэтрүүлсэн бол хичнээн тайлбарлаад ч цагдаа шууд л торгуулиа бичнэ. Хэрэв чи муу ажилласан бол ажлаасаа халж орхино. Тэд энэ талаар цагаан цаасан дээр хараар бичсэн хууль дүрмийг л мөрдлөг болгодог. Монголчууд бидний сэтгэл зүйд баттай оршсон хэн нэгэн ямар нэгэн учир шалтгааныг сонсож ойлгон өрөвдөнө гэсэн ойлголт байхгүй. Хэрэв чи өөртөө арчаагүй бол Америкт хэн ч чамайг өрөвдөхгүй. Чи хэрэв хүчтэй бол чамайг хүн болгон хүндлэнэ. Хэрэв чи дорой бол хэн ч чамайг тоохгүй. Монголчууд биднийг хамгийн ихээр гайхашруулдаг зүйл нь үр хүүхдээ өвөртөлж унтахгүй хэрнээ насанд хүрэхээр нь гэрээсээ гаргаж биеийг нь даалгадаг, харин аав ээжээ өтөл насанд нь асрамжийн газарт хүргэж өгдөг нийтлэг тогтолцоо.
Тав. Яг л робот шиг сэтгэлгээ. Хууль болон дүрэм журмыг ягштал мөрддөг америкчууд заримдаа яг л робот шиг санагддаг юм. Гэрээсээ ажилдаа нэг л замаар явдаг бол өөр дөт замын тухай огт бодохгүй. Яг л дадал болсон амьдралын хэвшлээсээ салж өөр нэгэн зоримог алхам хийхээс ихэвчлэн татгалзана. Гэрийнхээ шалыг өөрөө сольж болох боловч үүнийг өөрөө бус заавал мэргэжлийн хүн хийх ёстой гэж бодно. Шатсан гэрлээ солихдоо ч, эвдэрсэн крантаа засахдаа ч заавал мэргэжлийн хүнийг дуудна. Мөнгөө хэмнэж болох олон боломж байвч дүрэм зөрчсөнөөс мөнгөө төлж байхыг илүүд үзнэ. Хариуцлагаас аль болохоос зайлсхийнэ. Хариуцлага алдсанаас шалтгаалан өөрийн амьдралын хэмнэлд өөрчлөлт орохоос маш их болгоомжилно.
Монголчууд ЮУ ХҮСЧ БАЙНА гэж?
Монголчууд гадаадын олон орныг зорин ирж ажиллаж амьдрах болсноос даруй 20 жил улирчээ. Анхандаа мөнгө олж амьдралаа дээшлүүлэх гэж зорьсон бол аажимдаа амгалан тайван амьдралд нь тухалж, харин одоо үр хүүхдийнхээ болон өөрийнхөө ирээдүйн тухай эргэцүүлэх болж. Энэ оронд төрсөн хүүхдүүд нь том болохдоо монгол хэлээрээ ярьж чадахгүй байгаад шаналахдаа, нэгэн цагт их хөдөлмөрлөж олсон мөнгө нь аз жаргалыг авчирч чадахгүйг мэдрэхдээ, олон жил “нутагшсан” орон нь төрж өссөн МОНГОЛ орныг нь орлож чадахгүйг ухаарахдаа, нүүдэлчин удмаас өвлөгдөж үлдсэн бардамнал нь сэтгэлийн гүнээс арилахгүйг сэхээрэхдээ монголчууд өөрийгөө таньж байна. Юу юунаас илүү Монголдоо л “эзэн хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэн” жаргаж чадна гэдгээ ойлгож байна.
Тэд монгол эх орон руугаа буцахыг хүсч байгаа. Гэхдээ Америк оронд байгаа давуу сайхан бүхнийг Монголдоо бий болгохыг хүсч байна. Энэ нь:
-Хууль ёсыг нийтээрээ дагаж мөрддөг шударга тогтолцоо
-Иргэдэд тэгш хүртэх нийгмийн хамгаалал
-Дийлэнх байж болох иргэдийн дундаж түвшний амьдрал
-Амгалан тайван амьдралын баталгаа
-Монгол хүн бүрийн өөрийгөө хөгжүүлэх бололцоо
Яг л Америк шиг ийм тогтолцоог Монголд бий болгож яагаад болохгүй гэж. Бидэнд мөнгө олдож байна, туршлага хуримтлагдаж байна, итгэл үнэмшил бүрдэж байна. Харин сэтгэл дутаад л байна.
Америк орныг диваажин мэтээр төсөөлж байгаа залууст хэлэхэд “Америк бол өөрийгөө хөгжүүлэх, бас бусдыг ойлгож мэдрэх, олон зүйлийг харьцуулан мэдрэх том боломж. Гэхдээ:
Ээж нь хүүхдээ элгэндээ наан өвөртөлж унтаагүй хоног өдрүүдэд хайр урсах болов уу. Ээжий аавыгаа асрамжийн газарт хүргэж өгсөн тэр л мөчид халамж төгсөх болов уу. Бие биенээ харан инээмсэглэх төрхөнд чин сэтгэл илрэх болов уу. Мөнгөний төлөөх зогсолтгүй өрсөлдөөнд хүн чанар нь харагдах болов уу.
Харин диваажин гэдэг МОНГОЛ-д л байгаа. Энэ диваажинг бид л өөрсдөө бий болгох ёстой. Өөр хэн ч биш.
МОНГОЛ ЭХ ОРОН БАЙХАД БИДЭНД ДИВААЖИН ХЭРЭГГҮЙ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн ГАЛБАДРАХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 01, 2012 5:23:48 pm )
Uneheer unen gev mongol sonoj b.na mongol hun mongolo ustgaj b.na manan ustgaj b.na
-
Anonymous (February 01, 2012 11:19:27 pm )
yag bichisen ba shu
2 Comments