antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 Comments are off

Үхрийн махны үнэ өсч, хүнсний ногооных буурчээ

нийтлэсэн Admin

1691bd60f4144a9eoriginal

        Хүн нэмбэл, хүнс нэмэгдэнэ гэдэг. “Монгол Улсын хүн амын махны хэрэглээ жил тутам 3000 тонноор нэмэгдэж байна” гэж Монголын мах бэлтгэгчдийн холбооны тайланд дурджээ. Харин ХХААХҮЯ-ны мэдээллээр бол манай улс жилд дунджаар 8.2 сая гаруй толгой мал нядалж, 200 мянга орчим тонн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

Жил бүрийн намар махны үнэ буурдаг. Ялангуяа мичин жилийг угтсан өвлийн өмнөх намар буюу өнгөрсөн жилийн ес, аравдугаар сард махны үнэ огцом буурсан. Энэ нь мичин жилийн зуд болох тухай яриа малчдын хотоор түгж, зуднаас урьтаж онд орохгүй малаа мөнгө болгох гэсэн малчдын хүсэл махны үнэ буурах гол шалтгаан болж байв. Харин энэ өвөлд мичин жилийн сүүл тохиож байна. Махны үнэ өнгөрсөн намартай адил буурсан байгааг хүмүүс нэг хэсэг ярив. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхлээд үхрийн махны үнэ 500 орчим төгрөгөөр нэмэгджээ. Энэ талаар сурвалжлахаар иргэдийн ихээр үйлчлүүлдэг мөн махыг хамгийн хямдаар зардаг “Хүчит шонхор” захыг зорилоо.

Хонь, ямааны махны үнэ тогтвортой байна

        “Махны үнэ харьцангуй боломжийн байгаа ч худалдан авагч тааруу байна” хэмээн худалдагчид онцлов. Үхрийн мах борлуулах заалны худалдагч Б.Баярмаа “Иргэдийн худалдан авалт муу байна. Мал нядалгааны үе учраас гадуур махнаас их юм алга. Мөн энэ өвөл зуд болох сургаар малчид малаа цөөлж, ихээр оруулж ирж байна. Үхрийн ястай нэг кг махыг бид хамгийн дээд тал нь 3800-аар аваад 4500-5000 төгрөгийн хооронд зарж байна. Үхрийн махны үнэ бага зэрэг нэмэгдсэн ч энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийн л ханш” гэсэн юм. Харин хонь, ямааны махны заал руу ороход үйлчлүүлэгч багагүй байлаа. Худалдагч Т.Цогт “Ес эхлэхээр махны үнэ нэмэгддэгч одоогоор хонь, ямааны махны үнэ тогтвортой байна. Хонины ястай мах нэг кг нь 3000- 3500, цул нь 3600-4000 төгрөгийн ханштай байна. Бид хонины махыг нэг кг нь 2500-3000 орчим төгрөгөөр авлаа гэж бодоход ачилтын хөлсөнд нь дор хаяж 3000, дээр нь тээврийн зардал, лангуу руу зөөлгөх, мах эвдүүлэхэд мөнгө төлнө. Ингэсээр нэг кг махнаас 500 орчим төгрөгийн л ашиг унагаадаг. Хэдийгээр эдийн засаг хямарч иргэдийн худалдан авалт буурсан ч мах иддэггүй монол хүн гэж байдаггүй болохоор өдөрт тодорхой хэмжээний орлоготой л байна” хэмээн ярилаа.

Үхрийн мах 500 орчим төгрөгөөр нэмэгджээ

        Тус захад хонины ястай нэг кг мах 3000-3500, цул нь 3600-4000, үхрийн цул мах нэг кг нь 5000-6000, ястай 4500-4800, ямааны цул мах нэг кг нь 3000-3500, ястай нь 2800-3300, адууны цул мах нэг кг нь 4000, хонины сүүл нэг кг 2500 төгрөгийн ханштай байв. Махны үнэ өнгөрсөн сараас 500 орчим төгрөгөөр өсчээ. Энэ талаар “Хүчит шонхор” захын байнгын үйлчлүүлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Д.Янжмаа “Эмээ нь 10 хоногт таван кг үхрийн мах авдаг. Өмнө нь ирэхдээ 5300-аар авч байсан бол одоо үхрийн цул мах нэг кг-ыг нь 5500- аар авлаа. Гэхдээ худалдагч бүрийн хэлэх үнэ янз бүр л байна. 5000-6000 төгрөгийн хооронд л хэлж байна. Энэ өвөл цас их унаж, зуд болно гэлцэх юм. Хэрвээ цаг агаар хүндэрвэл малчид л хэцүүдэх байх. Хэдэн малаа зуднаар явуулж байснаас одоо нядлаад иргэдэд хямд зарах нь зөв гэж бодож байгаа” гэлээ. Сүхбаатар дүүргийн иргэн Г.Лхагвасүрэн “5800- аар гурван кг үхрийн цул мах авлаа. Өнгөрсөн хавар нэг кг үхрийн махыг 9000-10000 төгрөгөөр зарж байхад авч чаддаггүй байлаа. Тэр үеийг бодвол харьцангуй хямд байна. Гэхдээ өнгөрсөн аравдугаар сард үхрийн мах нэг кг нь 5000 орчим л байсан. Одоо зарим газарт 6000 төгрөгөөр зарж харагдлаа. Цаашид битгий өсөөсэй л гэж бодож явна” гэв. Иргэдийн хувьд үхрийн махны үнэ сүүлийн саруудад боломжийн байсан учраас ихээр хэрэглэж байгаагаа хэлж байв. Ийнхүү бидний хүнсний хэрэглээний гол зүйл болох махны үнийг судалсны дараа гурил, будаа, төмс, хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг сурвалжилснаа хүргэе.

Гурилын үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн гэв

        Өнгөрсөн долоо хоногт гаргасан статитик мэдээнээс харвал гурил, цагаан будаа, элсэн чихрийн үнийг өмнөх сар болон өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ. Тодруулбал, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа”-н нэг кг-аар савласан дээд гурилыг 1200- 1500, нэгдүгээр зэргийнхийг 1000- 1300, хоёрдугаар зэргийнхийг 800-900 төгрөгөөр зарж байгаа аж. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа”-н гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа”-н гурил 1200, нэгдүгээр зэргийн гурилыг 1000 төгрөгөөр тус тус зарж байгаа аж. Харин “Хүчит шонхор” захын гурил, хүнсний бүтээгдэхүүний худалдагч С.Бямба-Очир “Ерөнхийдөө нэг кг-ын нэгдүгээр гурилыг 900-1100, дээдийг нь 1000-1200 төгрөгөөр зарж байна. Харин орос гоймон кг нь 1100-1300 төгрөг. Сүүлийн өдрүүдэд гурилын үнэ нэмэгдэж байгаа. Кг тутам нь 50- 100 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн цагаан будааны үнэ нэмэгдэж ирсэн. Нэг шуудай цагаан будааг 43-44 мянгад авдаг байсан бол одоо 45-47 мянган төгрөгөөр авч байна” гэсэн юм.

Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ

        Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Мэндсайхан “Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Тэтгэврээ бөөнөөр нь аваад хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээгээ бөөндөөд авчихдаг болохоор боломжийн байдаг. Өргөн хэрэглээний барааг ширхэглэж юм уу бага багаар авбал маш алдагдалтай санагддаг. Юанийн ханш өссөн учраас барааны үнэ нэмэгдэж байгаа гэж худалдагчид тайлбарладаг” гэж байв. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар Хүнсний бөөний төвийн худалдагч “Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. “Золотой янта” майонезын үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэж ирлээ. Гурван кг нь 11500- аар зардаг байсан бол одоо 12500 болсон. Шилтэй чили, томата тус бүр 200, төрөл бүрийн жигнэмэг 350-500, бэлэн гоймон 100 төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Цаашид юанийн үнийн өсөлттэй уялдаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хандлагатай байгаа” хэмээв.

Хүнсний ногооны үнэ буурсан байна

        Төмс, хүнсний ногооны дундаж үнийг өмнөх сарынхтай харьцуулахад төмсний үнэ 4.3, луувангийнх 0.4, байцааных 4.4 хувь, манжингийнх 6.7 хувь, сонгиных 0.5 хувиар буурчээ. Харин өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад байцааны үнэ 1.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ хэвээр байгаа аж. Чингэлтэй дүүргийн иргэн “Шинэ ургацын ногоо боломжийн үнэтэй байна. Нэг шуудай буюу 50 кг төмсийг 15 мянган төгрөгөөр авлаа” гэж байв. Тус захад төмсийг нэг кг нь 400-500, байцаа 800, ягаан байцаа 900, лууван 700-900, цагаан лууван 1000, манжин 600-800, хүрэн манжин 900, чинжүүг 3000-4000 төгрөгөөр худалдаж байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар өсчээ

        Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын эхний долоо хоногт өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн статистик тоо байна. Махны дундаж үнэ энэ сарын эхний долоо хоногийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, ямааных 8.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ гурав, үхрийн цул махны үнэ 3.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй гарчээ. Харин өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.3 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байгаа ажээ. Харин савласан нэг литр сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 5.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй гарчээ. Өндөг, ургамлын тос, цөцгийн тосны үнийн хувьд хэвийн байгааг үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Малчдын хувьд махаа жижиглэнгээр зарах боломжгүй учраас “Хүчит шонхор” захад авчран бөөндөж, эсвэл өөрсдөө очиж авдаг ченжүүдэд борлуулдаг байна. Махыг ченжүүд очиж авах юм бол малчид хамгийн их өртөг шингээдэг тээврийн зардал гаргахгүй бөгөөд энэ тохиолдолд махаа маш бага үнээр бөөнддөг аж. Энэ жилийн хувьд мичин жилийн зуд болно, алдсанаас алсан нь дээр гэж малаа олноор нядалснаар махны үнэ буурч байгаа бөгөөд зарим ченжүүд алслагдмал сумдыг зорьж байгаа гэнэ. Ингэснээр тэд хонины нэг кг махыг 2500 төгрөг хүртэл буулгаж, бөөнөөр нь худалдан авч байгаа юм байна. Мах борлуулах нэгдсэн тогтолцоогүй учраас хямд мах авч, үнэтэй зарах ченжүүдийг буруутгах аргагүй билээ. Манай улс хөдөө, аж ахуйн орон боловч махны нийлүүлэлт ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас иргэд үнэтэй мах худалдан авсаар ирсэн. Уг нь жилийн дөрвөн улиралд махны үнэ тогтвортой байх боломжтой. Гэтэл бид хэзээнээс хойш махны үнийн эрхшээлд автах болсон нь нууц биш юм.

Ц.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car