Америкчууд ирэх дөрвөн жилд улс орноо удирдан чиглүүлэх Ерөнхийлөгчөө өнөөдөр сонгоно. Улаанбаатарын цагаар лхагва гарагийн өглөө бид санал хураалтын явцыг харах болно. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон 2014 оны сүүлээр эхэлсэн. 2014 оны арваннэгдүгээр сард Виржиниа мужийн сенатор асан Жим Уэбб Ардчилсан намаас, арванхоёрдугаар сард нь эцэг Бушийн хүү, бага Бушийн дүү Жеб Буш Бүгд найрамдах намаас сунгаанд оролцох болсноо албан ёсоор зарласнаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний түүх эхэлсэн юм.
Улмаар 2015 оны гуравдугаар сард тэрбумтан Дональд Трамп энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх бүрэн боломжтой хэмээн үзэж, албан ёсоор өөрийгөө нэр дэвшүүлсэн юм. Бүгд найрамдахчуудын зүгээс ч түүнийг хүчтэй дэмжиж эхэлсэн, улмаар олон нийт ч Трамп руу анхаарлаа хандуулсан юм. Харин Ардчилсан намын түлхүүр тоглогч болсон Хиллари Клинтон дараа сард нь эрх баригч Ардчилсан намаас нэрээ дэвшүүлснээр Трамп, Хиллари нарыг эцсийн өрсөлдөгчид байх болно хэмээн хэвлэлүүд, судалгааны байгууллагууд таамаглаж эхэлсэн нь одоо биеллээ олоод байна.
Тэд бүх өрсөлдөгчдөө ардаа хийсээр тус тусын нам доторх сунгаандаа ялалт байгуулж өнөөдрийг хүртэл гурван удаагийн мэтгэлцээнийг хийгээд байна. Гурван мэтгэлцээнд бүгдэд нь Хиллари Клинтон ялсан хэмээх үзүүлэлт гарч байгаа боловч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа шахам мэтгэлцээнд хэрхэн оролцсоноос эс шалтгаалан рейтингийн хэлбэлзэл хүчтэй ажиглагдсаар байгааг судлаачид сануулж байна. Мэдээж энэ нь Хиллари Клинтоны туслах эмэгтэй болоод нэр дэвшигчийн хувийн и-мэйл хаягтай холбоотой асуудал нийгэмд ихээхэн газар авсантай холбон ойлгож болно.
Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ хувийн и-мэйл хаягаа албаны хэрэгцээнд ашиглаж байсан гэх дуулиан шуугиан түүнийг нэр дэвшсэнээс нь хойших бүхий л хугацаанд хэвлэлүүдийг “чимсээр” ирсэн. Тэгвэл гурав дахь мэтгэлцээний дараа буюу энэ сарын эхээр ХМТ (Холбооны Мөрдөх товчоо)-ноос дахин Хиллари Клинтоны нэр дээр хэрэг үүсгэж магадгүй байгаа талаар шуугиан дэгдсэн. Улмаар олон жил Хиллари Клинтоны туслах, нарийн бичиг хийж ирсэн, бараг хуурай охин нь гэж хэлж болох эмэгтэйн хуучин нөхөртэйгөө харилцаж байсан цахим захидлууд хэвлэлээр задарч, үүнд нь Хиллари хутгалдсанаар Ардчилсан намын нэр дэвшигчийн рейтинг багагүй хэлбэлзэж, унаад байгаа юм.
Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй холбоотой шуугиан олон улсын анхааралд өртсөнтэй холбоотойгоор эмэгтэй Ерөнхийлөгч дэмий юм, Хиллари Клинтон хувийн мэйл хаягаараа төрийн нууц задруулдаг, нарийн бичиг эмэгтэйнхээ хувийн асуудалд хутгалдаж ордог зэргийг нь жишээ дурдаж, Солонгосын Ерөнхийлөгчөөс ялгаагүй шахам байна гэсэн утгатай эсрэг пи ар хүчтэй явж эхэлсэн байна. Хиллари Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг дуулианд өртөхгүй гэх баталгаа бий юу гэх асуулт америкчуудыг багагүй түгшээж байгаа аж. Энэ нь ч нийгмийн тодорхой давхаргад хүчтэй нөлөөлж байгааг ажиглагчид үгүйсгээгүй байна.
Хиллари Клинтон нь мэдээж хэрэг сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно гэдгээрээ онцлог хэдий ч мөрийн хөтөлбөрт нь анализ хийгээд үзэхэд Ардчилсан намын сүүлийн жилүүдийн бодлогоос огтхон ч хазайлгүй яв цав үргэлжлүүлэх юм байна гэдэг нь ажиглагдана. Ингэснээрээ ч Барак Обамагийн үргэлжлэл, утсан хүүхэлдэй болж болзошгүй гэсэн ярианд өртөх болсон. Лав сүүлийн жилүүдэд өссөөр байгаа эдийн засгийн хямралаас гарах гарц Хилларигийн засаглалын үед тийм ч сүрхий харагдахгүй байх болно, учир нь яг одоо байгаа төрийн бодлогод өөрчлөлт бараг гарахгүй хэмээн улс төр судлаачид ярьж байна. Гадаад харилцааны хувьд ч Хиллари Клинтон Обамагийн Төрийн нарийн байсныхаа хувьд Оростой үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаах оролдлого хийхгүй гэдгээ ч өөрөө зарласан.
Харин тэрбумтан, шоубизнесмэн Дональд Трампын хувьд эдийн засгийн огцом өөрчлөлтүүд, реформ хийнэ гэж байгаа боловч басхүү эрсдэлтэй, тун ч эвгүй алхмуудыг тэрбээр мөрийн хөтөлбөртөө багтаасан нь сонгогчдын эргэлзээг дагуулсаар байгаа юм. Хамгийн том жишээ дурдахад л Трампын засаг 2015 оны Парисын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тунхаглалаас эсрэг зүгт явах болно.
Хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг царцааж, нефть, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн олборлолтыг сэргээж, үндэсний хэмжээний нөөц ордуудаа Трамп ашиглалтад оруулснаар АНУ-ын эрчим хүчний хараат байдал буурч, түүхий эдийн үнийг бууруулах өндөр магадлалтай. Түүний энэ бодлогыг дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийн асуудалтай холбож үзвэл маш амиа бодсон гэдэг өнцгөөс тайлбарлаж болно. Магадгүй Америкийн эдийн засагт сайн тал авчирч болох ч цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж ядаж байгаа дэлхий дахинд буруу үлгэр дууриал болох юм.
Гэтэл Трамп зөвхөн америкчуудын эрх ашиг, АНУ-ын эдийн засгийг дэмжих бодлого, үүн дотроо цагаан арьстнууд, цагаач биш иргэдээ дэмжих бодлого явуулна гэдэг байр суурин дээрээ хатуу зогссоор байгаа. Гадаад бодлогын хувьд тэрбээр зарим америкчуудыг дургүйцүүлсэн гэж болохоор үйлдлийг гаргаж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дэмжигч, бараг түүний фэн гэдгээ зарлачихаад байгаа юм. Энэ байдлаас нь үндэслээд Трамп Ерөнхийлөгч болбол Орос, Америкийн харилцаанд дулаарал үүсэх боломжтой хэмээн ажиглагчид үзэж байгаа. Хэдийгээр Кремлээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Оросын төрийн хэвлэлүүд бүгд Хилларийг хүчтэй шүүмжилж, Трампыг дэмжиж байгааг ажиглаж болно. Хоёр жил гаруй үргэлжилсэн Ерөнхийлөгчийн сунгаа өндөрлөж маргааш америкчууд төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийх гэж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (November 08, 2016 6:51:22 pm )
hamgiin ayultai emegtei , olon dain hiisen, odooch hiine,,,hyn alahiig haraad bayarlaad ineej baidag hyn,
1 Comment