Арваннэгдүгээр сарын 4-нд Орос орон арваад настай хамгийн залуу баяраа тэмдэглэв. Оросын хотуудын гудамжинд бараг сая шахуу хүмүүс гарч жагслаа. Энэ баяр нь Зөвлөлтийн гол баяр Октябрийн хувьсгалын баярыг орлох зорилготой байсан юм. Зөвлөлт задарсны дараа арваннэгдүгээр сарын 7-ныг эвлэрэл, зөвшилцлийн баяр болгон хэсэг хугацаанд тэмдэглэж ирсэн юм. Гэтэл хувьсгалын баяр нь эвлэрлийн баяр болж чадахгүй нь харагдсан юм.
Хуучинтай харьцуулахад шинэ баяр нь Самуунт цагийн эхлэлийг биш түүний төгсгөлийн билгэдэл юм. Октябрийн хувьсгал нь цуст иргэний дайныг гаргаж аймгийн эвдрэл сүйрлийг дагуулсан юм. Харин XVI зууны Самуунт цаг нь Орос улсыг мөхөөх шахсан билээ. Эдийн засгийн хүнд байдал дагуулсан Хааны овгийн хямрал нь Оросын хаант улсын нутагт дээрэмчид, гадаадын хөлсний цэргийнхэн түрэмгийлэгчдийг бужигнуулж эхэлсэн билээ. Бүгд л хот сууринг тонон дээрэмдэж, хоорондоо үзэлцэж байлаа. Самуунт цаг үе нь одоо сургуулийн түүхийн хичээлд заавал ордог ч гэсэн тэр цаг үе үйл явдлаар дүүрэн учраас бүгдийг нь нэгтгэн ерөнхий зураглалыг гаргахад хүнд. Польшуудыг Москвагаас хөөсөн нь гол үйл явдал гэдгийг хүн бүр ерөнхий зураглалаас мэддэг. Ер нь оросууд яагаад ард түмний эв нэгдлийг тэмдэглэх болов?
Самуун цагийн арван хэдэн жилд орос нутаг мянган жилд үзэх хэмжээний зовлон зүдгүүрийг туулжээ. Хүнд өлсгөлөн, хаадын байнгын солилт, ногойчууд, крымын татар, казакуудын дээрмийн аян, тариачдын бослого, польшийн эзлэн түрэмгийлэл, хаан ширээний төлөөх европын хаадаас эхлээд орос язгууртан эцэст нь өөрийгөө хаан гэсэн олон хүний тэмцэл гээд л үйл явдал зөндөө байсан юм. Урвалт шарвалт их байсан нь байдлыг улам ээдрээтэй болгосон билээ.
Рюриковичийн овгийн сүүлчийн хаан, хаан ширээ залгамжлагчаа үлдээгүй Фёдор Иоанновичийг нас барсны дараа хаан ширээнд Борис Годунов суулаа. Тэр талийгаачид хязгааргүй нөлөөтэй байв. Түүний эсрэг дээд хүрээний томоохон бояарууд нэгдэв. Хаан ширээг залгамжлах ёстой байсан Догшин Иваны хүү Дмитрий Иванович сэжигтэйгээр нас барсан нь түүний нэр алдарт нөлөөлөв. Годуновын захиргааны үеэр цаг агаарын хүнд нөхцлийн улмаас өлсгөлөн гарч түүнийг нь хааны хүүхдийг хөнөөсөн хүнд бурхад хилэгнэсэн хэрэг гэж үзлээ. Түүнийг гэнэтийн үхлээр төгссөний дараа хүү Федор нь хаан ширээнд суусан ч хэдхэн долоо хоногийн дараа засгаас зайлуулагдан хуйвалдагч нарын гарт хөнөөгджээ.
Шалтгаан нь “ид шидээр аврагдсан” ханхүү Дмитрий гарч ирсэн явдал болов. Тэр түүхэнд I Худал Дмитрий гэж үлдсэн юм. Польшийн магнатуудын дэмжлэгтэйгээр тэр хэдэн польш отрядийн хамт Орост нэвтэрсэн байна. Бояаруудад түүнийг ард олон жинхэнэ хаан гэж хүлээн авсны учир гарын дор хүн гэж бодож байлаа. Тэд түүнийг хүлээн авч, Годуновыг засгаас холдуулжээ.
Худал Дмитрий хаанд титэмлэгдсэн ч хяналтаас нь гарч өөрийн бодлогыг явуулах болсон байна. Түүний дэргэд польшийн нөлөөний хүрээ үүсэн, ордны хүрээнийхнийг шахах болов. Ингээд хуйвалдагч нар түүнийг жилийн дараа хаан ширээнээс буулгалаа. Хаан ширээнд хуйвалдааныг толгойлогч, Рюриковичийн төрлийн хүн бояар Василий Шуйский суув.
Түүний эсрэг хүмүүс хангалттай их байлаа. Яг энэ үеэр Орост польшууд нэвтэрсэн ба Иван Болотниковын тариачдын бослого гарлаа. Шуйский хоёр фронтод тулалдан, польш, литовчуудад ялагдсан бол Болотниковын бослогыг дарж чадав.
Польшуудад ялагдаж байсан нь түүний нэр хүндийг улам унагалаа. Оросын нутгаас эзэлсэн польшууд, литовчууд, казакуудын дээр нэмэгдэн, Крымын татарууд төв Орост нэвтрэн, түйвээж дээрэмдлээ. Москва орчмын Тушинод “ид шидээр аврагдсан” ханхүү II Худал Дмитрий гарч ирлээ. Түүнд Оросын хэд хэдэн хотууд дагаар орлоо.
II Худал Дмитрий рүү тариачдын бослогоос үлдэгчид, польшийн отрядууд, казакууд тэмүүлэн нэгдэж байв. Тэрээр өөрийгөө хаан гэж зарлан бояарын думыг тэднээс байгуулж, өөрийн монетыг цутгах болов. Түүгээр ч барахгүй шашны толгойлогч нар гарч ирсэн байв. Ирээдүйн хаан Михаил Фёдоровичийн эцэг, Оросын шашны хамба Филарет нэгдсэн ба тэр хожим түүнийг хүчээр барьж байсан гэж өөрийгөө зөвтгөсөн юм. Ингээд өөрийн засагтай хоёр Орос үүсчээ. Шуйский Москваг бүрэн захирч байсан бол өөрийгөө хаан гэгчид олон хотууд дагаар орсон байлаа.
Шуйский өрсөлдөгч нарынхаа эсрэг зогсох хүчин сул учир шведүүдээс тусламж гуйсан юм. Корелийн аймгаа тэдэнд өгч оронд нь Якоб Делегардийн толгойлсон хөлсний цэргийн отряд орж ирэв.
Ван Скопин-Шуйский хаан Василийн холын хамаатан байв. Самуунт цагийн зүтгэлтнүүдээс ганцаараа хаан ширээнд үнэнч явж иржээ. Түүний удирдсан орос-шведийн отряд Худал Дмитрийн польшуудад хэд хэдэн удаа цохилт өгч, ялалт байгуулав. Харин швед хөлсний цэргийнхэн Новгородоос холдох дургүй байсан учир тэр Оросын хотуудаас журамт цэргийнхнийг дуудан том отръяд байгуулаад польш-литов-казакийн хүчийг Калязины орчим ялав. Үүний улмаас Худал Дмитрийд дагаар орсон хотуудын хэсэг түүнээс нүүр бууруулав.
Гэтэл өөрийн дотоод хэргээ шийдсэн Польш Орост албан ёсоор дайн зарлажээ. Өмнө нь польш вангийн отрядууд дангаараа Орост дайтаж байсан бол одоо албан ёсны дайн зарлагдан Польшийн арми Орос орж ирэх талаар яригдах боллоо. Шуйский швед хөлсний цэргийг дуудсан гэх шалтгаанаар Польшийн хаан III Сигизмунд дайн зарласан байлаа.
Скопин-Шуйский Москвагийн бүслэлтийг сэтлэн орж ирээд худал Дмитрийн талынхан зугтсан байлаа. Худал Дмитрий Калуга руу зугтаж, польш-казакууд Польшийн армийн зүг чиглэв. Скопин-Шуйскийг Москваг чөлөөлөгч гэж угтсан ба 23 настай түүнийг хаан болно гэсэн яриа сонсогдох болжээ. Москвад эргэн ирснийх нь дараа найран дээр түүнд хор өгсөн байв. Бүгд л үүнд Василий Шуйскийг буруутан гэж үзсэн билээ.
Ингээд Оросын нутагт Польшийн арми, Худал Дмитрий, хаан Василий Шуйский гэсэн гурван бие даасан хүчин гарч ирсэн байна. Хаан нэр хүнд муутай, зөвхөн Москва ба хэдхэн хотуудыг хянаж байлаа. Худал Дмитрий харин эх оронч гэдэг байр сууринаас хөдлөх болжээ. Тэрээр өөрийн армийг цуглуулан булаан эзлэгчид польшуудтай тэмцэхийг уриалах болсон юм.
Польшийн арми Смоленскийг бүсэн хаав. Хотод туслахаар хааны дүү Дмитрий Шуйскийн арми хөдлөөд 1610 оны долоодугаар сард Клушины орчим ялагдал хүлээв. Шведийн хөлснийхөн польшуудтай тохиролцон тэднийг нэвтүүлж, зарим хэсэг нь тэдэнтэй нэгдсэн байлаа. Оросууд тэр урвалтыг хараад зугтаажээ. Валуевын даргалсан 8000 цэрэг Польшийн армид дагаар оров. Польшууд асар их олзтой, оросуудын бүх их бууг олзолжээ.
Тэр цагаар II худал Дмитрий томоохон отряд цуглуулаад дахиад л Москвагийн зүг хөдөллөө. Оросын улс бараг үгүй болжээ. Шуйский армигүй, Москвагийн засгаа алдаж байв. Орос даяар польшууд, литовчууд, шведүүд, казакууд, дээрэмчид тэнүүчлэн нэгээс нөгөөд урван, хотуудыг тонон дээрэмдэж байлаа. Энэ нөхцөлд дээд хүрээний бояарууд хааны эсрэг хуйвалдааныг хийж, түүний үсийг хусаад лам болгон засгаас холдуулсан юм. Засгийн үлдэгдлийг авсан бояарууд Польшид бууж өгөх эсвэл Худал Дмитрийтэй нэгдэх гэсэн хоёр сонголтын өмнө тулав. Аль алинд нь тэдэнд хэцүү сонголт болсон учраас гурав дахь хувилбарыг сонгон, Польшийн ханхүү Владиславыг үнэн алдартны шашинд тангараг өргөвөл хаан ширээнд суулгана гэсэн байв. Гадаадын хаадыг ширээнд суулгах практик тэр цагт дэлгэрсэн зүйлийн нэг байлаа. III Сигизмунд гэхэд л Шведийн Ваза овгийн төлөөлөгч, Шведийн хааны хүү байлаа. Гол нь тэд захирч буй орныхоо шашныг авсан байх ёстой.
Польшууд үүнийг зөвшөөрч, тэдний отрядыг Москвад оруулсан байв. Худал Дмитрий хэрэг явдал ингэж өнгөрснийг хараад Кулуга руу буцаж, замдаа польшуудаас хэд хэдэн хотыг чөлөөлсөн байлаа. Удалгүй түүнийг хамтран зүтгэгчдийнх нь нэг хөөжээ.
Москва польш ханхүүд тангараг өргөн, Владислав Жигмонтовичийн хүндэтгэлд зориулсан зоос цутгасан юм. Шинэ хаан ирэхэд бэлэн болоод байтал польшууд өөрсдөө түүнийг бүтэлгүйтүүлжээ. III Сигизмунд хүүдээ үнэн алдартны шашинд орохыг эрс хориглосон байлаа. Тэгээд ч өөрөө далдын удирдагч нь болно гэж зүтгэлээ. Тэрээр хаан ширээнээс зайлуулагдсан Василий Шуйскийг авчруулан польш дээдсийг цуглуулан, түүнээс ам тангарагийг нь авч үзүүлэв. Тэр дагаар орон, тангараг өргөсөн ч хаан байгаагүй л дээ.
Орос үүнийг огт зөвшөөрсөнгүй. Хэрэв Владислав хаан ширээнд суусан бол түүний эцэг өнгөрсний дараа Польш, Литовын агуу вант улс Хаант Орос гэсэн уния-нэгдэл үүсэн Европт супер улс гарч ирэн, толгойд нь үнэн алдартан хаан байх байлаа. Харин Сигизмунд хаанчлах нь харийн дарлал гэж ойлгогдох юм.
Патриарх Гермоген польшуудын ийм хорон явуулгын дараа ард түмнээ булаан эзлэгчидтэй тэмцэлд уриалахын зэрэгцээ Москвад ирээгүй ханхүүд өгсөн бүх тангарагаас чөлөөлсөн юм. Ингээд журамт цэргийнхийг цуглаах болсон байлаа. Удирдагч нар нь ч өөр өөр хүмүүс байсан билээ.
Тэд Москваг бүслэн хаагаад эзэлж эхэлсэн ба энэ цагаар журамт цэргийн удирдлагын хагарал гарч бүгдийг дахиад л эхлэх шаардлагатай болов.
Энэ цагаар байдал улам муудлаа. Польшууд удаан бүсэлсний эцэст Смоленскийг эзлэв. Өмнөд хэсгээс Крымын татарууд нэвтрэн хот сууринг тонон дээрэмдэж байлаа. Оросын хойд нутагт шведүүд бас л дээрэм тонуул хийх болов. Бас дээр нь III Худал Дмитрий гарч ирлээ. Түүнд зарим хотууд дагаар орлоо. Анхны журамт цэргийн хэсэг ч түүнтэй нэгджээ.
Энэ нөхцөлд улс орны сэргэлтийн төв нь арилжааны том төв Доод Новогород болсон байна. Хоёрдугаар журамт цэргийнхийг Кузьма Минин зохион байгуулж эхэлжээ. Түүний тухай мэдээлэл бараг байдаггүй. Сайн зохион байгуулагч байсан бололтой. Хотын олон давхрагын хурал цуглаанаар юу хийхийг ярилцаад журамт цэргийг цуглуулан байгуулахаар шийдсэн юм. Гэтэл хөрөнгө мөнгө байхгүй. Хандив цуглуулсан ч гавьсангүй. Ингээд хотынхон хөрөнгийнхөө гуравны нэгийг өгнө гэж шийджээ. Хэрэв хэн нэг үүнийг хийхгүй гэвэл хөрөнгийг нь хураан түүнийг зарцаар худалдахаар шийдсэн байна. Журамт цэргийн командлагчаар нь ван Дмитрий Пожарскийг сонгожээ. Минин нэлээд их хөрөнгө цуглуулж чадсан учир журамт цэргийнхэнд өндөр хөлс тогтоосон учир сайн дурынхан их байлаа. Өөр хотуудаас ч хүмүүс ирж байв.
Хоёр дахь сайн дурынхан 1612 зун Москва руу зүглэн хөдлөв. Замдаа бусад хотуудаас хөрөнгө, нэмэлт хүч авсаар яваад Ярослав хотноо хагас жил өнгөрөөж, тэнд ван гүнүүдээс бүрэлдсэн Засгийн газрыг бий болгов. Тэр нь Бүх нутаг орны зөвлөл нэртэй байсан юм.
Тэр үеэр Польшийн Ходкевичийн удирдсан том отряд Москвад хүрч ирэв. Тэд Китай-город гэх дүүрэгт хаагдсан польшуудад зэр зэвсэг, хоол хүнс авчрах ёстой байлаа. Москва орчимд анхны журамт цэргийн ван Трубецкийн отръядууд байсан ба тэд хоёрдугаар журамт цэргийнхэнтэй нийлсэн байна.
Москвагийн төлөөх тулалдаанд Ходкевичийн цэрэг ялагдан, Москвад бүслэгдсэн хүмүүстээ тусалж чадаагүй юм. Сайн дурынхан польшуудыг Китай-городоос 1612 оны арваннэгдүгээр сарын 1-нд хөөжээ. Польшуудын үлдэгдэл Кремльд бүгж байгаад хэд хоногийн дараа бууж өгчээ.
Арваннэгдүгээр сарын 6-нд сайн дурын журамт цэрэг сүмийн хонхны дуун дор чөлөөлөгдөн Москвад орж ирлээ. Ингээд Земийн шашны зөвлөл шинэ хааныг сонгох үлдээд байсан байсан юм. Тэр нь шинэ овгийг үндэслэсэн Михаил Фёдорович Романов болжээ.
Ийм маягаар арваннэгдүгээр сарын 4-нд Ард түмний эв нэгдлийн өдөр Орос орон Польшуудаас Москваг чөлөөлсөн, Самуунт цагийн төгсгөлийн билэгдлийг тэмдэглэх болжээ. Яагаад билэгдлийн гэвэл тэр самуунт цаг үеийн үр дагаварт Оросууд ихээхэн хугацаанд даган мөрдөгдөж иржээ. Хойд хэсэгт нь шведүүд ноёрхож, өмнөд хязгаарт нь атаман Заруцкийн казакууд түйвээж, баруун нутагт нь польшуудын нэвтрэлт үргэлжилсээр байв. Гэхдээ Оросын хаант улсад хууль ёсны засаг нь сэргэсэн байлаа. Самуунт цагийн үр дагавараас бүрэн салтал ихээхэн хугацаа оросуудад шаардагдсан билээ. Бараг зуун шаардагдсан юм. Хаант Орос үүнийг хийж чадсан билээ.
Яагаад арваннэгдүгээр сарын 4-нд Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэдэг вэ гэсэн сүүлчийн асуудал үлдлээ. Энэ өдөр ямар нэгэн үйл явдал болоогүй. Москвагийн Китай-городыг польшуудаас арваннэгдүгээр сарын 1-нд чөлөөлсөн юм. Сайн дурын журамт отрядууд 6-нд Москвад орж ирсэн байдаг. Учир явдал нь XVII зуунаас юлианий хуанли Орост мөрдөгдөж ирээд 1918 оноос григорианы хуанлид шилжсэнд байгаа. XVII зуунд хоёр хуанлийн хоорондын зөрөө 10 хоног байсан юм. Гэтэл хууль тогтоогчид тэдний зөрөөг өнөөдөр арван гурав хоног гэж үзжээ. Ингэхээр 1612 оны аравдугаар сарын 22 нь шинэ тооллын арваннэгдүгээр сарын 4-нд таарч байгаа юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Tangela (November 14, 2016 10:02:49 pm )
A good many vaeblulas you’ve given me.
1 Comment