
Сүүлийн үед дээрмийн гэмт хэрэг ихэсч, тэр ч бүү хэл өсвөр насны хүүхэд бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн VI хорооны нутагт оршин суух 16 настай эрэгтэй Б-гийн “I Phone-5” гар утсыг тус дүүргийн V хороонд оршин суух 14 настай эрэгтэй Б гэгч бусадтай бүлэглэн зодож, дээрэмдсэн байх юм. Дээрмийн гэмт хэргийг ихэвчлэн бүлэглэн үйлдэж буй бөгөөд энэ сарын 08-нд автомат тоглоомын газарт зэвсэглэсэн этгээдүүд халдаж, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь олныг цочирдуулсан. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаа дээрх хэргийн эргэн тойронд бэлтгэлээ.
Буутай этгээдүүд их хэмжээний мөнгө дээрэмдэв
2016.10.08: Энэ сарын 8-ны өдөр гар буу, хутгаар зэвсэглэсэн этгээдүүд автомат тогломын газарт дайран орж дээрэм хийж, танхайрсан хэрэг гарчээ. Сэжигтнүүд “АК-М” буу тулгаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэнээс гадна тэнд байсан хоёр иргэнийг хутгалж гэмтээсэн байна. Гэмт этгээдэд хутгалуулж, гэмтсэн Ч, Э нар ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Эл хэргийг шоронгоос суллагдсан “Шош” хочит этгээд үйлдсэн байж болзошгүй юм байна.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Хэргийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэргийг үйлдсэн гэх А, Б нарыг баривчилсан бөгөөд хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн хэргийн улмаас алга болсон их хэмжээний мөнгө болон эд зүйлс, хэргийг үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг хайж байгаа юм байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 дугаар заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.
Ё.Лхагвасүрэн: Дээрмийн хэргийн улмаас алга болсон их хэмжээний мөнгийг хайж байгаа
2016.10.10: “Мөрийтэй тоглоомын газарт үл таних этгээдүүд дайран орж, 30 гаруй хүн хутгалж, гэмтээжээ” гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтуудаар тараад байгаа. Энэхүү мэдээллийн үнэн бодит байдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Энэ хэргийн талаар нэр бүхий мэдээллийн сайтуудад 34 хүн хутгалууллаа, мөрийтэй тоглоомын газар байсан гэхчилэн мэдээлж байгаа.
Эдгээр мэдээллүүд ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг онцолмоор байна. Хэргийн бодит нөхцөл байдал гэвэл 2016 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах орон сууцанд зодоон болоод байна гэсэн мэдээллийг иргэдээс цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад тус орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээд дайран орж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байсан. Хэргийн улмаас их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлс алга болсон. Уг гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газар болон дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн түргэн шуурхай шалгаж, А, Б гэх этгээдүүдийг баривчлан, саатуулаад байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн А, Б гэх этгээдүүдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх нэр бүхий этгээдүүдийг дайчлан баривчлах, алга болсон их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлс, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг зэргийг эрэн сурвалжилж олох ажиллагаанууд хийгдэж байна” хэмээсэн юм.
Хутгалуулсан хоёр иргэний биеийн байдал хүнд байна
2016.10.11: Халдлагад өртөж дээрэмдүүлсэн гэх 10 хүн нь 25-31 насны залуус байсан бөгөөд дээрмийн үеэр мэсний шарх авсан хоёр иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитальд хүргэсэн байна. Мэсний шарх авсан хоёр иргэний биеийн байдал одоогоор маш хүнд байгаа бөгөөд нэг хүн ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин бусад хүмүүс нь хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан учир цагдаагийн байгууллагад тайлбар, мэдүүлэг өгч эхэлжээ.
Түрээсийн орон сууцанд мөрийтэй тоглодог байжээ
2016.10.11: Энэ сарын 08-нд гарсан “АК-М” буу тулгаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн гэх хэрэг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, БНСУ-ын ЭСЯ-ны хуучин байрны хажууд “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны … тоотын таван өрөө байранд гарчээ.
Хэрэг гарсан таван өрөө байрыг иргэн Х гэгч хоёр сая орчим төгрөгөөр түрээслэж авсан бөгөөд тус байранд тогтсон айл байдаггүй байжээ. Харин тус байрны ойр орчмоор хэдэн залуус эргэлдэх болсоор нэг сар орчим хугацаа өнгөрчээ. Түүнчлэн тус байранд үе үе бүлэг этгээдүүд цугларч, мөрийтэй тоглоом тоглодог байсан гэдгийг эх сурвалжууд хэлжээ.
Хэрэг гарах үед цөөн тооны хүмүүс цугласан байсан гэх бөгөөд дээрх залуусаас гадна олон тооны хүмүүс хууль бус тоглоомд оролцдог аж. Цаашлаад хэд хэдэн эмэгтэй хүн мөрийтэй тоглоом зохион байгуулах ажлыг хийдэг, зарим үед барьцаанд тавьсан эд зүйлсийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэх үйлчилгээ хийдэг нотариатчид ирж ажилладаг байсан гэх мэдээлэл байгаа ажээ.
Дөрвөн сэжигтнийг баривчилж, хоёрыг нь хайж байна
2016.10.14: Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, арав гаруй хүний биед халдсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсаар байна. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн зургаан сэжигтний дөрвийг нь баривчлан саатуулсан ч үлдсэн хоёрыг нь эрэн сурвалжилсаар байгаа аж. Баривчлан саатуулагдаад байгаа хоёр этгээдийн нэг болох Б нь өмнө нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдаж байсан бөгөөд уг хэрэг нь одоо шүүхийн шатанд байгаа аж. Өөрөөр хэлбэл, Б нь батлан даалтад байх хугацаандаа дээрх гэмт хэрэгт холбогдсон байна.
Харин А нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдлээд, өнгөрсөн долоодугаар сард Өршөөлийн хуулиар суллагдсан нэгэн ажээ. Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл анги буюу “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар буруутган саатуулаад байгаа юм.
Хэргийн газраас зугтсан дөрвөн этгээд болон дээрэмдүүлсэн гэх мөнгө, бусад эд зүйлсийг мөрдөх албаныхан эрэн сурвалжилж байгаа аж. Түүнчлэн цагдаагийн байгууллага гэмт этгээд дээрэм хийхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас олж авсан болон дээрэмдүүлсэн 10 залуу олноороо шөнийн цагаар юу хийж байсан, дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгө нь хууль бус байсан уу зэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ.
Сэтгүүлчийн өнцөг
“Алдагдсан үе”-ийнхэн кино шиг л амьдраад байгаа юм биш үү
Хулгай, дээрмийн хэрэг гарлаа гэх мэдээллийг уншихад үйлдэж байгаа хүмүүс нь ихэнхдээ л 1990-2000 оныхон байгаа. Бүр хэрэг болгоод хэдэн гэмт хэргийн мэдээ уншаад үзээрэй. Ерөнхийдөө энэ үеийнхэн гэмт хэрэгт холбогдох нь их байгаа. Яахав, 16-26 насныхан буюу ид үедээ яваа залуучууд болохоор алдах эндэх нь их байдаг л байх.
Гэхдээ тэдний үйлдэж байгаа гэмт хэрэг нь ихэнхдээ хулгай, дээрэм байна. Нэг талаас нь харвал амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуучууд хэт их олширч байгаатай холбож тайлбарлаж болохоор. Нөгөө талаас энэ үеийнхний сэтгэхүй арай л өөр болчихож. Сүүлдээ бүр кино шиг амьдарч эхэллээ. Хар тамхи, гэмт хэрэгтэй байнга холбогддог. Бүр буу, хутгатай дайрч, их хэмжээний мөнгө дээрэмддэг боллоо. Саяхан гарсан хэрэг бол ерөөс барууны киноноос хардагтай адилхан юм болсон. Нэг хэсэг нь их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож л байдаг.
Нөгөө хэсэг нь буугаар зэвсэглэж дээрэмдэж л байх. Тэгэхдээ бас болоогүй хүн хутгалж гэмтээсэн ч байх шиг. Амар тайван Монгол Улсад сүүлийн үед барууны кинонд үзүүлдэг шиг хэрэг их гардаг болсон. Банк, ШТС, сүүлдээ бүр мөрийтэй тоглоомын газар дээрэмдэж байна. Нэлээд судалгаатай ажилласан нь мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр манай залуусын толгой нь тун сайн ажиллаж байгаагийн илрэл энэ. Гэвч зөв зүйл дээрээ ажиллаж чадахгүй байна.
Дандаа л хөгшин настай хүний утас, түрийвч дээрэмдсэн. Эсвэл ганц нэгээрээ яваа залуучуудыг бүлэглэн зодсон, утсыг нь дээрэмдсэн хэрэг хийсэн нөхдүүд. Бүгдээрээ 20-25 насныхан. Зарим нь бүр өмнө нь хэрэг хийгээд, Өршөөлийн хуулиар суллагдсан ч байх шиг. Бид өнөөдөр Чингис хааны удам, хөх тэнгэрээс заяат монголчууд гэж хий хоосон цээжээ дэлдэж суухын оронд залуусаа арай өөрөөр хүмүүжүүлэх цаг болж.
Оюун сэтгэхүйд өөр зүйл суулгаж, боловсролтой, мэдлэгтэй, хамгийн гол нь зөв хүн болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол залуучууд бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод л хүмүүжээд байвал амар хялбараар мөнгө олохын тулд хүн хүртэл алж байна шүү дээ. Юун биеэ үнэлэх, дээрэм хийх, энүүхэнд болчихоод байна. Өнөөдөр буутай дээрэм хийж байгаа юм чинь маргааш буудалцаж “тоглох” ч юм бил үү, хэн мэдлээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
zochin (October 17, 2016 6:27:58 pm )
kino shig ehe ter gen bitgii tenegteed baigaach, naad teneg hymyys chin teneg zuild ulam ongirno bizdee,,,,ygee ohoj bichij baimaar umdaa,
-
Zochin (October 17, 2016 7:53:32 pm )
Eruusuu bagsh nar medleggui nom unshihgyi uhaan mulguu bnaa a a niigem bas nuluulj bna tv iin hen ih anhaarah heregtei
-
Anonymous (October 18, 2016 8:01:53 am )
Та бухний хусээд байсан ардчилал капитализм чинь энэдээ
3 Comments