2e98a9b7512423b4bb473c5e90734b9f35fcf9e9Дуучин залуус газрын дарга нар болцгоож, дугуйтай сандалд морилсон талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа билээ. Тодруулбал, Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа  нар томилогдож,  өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээн авцгааж, дарга даамлын өрөөнүүддээ заларсан сурагтай байгаа. Тэрчлэн дуучин залуусын улстөр дэх карьерын суга дэвшил нь сошиал ертөнцөд чамгүй дуулиан дэгдээсэн гэхэд болно.

Ямартаа л иргэний хөдөлгөөний тэмцэгчдийн нэг гэдгээрээ Монголчуудад танигдсан Г.Арслан дуучин залуусын томилгооны талаарх мэдээлэлтэй холбогдуулан өөрийн бодлоо өгүүлжээ. Тэрбээр “2005 оноос хойш гудамжинд ажил, цалингүй арван нэгэн жил үгээ хэлснийхээ эцэст мэргэжлээ буруу сонгосноо одоо л ойлгов бололтой би.

Баухаус Ваймарт инженер, Лейпцигийн Карл Маркс их сургуульд сэтгүүлчээр сурах бус Барилгачдын соёлын ордонд байрлах СУИС-д дуучин болдог байжээ…Герман, англи, япон, оросоор цаг алдаж сурахын оронд хөгжмийн нот л оролддог байж. Ядаж байхад үнэрлэх эрхтэн минь, ичих булчирхайтайгаа хамтдаа бас дэндүү сайн хөгжчихөж. Энэ 2 эрхтэнийг жагсаалаас гаргах арга бий юу? хэмээн ёжтойхон хэлээд авсан байх юм. 

Ер нь бол Г.Арслантай ойр дөхүү бодолтой байгаа хүмүүс цөөнгүй бийг сошиал дахь жиргээчдийн үгсээс харж болохоор байгаа юм.  Төрийн алба гэж түмний өмнө хариуцлага хүлээхийн нэр байх ёстой атал манай тухайд эрэмбэ дараалал, ичих булчирхайн талаар А-ч үгүй хүмүүсийн бөөгнөрөлдөөн болж хувирсныг харуулж байгаа талаар хэлж яригсад байна. Ямартаа л  ичдэггүй булчирхай, инээд алдсан ширэн нүүр хоёрыг жагсаалаас гаргах арга бий эсэх талаар сошиалаар хэлэлцэхдээ хүрч байх билээ дээ! 

Эх сурвалж:  Шуурхай.мн