antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 1 comment

Мараан дээрээ урамддаг марал буга минь хаачив ?

нийтлэсэн Admin
527-14761704261fqna2nudjvfo7fuun6ai8sni1
Мараан дээрээ урамддаг марал буга минь хаачив 
nomrogiin-darhan-tsaazat-gazar
Сүүлийн үед хориотой ан амьтан агнах, шонхор шувууд хил давуулан худалдаалах, гол мөрөн бохирдож загас төрөл зүйлээрээ устах зэргээр монгол орны болон дэлхийд ховордон бүр улаан номд орсон ан амьтад болон байгаль орчноо хамгаалах асуудал улам их хэл ам дагуулдаг боллоо. Эрдэнэсээ ухаж, эх нутгаа гангийн тойром болгоод одоо зэрлэг ан амьтдаа устгаж гүйцэж байна. Үүнийг хийдэг нь засгийн хууль үйлчилдэггүй, нутгийн иргэдэд дийлдэггүй энэ бүхэнд мэргэшсэн иж бүрэн бэлтгэлтэй нөлөө бүхий хүмүүс байдаг. Мараан дээрээ урамддаг марал буга минь хаачив.
Дэлхийд ховордсон зэрлэг амьтад
 Хорвоогийн амьтан гэдэг өөрийн гэсэн амьдрах орчин, хааз хэвшмэл нутагтай, түүндээ тохирсон амьдрал, өнгө аяс, бүтэцтэй байдаг ажгуу. Идээшиж дассан тэрхүү тогтолцоог нь эвдвээс нүүж, дайжих буюу устаж алга болно. Манай оронд хүний үйл ажиллагааны улмаас эл байдалд хүргэсэн ан амьтан, жигүүртэн олон, сүүлийн үед бүр нийт амьтад өртөж эхлээд байна.
 Дэлхийд ховордсон эдгээр амьтдыг хамгаалах дархан цаазтай газар олон байдаг ч тэнд хувь хүмүүс, компаниуд түрэн орох нь ердийн үзэгдэл болжээ. Ан амьтадыг хамгаалах талаар төрийн бодлогын хэмжээнд авдаг арга хэмжээ мухардмал, тунхаглалын чанартай, хуурай хууль дүрэм үйлчлэх нь төгс бус тул төрөл бүрийн зөрчил байнга гарсаар байна.
Хориотой ан амьтан агнасан хүн |хэдийг ч агнасан бай| сайндаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нугалбараар торгуулдаг. Энэ нь голдуу агнасан ангийнхаа үнээс илт доогуур байдаг. Эл байдал даамжирсаар өнөөдөр байгаль хамгаалах үйл явц сэтгэл зовоосон хэвээр байгаа юм.
 Хаврын сүүлч, зуны эхээр зэрлэг амьтад үр төлөө гаргаж бойжуулдаг энэ үед онцгой хамгаалалт шаардлагатай байна.
Бид үзэсгэлэнт байгалиа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлж, гадаадын жуулчдыг өргөнөөр оруулж сая саяар нь вальют олох тухай ярьцгааж байна л даа. Түүний тулд бидэнд хийх ажил нилээдгүй байгаагийн нэг том асуудал бол дэлхийд ховордсон зэрлэг ан амьтадаа хамгаалах явдал юм. Эдгээр ан амьтан амьдардаг манай баруун, зүүн, өмнө болон зүүн өмнөх нутгуудад нүүдлийн ан амьтадын идэш тэжээл эрж явдаг буюу нүүдэллэж заншсан зам, газар нутаг нь уул уурхайн эмх замбраагүй эрхлэлт, автомашины хөдөлгөөнд таслагдсан байна.
Дархан цаазат газар байлаа ч гэсэн тэнд буй нүүдлийн ан амьтад дамжин явах холбоос нутаг нь ийм болсон тул тэнд ан амьтан байтугай, хүн амьдрахад хүнд болсон байна. Зэрлэг амьтан амьдрах орчин нь дэд бүтэцэд боогдсон, төмөр зам, автозам хөндлөн гарах гарц хангалтгүй, билчиж  идээшсэн газрууд эзлэгдсэн буюу хамгаалалт нь хангалтгүй хэвээр байна.
Орон нутагт дэд бүтэц байгуулах зураг төслийн явцад зэрлэг амьтдыг хамгаалдаг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцон тодорхой санал авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ бүхнийг дарга сайдын тушаалаар бус мэргэжлийн судалгааны үр дүнд гүйцэтгэх ба нэгэнт гаргасан судалгааг түшиглэж ажиллах нь ховордсон ан амьтадыг хамгаалах тулгуур бодлого болно.
Хар сүүлт зээр
15
 Аргаль угалз, янгир ямаа, бөхөн, цагаан зээрийн нэгэн адил хар сүүлт зээр бол тал хээриййн бүсд орших өвсөн тэжээлт, салаа туурайт тугалмайтан амьтан юм. Тугалмай гэж эдгээр амьтадын эврийн доторхи зөөлөн ясыг хэлнэ.
Хар сүүлт зээрийн шаргачин, оонь хоёр
 Хар сүүлтийн эрийг оонь, эмийг шаргачин, үр төлийг янзага гэдэг. Хар сүүлт оонын эвэр толгойныхоо яснаас гарсан тугалмайн гадуур углаж ургасаар  дотогш махирдуу, шовх болдог бөгөөд нас гүйцсэн оонын эврийн урт  25-40 см орчим, бүтцээрээ бугынхаас ялгаатай, бугынх жил бүр унадаг бол хар сүүлт оонынх ургасан цагаасаа хойш насан эцэс болтлоо унаж солигддоггүй юм. Шаргачин нь эрхий  хуруун чинээ өнчин ганц эвэртэй, амаржих гэж буй эх түүнийг атгаваас өвчин зовуургүй, амархан төрдөг хэмээх дом бий.
Нэг газар удаан тогтохгүй үргэлж нүүдэлж явдаг энэ амьтан Монгол орны баруун өмнөд хэсэг Баянхонгор, өмнө хэсэгт Өмнөговь, Дундговь, зүүнтэйд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын тал хээр нутгаар тархан агь, таана, бор шаваг, хөмүүл, хялгана, яргуй зэрэг шимт ургамал иддэг байна. Ус төдийлөн хэрэглэдэггүй, өвөлд цас мөс долоож амны цангаагаа гарган, зуны аагим халуунд задгай булгийн зах руу бөөнөөрөө давхин орсноо давхиан дундаа ганц хоёрхон удаа тонгойн ус балгачихаад л цааш гараад явчихдаг. Бусад үед хар чийг унах буюу цагаан хяруунаар цангаагаа гаргачихдаг өвөрмөц зантай, нэн соргог, энэ амьтан их сониуч тул энэ зангаасаа болж аюулд өртөх нь бий.
 Биеийн хэмжээгээр бол хөл урт, нарийн тул хонь, ямаанаас арай чацархуу, сэрвэйн өндөр нас гүйцсэн ооных 1,0-1,2 метр орчим, жин 20-33 кг орчим байдаг. Урт соргог чих, улбар шаргал зоо, боровтор дух, хар нуух бүхий сэргэлэн цовоо хар нүд, халтар шанаа, гэдэс, хонго, гуя хасны дотоод хэсэг хэвлий дагасан тод цагаан зурвастай, түүний нэрийн сүр сүлд болсон бийрийн торгон үзүүр мэт тас хар, оготор сүүл нь хажуугаар цагаан самсаатай үргэлж годгонож явах нь тун эгдүүтэй. Эдгээр өнгийн хослол нь хээр талын дунд шурж хэвтсэн хар сүүлт болон түүний янзгыг махчин араатны нүдэнд үзэгдэхээргүй болгодог увидастай.
 Ооно шаргачин хоёрын ороо намар орж нийлснээр тавдугаар сарын сүүлээр голдуу нэг, ховор тохиолдолд хоёр янзага гаргана. Янзага дөнгөж төрснийхөө дараа саваа мэт туяхан хөл дээрээ тэнцэн, хөхөө амалж аваад л эхийгээ дагаж явах, өвсөн дунд хярж хэвтэх чадвартай болно.
Түүнд аюул тохиох үед эх нь махчин амьтны өмнөөс тосч очин анхаарлыг нь өөр дээрээ татаж хөлийнхөө хурдаар дагуулж давхин төөрүүлээд өөрөө буцаж янзгаа олж ирдэг. Хурд нь 60-70 км|цаг хүрдэг ба ийм хурдаар цаг шахам давхиж чадах тул тал нутагт түүнийг гүйцэх дөрвөн хөлтөн үгүй. Янзага хоёр долоо хоногийн дараа өвсөнд орж хааяагүй давхиж сурдаг ба намар болоход бүр том болж эхийгээ дагахаа болидогч тэд ямагт сүргээрээ явдаг тул нэг билчээрт идээшлэнэ.
Хол аянд явж байхад баруун гар талаас зам хөндлөн хошууран гарах хар сүүлтийн сүргийг харсан хэн боловч билэгшээн энэ сэргэлэн цовоо амьтан өвөр талаас минь орж ирлээ, аян замд аз хийморьтой  байх нь хэмээн урамшин үздэг бөлгөө. Олон арван мянгаараа сүрэглэн яваа хар сүүлтийн сүрэг өргөн талын дунд үелзэн харагдах нь хээрийн салхинд халиурах өвс ногоо, талын зэрэглээ дунд далайн давалгаа мэт мяралзан үзэгдэнэ.
 Энэ бол монгол орны маань тал хээр нутгийн нэгэн үзэсгэлэн үүнийг нүдээр үзсэн хэн боловч дуу алдах үнэхээр гайхамшиг юм.
 Намрын нарлаг дулаан өдрүүдэд тарга хүчээ авсан хар сүүлтийн сүрэг тогтуун идээшилж байснаа томчуул нь тойрог үүсгэн дугуйран хэвтэцгээж дунд нь янзгууд нь тоглон наадаж буйтай тааралдсан анчин хүн тэднийг үл агнах агаад үүнийг зээрийн наадам хэмээн билэгшээж үздэг ажгуу.
Намрын сэрүү орж эхэлмэгц хар сүүлт зээрийн сүрэг өвсны соргогийг даган билчээрлэнэ. Өвөлдөө цасны нимгэнийг даган уул нуруудын энгэр, сархиа нөмөр газар бараадан хэсэг байвч төдөлгүй идэж тэжээл эрэн одох авай. Нэг газар удаан тогтдоггүй энэ амьтан ингэж тогтворжсон газарт малчид хар сүүлтийн сүргийг даган ирж мал сүргээ  оторлуулдаг хэмээн ярьдаг. Учир нь энэ хээрийн ямаа өвсний сор, сөлийг андахгүй олдог хэмээн үздэгийнх юм. Гэрийн тэжээмэл тугалмайтнаас ялгаатай эдгээр амьтад жилийн дөрвөн улиралд байгаль, цагийн аясыг даган өнөтөй дулаан газар, өвсний сайныг хайн нүүдэлдэг.
 Иймээс гэрийн тэжээмэл болдоггүй энэ амьтны тухай “зээр нутаггүй” гэдэг үг эндээс гарсан нь лавтай. Хар сүүлт бол сүүлийн үед ховордож улаан номд орсон боловч түүнд дайсан бол мундахгүй бий. Гол  дайсан нь хоёр хөлтөй боохой, хээрийн болон махчин шувууд юм. Түүний эмзэг үе бол өглөө үүрээр, тэр үед хар сүүлт дулаан хэвтрээсээ босоогүй, давсгаа суллаж амжаагүй байдаг аж. Үүнийг чоно сайн мэддэг. Анчид бол түүнийг шууд л автомашинаар хөөдөг, хар сүүлт заавал замын урдуур дайран, өрсөж гардаг зантай тул анчны замынх нь хажуу талаар бууных нь хараанд  өөрөө орж ирдэг өрөвдөлтөй амьтан юм.
Аргаль, угалз ба янгир ямаа
Тугалмайтан овог, туруутны баг зэрлэг хонин гөрөөс буюу аргаль, угалз, янгир ямаа хэмээх хэвэгч хөхтөн энэ амьтад гэрийн тэжээмэл хонь, ямаатай төстөй боловч хөл урт, толгой эвэр том, үс ширүүн, тачир  байдаг. Гол байршил болох  Говь-Алтай, Ховд аймгийн нутаг, Монгол Алтайн нуруу, Увсын Хархираа, Түргэний, Хангай, Хэнтийн салбар уулс, Баянхонгор, Говь-Алтайн уулархаг газраар аргаль угалз, янгир ямаа тархан амьдардаг.
Зэрлэг хонин гөрөөсний эрийг угалз, эмийг нь аргаль, зарим газар хомбо гэдэг. Эрийнх нь эвэр хорь гаруй кг, цагиргалсан урт нь 1,6-1,8 метр, угалз мэт дугуй тул түүнийг угалз гэх ба сүргээ манлайлдаг хамгийн том, хамгийн хүчтэй угалзыг цэц гэнэ. Цэц сүргээ хамгаалж эмэгчнүүдээ хурааж зөвхөн өөрийнхөө үр удмаа тогтооно. Нас гүйцсэн том угалзын биеийн жин  200 хүртэл кг, 20 гаруй кг том данхар эвэртэй байна. Эврийнх нь эрчлээсээр насыг нь тодорхойлдог. Төлгөн угалзыг хөх, эрээн сэрвээт, бүр томыг ягаан угалз, хөгшнийг буурай угалз гэнэ.
210
Аргаль, угалзын сүрэг
 Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт аргаль, угалз олноор нутаглаж байснаар ийм нэр авсан боловч одоо тэнд байхгүй шахам болжээ. Намар арван сарын дундуур ороо нь орж эвэр нь загатнах үеэр угалз мөргөлдөж эхлэнэ. Аргаль угалзын сүрэг эгц цавчим хад асга бүхий өндөр ууланд амьдрах бөгөөд ороо нь орсон угалзууд мөргөлдөхдөө ямарч бартаа эгц хясааг үл харгалзан урд урдаасаа хар эрчээр давхин ирж эврээсээ гал бутартал мөргөлдөх авай. Угалз  ууландаа, усанд буй загас мэт.
Янгир ямаа 
 Өмнөговь, Дундговь, Их говийн дархан цаазат газар, Баянхонгорын Богд уул, Ховд аймгийн Цэцэг сум дахь Мянган угалзатын нуруу, Увс аймгийн  Бөхмөрөн сум, Хар ямаат зэрэг нутагт мөн дээрхийн нэгэн адил хад асгатай өндөр уулаар голдуу идээшч нутаглах ба тэжээллэг ургамал шилж идэхээр нүүдэллэн амьдарна. Өндөр сарьдгуудын ханан хадны сархиаг дамжин байц оргилд гарч яваа нь үнэхээр гайхамшиг, жигүүртны хаан шувуудаас өөр хэн ч хүрч үл төвдөх, эгц шовх оргил дээр гарч хөшөө мэт сүндэрлэн, алсыг харан зогсч буй тэх мөн ч сүртэй шүү.
Эрийг тэх гэх ба харлаг, ухаа голдуу зүстэй, маш том сүрлэг эвэртэй, эврийн урт нэг метр гаруй, жин нь 20-25 кг орчим байдаг ба энэ эврийнх нь эрчлээсээр насыг нь тодорхойлдог. Эмийг нь янгир, төлийг нь бодрон, шүдлэнг нь махат улаан, хязаалан янгирыг хар өвдөгт, соёолонг хар загал  гэх ба нас гүйцсэнийг харлаг гэнэ. Тэд байнга идэш тэжээл эрж уул хадаар хэрэн явах боловч байнга нутагладаг газар гэж бий. Өндөр уулсын хаа нэгэнтээ тэх байнга ирж зогсох дуртай, үе үеийн тэхүүд ирж зогссоор дассан өндөрлөг байдаг. Энэ өндөрлөг дээрээс ойр орчин нэлэнхий харагдах ба сүүдэр орохгүй байдаг.
Ийм газрыг тэхийн зогсоол гэх агаад тэнд зогсож буй тэх үнэхээр үзэсгэлэнтэй тэх уулын чимэг,тэнгэр оготоргүйн чимэг гэж хуучны үгийг санагдуулам харагддаг. Тэндээсээ буун идээшилж байснаа ямар нэг сэжигтэй зүйл ажиглавал эгц цавчим хад, агсга дундуур өөд, уруугүй, яах ийхийн зуурт, хар эрчээр давхин өнгөрөх ба өөрийн энэ чадавхаараа дайснаас биеэ хамгаална.
 Тэх уулын чимэг, тэмээ говийн чимэг
37
Сүргээрээ амьдрах энэ амьтан уулнаас буух нь тун ховор, өвөл, хавар, намартаа ууланд цас, мөс долоон цангаагаа гаргадаг ба гантай жилийн зуны аагим халуунд ус уухаар задгай ус руу доош бууж ирдэг. Бусад үед хадны хонхорхойд тогтсон борооны усаар амны цангаагаа гаргадаг ба ийм усыг ямаан ус гэдэг. Ховд аймгийн Үенч, Алтай сумдын нутагт Ямаан усны хад гэж нэртэй газар байдаг.
Намрын дунд сард ороо нь орохыг тэх отлох гэх ба жилийн турш тусдаа явсан тэх эх сүрэгтээ нийлж дуршин дуугарч эмэгчнүүдээ ялган эгц хаданд хашиж хураадаг. Тэр үед эмэгчний төлөөх тэхүүдийн өрсөлдөөн уулын эгц цавчим хадан дунд болно. Урд урдаасаа хар эрчээр ирж хойд хоёр хөл дээрээ босч байгаад газар доргитол мөргөлдсөний эцэст ялагч нь өөрийн сонгосон янгираа хад чулуун дундуур хөөгөөд давхичихдаг. Хөөгдсөөр хөлс нь цутгасан янгир эгц хаданд тулж хаашаа ч гарах боломжгүй болсноор тэнд өөрсдийн удмыг залгуулах боломж сая бий болдог.
Ийнхүү эрэгчин, эмэгчин хоёр нилээдгүй саатсаны эцэст намрын нар цааш ханатай болсон давчуу цаг тул удаах эмэгчнээ олохоор яаран одох ба үүний тул тэрээр дараагийн амь дүйсэн тулаанд орж, бас ялагдаж ч болох аж. Эмэгчин гурав  дахь жилдээ хээл авч нэгээс хоёр ишиг гаргана. Дөнгөж төрсөн ишиг хэдхэн минутад хөл дээрээ тэнцэн хөхөө амалж хоёр гурав хоногт л эхээ даган явж төдөлгүй удам дамжсан эрэлхэг чанарын удмаа мэдэрч өндөр цавчим хадан хясаа дундуур туучин дүүлж эхлэнэ.
Эм янгир амьдралдаа 6-8 удаа ишиглэнэ. Янгир 13-15 жил наслах ба нас өтөлсөн тэх эгц цавчим асга хадан дээр эврээ даахгүй болтлоо зогссоны эцэст өндрөөс өөрөө халин унадаг байна. Хэрэв тэр өмнө нь нэгэнт хэвтвэл, эврээ даан дахин босох тэнхэлгүй болдог тул ингэж зогсоогоороо хорвоогоос халидаг гэцгээдэг юм. Тэхийн эврээр монгол нумны элгэвч хийдэг. Янгирын цусыг ардын эмнэлэгт ашигладаг ба янгир алж цусыг нь давсагт нь хийж элсэнд булахад ер муудахгүй, ямагт шинээр байдаг хэмээн олны яриа байдаг.
Мөргөлдөж буй тэх, угалзын дуу алсаас дуулдах тул анчид энэ дуунаар амархан олдог. Ингэж гаднынхан өндөр үнэ төлж |тэх, угалзын эвэр тус бүр 20 мянган ам доллар хүрдэг| агнасан тэх, угалзын эврийн хэмжээгээр өрсөлдөж Монголоос агнасан  тэх угалзын эвэр ямагт тэргүүлж байдаг тул энэ амьтдын тоо нь эрс цөөрч сүргийн бүтэц алдагдсанаар ховордсон байна.  Эдгээр амьтад бүр тэртээ 1953 онд дархан цаазтай болж,1967 онд Улаан номонд орсон боловч хулгайгаар агнах явдал тасрахгүй байна. Бэлчин үржих газар нь уурхайн эздийн  эзэмшилд үлдэж, бэлчих сүрэг нь алга болжээ.
Бөхөн
Говь нутгаар сүргэлэн амьдардаг тугалмайтан овгийн,  хэвэгч энэ амьтны тоо, монголчууд зах зээлд шилжсэн сүүлийн хэдхэн жилийн дотор эрс ховхордсон гол шалтгаан нь |хэдийгээр улаан номд орсон ч| түүний эврийг монголчууд өөрсдөө агнаж гадаадад гаргаж эхэлснээс үүдэлтэй юм. Тугалмайтны  эвэр бугынх шиг өөрөө унадаггүй тул агнаж байж л авдаг. Бөхөн агнахыг хориглосон хууль 1930 онд гарсан ч энэ хууль зөрчигдсөн хэвээр байна.
Бөхөн, шаргачин  ихэр янзагын хамт
46
 Монголд нутагшдаг соргог бөхөн бол бусад төрлөөс ялгаатай, манай говиос өөр хаана ч байхгүй |saiga tatarica mongolica| өвөрмөц амьтан юм. Бөгтөрдуу нуруутай сэрвээ өндөртөй тул монголчууд бөхөн хэмээн нэрлэсэн гэдэг.  Монгол эр бөхөнгийн биеийн урт 1,2 метр орчим, жин 40 кг орчим, хөл зээрийнхээс богино, дунд сарвуу том, чих хулгардуу, эвэр шовх дотогш махирдуу 30 орчим см, зүс амьдарч байгаа орчноосоо шалтгаалан голдуу хул, бор шаргал буюу зундаа цайвар, өвөлдөө бор шаргал байдаг бөгөөд хавар, намарт гууждаг.
Монхор урт хамар нь говь хээрийн уур амьсгалд онцгой зохилдсон бөгөөд ус бага хэрэглэдэг, хүйтэн, халуун эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өвлийн тэсгэм хүйтэн, зуны аагим халуунд амьсгалах агаарыг тохируулж байдаг. Бөхөнгийн эрийг ооно, эмийг шарагчин гэх ба ороо байгалийн аааш ариншингаас шалгаалж өвлийн эхэн сараас эхлэн орж хавар голдуу нэг, зарим тохиолдолд хоёр  янзага гаргадаг. Бөхөнгийн янзага дөнгөж төрөөд л хөл дээрээ тэнцэн, хөхөө амлах ба дараа нь 2-4 хоногийн турш өвсөн дунд хярж хэвтэнэ. Удалгүй өвсөнд орно.
Эх нь ойролцоо байж хөхүүлээд л мөн холдоно. Энэ нь янзагаа араатан амьтадаас хамгаалж буй гол арга нь юм. Бөхөнгийн янзага босоод л хөхөө хөхөн, гүйж сурах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл  түүний амиа хамгаалах салшгүй нэг чухал тул, ямарваа дайсан ирвээс эх дохио өгмөгц л эхээсээ хурдан холдон хурдан хярж хэвтэнэ. Эх нь араатан амьтны анхаарлыг өөр дээрээ авч хөлийнхөө хурдаад дагуулан холдуулаад эргэж ирэх замаар янзагынхаа амийг хамгаалдаг. Энэ бол түүний амьдралд нэн даруй сурах чухал үйлдэл болно. Гурван сарын турш эхээ даган хөхөө хөхөн, өвс идэж томормогц өөрийн дураар эхээ даган билчиж эхлэнэ. Гэрийн тэжээмэл болдоггүй.
Монголын баруун говь хээрийн тал нутаг бол соргог бөхөнгийн уугуул нутаг юм. Ховд аймгийн Зэрэг сум, Зэрэгийн хоолоойгоор дамжин Дарви, Шарга сумдаар зүүн ургаш Халиуны хоолой, Бигэрийн хоолой энэ хөндий зурвасаар Хантайшир Говь-Алтайн нуруу задгайрч говийн уужим тал залгана.
Далайн түвшнээс мянган метрээс дээш энэ зурвас нутгийн уур амьсгал,  билчээр өвс ургамал нь бөхөнгийн идээшиж дассан амьдрах орчинг бүрдүүлсэн хэвшмэл өнгө аяс, бүтэцтэй байдаг ажгуу.
Говь хээрийн талаар идээшилж байхдаа ямагт соргог бөгөөд ямар нэг сэжиг гарангуут  нэг  зэрэг дэрхийн хатирдаг. Давжаа биетэй ч толгойгоо доош гудайлган бөхийж хатирах нь  сайн морины хурдаар хэмжигдэх агаад уужим говийн дундуур тоос татуулан яваа хэдэн арван мянган бөхөнгийн сүрэг хээрийн зэрэглээ мэт мяралзан яах ийхийн зуур өнгөрдөг байсан тэр үе одоо үлгэр домог мэт болж, өдгөө Улаан номонд орсон энэ амьтан зөвхөн Говь-Алтайн Дарви, Шаргын говь, Манхан сумын нутгаар цөөн үзэгддэг болжээ.
Хар сүүлт зээр, аргал, янгир, бөхөн бол Монгол орны маань амьд байгалийн нэгэн гайхамшиг, нэгэнт устгавал дахиж үл олдох дэлхийд ховордсон амьтад юм шүү.
Хүдэр
Хүдэр бугын овог, салаа туурайтны бүлэгт багтана. Монгол орны Хангай, Хэнтийн уулсаар бүлээрээ тархан суурьшдаг салаа туурайт өвсөн тэжээлтэн, хэвэгч, хөхтөн, |тугалмайт бус| амьтан юм. Хушны хаг, хөвд, навч, шилмүүс голдуу идэж амьдардаг. Хангай нутагт ой хээрийн түймэр ба хулгайд ой ихээр сүйдсэн тул шилмүүст мод ховордон эдгээр амьтны нутагших орон зай хумигдсан мэдээ бий.
 Хүрэн бор зүстэй хондлой, зоо, биеийн хоёр талаар бүдэг сааралдуу толботой, бие бага 1 метр орчим урт, сэрвээний өндөр 60 орчим сантиметр, эвэргүй, дээд соёо урт |7-10 см| эрийнх нь бэлэг эрхтний өмнө 4х6 см орчим хэмээний ууттай, түүнд нь заарын булчирхай байх агаад энэ уутанд нь 40 грамм орчим заар агуулагдаж байдаг.
Хүдэр
53
 Хүдрийн заар гэдэг нь өвөрмөц хурц үнэртэй шингэн нийлмэл бодис |бөм| буюу эрийнх нь үнэр юм. Эрэгчин нь орооныхоо үед их догширч заар нь улам нэмэгдэх агаад хүдэр байдаг цөөн орнуудад түүнийг  гаршуулж заарыг нь сааж, зарим газар нойршуулж авдаг байна.
 Хүдрийн заар үнэрээ маш удаан хадгалдаг тул үнэртэй усны найрлагад үнэр хадгалагч хэмээх нэн чухал эд болж ордог байна. Сайн сүрчиг үнэрээ удаан барьдаг тул 500 грамм заарын үнэ 20 мянган ам долларт хүрдэг, үнэ цэнийнх нь гол шалтгаан тайлагдах буйзаа. Мөн тарваган тахал, сахуу, томуу зэрэг халдварт өвчнийг анагаах ховор эмийн найрлагад хүдрийн заар ордог байна.
 Манайд энэ өчүүхэн хэмжээний заарыг нь авахын тулд түүнийг алж устгадаг юм. Хүдэр заарнаасаа, хүн амнаасаа… гэгчээр улаан номд орсон, дархан цаазат энэ амьтан заарнаасаа болж ховордож устаж үгүй болохдоо тулаад байна. Наяад оны үед 40-50 мянгаар тоологдож байсан хүдэр ерээд оноос хойш эрс ховордож өдгөө мянга хүрэхтэй, үгүйтэй болсон тухай Биологийн хүрээлэн| Д.Цэнджав| мэдээлсээр….
Хүдэр ой мод голдуу бараадан бүлээрээ амьдрана. Ойд нэг газраар жим гаргаж түүгээрээ голдуу шөнөөр цувралдан явж, хилийн дээсээ шалгаж, шээсээрээ тэмдэглэнэ. Эр нь ороо орох үедээ их догшин авиртай болж, эр төлөө сүргээсээ ялган хөөдөг. Эм нь төрөхдөө маш хүнд голдуу мод хадны завсарт биеэ гацаах буюу гэдсээ шахаж байж нэг төл буюу шовшоорой гаргадаг. Түүний зарим газар  новшоорой ч гэдэг. Хүндрэлтэй төрдөг эхчүүд хүдрийн савыг зажилваас амархан төрдөг гэх дом бий. Манайд нэгэн үед академич, эрдэмтэн, ардын эмнэлгийн их ухаантан Ц.Хайдав агсан хүдэр гаршуулах ажлыг эхэлсэн байдаг. Одоо энэ талаар юу хийж буй тухай мэдээлэл алга байна. Үргэлжлэл бий.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (October 12, 2016 8:30:28 pm )

    toriinhon arabuudtai niileed ustgaad duusch baina…

antalya rent a car