
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сүрэш Бабу тус улсад болсон террорист халдлагын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Элчин сайд Сүрэш Бабутай ярилцлаа.
–Энэтхэгт болсон террорист халдлагын талаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?
-Энэтхэгийн дэд тивд болж буй үйл явдлыг тодорхой хэмжээгээр олон нийтэд хүргэж буй та бүхэнд баярлалаа. Энэтхэг Жамму-Кашмирийн хяналтын бүсэд Пакистантай мөргөлдөөний нөхцөл байдалтай байгаа. Пакистаны талаас энэ бүсийг нэвтэрч гарах гэсэн оролдлого зөвхөн энэ онд гэхэд 20 орчим тохиолдол гарлаа. Тэр бүрийг Энэтхэгийн арми цэргийн хүчээр зогсоосон. Энэхүү террорист халдлагуудад энгийн иргэд болон цэргийн албан хаагчид олноор өртсөн. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Панжаб мужид нисэх онгоцны буудалд томоохон халдлага болж цэргийн долоон албан хаагч амиа алдсан. Долдугаар сард мөн л томоохон халдлага болж найман цэргийн албан хаагч амиа алдаж, 22 хүн шархадсан. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 18-нд Жамму-Кашмирийн Урид болсон халдлагаар 19 цэргийн албан хаагч амиа алдлаа. Тус бүсэд үүний дараа хэд, хэдэн халдлага дахин гарсан. Энэ явцад энгийн ард иргэд шархдах, амь насаа алдсан тохиолдол олон байлаа. Кашмирийн бүс нутаг Пакистаны хяналтад байдаг. Сүүлийн хоёр халдлагыг манай цэргийн хүчнийхэн зогсоож чадсан. Ингэхдээ Энэтхэгийн армиас Пакистаны эзэлсэн бүс нутагт оршиж байгаа алан хядагчдын байр руу гэнэтийн халдлагыг өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө амжилттай зохион байгуулж долоон цэгийг устгаж чадсан. 30 орчим алан хядагчийг устгасан.
Пакистаны олон жил цэргийн хүчийг хэрэглэж улс төрийн бодлого явуулах гэсэн үйл зорилгыг бид дэлхий нийтэд ойлгуулах бодлогыг барьж байна. Энэтхэг улс аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүх зүйлийг хийнэ.
–Тухайн бүс нутагт нөхцөл байдал хүндэрч байгаа гэсэн үү?
-Одоохондоо хүндэрсэн зүйл байхгүй. Бид хөрш Пакистан улстай хамтарч энхтайван, бие биендээ хүч үл хэрэглэх нөхцөл байдлын төлөө ажиллахыг хичээж байгаа.
–Халдлага болж байгаа бүс нутагт монгол иргэд байгаа юу?
-Халдлагад монгол иргэд өртсөн, тэр бүс нутагт монгол иргэн амьдарч байгаа гэсэн мэдээлэл манайд одоогоор ирээгүй байна.
–Террорист халдлагад энгийн ард иргэд олноор өртөж байгаа гэлээ. Хэр хэмжээний хохирол амсаад байна вэ?
-Сүүлийн 25 жилийн хугацаанд халдлагын улмаас 1000 гаруй хүн нас барсан. Террорист халдлага тохиолдох бүрт хохирол нэмэгдсээр байна.
–Терроризмын эсрэг Энэтхэг улс ямар бодлого баримталж байгаа вэ?
-Энэтхэг улс сүүлийн 30 жилийн турш терроризмын хор, хохирлыг амсч байна. Террорист халдлагын олонх нь Пакистанд сургуулилт хийсэн, тэнд бэлтгэгдсэн алан хядагчид үйлдэж байна. Жамму-Кашмир муж гэхэд өмнө нь маш тайван, байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар байсан. Гэтэл террорист халдлагаас болж тэнд байгаа олон энгийн хүн амь насаа алдлаа. Энэтхэгийн Засгийн газар дэлхий дээрх нөхөрсөг харилцаатай бүх оронтой хамтын ажиллагааны, терроризмын эсрэг хамтарсан хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ арга хэмжээг улс хооронд, олон улсад, НҮБ-ын олон улсын индэрийг ашиглаж явуулж байна.
–Энэтхэг улс 30 жилийн турш терроризмын хор, хохирлыг амсч байна гэлээ. Терроризмын аюул дэлхий нийтийн аюул болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ аюул Азийн улс орнууд руу чиглэж байгаад ямар байр суурьтай байна вэ?
-Терроризм дэлхийн асуудал болоод хувирчихлаа. Монгол Улс энх тайванч орон. Монголд терроризм хүрээд ирээсэй гэж бид хүсэхгүй байна. Гэхдээ Монголын Засгийн газар, Монголын ард түмэн терроризмын эсрэг Энэтхэгийн ард түмэнтэй нэгдэж тэмцээсэй гэж хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.