Засгийн тэргүүн Монголд хамгийн ашигтай ажиллаж байгаа ганц салбар болох банк санхүүгийн байгууллагуудын нөхдүүдтэй өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Тэр уулзалтын үеэр зарим төлөөллүүд хэлэхдээ “Засгийн газраас хэт жижиг төсөл хэрэгжүүлэхгүй байвал зүгээр байна. Энэ нь банкуудын бий болгосон зах зээлийг эвдэх хандлагатай байдаг. Энэ төслүүдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулвал зүгээр болов уу.” гэсэн санааг хэлж байсан. Тэгэхээр тухайлсан сангаар нь дамжуулж хэрэгжүүлнэ гэдэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт мэдээж илүү өгөөжтэй байж таарах юм л даа. Ер нь манай төр засгийн бодлогод жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих алхмууд жинтэй байр суурь эзлэх ёстой юм. Статистик мэдээллээс үзэхэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлт маш сайн байгаа гэсэн дүн харагдаж байна лээ. Манай тухайд ДНБ-ий 20 хувийг ЖДҮ-ийн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд олон улсын жишгийг харахад үүнээс их хувийг эзэлдэг тул тийш нь дөхүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллах хэрэгтэй гэдэг нь үнэн юм. ДНБ-д эзлэх Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдхүүний хувь нэмэгдэнэ гэдэг нь иргэдэд хүрч очих өгөөжийн асуудал нэмэгдэнэ гэсэн агуулга байж болох л доо.
Өдгөө үйл ажиллагаа нь шалгагдаж байгаа Хөгжлийн банкнаас 70 тэрбум төгрөгийн зээлийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоо гаргахаар болж байсан билээ. Чухам харин энэ зээлээс шууд улбаатай үр дүнгийн талаар судалгаа байвал бас сонирхолтой л юм. За ямартай ч уг салбарт анхаарах шаардлага байгаа талаар хориод жил ярьж байгаа. Тодорхой үр дүн гаралгүй, асуудал яригдсан хэвээрээ байна гэдэг төр бодит дэмжлэгийг үзүүлж чадахгүй байна уу, эсвэл үйлдвэрлэл эрхлэгчдэд өсч дэвжих зах зээл нь байхгүй байна уу гэхчлэн асуудлууд гарна.
Өнгөрсөн хугацаанд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 50 тэрбум, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 100 тэрбум, нийт 150 тэрбум төгрөг, дээр нь түрүүн хэлсэн 70 тэрбум төгрөг гэхчлэн тодорхой хэмжээнийн мөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд олгосон гэж байна. Тэгэхээр санхүүжилт өгөөч гэсэн, төслөө бэлдсэн нөхдүүдийн эрэлтийг шийдэх тал дээр хийгдэж байгаа алхмууд удаан талдаа байгаа гэж харж болохоор тоон үзүүлэлтүүд л байгаад байна. Түүнчлэн том төслүүдийг дэмжиж гавьдаггүй Хөгжлийн банкны зорилтот зах зээлүүдийн нэг нь яагаад энэ салбар байж болохгүй гэж гэх асуулт бас тавигдсан хэвээрээ байгаа. За ер нь бол ямарч байсан энэ салбарыг дэмжихийн чухлыг илтгэх шалтгаанууд цөөнгүй байдаг юм билээ. Юу гэхээр дэлхийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 95 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд тэдгээр нь ажил олгох гол эх үүсвэр, тухайн улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байдаг. Тэгвэл дэлхийн Хөгжлийн банкуудын 60 хувь нь ЖДҮ-ийн зах зээлийг сонирхдог гэх судалгаа бас байна. Ер нь гадаад зах зээлээс босгосон, өр тавьж олж ирсэн мөнгөө бодит эдийн засагтаа өгөөжтэй зарцуулах нь гол асуудал. Тэгвэл манай улстөрчид тэр мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулахдаа Хөгжлийн банкныхаа зорилтот зах зээлийг, тодруулбал санхүүжилт хийх салбаруудыг оновчтой тодорхойлсон эсэх нь асуудалтай юм. Гадны жишгийг харахад Хөгжлийн банкуудын үүрэг болоод үр ашгийг нэмэгдүүлэх арга замын талаар хийгдсэн судалгаанууд байдаг. Тухайлбал, Канадын Бизнесийн хөгжлийн банк 2009 онд олон улсын жишиг тогтоохоор дэлхийн 7 эдийн засгийн бүсийн 92 улсын Засгийн газрын хөтөлбөрүүд болон 373 орны Хөгжлийн банк, Экспортын зээлийн агентлагууд, Хөгжлийн санхүүгийн байгууллага зэрэг хөгжлийн байгууллагуудыг судалсан байдаг. Санал болгож байсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон үзэж, тодорхой дүгнэлт гаргахын тулд баримтуудыг судалсны үр дүнд Хөгжлийн банкуудын хамгийн нийтлэг 6 зорилтот зах зээлийг тодорхойлсон байгаа юм. Тэдгээр нь: 1- Бичил-бизнес/эхэлж буй, 2- Жижиг дунд үйлдвэр, 3- Олон улсын худалдаа/даяарчлал, 4- Орон сууцжуулалт, 5- Дэд бүтэц, 6- Хөдөө аж ахуйн салбар тус тус байдаг юм. Тэгвэл эдгээрээс Хөгжлийн банкуудын хамгийн түгээмэл зорилтот зах зээл нь жижиг дунд үйлдвэрлэл байдаг аж. Хөгжлийн банкуудын 60 -аад хувь энэ зах зээлийг сонирхдог. Дэлхийн жишгээр бол жижиг дунд үйлдвэрлэл гэж 5-250 ажилтантай үйлдвэрлэлийг хэлдэг байна. Гэтэл эдийн засгийн чухал хөдөлгөгч энэ хүчнүүдийг зах зээл адилаар авч үздэггүй. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлд тавьж байгаа банкны шаардлагууд нь бичил санхүүгийн шийдлийн хувьд дэндүү ахадсан, хэт эрсдэлтэй буюу хэд өндөр өртөгтэй гэж тооцогддог байгууллагын санхүүгийн загварын дагуу үйлчлүүлэхэд дэндүү жижигддэг. Энэхүү жижиг дунд үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтийн хомсдолыг “дутагдаж байгаа дунд үе” гэж нэрлэдэг тухай судлаачид бичсэн байдгийг бас хэлэх хэрэгтэй болов уу. Манайд ч ийм нөхцөл байдал байгаа. Засгаас энэ салбарыг дэмжих жил энэ тэр гэсэн сүржин уриа дэвшүүлдэг ч хийгдсэн ажлууд нь даржин үзэгдэнэ. Арилжааны банкуудын өндөр шаардлага, өндөр хүүг давах нь ЖДҮ эрхлэгчдийн өмнө тээг болж байгаа том асуудал юм.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ хүрэх ёстой, хүртээгдэх ёстой субьектүүддээ хүрч дийлэхгүй байгаагийн шалтаг шалтгааныг сайтар анзаарч байх ёстой юм. Бодлого боловсруулдаг яамны зүгээс өгсөн мэдээлэлд дээрх хоёр сангийн шугамаар тэрбум тэрбумаар нь зээл олгож, ажлын байрыг ч нэмэгдүүллээ гээд байдаг ч, нөгөөх Жижиг дунд үйлдвэрлэл нь хөгжиж гавихгүй байдаг нь хэд хэдэн шалтгаантай гэгддэг. Энэ салбарыг хөгжүүлэх зорилготой зээл нь арилжааны банкаар дамжихдаа зээлийн эдийн засагчдын үзэмжээр хуваарилагддаг жишиг хэдийнэ тогтсон гэдгийг хэлэх эх сурвалжууд бий. Мөн орон нутгийн тухайд аймаг, сумын засаг даргатай танил, ойр хүмүүс л зээлд хамрагдаж чаддаг нь хэдийнэ тодорхой болсон зүйл. Тэгэхээр энэ салбар тийш зүглэсэн дэмжлэг ийм буруу жишгээр явж байхад юуных нь хөгжил дэвшил байх юм бэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк, өртгийн сүлжээ, кластерын тогтолцоонд шилжүүлэх, стандартын шаардлага хангуулах. Инноваци нэвтрүүлэх, техник, технологио шинэчлэх боломжийг нь өргөжүүлж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх гэхчлэн хэчнээн зорилтыг тавиад хүрч дийлэх үү. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хамгийн сайн, шалгарсан төслүүдэд олгоно гэдэг ч хэрэг дээрээ хамгийн сайн танилтай, артай аж ахуй нэгжид л олгодог жишиг сүүлийн жилүүдэд тогтчихоод байгаа нь, зээлийг яг хэрэгцээ шаардлагатай байгаа бүлэгт нь хүргэх тал дээр илүүтэй анхаарах шаардлагыг холбогдох нөхдүүдийн өмнө хурцаар тавигдахад хүргээд байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (September 26, 2016 12:22:36 pm )
Танил тал таталгүй, шалгарсныг нь сонгоё!
-
ЗОЧИН (September 26, 2016 12:32:25 pm )
ЖДҮ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМАН ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ТЕНДЕРИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЖ ШАЛГАРУУЛЖ БАЙГААЧ 5 ХУВЬ3 ХУВЬ ӨГ ТЭНВЭЛ ШАЛГАРУУЛНА ГЭЭД ХАНШ ТОГТСОН БАЙГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
-
Бичээч (September 26, 2016 12:43:42 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай. Бүх л намаржингаа мэдээллийн хэрэгслүүдээр Мэрэгжлийн засгийн газрын тунхаглаж буй ажил бол СуБатболдын санаачилсан нохойд спириал тавих асуудал байлаа. Хүнийхээ эрүүл мэндэд ингэж анхаарвал яасан юм бэ дээ. Нохойн спираль та нарт тийм их ашиг өгөх үү. Мартсанаас БАТЗОРИГ амшүүний Баянзүрх дэх БАНХАРТ спираль тавих эмч олж өгөөч. Су.Батболд даргаа.
-
БИ (September 26, 2016 1:25:22 pm )
ЭНЭ 2 ТӨСВИЙН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН ОЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ДААНЧ ДЭНДҮҮ ДЭНДҮҮ АЛГА БОЛСОН, СУМ АЙМГААР НЬ ЖАГСААЛТЫГ НЬ ГАРГААД САЙТУУДААР ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ОЛОН ЬАРГА ГАР ХОЛБОГДОНО ШҮҮ
4 Comments