antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 1 comment

Садулаев: Олимпийн алт авчихлаа, одоо сүйт бүсгүй хайна аа…

нийтлэсэн Admin

sadu02

Риогийн олимпийн аварга, ОХУ-ын бөх, “Орос танк” хэмээх хочит Абдулрашид Садулаевын саявтархан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

  • Олимпийн алтан медаль зүүснийхээ дараагаар та “Маргааш өглөө л би итгэх байх” гэж хэлж байсан. Одоо тэгвэл юунд хүрсэндээ итгэж байна уу?
  • Би тэгж хэлсэн ч гэсэн маргааш гоц гойд юу ч мэдрээгүй /инээв/. Одоо ч олимпийн үеэрх тэр л мэдрэмжийг мэдэрч байна. Магадгүй цаг хугацаа мэдрүүлэх биз. Би зодог тайлах тухай бодоход дэндүү эрт байгаа залуу хүн болохоор ийм байж ч болох юм.
  • Дөнгөж 20-той залуу хүн зодог тайлах тухай бодох үнэхээр эрт шүү…
  • Тийм ээ, цаашид ийм том ялалтууд дахин байгуулна гэж бодож байна. Бурханы ивээлээр ялалт ирнэ гэж найдья. Тэгээд ялалтууддаа дасчих ч юм билүү.
  • Гэхдээ л өглөө сэртэл дэрэн дээр олимпийн алтан медаль байж байхад ямар санагдав. Эсвэл дэрэн доогуураа хийчихсэн юм уу?
  • Үгүй ээ, медалиа хараад унтсан /инээв/. Олимпийн наадам гэдэг маш том тэмцээн, түүнд түрүүлсэнээ би мэдэрч байгаа. Гэхдээ нэг их гойд сэтгэл хөдөлсөн зүйл алга л байна.
  • Эсвэл та сэтгэл хөдлөлөө нуудаг, биеэ их барьдаг хүн юм уу?
  • Бөхийн замналынхаа эхэнд би Европын аварга болохдоо үнэхээр их баярласан. Харин дараа нь ялалтуудад дасч эхэлсэн байх. Европын аварга, Дэлхийн аварга, Олимпийн аварга гээд л… Дасчихсан л хэрэг.
  • Таны барилдааныг өрсөлдөгчид нарийн судалж, арга мэхүүдийг тань мэдэж авсан ч гэсэн та ялсаар л байна. Тэгэхээр та тийм их хүчтэй гэсэн үг үү?
  • Барилдаан бүрт ялах улам л хэцүү болсоор байгаа. Тиймээс би бэлтгэлээ хоёр дахин эрчимтэй, ачаалалтай хийдэг болсон. Бэлтгэлийн үр шим л тэмцээн дээр гардаг. Тэгээд ялдаг. Яг л оюутан шиг гэхүү дээ. Шалгалтад бэлдээд, дараа нь шалгалтаа өгдөг шиг. Тэгэхээр миний хувьд тэмцээн бүр шинэ шалгалт байдаг.
  • Олимпийн аварга болсны дараагаар таны гар утас бахархал, талархлын үгсээр дүүрсэн байх даа. Эсвэл таг чимээгүй л байгаад байсан уу?
  • Тийм ээ, гар утас маань бараг дэлбэрэх шахсан шүү /инээв/. Баяр хүргэсэн зурвас маш олон ирсэн болохоор бүгдэд нь одоо хүртэл хариу өгч амжаагүй л сууна. Их сайхан сэтгэгдэл төрсөн. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан сэтгэгдэл.
  • Дагестаны удирдлага танд баяр хүргэчихсэн үү?
  • Энд миний гар утасны сүлжээ уначихдаг юм. Гэхдээ Дагестаны Ерөнхийлөгч бидэнд баяр хүргэсэн. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины баяр хүргэсэн цахилгааныг би харсан. Ийм хүмүүс надад баяр хүргэж буй нь сайхан санагдсан.
  • Аав, ээж, дүү бол таны гол хөгжөөн дэмжигчид биз?
  • Тийм ээ, тэд маань аз жаргалд умбаж байна лээ. Манай гэрт баярыг минь хуваалцахаар олон хүн зочлон очсон гэсэн. Тэр хүмүүст бүгдэд нь би баярлалаа гэж хэлмээр байна.
  • Танай гэр одоо хаана байдаг билээ?
  • Махачкалад. Тэнд би амьдарч байгаа.
  • Кавказын ард түмэн талх давсаар хүндэт зочноо угтдаг, найрсаг зочломтгой зангаараа алдартай. Танайд хэдэн зочин очсон бол?
  • Би сайн мэдэхгүй юм. Ямартай ч 100 бол давсан. 150 орчим л байх. Түүнээс ч олон байж мэднэ.
  • Одоо танд баяр хүргэх, бэлэг барих, талархлын үг хэлэх гээд маш олон хүн хандаж буй байх. Энэ бүхнийг хэрхэн давж гарч байна даа?
  • Энэ чинь сайхан шүү дээ. Гэхдээ одоогоор энэ бүхэн дуусаагүй байгаа болохоор танд би дараа төрсөн сэтгэгдлээ хэлнэ ээ.

sadu00

  • Өвөө тань олимпийн наадамд бэлтгэж байх үед газар хагалуулсан тухай яриа их түгжээ…
  • Мэдээж, өвөөг газар хагал гэхэд би татгалзаж болох л байсан /инээв/. Өвөөдөө ямар олимпийн наадамд бэлтгэж байгаа гэж хэлэлтэй биш дээ. Тэгээд ч булчин бяр маань өвөөгийн ингэж байнга ажил хийлгэж, намайг сургасантай холбоотой. Олимпийн медаль маань ч өвөөгийн хийлгэсэн хөдөлмөр, бэлтгэлийн үр шим гэж би боддог. Олимпийн аварга болсон эсэх минь ямар хамаа байх вэ дээ. Би ач нь хэвээрээ л байгаа. Өвөөдөө би байнга л туслахыг хичээдэг. Бид хөрш зэргэлдээ амьдардаг. Өдөр бүр л өвөөгийндөө очдог доо.
  • Өвөө тань одоо хэдэн настай вэ?
  • 82 настай. Давуд Мирза гэдэг.
  • Кавказчууд урт насалдаг. Бие тэнхээ нь сайн биз дээ?
  • Та юу ярина вэ, өвөө минь одоо ч хүч тамиртай хэвээрээ байгаа. Дахиад гэрлэж ч магадгүй /инээв/.
  • Өмнө нь хэд гэрлэсэн хүн бэ?
  • Нэг удаа л.
  • Дагестанчууд яагаад бөхөөр тэгтлээ сонирхон хичээллэдэг юм бэ. Том тэмцээнд дагестанчууд л голцуу түрүүлж харагддаг?
  • Дагестанд чөлөөт бөх бол үндэсний бөх нь. Чөлөөт бөхөөр нэг жил ядаж бэлтгэл хийж үзээгүй эрэгтэй хүүхэд байдаггүй байх. Тэгэхээр Махачкалагийн гудамжинд зүгээр өсөхөд л сайн тамирчин болно гэсэн үг /инээв/. Спорт зааланд очвол маш өндөр зэрэглэлийн бөхчүүд өрсөлдөж байна л гэж харахаар байдаг. Тэндээс л бүх зүйл эхээ авдаг.
  • Та Махачкалагийн гудамжинд өснө гэдэг хэцүү сорилт гэж хэлэх гээд байна уу даа?
  • Тийм ээ, яг тийм.
  • Байсхийгээд л дэлбэрэлт болдог Махачкалад амьдрах аюултай гэж та боддоггүй гэж үү?
  • Үгүй ээ, хүмүүс л тэгж боддог байх. Дагестанд байж үзээгүй хүмүүс л тэнд дандаа дайн дажин болдог шиг ярьдаг байх. Дагестанд үнэндээ тийм биш. Бид эвтэй найртай, сайхан амьдардаг хүмүүс. Дагестанаас илүү амгалан тайван газар үгүй. Сүүлийн тав зургаан жилд лав түгшүүртэй зүйл би сонсоогүй. Заримдаа алан хядах ажиллагааны эсрэг арга хэмжээ авдаг л байх. Үүнээс хэтрэхгүй ээ.
  • Дагестанд маш олон үндэстэн амьдардаг. Тэд хоорондоо хэр эвтэй вэ?
  • Бидэнд үндэстэн ястан өөр гэсэн бодол байдаггүй. Бид дагестанчууд. Бид нэг гэр бүлийнхэн.
  • Таныг бөх хүний хүрч болох оргилд хүрсэнийг л мэдэхээс өөрөөр бид сайн мэдэхгүй. Өөрийнхөө тухай ярья өгөөч. Ээж тань бөх болгохыг хүсээгүй гэж ярьсан байсан. Яагаад тэгсэн юм бол?
  • Үнэнээ хэлэхэд, манай удамд алдартай бөх хүн байгаагүй. Би ахынхаа заавраар чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Аавын минь найз чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан юм. Ах эхэндээ сайн барилдаж байсан ч гэмтлийн улмаас спортоо орхиход хүрсэн. Тэгээд ах маань намайг бага багаар бөхийн эрдэмд сургаж эхэлсэн. Аажим аажмаар надад ялалтууд ирсэн. Ингээд ялаад байхаар барилдах хүсэл ундраад ирдэг юм билээ. Дараа нь өөртөө олимпийн аварга болох зорилго тавьсан. Рио бол миний бага насны мөрөөдөл. Үүний төлөө би удаан зүтгэсэн. Бурхан намайг ивээлдээ авсан. Би бурхан тэнгэрт хязгааргүй их талархдаг.
  • Яагаад ээж тань дургүй байсан юм бэ?
  • Ах шигээ гэмтэл авчихна л гэж айсан байх. Миний эхний хэдэн барилдааныг ээж минь үзэж ч чадахгүй байсан. Европ болон Дэлхийн аваргад барилдахад үзэж чадалгүй, дараа нь хэрхэн барилдсан тухай асууж байсан. Харин одоо миний барилдааныг үздэг болсон. Ээж минь барилдаан үзэж суухдаа сэтгэлдээ хичнээн их шаналж, санаа зовж суудгийг би төсөөлөх ч үгүй юм даа.

sadu01

  • Таны хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчид болох аав, ээжийг тань хэн гэдэг вэ?
  • Ээжийг маань Сара гэдэг. Аавыг Булач. Хамгийн бага дүү охиныг минь Патимат. Миний төлөө ёстой их санаа тавьдаг охин бий. Мөн 23 настай ах Анвар, 29 настай ах Зумрад маань байна.
  • Патимат танд юу гэж хэлсэн бэ?
  • Мэдээж, баяр хүргэсэн. Олон зочин манайд цугласан болохоор дүү маань надтай ярьж амжаагүй. Харин маргааш нь над руу зурвас бичсэн байсан. “Ах аа, олон хүн ирээд надад утас өгөлгүй удсан болохоор одоо л баяр хүргэж байгаад уучлаарай” гэж бичсэн байсан.
  • Тэгвэл олимпийн наадамд барилдахаар явахад хэрхэн гаргаж өгсөн бэ?
  • Амжилт хүсээд, миний төлөө өдөр бүр залбирсан. Ингээд дээд тэнгэр түүний залбирлыг сонссоныг та харж байна.
  • Том амжилтад хүрч болно гэж та яг хэзээнээс эхэлж бодсон бэ?
  • Тэмцээнд оролцох бүрт л өөртөө итгэх итгэл нэмэгдсээр байсан. Өмнө нь надаас хүчтэй байсан бөхчүүдтэй барилдаад ялаад эхлэхэд урам зориг бадраад л… “Хэрвээ би энэ бөхийг л ялчихвал бусдаас хүчтэй болж, зорилгодоо хүрч чадна” гэж бодох болсон. Тэгээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Хөдөлмөрийг минь дээд тэнгэр шагнасан.
  • Та 73 барилдаанд ялж, ердөө ганцхан ялагдсан санагдаж байна. Тэр ямар барилдаан байсныг санадаг уу?
  • Саналгүй яахав. Гурван жилийн өмнө Бакуд болсон Гран-Прид элэг нэгт Гамзат Османовт ялагдсан. Гамзат одоо зодог тайлсан шиг санагдаж байна. Мөр нь мултардаг болчихсон юм. Энэ миний сүүлчийн ялагдал байсан.
  • Хүмүүс тэр ялагдлыг мартсан биз. Харин та санаж явдаг байх нь ээ…
  • Тэгэлгүй яахав. Би өрсөлдөгч бүрээ сайн санадаг.
  • Таны хамгийн эвгүй өрсөлдөгч хэн бэ?
  • Өрсөлдөгч бүр л хэцүү. Бөх болгон өөрийн гэсэн давуу талтай байдаг. Тиймээс түүнд тааруулж барилдах ёстой.
  • 12, 13 настайдаа анх барилдаж эхлэхдээ хэнтэй адилхан бөх болохыг хүсдэг байв?
  • Олон тамирчин шилдэг тамирчин байлаа. Махач Муртазалиев, Бувайсар Сайтиев шиг бөх болохыг хүсч өссөн залуустайгаа одоо ч барилдаж л явна. Одоо би эн зэрэгцэхийг хүсч буй бөх бол Арсен Фазаев байна. Манай улсад олимпийн гурван удаагийн, хоёр удаагийн аваргууд байдаг. Би тэдэнтэй эн зэрэгцэхийн тулд барилдах ёстой.
  • Фазаев ялагдалгүйгээр дэвжээгээ орхисон шиг санагдах юм…
  • Тийм ээ, би түүний намтрыг сайн мэднэ. Тэр сүүлийн дөрвөн жилд өрсөлдөгчдөө нэг ч оноо алдаагүй, мөн долоон жилийн турш огт ялагдаагүй. Тэгэхээр надад хүрэх оргил байгаа хэрэг.
  • Одоо хувийн амьдралын тухай жаахан сонирхоё. Миний мэдэхээр та эхнэргүй. Найз бүсгүй бий юу?
  • Байхгүй, өнөөдрийг хүртэл надад тийм зав байгаагүй /инээв/.
  • Тэгвэл та чинь бүсгүйчүүдийн гэрлэхийг хүссэн залуусын жагсаалтын хамгийн тэргүүнд бичигдэх юм байна шүү дээ?
  • Би бол тэгж хэлэхгүй ээ /инээв/. Гэхдээ өмнө нь олимп гээд үнэхээр зав байгаагүй. Харин одоо гэрлэх цаг болсон гэж бодож байна. Энэ онд юмуу ирэх жил гэрлэнэ ээ.
  • Тэгвэл эхлээд эхнэрээ олох хэрэгтэй байгаа юм байна даа?
  • Тийм ээ, манайханд “найз бүсгүй”, “нууц амраг” гэх мэт ойлголт байдаггүй. Мусульман шашинтнууд сүйт бүсгүй, эхнэр л гэсэн ойлголттой. Тэгэхээр сүйт бүсгүйгээ хайна аа.
  • Та хайна гэсэн үг үү, эцэг эх тань хайх уу?
  • Би хайна. Бас эцэг эх минь ч хайна.
  • Эцэг эх тань тэгвэл нэг бүсгүйг нүдэлчихсэн л байгаа байлгүй дээ?
  • Мэдэхгүй ээ, энэ талаар эцэг эхтэйгээ яриагүй яваа /инээв/.
  • Ээж тань одоо “Ачаа тэвэрмээр байна…” гэж хэлэх л байлгүй…
  • Тэгэх л байх /инээв/.
  • Та олон хүүхэдтэй болохыг хүсдэг үү?
  • Тэгэлгүй яахав. Дээд тэнгэр хэдэн хүүхэд хайрлана вэ, түүгээр л болог.
  • Ямартай ч нэг мөрөөдөл тань биелжээ…
  • Тийм ээ, спортын мөрөөдөл биелсэн. Одоо хувийн амьдралын мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй.
  • Танд ямар бүсгүй таалагддаг вэ. Ийм тийм гэсэн тодорхойлолт байдаг уу?
  • Зөв хүмүүжилтэй, даруухан, сайхан сэтгэлтэй бүсгүй.
  • Та мөрөөдлийн бүсгүйгээ олох байх аа. Харин заавал Дагестанаас эхнэр авах ёстой юу?
  • Манай улсаас байвал сайн л байна. Учир нь тэгвэл эцэг эх минь илүү таашаах байх.
  • Та дэлхийн олон орноор явж үзсэн. Аль улс хамгийн сайхан санагдсан бэ?
  • Мэдээж, Дагестан /инээв/. Олон улсад бэлтгэл цугларалт хийдэг ч гэсэн хамгийн дээд талдаа л хоёр долоо хонодог. Үргэлж л эх орон минь намайг дуудаж, татаж байдаг. Дагестанд ирэхээр сэтгэл минь тайвшрах шиг болдог. Гэртээ би тайван сайхан амарч чаддаг…

Орчуулсан Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 23, 2016 1:04:57 pm )

    Яриа болгондоо л дээд тэнгэр дээд тэнгэр гэж байна. Муухай шүтлэгтэй хүмүүс шүү, Ийм хүмүүс Бурхныхаа төлөө юу ч хийхээс буцахгүй байх даа

antalya rent a car