Төв Азийн тархай бутархай олон арван отог омгуудыг нэгтгэж, нэгэн төрт улсын бүрэлдэхүүнд оруулсан Есүхэйн хүү Тэмүүжин Хамаг монголын Боржигон, Хиагт угсаагаар хязгаарлагдалгүй 30 гаруй ханлиг овог угсааг нэгтгэж, 1206 онд Төв Азийн төрт улсыг үүсгэснээр түүний нэр алдар “Чингис-хаан” хэмээн өргөмжлөгдөн XIII зууныг Монголчуудын зуун гэж нэрлэсэн түүхтэй.
Харин XXI зуунд бид энэхүү аугаа их хүнийг хэтрүүлэн дөвийлгөх, эсвэл хэт үгүйсгэх нь нүгэл болох бизээ. Түүхийн үнэнийг лавшруулан судалбал энэхүү эзэнт гүрэн түүний үр ач нарын хямралдаанаар хагас зуунд ч хүрэлгүй 1259 онд Монголын төрт улс Бээжинд шилжиж их Юань Улсын түүхээр үргэлжилснийг хэн ч үгүйсгэх аргагүй.
Тэгвэл дэлхийн түүхийн тавцанд Ар Монгол буюу Халх-Монголын түүх ХХ зууны эхэнд дахин сэргэхэд жирийн малчин ардаас гаралтай Дамдины хүү Сүхбаатар “Монгол улс” хэмээх төрт улсыг дахин сэргээж төвхнүүлж, энэхүү үйлсийг нь “Алдарт долоо”-гийн нэг Хорлоогийн Чойбалсан үргэлжлүүлж 31 жил Монголын төрт улсын түүхэнд үүрд мөнхөрсөн билээ. Хэзээний даруу, оюуны өндөр чадавхитай Ю.Цэдэнбал өөрийнхөө 60 насны ойгоор /1976 онд/ намын түүхийн институтынхэнд захидал илгээхдээ “Намайг аугаа их удирдагч, жолоодогч гэж битгий дөвийлгөөрэй.
Монголын ард түмний түүхийг цоо шинээр эргүүлэн залж удирдсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсангүйгээр түүх шастираа бичиж туурвих нь алдаа завхрал төдийгүй нүгэл болно” гэж сануулсан нь тэр өөрөө магтаал сайшаалд дургүйд бус жинхэнэ удирдагч хүний жудаг, ёс дэг жаяг нь ямар их гайхалтайг харуулж байна. Тиймээс бид түүхийн шинжлэх ухааны үүднээс шүүн тунгаавал Монгол улс 1940-1980-аад онд хэрхэн сэргэн мандаж, социалист орон болж улмаар 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, дэлхийд тусгаар тогтнол, нэр алдраа тунхаглаж, аж үйлдвэр, ХАА-н орон болон хөгжиж, 250 гаруй үйлдвэр зовадыг цоо шинээр барьж байгуулан, 340 гаруй сум, САА-н төвийг төвхнүүлж, 18 аймаг, хоёр хотыг сүндэрлүүлэн босгож, Монголын нийгмийн амиа аргацаасан хувийн аж ахуйгаас социалист нийгэмд шилжүүлэн сэргэн мандуулсан он жилүүдэд Ю.Цэдэнбал чөмгөө дундартал ажилласныг Монголчууд төдийгүй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ энэхүү буурал удирдагчийн сүүлчийн он жилүүдэд түүний гавьяаг бид яагаад дутуу үнэлэв гэдгийг энэхүү 100 жилийн ойн үеэр шүүн тунгааж олон түмэнд нэн ялангуяа залуу үеийнхэнд түүхийн үнэнийг зөвөөр ойлгуулах нь зүйн хэрэг билээ.
XX зуунд туурга тусгаар улсынхаа сэргэн мандлын эхийг тавьсан Д.Сүхбаатар жанжин, маршал Чойбалсаны үйл хэргийг бүтээлчээр хэрэгжүүлж монголын төрийг хагас зууны турш удирдсан Ю.Цэдэнбалын амьдарч байсан цаг үед монголын ард түмэн аз жаргалтай, амар жимэр аж төрж, баян хоосны ялгаа арилж хүн бүр эрх тэгш амьдарсан гэгээн саруулхан үе нь сэргэн мандлын оргил байсныг буурал түүх гэрчилнэ.
Шинэ монголын энэхүү сэргэн мандалтыг тууштай хэрэгжүүлэгчийн нэг Ю.Цэдэнбалын тухай өгүүлэхэд энэ үеийн эрин зууны чиг хандлага, дэлхий хоёр туйлд хуваагдсан хүнд хэцүү үед хоёр их хөршийн удирдагчидтай хэрхэн харилцаж, түүний дунд зөв гарцыг яаж олж байсан бодит байдлаас тойрч, сэтгэлийн хөөрөлд автан зохиомжлон бичихийг цээрлэх ёстой.
Монголын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд төр улсыг жолоодсон түүний хувь тавилан эмгэнэлтэй төгссөн ч хойч үед сургамжтай учир бид түүхийн үнэнээс гажих ёсгүй. Өнгөрсөн зууны алдар цуутай удирдагчид дэлхийн олон арван сод хүмүүсийн бүтээл туурвилыг судлан, алдаа оноог дэнсэлж үзвэл манай хоёр хөршийн үе үеийн удирдагчид нь Монголын удирдагчидтай хэрхэн хандаж харилцаж байсныг тэдгээр орны бодит түүх, аугаа их хүмүүсийн дурдатгал, ном зохиолоор нь харицуулан дүгнэхгүй аваас түүхийг түүхийрүүлж, зохиомжлон бичихэд хүрнэ.
Тиймээс НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга асан Курд Валдхаймын “Дэлхийд ганцхан албан тущаалаас” Энэтхэгийн агуу их хүү Жавхарал Неругээс Казахстаны нэрт удирдагч Динмухамед Кунаев хүртлэх ухаантан мэргэдийн дурдатгалаас Хятадын Мао-Цзе-Дун, Дэн Сэ Пин, Зэн-Зэ-Минь хүртлэх, Леонид Брежневын гурмасан дурдатгалаас эхлэн Хо Ши Миний зохиолууд, Марксизм Ленинизмийн сонгодог бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судлавал олон юмны оньсого тайлагдаж байна.
ЗХУ-ын тэргүүн Л.Брежнев 1966 оны нэгдүгээр сард Монголд ирж Эрдэнэт хэмээх аварга том үйлдвэрийг барьж өгөхөөр тохирсон бол, Монгол улс тунхагласны 50 жилийн ой 1974 оны 11-р сард ирж нийслэлийн Ш-IV хорооллын өндөр хотхоныг бэлэглэн буцжээ.
Чухамдаа Ю.Цэдэнбалын үед ЗХУ-ын тэргүүн найман жилд хоёр удаа ирж Монгол улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд хэн ч маргахгүй биз ээ.
Л.Брежнев 1974 онд ирж буцсаны дараа 1981 онд манай намын ээлжит Их хуралд оролцохоор ирсэн М.С.Горбачев ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга байв. Тэр ХААЯ-ны Сайд Н.Жагварал, ШУА-ын ерөнхийлөгч Ч. Цэрэнтэй хамт Дархан, Сэлэнгэ аймагт очжээ. Монголын нэгдэл, сангийн аж ахуйнуудын үйл ажиллагаатай танилцсан тэрээр нэгдлийн малчид хангайд 50, говьд 75 толгой амины малтай байгааг эрс эсэргүүцэн шүүмжилж, Н.Жагваралтай сөрөн маргалдаж, Намын Их Хуралд үгээ хэлсэн оройгоо л Москва руу явжээ.
Түүний балгаар Жагварал Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр бууж золтой л ажлаас халагдалгүй үлджээ. Хэрэв Ю.Цэдэнбал, Л.И.Брежневтэй дотно харилцаатай байгаагүйсэн бол М.С Горбачев үүнээс ч илүү гай тарих байсан нь илт. Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн ЗХУ-ын гурван удаагийн баатар, академич Данмухамед Кунаевын дурдатгалд дурдсанчлан хэрэв Л.И.Брежнев түүнд “Найрамдалт ах дүүгийн орноор явахад барагтайхан явж байгаарай” гэж анхааруулга зэмлэл өгөөгүйсэн бол түүнээс ч илүү завхрал нугалаа гаргаж мэдэх хүн аж.
Хатуухан хэлэхэд М.С.Горбачев Монголын удирдлагуудын эрлэг болсон гэхэд хилсдэхгүй. 1984 онд Кремлийн эмч Академич В.А.Чазовын хуурамч оношоор Москвад аваачсан Ю.Цэдэнбал гэрийн хорионд орж яаж тамлагдан зовсныг товчлон өгүүлье. Амташсан хэрээ арав дахидаг гэгчээр М.С.Горбачев, Ромонов, Гришин, Алиев нарыг тонилгосны дараа асуудал буруу тийшээ эргэснийг ухаарсан Динмухамед Кунаев нэгэн ээлжит намын бүгд хурлын дараа Горбачевт бараалхан “Нас сүүдэр өндөрт хүрлээ, ажлаа хөнгөлөх бодолтой байна” гэхэд тэр суудлаасаа ухасхийн босч баярласнаа илэрхийлээд “Орны хүндээ санаа зоволтгүй. Та тэтгэвэрт суумагц Москвад ирээд өндөр хангамжинд байгаарай” гэж 45 жилийн турш Казахстан улсыг удирдсан надад ядахдаа Казахстанаас ганц хүний нэрийг хэлүүлэлгүй гаргасанд би ихэд цочирдсон юм. Маргааш нь Алма-Атад нисээд ирвэл Казахстаны Коммунист Намын Төв Хорооны бүгд хурлыг зарлачихсан Ставрапалын хязгаарын намын дарга асан нэг ангийн найз Г.В.Колбиныг аль хэдийн ирүүлчихсэн байлаа гэж дурдатгалдаа бичжээ.
1991 онд ЗХУ задрахад 25 сая орос үндэстэн Бүгд Найрамдах улсуудад үлдснээр Белорус, Казахстанаас бусад бүх улсад цуст мөргөлдөөн гарч Гүрж, Украйны хэрэг явдал ах, дүү Славьянчууд өөр хоорондоо дотроо дайтсан нь энэ зууны бас нэгэн эмгэнэлтэй түүх болсон юм. Энэ нь империалистуудад ашигтай болохоос ард түмэнд гай гамшиг тарьжээ.
Түүхийг хэн ч хянан засварлах эрхгүй. Тэр өөрийн хүрдээр урагшилдаг жамтай. Монголын төр сүүлийн 25 жилийн турш эзэн жолоодогчгүй мэт, ардчилалаар амьсгалсаар 26 жил өнгөрөхөд монголчууд бид Налайхын өмнөх толгодод манай эриний 731 онд босгосон бидний өндөр өвөг, мэргэн сайд Тонюкокийн хөшөөнд бичсэнчлэн: “Тойгтныг сөгдүүлж толгойтныг бөхийлгөсөн ард түмэн задарснаар гадаадынхны өгөөш болж хацар гоо охид нь харийн хүний шивэгчин болж эрэмгий чадалтай эрчүүд нь эд мөнгөний боол болж” насанд хүрсэн 1.4 сая хүн нь 24 нам, 3600 гаруй эсвэл холбоо, хөдөлгөөнөөр талцан тэрсэлдэж авилгал, хээл хахууль, шудрага бус явдлын золиос болон бухимдсаар өнөөг хүрчээ.
Монголын зарим “хэт үндсэрхэг” үзэлтэй сэхээтнүүд нам, төрийн удирдлагад байсан албан тушаалын хэнээтнүүдийн Ю.Цэдэнбалыг зайлуулах оролдлого нь бүр 1980-аад оноос эхтэйг бодит жишээгээр өгүүлье.
Тухайн үед ЗХУ-д суугаа Элчин сайд Ц.Гүрбадамын бичсэнээр “Манай хоёр дарга (Ж.Батмөнх, Д.Моломжамц,) Гобачевт хоёр хүсэлт тавьсан гэдэг. Үүнд 1. профессор Чазовыг Монголд ирүүлж, УТТ-ны гишүүдэд Цэдэнбалын өвчний тухай тайлбарлуулж өгөх, 2. Цэдэнбалыг НТХ-ны бүгд хурал, Халх голын ойд явуулахгүй байхыг тус тус хүсчээ. Горбачев уг хүсэлтийг нь хүлээн авч биелүүлсэн юм” (Ц. Гүрбадамын дурдатгалын 24-р хуудас) гэснийг академич, профессор В.Чазов нотолж: “Цэдэнбалыг чөлөөлөх асуудлыг өөрөө тавихаас эрс татгалзаж байгаа Батмөнхийг хараад их гайхал төрж байв. …
Бид УТТ-г хуралдуулж болно. Харин тэр хурал дээр та л Цэдэнбалын өвчний тухай ярьж, эрүүл мэндийн байдлаас улс орныг удирдаж чадахгүй гэдгийг нь хэлэх хэрэгтэй” гэж монгол нөхөд маань надад тулгасан. “Бид эмнэлгийн шинжилгээг бичгээр гаргаж өгье” гэхэд Монголын удирдагчид УТТ-ны хуралд намайг заавал биеэр оролцохыг шаардав.
Түүнчлэн тэд Цэдэнбал болон түүний гэргийг Москвад байлгах бас нэг болзол тавьсан юм” (В. Чазов. “Здоровые и власть” М., 1992, т. 63-64 тал) гэснээс үзэхэд монголын удирдагчид Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдаанд Зөвлөлтийн хүмүүсийг татан оруулах, “хүний гараар могой бариулах” арга саам хэрэглэсэн гэж хэлж болохоор байна. Эмнэлгийн шинжилгээ хийлгэхээр Москвад түр очсон Монголын нам, төрийн тэргүүнийг 1984 оны эргэлтийн үеэр Москвад тусгаарлан байлгаж, цаашид олон жил “гэрийн хорионд” албадан саатуулж, нутагтаа ирэх хүсэлт шаардлагыг нь хөсөрдүүлж, “шүүхийн тогтоол буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч баривчилж үл болно” гэсэн тухайн үеийн Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчжээ.
Түүний тухай сүүлийн 30 гаруй жилд 46 дурдатгал ном зохиол гаргасан НАХЯ-ны сайд агсан генерал С.Лувсангомбо гэрийн хорионд байхад нь очиж уулзахад “Би хийж чадах юмаа гүйцээж чадаагүй нь тоогүй” гэж өөрийн гараар худам үсгээр бичсэнээр нэрлэсэн номонд үнэнийг өгүүлсэн байдаг. Халхын голын 45 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж байтал түүнийг Москвад шинжилгээ хийлгэх нэрийдлээр 10 хоногийн хугацаатай аваачиж паспортыг нь хураан авч Элчинд хадгалуулж төрөл бүрийн хүчтэй тариагаар тарьж бас эрүүл биеийг нь сулруулсныг гэргий Анастисия Ивановна Филатова, хүү Ц.Владислав, Ц.Зориг нар мэдсэн ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугаар ганцаардсан эмгэнэлт түүх хэрхэн үргэлжилснийг хүү Ц.Зориг “1984 оны төрийн эргэлт” номондоо бичсэн нь буй.
Бал даргатай уулзахаар очсон ганц нэг хүнд тэрээр гагцхүү худам Монголоор бичиж харилцдаг байжээ. Учир нь цаг үргэлж тэдний яриаг соронзон аппратаар бичиж авдаг байсан учир С.Лувсангомбод алгын чинээ цаасан дээр “Хийж чадах юмаа гүйцээж чадаагүй нь тоогүй” гэж эхний гэрээслэлээ бичиж өгсөн бол үр хүүхдүүддээ үлдээсэн “Намайг Монголд минь оршуулаарай” гэж сүүлийн гэрээслэлээ худам үсгээр бичиж үлдээснийг Ц.Зориг өгүүлжээ. Мөн аавынхаа асар баян номын сан, Африкийн тивээс бусад дэлхийн дөрвөн тивийн төр улсын удирдагчдын өгсөн бэлэг дурсгал гээд бүгдийг Улсын прокурорын Балжиннямтан нар хураан авч алга болгосныг харуусан бичсэн байдаг.
Монголын сэргэн мандлын түүхийн хагас зуун жилийн түүхийг бүтээсэн “Түмэн жилдээ үл мартагдах түүхэн гавьяатан, зууны манлай удирдагчийн буянд бид ингэж бузар нүгэл хийсэн түүхийн сургамжийг түүхчид бид гоёж чимэлгүй хойч үед үнэнээр хэлэх үүрэгтэй юм.
Гурван төрийн нүүр үзсэн “төрийн хар хүн” гэгддэг үнэнч шударгаар алдаршсан Т.Рагчаа гуайн дурдатгалд “Монголд тойрон хүрээлэгчид гэж байгаагүй, харин Ж.Батмөнх өөрийг нь байцаах үед үүнийг “зохиомол хэлмэгдүүлэлт” гэж хэлснээр бид бүгд чөлөөлөгдөж хотын шүүхээс тогтоол гарснаар хоёр жилийн хоосон байцаалт эцэс болсон” гэжээ. Түүнтэй би уулзаж учирч байхад “Ж.Батмөнх та хоёр Хяргас сумын нэг нутгийн баяд хүн болохоор түүнийг дээш нь дэвшүүлэхэд та нөлөөлөв үү?” гэж асуухад “түүнийг Буриад угсааны Дондогийн Цэгмэд дэмжсэн нь тэр хоёр Хэнтийн нэг айлын Буриад охинтой суусан баз, нөгөөтэйгүүр УИС-д багш байсны хувьд дэмжсэн” хэмээсэн нь 1962, 1964 оны хэрэг явдлаас үүдэн “халх үзэл” хавтгайрсантай холбоотой аж.
Энэ тухай цухас дурдсан нь Ж.Самбуу гуай 1972 онд таалал төгсөхөд Бал даргад бас нэг зөвлөсөн зөвлөлгөөг иш үндэс болгосноос уу аль эсвэл Ж.Батмөнх дарга 1973 онд шууд суга үсрэн дээшээ дэвшснийг манайхны зарим нь эсэргүүцсэнтэй холбоотой болов уу? Ардчилагчид 1990 оноос Ардын намыг Монголын төр засгаа харлуулахын тулд юм л бол ”Чингис”, “Чингис” гэж хашгирсаар нэг л өглөө босоход С.Бат-Үүл, Н.Баттулга хоёр Сүхбаатрын талбайг “Чингисийн талбай” болгож эгээ л Монгол улсыг “Чингис хаан улс” болгох шахлаа гэж тэр ёгтлон хэлж билээ. Түүний бас нэгэн хэлсэн үг анхаарал татдаг, Ж.Батмөнх орчуулагчаа аваад Москва руу үе үе алга болдог байсны нууцыг өнөөх Ш.Н.Надировын номоор давхар нотлогдож байна.
Сүүлийн гучаад жилд түүний тухай юу эс бичлээ дээ. Харин түүний тухай үнэн үг бичсэн нэгэн профессорын үгийг иш татъя. “Ю.Цэдэнбалыг дэндүү оросжсон, орос бүсгүйтэй гэрлэсэн, Москвагийн заавраар хөдөлдөг гэх мэт олон янзаар бичдэг байв. Миний бодлоор түүний нэг дутагдал нь УИС-д багш хийж байсан баяд угсааны Ж.Батмөнхийг дэвшүүлэн Сайд нарын Зөвлөлийн дарга болгосон нь хожим хойно засрашгүй алдаа болсон мэт” гэж С.Галсан гуай бичсэн нь үнэнд тун ойрхон байв.
Тухайн үед Монголын дээд удирдлагад байсан зарим хамтран зүтгэгчид нь Цэдэнбалын эрүүл мэндийг хамгаалъя гэхэд зарим хэсэг нь муухарлан тэнэглэжээ. Тиймээс 1989 оны 12-р сард Намын VIII бүгд хурлаар удирдлагад дэндүү удсан хуучинсаг хүмүүсээ даруй өөрчилье. Нам төрийг хоёр тийш салгая гэхэд Ж. Батмөнх гуай албан тушаалаа алдахаас айсан нь бас нэгийг өгүүлнэ. 1990 оны эхэнд Ардчилалын давалгаа хяналтаас гарахад өнөөх хамтран зүтгэгч удирдлагуудтайгаа огт санал солилцолгүй нам төрийн бүх албыг татан буулгаж НАХЯ-ны сайд мянгад угсааны Н.Жамсранжавтай хамт буулт хийснээр монголын сор болсон олон шилдэг сэхээтнүүд ийнхүү хэлмэгдэн хохирохын эхлэл тавигджээ.
Ж.Батмөнх тэнгэрт халихаас хэдхэн сарын өмнө орон сууцнаас хөөгдөж Бэлхэд байхад нутгийн найз нь: “Румуны Ерөнхийлөгч Чауческийн эхнэр Елена шиг биднийг бас буудчих вий гэж айснаас ийм алхам хийхэд хүрэв” гэж үнэнээ хэлжээ. Тэр аргагүйн эхэнд огцорч орыг нь залгасан П.Очирбатад “энэ хэдэн нэгдэл, САА-г битгий тараагаарай” гэж захисныг хожмоо тэрээр “Тэнгэрийн цаг” дурдатгалдаа бичжээ. Монголын хойч үеийнхэн Ю.Цэдэнбал 1984 онд огцорсон атал зургаан жилийн дараа 1990 оны ардчилсан хувьсгалд яагаад холбогддог билээ? гэж гайхах нь мэдээж. Тэгвэл энэ нь Ж.Батмөнх тэргүүтэй удирдлагуудыг эсэргүүцсэн хувьсгал байсныг хэлэх хэрэгтэй.
Монголчууд бид Ю.Цэдэнбалаар дэндүү тохуурхаж, ханан гэрээс хадан гэрт нь хөдөөлүүлэхээр авсыг нь үүрч ирсэн ханийг нь цагдан хорьж, мэдүүлэг авч цорын ганц өмч хөрөнгө нь болсон ховор баян номын сан, олон зуун түүх дурсгалыг нь битүүмжлэн, бүх хэргэм зэргийг нь хурааж буянт бууралыг нүгэл хилэнцээр үдсэн нь юутай харамсалтай.
Хэнд итгэж юунд үнэмшихээ мэдэхгүй төөрөлдсний эцэст ухаан бодлоо уралдуулж монголыг аварвал МАХН-ынхан аврах ёстой гэж шүүн тунгаасан ард түмэн Н.Багабандийг УИХ-ын даргад нэг удаа, Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгож УИХ-ын 76 гишүүний даруй 74-ыг МАХН-аас нэрийн заасан хүнийг сонгосон нь чухамдаа Ю.Цэдэнбалыг цагаатган цайруулж алдар гавьяаг нь эргүүлэн тогтоох гэж зүтгэсэн түүхийн гажуудлыг зассантай холбоотой болов уу гэж бодогддог.
Цаг хугацаа хэдий чинээ холдох тусам ард түмний төлөө бүх амьдралаа зориулсан аугаа хүүгээ ард түмэн дурсан санаж, үеийн үед зүрх сэтгэлдээ түүх шаштиртай нь мөнхлөх нь зүй ёсны асуудал юм.
Монголчуудын ХХ зууны сэргэн мандлын түүх шаштирыг шүүн тунгаавал 1950-1990 он хүртлэх 40 гаруй жил жинхэнэ ёсоор цэцэглэн хөгжсөн сэргэн мандлын түүх байсан бол 1990 оноос өдий хүртэл үргэлжилсэн шилжилтийн үе нь задрал, бутрал, хээл хахууль, авилгал, ядуурал, ажилгүйдэл доройтлын түүх болон үлдэв.
Буурал удирдагчийн 100 жилийн ойн өмнөхөн Монгол түмэн мэргэн сонголт хийж, Ардын намын УИХ-ын 65 гишүүний нэрийг дугуйлж, бүх аймаг хотод ялалт байгуулжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга байцгаая, авилгал ард түмний төрд итгэх итгэлийг алдагдуулж төрийг муухай харагдуулж байна” гэж анхааруулсан атал энэ хавар сонгогчид Ардчилагчдыг шоконд оруулж дээрээ хөх тэнгэр, доороо ард түмэн байгааг үл хайхарсны горыг амсуулав.
Тиймээс маш хүнд хэцүү үед өр зээлд баригдсан Монгол улсыг сэргээн мандуулах уу, аль эсвэл өр зээлд бариулж сэдрээн доордуулах уу гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. 1992 оноос шинэ Үндсэн хуулийг батлахад, парламентийн засаглалыг сонгоход эрх мэдлийн хувиарлалт буруу, хариуцлагын тогтолцоо устгагдан, авилгал хээл хахуульд идэгдсэн гэдэгтэй санал нийлэх хүн нэлээдгүй буй заа.
Харин энэ үед “шинэ эргэлтийн бодлогыг” тууштай хэрэгжүүлж “оффшор” данстангууд мөнгө угааж, улсын санг хоосруулахтай хэрхэн яаж тэмцэхээс эхэлж мөн үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хоёр шатлалтай Улсын Их Бага хуралдайгаар төрт ёсоо тогтоож нэг л удирдлагтай хүчтэй Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайдын засаглалд шилжмээр байна. Монголын нэрт эрдэмтэд Л.Түдэв, Т.Намшим, С.Жалан-Аажав үндсэн хуулийн 10 алдааг илчилсэн болминий бие 11 алдааг илрүүлж Үндсэн хуулиа өөрчилж засах шаардлагтайг сонин хэвлэлд асуудал дэвшүүлж бичсэн билээ.
Ийнхүү Монгол түмэн энэ удаагийн сонголтоор дахин сэргэлтийн эхлэлийг тавьж цаашаа улс орноо зөвөөр удирдаж 1921 онд мандуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойг хэрхэн сэргэн мандуулах он болгох асар үүрэг хариуцлагыг Ардын Намын байгуулсан “мэргэжлийн засгийн газарт” үүрүүлжээ.
Одоо хэн нэгэн ард түмэн рүү нулимж, ардчилал, эрх чөлөө, хөдөлгөөн, нам эвсэл холбоо гэж хашгиралдан, жагсаал цуглаанаар далайлгах цаг нэгэнт өнгөрсөн тул Монголчууд бид Цэдэнбалын үеийнх шиг улс орноо сэргээн мандуулж ард түмэн нь атгасан шагай шиг аж төрж амьдармаар байх юм.
Ю.Цэдэнбал судлалын Академийн Тэргүүлэгч гишүүн,
Олон Улсын Түрэг-Монгол судлаач, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,
түүхийн шинжлэх ухааны (Sh.D) доктор, профессор, эрдэмтэн зохиолч Х.Ислам
11 Comments