Манчестерийн дерби “Сити”-гийн ялалтаар 1:2-өөр өндөрлөсөн. Энэ тоглолтод Кевин Де Брюйне, Келечи Ихеаначо нар зочдоос, эздээс Ибрахимович гоол оруулсан. Тоглолтын дараагаар Моуриньо шүүгч Клаттербургийн шүүлт болон багийнхаа хэд хэдэн тоглогчид сэтгэл дундуур үлдсэнээ нуусангүй. Түүний хэд хэдэн тоглогч гэдэгт эхний үед олон удаа бөмбөгөө шаардлагагүй үед алдсан Жесси Лингард, Генрих Мхитарян нар багтсан нь ойлгомжтой биз ээ.
“Иймэрхүү тоглолт байх ёстой түвшингээсээ бид доогуур тоглолоо. Шийдвэр гаргахдаа илүү хурдтай, итгэлтэй байх ёстой. Зарим тоглогчид энэ шаардлагад нийцсэнгүй. Тэд бөмбөгөө алдаж, өрсөлдөгчдөө бөмбөг амархан буцааж өгөөд байлаа. Бид өөрсдийн алдааныхаа горыг амслаа.
Хоёр үе хоорондоо их өөр болсон. Хожихыг хүссэн тэмүүлсэн, зориг гаргаж зүтгэсний хувьд бид хоёрдугаар үед гоол оруулахаар байсан л гэж би бодож байна.
Шүүгч хоёр том алдаа гаргалаа. Браво улаан хуудас аваад, пенальти хаалгандаа заалгахаар байсан. Хэрвээ манай багийн Руни юмуу Феллаини талбайн төвд тийм зөрчил гаргасан бол шууд л улаан хуудас өргөчихсөн байгаа. Гэвч торгуулийн талбайд улаан хуудас өгөхөөс шүүгч эмээсэн.
Хоёр дахь тохиолдолд Отаменди торгуулийнхаа талбайд гараараа тоглосон. Зарим мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэх л байх. Гэвч хөлбөмбөгч өөрөө үүнийгээ мэдэж л байгаа. Тэр бөмбөг рүү харж байсан шүү дээ. Тиймээс бид шүүгчийн шийдвэрт сэтгэл дундуур байна.
Эхний үед бид муу байлаа. Хоёр үе хоёулаа л чухал шүү дээ. 4-5 хөлбөмбөгч өнөөдөр санасанд хүрсэнгүй. Мэдээж, юун түрүүнд тэд тоглолтдоо өөрсдөө сэтгэл гонсгор байгаа байх. Тэд тоглолтоо дүгнэж үзээд, үнэхээр түвшинд хүрч тоглоогүйгээ ойлгоно” гэж Моуриньо өгүүлжээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.