antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 1 comment

Эрх мэдлийн арван лан гэвэл эв нэгдэл мянган лан

нийтлэсэн Admin
527-14732921975d740hohn67t0tn594pth74476
 Монголын иргэд улс орныхоо өнөөдрийн аливаа бүхнийг өөрийнхөө өнцөг булангаас болгоож байна. Монгол Улс олон улсын өр зээлийн барьцааны улс болж, тусгаар тогтнол нь хазайж ганхлаа гэж дийлэнх нь гутрангуй өнцгөөс харж байна.
Монголын төр засаг олон улсын валютын сангийн сумны зэв, нумны хөвч болчих бий гэж бие даасан бодолтнууд нь зовниж сууна. Үнээн үнэн, энэ бүх санаа бодлыг зуун хувь дэмжиж байна. Нөгөөтэйгүүр нэмж хэлэх цөөн зүйл байна. Тухайлбал, манайд нэгийгээ ялгаварлан гадуурхах, нүүр тал харах, нүд үзүүрлэн ад шоо үзэх зэрэг ёс бусын элдэв үзэл цагаандаа гартал гарсныг сануулмаар байна. Минийхээр бол өнөөдрийн Монголд нэгнийгээ тийм ийм нам, эвсэл, хөдөлгөөн гэхчилэн үзэл бодлоор нь ялгаж нүд үзүүрлэдэг болсны уршгаар эв тангаргаа алдсан “эвэр монгол” болоход дөхжээ. Үүнийг орчин үеийн Монголын үндэсний гунигт нэгэн эмгэнэл хэмээн харж байна.
Минийхээр бол өнөөдрийн Монголд хүнийг эд хөрөнгөөр нь ялгаварлаж, нүд үзүүрлэдэг болсны уршгаар их биегүй мөртлөө том толгой, урт хөлтэй дэвхрэг улс болоход дөхжээ. Аливаа улс гүрний их бие, ноён нуруу болж явдаг дундчуудыг дээд талаас нь том капиталистууд залгиж, доороос нь ядуурлын лаг шавар сорсоор байгаад иймд хүрчээ. Үүнийг орчин цагийн Монгол Улсын гунигт нэгэн эмгэнэл хэмээн харж байна. Минийхээр бол өнөөдрийн Монголд өтгөс буурлыгаа ажил амьдралд нэмэргүй хоолны савнууд хэмээн битүүхэн нүд үзүүрлэдэг болсны уршгаар эмээ өвөөгөө барсан “хүүхэд улс” болоход дөхжээ.
Эдүүгээ арван хүн бүрийн дөнгөж ганц нь тэтгэврийн насны ахмад байна. Тэгтэл өндөр хөгжилт орнуудад гурваас дөрөв нь ахмад хүн байдаг. Насан залуугийн эрчээр хэдэн жил сөхөрч унатал ажиллаж амь зуугаад дараа нь тэтгэвэрт бус тэнгэрт гараад явчихдаг болсныг энэ тоо гэрчилнэ. Үүнийг орчин цагийн Монгол Улсын үндэсний нэгэн гунигт эмгэнэл хэмээн харж байна. Минийхээр бол өнөөдрийн Монгол ийм л гунигт харууслаар уурсаж бухимдсан улс төрийн халуухан үед 2016 оны УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Тэгээд ч тэр үү, ямартай ч Монголын сонгогчид урд урдынхаас арай л өөр сонголт хийчихлээ.
Орчин үеийнхний хэллэгээр “ухаалаг” сонгууль боллоо. “Шилэн” сонгууль боллоо. Зүүдэнд оромгүй сонгууль боллоо. Аврал эрсэн сонгууль боллоо. Тайван замын хувьсгалын дайтай сонгууль боллоо. Зэрлэг догшин капитализмаас хүмүүнлэг аядуухан капитализмд шилжих шилжилтийн сонгууль боллоо. Тэгээд энэхүү аминд тулсан айхтар хүнд үедээ Ардын намд итгэл өгч түүгээр төр түшүүлэхээр сонгож авлаа. Тураг ядарвал уулаа, ураг ядарвал төрхмөө гэж ингэхээс өөр аргагүй болсон байж болох талтай. Чингэхлээр хаашаа ч бултах газаргүй хүнд бүхнээс хүнд хариуцлага Ардын намын толгой дээр нэгэнт буучихжээ.
Үнэндээ Монголд бурханчлан залснаас нь эхлээд хорин хэдэн жил буруу эрхлүүлж зэрлэгшүүлсэн капитализмыг ойрын гурав дөрөвхөн жилд хүмүүнлэг энэрэнгүй капитализм болгоно гэдэг аймаар хүнд ажил. Бүхэл бүтэн Монгол шиг ийм хангал догшин улс нийгмийг байтугай хусран гүүний эмнэг сарвааг унаж сургахад хэчнээн төвөгтэйсэн билээ. Тэгэхлээр энэхүү омголон нийгэм чинь бусгана, булгина, тонгочно, хазна хайрна, өшиглөнө.
Гэхдээ энэ бол номгоруулж огт болохгүй нийгэм яавч биш. Минийхээр бол капитализмыг хүн ардад ээлтэй энэрэнгүй зарчмаар сурган хүмүүжүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй хоёр томоохон засвар шинэтгэл хийх хэрэгтэй. Түүний нэг нь төрийн зохицуулалтыг үндсээр нь өөрчлөн сайжруулах шинэтгэл. Юу вэ гэвэл юуны өмнө далд эдийн засгийг тэглэх, төрийн хууль цаазын биелэлтийг чадаж гэмээнэ зуун хувьд хүргэхээр шинэчлэх шинэтгэл шаардлагатай. Нөгөө нь татвар. Төрийн татварыг АНУ Герман, Япон зэрэг улсынхаас хол зөрүүгүй болгон шинэтгэх хэрэгтэй болно. Татвар бол хүмүүнлэг капитализмын энэрэнгүй ёс жудгийг хадгалж, хамгаалж явдаг хамгийн эрхэм нандин зүйл. Тэр бол хүмүүнлэг капитализмын ариун шүтээн.
Ардчилал зах зээлийн Монгол хэмээх энэхүү гүрэн улсыг тэжээж байдаг уураг сүү болсон амин тэжээл. Хэрвээ Монгол Улс татварын бодлогоо сулруулж алдвал амиа хорлохоос өөрцгүйг одоогийн хямрал бэлээхэн харуулж байна. Нөгөө талаас нь харвал төрийн татвар бол татвар төлөгчийн хүн чанар, мөс жудаг, сайхан сэтгэл, эх оронч ухамсрын үнэнхүү дүр төрхийг нийгэмд нээж харуулдаг хэмжүүр.
Гэвч шинэ залуу капиталистуудад нийгмийн өмнө хүлээх үүрэг зорилтыг анхнаас нь сайн ухааруулж өгөөгүй, зөвхөн төрөөс ноогдуулсан татварыг төлөх нь иргэн бүрийн үндсэн үүрэг мөн гэх шинэ үндсэн хуулийн заалтад бүхнийг лаахайлаад орхичихсон учраас олон тооны эзэд татвар төлөхдөө хармын сэтгэлээр хандсан учраас улс орон маань харамчийн гэрт хоолгүй гэгч болсныг нийтээрээ харж л байна. Хамгийн сүүлчийн баримт гэхэд Татварын өршөөлийн хуулийг нэрлэж болно. Тэрхүү хуулийг гаргаснаар хорин хэдэн их наяд төгрөгийн орлого ил болсон гэдэг.
Илрээгүй үлдсэн нь бас байж л байгаа. Хорин хувиар бодоход наад зах нь таван их наяд буюу таван мянган тэрбум хэмжээний татвар улсын төсөвт оролгүй завсардаж алга болсон байна. Бас үнэ тогтворжуулах сайхан нэрээр хууран мэхэлж үрэн таран хийсэн дөрвөн их наяд төгрөг бий гэлцдэг. Дээрээс нь оффшоруудын оргуулж зувчуулсан хөрөнгийг мөн төдий хэмжээний хэмээн баримжаалаад нэмэхээр ямар ч мунхагийн аюулхай цээжинд эрх биш нэг сэхээрэл төрнө буй заа. Энэ удаагийн эдийн засгийн хямралын дотоод талын хамаг гол шалтгаан нь энэ гэж харагдаж байгаа. Юу ярина вэ гэвэл Монголын төр засаг татвараа бүрэн хурааж чадахгүй болтол авлигад идэгдэж, хууль цаазыг ёсчлон биелүүлэх албан хариуцлагыг уландаа гишгэдэг байсныг нотлоод байгаа хэрэг.
Үлгэрлэвэл Монгол Улс гадаах баялаг нь гэртээ ордоггүй, гэр дэх хоол нь гэдсэндээ ордоггүй, харамч баяны хөгшин эцэг эх хоёр шөлний махгүй, хий нь харгаж шил нь татаж унахтай адил инээдтэй атлаа эмгэнэлтэй улс болсон байна. Ийм нөхцөлд Монголыг хямралаас татаж гаргах хөрөнгө мөнгө чинь хаана байна гэж манай эрхмүүд хоорондоо цэц булаацалдаж сүржигнэх хэрэггүй гэж санана. Хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө нь монгол хүмүүсийн өөрсдийн авдар сав, хадгаламж, түрийвчинд л байж байна. Нөгөө хэсэг нь оффшор дансанд нуугдаж байна. Зарим нь төрийн сайд, дарга нарын үрэлгэн тансаглалын тайланд бичээстэй байж байна.
Бас нэг хэсэг нь эрх баригчидтай сэм тохиролцож амин хувьдаа идэж завшсан нууц баримт сэлтэд ажин түжин байж байна. Ямар ч атугай татвар ба зохицуулалтын гэх хоёр томоохон шинэтгэл өөрчлөлтийг хийсэн шиг хийхгүйгээр өнөөгийн хямралаас гарч чадахгүй. Энэ хоёр шинэтгэл нь нэрлэхэд амархан ч нэдэр дээрээ цусгүй дайн хийнэ гэсэн үг. Тэрхүү дайны талбарт шантрахгүй тулалдах утгаар нь мөнөөх төрийн зохицуулалт ба төрийн татварын шинэтгэлийг хүчирхэг хоёр баатар хэмээн хүнчлэн сэтгэж болох талтай.
Бид өөрсдийн сайн мэдэх баатраар зүйрлэн нэрлэвэл “Монголын нууц товчоо”-нд гардаг урууд мангуудын Зарчидай, Хуйлдар хоёр шиг үндэсний баатрууд гэвэл бүр ч зохимжтой болно. Саяхны явдлаас харж байхад УИХ-ын ээлжит биш чуулган дээр нийгмийн даатгалын шимтгэлийг хоёрхон хувь нэмэх тухай Засгийн газрын санал нь нэгэн удаагийн тулалдаанд Хуйлдар баатар шархдаад уначихдаг шиг унаж л байгаа харагдана билээ. Одоо тэгээд хэзээ мөдгүй оффшорыг хориглох асуудал ороод ирдэг юм гэвэл тэр дор нь хулхидаад унагачих байлгүй. Тэгнэ ч гэж мэдээд Засгийн газар баахан зүрх алдаад байх шиг байна.
Эсхүүл их хуралд орж ирэхээс нь өмнө шанаадчихсан юм сан уу ?! Ямар ч атугай нийгмийн тулгамдсан хэрэгцээ шаардлагыг мэдэрч хариуцлагаа ухаарсан Засгийн газрын тэргүүн болон холбогдох сайд дарга нар хэн хүний санаанд ороогүй байсан шинэлэг агаад хүмүүнлэг санал санаачлага гаргаж байгаад олон түмэн талархаж байна. Тэдгээрт УИХ тусгайлан ач холбогдол өгч ээлжит биш чуулганаараа хэлэлцэн ихэнхийг хуульчилж өгсөнд бас талархаж байна. Одоо цалин тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол соёлын хөрөнгө оруулалт зэргээр дамжин айл айлын гэрт айлчлан орж ирэх бодит үр дүнг нь хүлээж суух шиг байна.
Их мөнгөтэй байвч эх оронч сэтгэл байхгүй бол гар хоосонтой адил байдгийг ээлжит бус чуулганы танхим харуулж байна билээ. Хямралаас гарахын төлөө их тулалдаанд их мөнгө, эх оронч сэтгэл хэрэгтэй гэхээс гадна басхүү онцын шаардлагагүй үед олон толгой гарган тал тал тийшээ дэмий зүтгэхгүй баймаар байгаа юм. Эв санааны нэгдэлтэй уялдуулан бүхний мэдэх гашуун баримт ахин нэг сануулъя. Юу гэвэл Чингис байсан учраас л Монгол Улс байж байгаа. Гэхдээ өнөөдрийн энэхүү Монгол Улс бол Чингисийн их Монгол хараахан биш зөвхөн түүний нэгээхэн тасархай.
Цаана нь өвөр монгол, буриад монгол, тува монгол, уйгар монгол тэгээд татаар монгол, халимаг монгол гэж бий. Мэдээжийн хэрэг хаад ноёд нь эрх мэдлээ булаалдан эв эвдрэлцсэнээс болж ингэж бутарч сарнисан. Ойр хавийн их гүрнүүд ч бас дайран дээр нь давс нэмсэн байдаг. Эвтэй байхдаа нэг л Их монгол. Эрх мэдлээ булаалдахаар хэсэг бусаг долоон тасархай монгол. Энэчлэн бодрохуйя эрх мэдэл гэдэг арван лангийн үнэтэй гэвэл эв нэгдэл гэдэг нь мянга мянган лангийн үнэтэй юмсанжээ. Дахин хэлье. Эрх мэдэл арван лан, эв нэгдэл мянган лан!?
c6817a189011c56original
Х.ЦЭВЛЭЭ /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зөв монгол (September 08, 2016 3:20:02 pm )

    “Зэрлэг догшин капитализмаас хүмүүнлэг аядуухан капитализмд шилжих шилжилтийн сонгууль боллоо”. гэж яасан үнэн үг хэлээ вэ. энд бичсэн бүх зүйлтэй санал нэг байна. энэ нийтлэлийг бүх сонин сайтууд нийтэлж монголоо гэсэн бүх хүнд уншуулмаар байна. ЕС-ын хэлсэн үг бүрийг мушгин гуйвуулж байгаа хүмүүс уншаасай

antalya rent a car