Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа гэх асуудлыг салбар салбарт ярьж байгаа. Мэдээж энэ бол өнгөрсөн олон жилүүдийн үр дүн гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хэрхэн зураглагдаж байсныг эргэн санацгаая. Надад, чамд наалдсангүй гэж чичлүүлээд байгаа Монголын эдийн засгийн өсөлтийг 2013 онд 23 хувьд хүрнэ гэсэн прогнозыг Олон улсын Валютын сангаас хийж байсан бол манай Засгийн газрын зүгээс энэ тооцооллыг дарж 15.2 хувь гэж дуугарч байв. Уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл зэрэг нь ийм өсөлтийг дагуулна гэж үзжээ. Харин хоёр оронд шилжсэн инфляцийг 5 хувь руу буулгана гээд байсан гэгээтэй төсөөлөлдөө өөрчлөлт оруулж, 13.1 хувьтай л байх нь дээ гэх өсгөсөн таамаглалыг дэвшүүлсэн юмдаг. Шалтгааныг нь угтах жилүүдэд эдийн засаг өсөх учраас гэж учирлаж байсан. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлт, халалт нь инфляци буюу мөнгөний ханшийн уналтыг даллаж байна гэсэн агуулгатай тайлбар хийж, Монголбанкны зүгээс инфляци өндөр, хэлбэлзэл ихтэй байх нь цаашлаад эдийн засгийг тодорхой бус, тогтворгүй байдалд хүргэж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ. Зөвхөн мөнгөний бодлогоор эдийн засгийн урт хугацааны, тогтвортой өсөлтийг хангах, хямралын эрсдлийг бууруулах, эдийн засгийн халалтын эрсдлээс сэргийлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Энэ нь улстөрчид болоод эдийн засагчдын харах өнцөг өөр байгаагийн нэг илэрхийлэл. Эдийн засгийн тогтвортой байдлын төлөөнөө Төсөв, мөнгөний бодлого зохистой уялдаж, хослож чадахгүй байгаагийн тодорхой илэрхийлэл. Эхэнд өгүүлсэнчлэн эдийн засаг өсөөд байна гэх тоон мэдээлэлд таатай ханддаг хэсэг өнөөдрийн нийгэмд цөөн байгаад “буруутай” гол шалтгаануудын нэг нь. Иргэдийн тухайд цаасан дээрх тоон өсөлтүүд хэд ч байлаа гээд, бодит орлого нь нэмэгдэхгүй, хэтэвчин дэх хэдийнх нь үнэ цэнэ утгаа алдаж, ширхэг талх, килограмм махаа авах мөнгөнийх нь хэмжээ нэмэгдээд байхад эдийн засаг өсч байна гээд алга ташаад суухгүй. Тэрчлэн Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран явуулсан судалгааны дүнд 2012 онд манай улсын инфляци 25 хувьд хүрэхээр таагүй төсөөллийг гаргаж байв. Арван оны эцэст инфляци улсын хэмжээнд 13.0 хувиар өсч байсан бол, арваннэгэн оны сүүлчээр 13.9 хувийн өсөлтийг үзүүлсэн. Харин 2012 оны гуравдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд жилийн 15.3 хувь, Улаанбаатар хотод жилийн 17.3 хувьд тус тус хүрсэн байв. Ер нь бол хөгжиж буй орнуудын жишгийг харахад инфляцийн төвшин нь жилийн 5-8 хувь байхад боломжийн гэгддэг аж. Гэтэл манайд хамаагүй өндөр байсан нь үнэн. Бүр инфляцийн өсөлт хэдийнэ 20 хувьд хүрчихсэн, нууцлаад байна гэх байр сууриуд ч гарч байв. Төв банкны зүгээс ч “инфляцитай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэхдээ болгоомжтой хандвал зохистой байх” гэсэн зөвлөгөөг хэвлэлийнхэнд өгч байсан. Мэдээж үүнийг шууд үгүйсгэх нь өрөөсгөл. Инфляцийг нэг оронтой тоонд байлгах зорилт нь эдийн засгийн өндөр өсөлтийн үед хөрөнгө оруулалтыг бууруулалгүй, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн амьжиргаанд аль болох бага сөрөг нөлөөтэй байх, төгрөгт итгэх итгэлийг хадгалах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа хэмээн тодотгосон. Гэхдээ инфляци 10 орчим хувь дээр үргэлжлэн удаан тогтох нь зээлийн эх үүсвэрийн зардлыг хямдруулан, хүүг бууруулахад саад болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрчлэн үнийн өсөлтийн хэмжээг бууруулахын тулд мөнгөний бодлогыг нэмж хатууруулах бодлогын арга хэмжээг аваад байв. Тодруулбал, Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого хатуурч байна уу, зөөлөрч байна уу гэдгийг илтгэхийн зэрэгцээ банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 13.25 хувьд, заавал байлгах нөөцийн хувийг 1 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийн араас Бодлогын хүү өсөхөөр банкуудын зээлийн хүүнд хөдөлгөөн орно. Зээл хумигдана гэсэн сөрөг хүлээлт үүсч буй бол Монголбанкны байр суурь өөр. Бодлогын хүүний өсөлтийг даган зээлийн хүүгээ нэмэгдүүлэх эсэх нь тухайн арилжааны банкнаас шалтгаална, бодлогын хүү нь зээлийн хүүг нэмэгдүүлэх шууд шалтгаан болохгүй гэж Монголбанкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал Д.Болдбаатар хэлж байсан. Гэхдээ энэ нь дээр өгүүлсэнчлэн “инфляци хоёр оронтой тооноос доошлохгүй удаан тогтоод байвал зээлийн эх үүсвэрийн зардлыг хямдруулан, хүүг бууруулахад саад болно” гэх Монголбанкны бас нэг байр суурьтай зөрчилдөөд байв. Ер нь бол “Бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Тэгснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг” гэх тодорхойлолтоос харахад ч зээлийн хумигдалт, хүүгийн өсөлтөд нөлөөллийг үзүүлэхгүй өнгөрөх боломжгүй харагдаж байсан. Тэгвэл өнөөгийн цаг үед төв банк бодлогын хүүг өсгөсөн арга хэмжээ аваад байгаа билээ.
Арванхоёр оны сонгууль угтсан жилийн төсөв арваннэгэн оныхоос 2 их наядаар давсан, тэр дотор бэлэн мөнгөний тараалтууд хэлбэрээ өөрчлөн явагдаж байгаа, хувийн хэвшлийн эрэлтийн өсөлтөөр өдөөгдөх нийт эрэлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурахгүй, дээр нь нэмээд нийлүүлэлтийн талын хүчин зүйлсийн инфляцийг өсгөх эрсдэлүүд хэвээр харагдаж байсан юм. Гэхдээ тэгээд эдийн засгийн уналтыг дагаад инфляцийн өсөлт хумигдсан дүр зураг өнгөрсөн жилүүдэд харагдаж ирсээн. Эргэн санахад, Standard & Poor”s агентлагийн тайланд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлт 2011 онд 2973 ам доллар байж, цаашлаад 2014 он гэхэд 6560 ам.доллар хүртэл өснө гэх гоё таамаглалууд байсан. Гэхдээ уул уурхайгаас бусад салбарын өсөлт өндийгөөд байхаар тооцооллууд байхгүй байсантай зэрэгцэн уул уурхайн өөрөө уначихсан билээ. Тэгэхээр ямар юмных нь тэр өөдрөг төсөөлөл байх билээ. Уг нь эдийн засагчдын хэлж, сануулаад байгаачлан Макро зохистой бодлогыг бодитой хэрэгжүүлэх шаардлага байсаар ирсэн. Тодорхой хэлбэл үүсээд байгаа нөхцөл байдалд нийцсэн, хоорондоо уялдсан, мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний болон санхүүгийн бодлого, шийдлийн цогц арга хэмжээ авагдах ёстой аж. Тэгсэнээр эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал хэтдээ хадгалагдаж, эдийн засгийн өсөлт нь эрүүл, иргэдэд илүү хүртээлтэй байх талаар яригдаж ирсэн ч, өнөөдрийн дүр зургийг харахад тэс эсрэг байгаа юм.
Э.Болор
Холбоотой мэдээ
-
Зочин (September 06, 2016 4:20:35 pm )
ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар АН МАН хоёроос хэнч нэр дэвшээд ялахгүй.
-
Mongol (September 06, 2016 6:08:36 pm )
AN; MAN ene 2 nam bol mongoliin ard tymnii sanaliig avahaa ongorson, Daraagiin songuulias ene 2 namaas negch hyn garahgui batalgaatai,,,,Busad nam, huvi hymyys odoonoos medlegee deeshlyyl,,,zoo shine uls byrdene 4 jiliin daraa.
-
zochin (September 07, 2016 9:01:06 pm )
vheeriin hun hereenii svnstei ardchilal sunutvgei hairan mongol hvnii hvmvvjil baigaliin baylag burhan tenger nirgeh boltugai ard tvmniig hamtagn archij hujaa zuun zuun jiliin zvvd muruudluu bielvvlj mongold hujaagin shaahaani mur turiin tamga gishgej ehlew uwug deedes mini urshuu???????
3 Comments