antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 1 comment

Урьдын да хүрээ, өнөөгийн улаанбаатар

нийтлэсэн Admin
527-14731208200_def82_9004f9d8_XXXL
Улаанбаатар хот бол эртнээс нааш Ар монголын том төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэдэг байсан билээ. Орос, европ нар түүний “Өргэ” гэж байсан нь Монголын “Өргүгэ” гэсэн үгийг сунжруулан дуудсан бололтой.
Монголын судар түүхэнд үзвэл хүрээний нэр 1649 оноос гарна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг нэгэн өвөрмөц сонин хийд хот байжээ. Хээрийн нүүдэлчин байсан хүрээнийхэн хотоо нэг газар удаад хөрс шороо нь үхширч, өвс ногоо ургахыг байгаад муу чийгтэй болов гэж заримдаа хотыг нүүлгэдэг байв. Лам нар бас заримдаа хотын байрласан газар өлзийгүй болов гэж зурхайч нарын өлзийтэй гэж сонгосон өөр газар хүрээг нүүлгэдэг байв. Бас заримдаа хүрээнийхэн хятадын мөлжимтгий пүүсний өр ширэнд баригдахдаа ховдог данжаад нарыг битүүгээр хохируулж гэнэт нүүдэг байжээ.
Ингэхэд хятад пүүсийнхэн арга буюу ашгийг бодохдоо зугтаан зайлсан хотыг дагаж, шавар туйпуу байшингаа хаяад, хотыг дахин зайлан нүүтэл нь бас л шавар байшингаа босгодог байжээ. Тэгсээр Бээжинд давтан давтан гомдон заалдсаар нүүлгэхийг зогсоожээ. Хүрээнийхэн 1772 онд Хүй Мандал руу хотоо хятадаас холдуулж сүүлийн удаа нүүгээд манж хааны зарлигаар 1778 онд дахин хуучин байрандаа Туулын хойд хөвөөн дээр хүрч ирээд түүнээс хойш бүрмөсөн суурьшсан билээ. 1911 онд хятадаас тусгаарласнаас хойш Нийслэл хүрээ, Монголын шашин төр, худалдаа наймааны зэрэг их төв болжээ. Хөдөө хээрийн феодалууд Богд хааны шадар “Төрийн алба” хааж ашиг завшаан олох болсондоо хүрээнд суурьших болов. Хот их өсөв.
“Гудамжаар явах” хачин дүрэм буй болж эхэлсэн билээ. Богдын ордон, Засгийн чухал чухал яамдын хавьд “харц ард, энд мориноос буу!” хэмээн сүр бадруулсан үсэгтэй мод чулуу хөшөө босгоцгоожээ. Энэ бол “тэнгэр язгуурт” ноёд ихсийн яамлан сууж байгаа орд газрын өмнүүр энгийн ардыг морьтой өнгөрвөл банздан шийтгэмой” хэмээсэн хорих тэмдэг байжээ. Сүйх тэргэнд суух нь дан ганц яамтан ямбатаны эрх байсан тул харц ард хүн хяхнан дугарах үхэр тэрэгнээс өөр тэргэнд суух эрхгүй байжээ.
Монголын феодалууд хэзээнээс ёслолыг эрхэм болгодог байсан учир Монгол улсыг хятадаас тусгаарламагц, олбог суудлаас эхлэн хашааны хаалганы гархийг хүртэл ийм тийм байх ёстой гэж нарийвчлан тогтоосон ёслолыг чухалчлан тогтоож эхэлсэн билээ.
Тэр үед хуучин хүрээний гудамжаар явж үзвэл улаан нуруутай цагаан хашаа асар баганатай шар гуулин гархитай догшин сахиус зурсан том хаалга дайралддаг нь төрийн их ямбатан сайд, шашны дээд лам нарын хашаа байжээ. Тугалган гархитай хаалгатай улаан нуруут хашааг үзвэл хаан, ван, бэйл, бэйсийн зэрэг үе улиран зэрэг залгамжилж алба хаах язгууртан ноёд, жич хүрээний да лам нарын хашаа мөн гэж таних тэмдэг нь байжээ. Төмөр гархитай, асаргүй хаалгатай, хар нуруутай хашаа бол тайж язгууртан ба дөрөвдүгээр зэргийн түшмэдийн орон сууц байдаг байжээ. Энгийн ардуудад хашаандаа ингэж нуруу тавих, хаалгандаа асар хэрэглэхийг цаазалсан байжээ. Хүрээний феодал ноёд түшмэд ингэж зэрэг хэргэмээ ялгаварлаж, энгийн ардаас тусгаарладаг байв.
Хүрээнд тэр үес дөрөв, таван түмэн хүнтэй байсан боловч эмнэлгийн газар, театр, кино огт үгүй байжээ. Гагцхүү Маймаа хотод Гэсэрийн сүмийн дэргэд гэсэрийг тахих үес хааяа ганц нэг хятад ший гардаг байжээ. Хүрээнд тэр үед дөнгөж хориос гучин сурагчидтай, бүх улсын хэмжээгээр ганцхан сургууль байсан нь гагцхүү феодалын тамгын газар хэрэглэх бичээчийн төдийхнийг бэлтгэх сургууль байв.
Тэр үеийн хүрээнийхэн, элдэв шалдав сониныг олж сонсоё гэвэл олны хөлтэй зах дээр очдог байв. Түүний байдлыг 1915 онд хүрээгээр явсан эмэгтэй жуулчин Е.Козлова өгүүлсэн нь: “Монголчууд энэ зах дээгүүр явах тун дуртай учир хүрээний зах дээр их олон хүн чихцэлдэж байдаг юм. Гудамжны голоор их шавхай дундуур морьтой монголчууд цааш нааш сэлгүүцэн явах нь үзэгдэнэ. Бүхээг лангуу бүрийн өмнө овооролдсон лам хар олны дундуур чүү чамай чихэлцэн шургалж замын хажуугаар явбаас гудамжны нэг буланд хоёр бадарчин лам завилан сууж байлаа.
Нэг нь өвөр дээрээ ном дэлгээд ямархан нэгэн уншлагыг өндөр дуугаар уншина. Нөгөө нэг нь хадаг самбай олон жижиг хонх унжуулсан дулдуйг баруун гартаа бариад дэмий л гөлрөн ширтэж аман дотроо нэгэн юм хүнгэнэн уншиж дулдуйгаа хааяа сэгсрэхэд зүүсэн олон хонх нь аяархнаар хангинан жингэнэнэ. Олны дунд бас том том дөрвөлжин модон дөнгө зүүсэн хачин улс явцгааж бүхээгний дэргэд очин барааг дэмий л ер хэрэг болгож үзэвч, юм худалдан авах шинж огт үгүй ээ.
Энэ бол ялтан ажээ. Өдөр шөнийн цагт үргэлж хүнд дөнгө зүүгээд хэвтэх толгой дороо юм дэрлэхийн аргагүй ийм зовлонт ял шийтгэгдээд явж байгаа улс байжээ. … Хотын байдлыг үзвэл хүний хаясан хог буртгийг идэж явдаг, ер тэр гэх эзэнгүй золбин нохой бас газар дээгүүр өдий төдийгөөр элэн нисэж явдаг элээ шувуу энэ хотыг хог буртгаас нь бага зэрэг салгаж өгдөг ариун цэврийн санитарууд нь байгаа бололтой” хэмээжээ.
Автономын үеэс Богдын тушаалаар дөчин таван хоног хайлан хурал хурах гэж аймаг хошуу бүрээс өртөөгөөр түмэн гэлэн албаар цуглан ирдэг байжээ. Тэр олон мянган лам нарын бүх хүнс зардлыг ард олноос татдаг байжээ. Хайлан хурлын үед хүрээний олон дуганд өдөр бүр хурал хурах лам нар багтдаггүй учир дуганы гадаа хурцгаадаг байжээ. Иймээс ардууд хуучин хүрээг өдөр нь хурал хурах лам нарын дуу тасардаггүй, шөнө нь хуцах нохойн дуу тасардаггүй хот гэж хэлэлцдэг байжээ.
Хуучин хүрээ бол баялаг гоёмсог сүм хийдтэй, хоосон ядуучуудын ноорхой хар овоохойтой, нийгэм олны тэгшгүй байдалтай, баян үгээгүү эрс тэс зөрөлдсөн шинжтэй лам хоёдын хот, нохой гуйланчин хоёрын орон байжээ.
Үүнийг бодоход Ардын хувьсгалын үеэс эрх чөлөөт Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болсон хуучин хүрээнд түмэн зүйлийн өөрчлөлт гарсан нь гайхамшигтай байна.
Ардын хувьсгалын үеэс өсөж хүмүүжсэн бүтэн нэгэн үеийн хүн, одоо Улаанбаатарт буй фабрик, завод тохилог сайхан давхарлаг байшин, сууц, улсын их сургууль, янз бүрийн сургууль, техникум, хүн эмнэлгийн газар, хүүхдийн цэцэрлэг, клуб, номын сан, цирк, кино театр, бас их чөлөөгөөр байдаг радио, гудамжаар давхидаг гоё сайхан машин, айл бүрт гялаллзаж байдаг чийдэн энэ олон мянган сайхан юмыг аль хэзээний байсан ерийн юм шиг санадаг байна.
Гэвч Улаанбаатарын залуучууд тохилог сайхан автобусанд суугаад баяр наадмын зүг хөгжин давхиж яваа сургуулийн сурагч пионер, их сургуулийн оюутан нөхөд урьд хорин хэдэн жилийн өмнө ард хүн ийм тэргэнд суугаад ингэж явах нь байтугай, одоогийн захын хамгийн муу тэрэгчийн адгийн муу тэргэнд суух эрхгүй байлаа гэж санууштай байна.
Одоо хотод хааяа энд тэнд хуучран харласан бараан улаан нуруутай гуулин гархитай хаалгатай хаад ноёдын хашаа байсан газрын дэргэдүүр морьтой тэрэгтэй хятад мянга дахин ажиггүй өнгөрөн гарч байсан бол одоо түүнийг үзэхдээ бидний эцэг аав хорин хэдэн жилийн өмнө энүүгээр мориноосоо бууж өнгөрөн гарах ёстой байсан сан гэж санаг.
Урьдын тэр балар харанхуй үест гашуун дарлалыг амсаж үзэж байсан өвгөд өнөөдрийн энэ мандан бадарч байгаа хот юугаа үзээд ардынхаа засгийн ачийг бишрэн санаж явдгийг бодог.
Ингээд бидний энэ саруул сайхан аж амьдралыг зохиож чөлөөтэйгээр өсөж хүмүүжүүлсэн эх орны ачийг хариулж нам, засаг ард олныхоо итгэлийг туйлд нь хүргэхийн чин зоригоор бадарч яваасай.
Б.Ренчин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭН (September 06, 2016 2:07:54 pm )

    ТЭГЛЭЭ Ч ТЭР ҮЕ ЧИНЬ ӨӨРИЙН ОНЦЛОГТОЙ САЙХАН Л ҮЕ БАЙСАН БИЗ. ТЭР ҮЕИЙГ ӨНӨӨДРИЙХТЭЙ ХАРЬЦУУЛАХ НЬ ТЭНЭГ УТГАГҮЙ ЗҮЙЛ ЮМ

antalya rent a car