antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2016 4 comments

МОНГОЛЫН ЦОРЫН ГАНЦ ГЯНДАН БОЛОХ “ТАХИР СОЁОТ”-ЫН ЧАХАРСАН ТӨМӨР ХААЛГАНЫ ЦААДАХ НУУЦ

нийтлэсэн Admin

1467342711_5-Нэг өдрийн сурвалжлага-

Гандан ба гяндан. Ардын хувьсгалын жилүүдэд хүмүүсийн хамгийн их жийрхдэг газрууд байв. Нэгээс нь цэрвэнэ. Нөгөөхөөс нь цээрлэнэ. Бас Гандангийн лам, гяндангийн хуяг хоёр тун муу нэртэй байх. Лам нарыг бид утга, уран зохиолдоо хүртэл хамгийн муу муухайгаар дүрсэлнэ. Хир буртагтаа баригдсан, шавиа байнга нүддэг, харамч хатуу гээд л. Одоо хүртэл түүний ул мөр, үр дагавар арилаагүй л байна. Үнэн хэрэгтээ манай мунхгууд 1938 онд 38 мянган лам хядсанаа зөвтгөх гэж л манийхаа тархийг ийнхүү угааж байсныг тэрхэн үед яахан мэдэх билээ.

 

Гяндангийн хуяг бас адил. Хамгийн муу эр хүний хашдаг алба хэмээн сурталдана. Энэ нь мөн л 37 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хамаг сайхан үрсээ тамалж алсан ногоон малгайтнуудын сүүдэр, нөгөө талаас төрийн хуулийг давж гишгэсэн хүмүүсийн өөрсдийгөө зөвтгөх гэсэн бас нэгэн арга байжээ.

 

Одоо цаг өөр болов. Байгаа юмыг байгаагаар нь хэлэх шаардлага бий боллоо. 1990-оноос хойш гэсэн үг шүү дээ. Түүний дагуу гандан гэж юу вэ, лам нь хэн байсан юм бэ гэдэг ч тодроод ирэв. Бас гяндан хэмээх газрын тухай ойлголт огт өөр болж, хүний эрхийн тухай хүүрнэлдэх болсноор хуяг хэмээх хүний дүр тодорхой болов. Гэхдээ үүний хоёрдахь нь одоо ч нийгэмд тэр бүр нээлттэй биш байгаа. Бас нээлттэй байх ёсгүй учир жанцан ч бий.

 

Харин энэ удаа боломж олдож, хамгийн хаалттай бүс хэмээн тооцогддог гяндангийн хаалгаар шагайн цухасхан сурвалжлага хийх завшаан олдов. Үүнийгээ та бүхэнтэнйгээ хуваалцъя аа.

Улстөрийн товчооны гишүүдийн оронд

Монголын цор ганц гяндан “Тахир соёот” хэмээх газар байдаг. Бидний нэрлэж заншсанаар 61-ын гарамнаас холгүйхэн орших агаад, шороон замтай. Харин энд ямар нэгэн замын тэмдэг, тэр энэ газар очно гэсэн нэр ус байхгүй.

 

Ингэхэд гяндан хэмээх “айл” анх хэдийд бий болсныг мэдэх гэж хичээсэнгүй. Ахмадуудын ярианаас үзвэл нэлээд дээрээс эхтэй биз дээ гэх аж. Ямартай ч “Ганц худгийн” дэргэдээс нүүж, “Авдрант”-д очсон байна. Гэтэл 1996 онд гяндангийн гурван хоригдол оргож, хэд хэдэн хүний амь нас хөнөөсөн ноцтой хэрэг гарснаар түүнийг тусгаарлах шийдвэр гарч, улмаар 1998 онд “Тахир соёот”-д тусгай анги болон төвхнөжээ.

 

Түүх нь товчхондоо ийм. Харин одоо түүний дотоод амьдрал хэрхэн өрнөдгийг сонирхоцгооё.

Монголын цор ганц гяндан ганцхан том байшингаас бүрддэг гэж хэлж болно. Дөрвөн давхар энэ байшингийн нэг талын эхний гурван давхрын бараг бүх цонх тоосгоор таглагдсан байх агаад, 1.2.3… гэх зэргээр дугаарлажээ. Энэ нь шоронгийн өрөөнүүд. Нөгөө талд нь албан хаагчид байрлана.

 

Ерөнхийдөө бүүр холын торыг нь оролцуулбал нийтдээ таван ч давхар тороор хамгаалагдсан юм уу даа янз нь. Мөн яг хоригдогсдын байгаа байрыг л гэхэд гурван ч давхар тороор хамгаалж, эхнийх нь зурваст шүдлэн үхрийн дайтай, тусгай үүлдрийнх бололтой том том нохойнууд уясан харагдав. Мөн гурван ч төмөр хаалга даван гяндан руу гаа орох агаад тухай бүр ард төмөр хаалга тас няс хийн цоожлогдох нь сэтгэлд тун эвгүй. Мөн төвийн эрчим хүчтэй холбогдсон учир нэг хашаа ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч энд жирийн нэгэн хоригддог юм биш. Зөвхөн хүн амины хэрэг үйлдсэн, бүх насаараа хоригдох буюу эсвэл гяндлуулах ял авсан хүмүүс байдаг. Одоо 70 орчим хүн байна. Жилдээ 20 орчим хүн дэглэм буурч, мөн тэр хэмжээний хүмүүс ирдэг. Ял эдэлж байгаа хүмүүсийн 90 хувь нь 23-35 насны залуучууд. Бүгд архи уугаад гэмт хэрэг үйлдсэн байдаг. Нэгээс дээш хүний амь хороосон болохоор онц аюултай гэмт хэрэгтнүүд хэмээн тооцогдоно. Хулгай дээрэм хийсэн нэг ч хүн байхгүй. Бүгд хүний амь нас хөнөөсөн хүмүүс ажээ.

 

Ингэхэд энэ байшин нэлээд их түүхтэй. Социализмын үед Иргэний хамгаалалтын газрын мэдэлд байсан аж. Мөн Засгийн газрын онцгой обьект хэмээн тооцогдож, тун нууцлагдмал байжээ.

Энд болзошгүй учрал буюу дайн байлдаан гарлаа гэхэд Төв хорооны Улстөрийн товчооны гишүүд ирж хамгаалалтад орох ёстой байсан гэнэ. Одоогийн гяндан байгаа байшингийн газар дор л гэхэд хоёр давхар асар том байшин бий гэлээ. Энд далайн хөлөг онгоцны мотор, 100 тонн цэвэр ус нөөцлөх сав гээд юм юм л байсан бололтой.

 

Цагаан тагтаатай гяндангийн амьдрал

 

Гяндангийн хаалгаар орлоо. Гаднах хаалганы нь цоож цахилгаанаар хаагдаж, нээгдэнэ. Хаалга бүхэн давхар, бүдүүн төмөр торон хаалгатай байх. Бүх хаалга нь торлогдсон байдгаараа онцлог. Гал тогоо, эмнэлэг нь хүртэл ийм. Харин гяндангийн хоригдлууд байдаг өрөөний цонхыг тоосгоор битүүлэн хааж, дээр нь дөнгөж агаар орох хэмжээий зай гаргаад түүнийгээ сараалжлан төмөрлөжээ. Харин энэхүү цонхны битүүлсэн хананы бяцхан дэвсэг дээр нөгөө алдарт энхийн цагаан тагтаа бөөн бөөнөөрөө сууж харагдах нь содон байв. Эхлээд ганцхан байснаа ийнхүү үржээд буй хэмээн тус ангийн дарга хурандаа Г.Тэрбиш сонирхууллаа. Тагтааны хувьд энэ хорвоогийн хамгийн амар амгалан газраар эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн зөвхөн амьсгаа хүрэх энэхэн орчинг сонгосон байна. Мөн хар, цагааныг зааглах битүү цонхнууд цаанаа л нэг дүнсгэр харагдах ажээ.

 

Хамгийн түрүүнд эмнэлгээр нь орлоо. Хоригдож байгаа хүмүүсээ ангилаад, хэд хэдэн төрлийн хоол өгдөг юм байна. Тэр нь хэр илчлэгтэй болохыг эмч тогтоодог аж. Өнөөдрийн хоол л гэхэд 6320 гэсэн илчлэгтэй хэмээн бичсэн байв. Уг нь 3570 орчим байх ёстой гэж эмч залуу хэллээ.

 

Дараачийн төмөр торон хаалга нь гал тогоо. Энэ өдөр будаатай шөл өгнө гэв. Цомхон өрөө байх агаад, цахилгаан тогоотой юм. Ер нь энд өдөрт гурван удаа хоол өгдөг агаад өглөө 07.00 талх цай оруулна. Энд оруулна гэж ярихаас, бөөнөөрөө орж ирнэ гэсэн ойлголт байхгүй нь мэдээж шүү дээ. Өдөр 13.00 цагт шөл өгдөг. Орой 18.00-д хоёрдугаар хоол оруулна. Ер нь хоригдогсод өглөө 06.00 цагт босч, шөнө 22.00 цагт унтах хатуу журамтай. Өглөө босоод өрөөндөө дасгал хийнэ. Хөдөлгөөний хомсдолд орохгүйн тулд үүнийгээ хэний ч шахалт шаардлагагүйгээр хийнэ. Мөн хоригдлууд өөрийн нэрийн дансан дахь мөнгөөрөө ойр зуурын эд юмс, идэж уух зүйлийг нийгмийн ажилтнаараа дамжуулан авч болдог. Тиймээс хоолон дээрээ өөрсдийнхөө нөөц хүнсний зүйлээс гаргаж хэрэглэнэ. Хараад байхад шар тосонд багсарсан арвайн гурил цайндаа хийн ууцгаах юм. Мөн хар гурилан талх өгмөөр байна гэсэн хүсэлт нэлээд тавдаг гэсэн.

 

Хоригдлууд ихэвчлэн хоёр хоёроороо байх аж. Урт коридор бүхий эдгээр тасалгаануудын хаалган хэсэг нь онгорхой. Мэдээж тэр нь бүдүүн гэгчийн төмөр сараалжаар бэхлэгдсэн байна. Тиймээс дотор нь болж буй бүх үйл явцыг энд гарч байгаа харуулууд ажиглах бүрэн боломжтой. Бас ерөнхий жижүүр дээрээс телевизийн камераар 24 цагийн турш хяналт тавьдаг. Харуулууд нь өөрсдийгөө хоригдлуудтайгаа хамт түгждэг.

 

Тасалгаа болгондоо усанд орох шүршүүр маягийн юм, бас жорлонтой. Ортой. Өрөө тасалгаагаа яаж ч тохижуулж, чимж болно. Гэхдээ энд хоригдож байгаа хүмүүс төрөл төрөгсдийнхөө зургийг огт тавиагүй харагдсан. Харин өөрсдийн урласан зүйлүүдээр өрөөгөө нэлээд гоёсон харагдана лээ. Чихэвчний хөгжим зөвшөөрнө.

 

Мөн тасалгаа болгоны өмнөх хананд зурагт радио байх. Бас ус буцалгагч тавьсан харагдлаа. Мэдээж өрөөнд нь биш шүү дээ. Зурагт болгоны дээр энд ял эдэлж байгаа хүмүүс өөрсдийн гарын доорхи материалаар нисч буй шувуу хийн тавьсан байх аж. Магадгүй эрх чөлөөг мөрөөдсөндөө, эндээс бушуухан гарахсан хэмээсэндээ ингэдэг биз ээ хэмээн бодогдов. Гэхдээ ганц нэг амьтны зүүдэнд ормоор аймшигтай дүр төрх бүхий “баримал” урлан тавьсан байх нь харагдсан. Ингэхэд тэд цаас, нойлын цаас, талхаараа эдгээр зүйлийг урлана. Улаан гараараа л хийдэг. Тэдэнд ямар нэгэн багаж зэвсэг байх хориотой.

 

Талхаа базан нягтруулж байгаад хачин гоё монгол шатар хийсэн байна лээ. Бас нойлын цаасыг шуумал маягаар ашиглан аргаль угалз хийгээд даргадаа цэргийн баяраар дурсгасан харагдсан. Оёдол хатгамал ч их хийнэ. Ер нь их уран юм аа. Мэдээж эрх чөлөөгөө хязгаарлуулсан болохоор ийш тийш яарна, ухаан санаа сатаарна гэж үгүй учир хамаг анхаарлаа хийж буй зүйлдээ төвлөрүүлдэг биз ээ.

 

Ингэхэд тус ангийн нэгэн ялтан (Эдүгээ социализмын үеийнх шиг хүмүүжигч хэмээн хэлэхээ больсон) Олон улсын хорих байгууллагуудын холбооноос зарласан уралдаанд уран зургийн төрлөөр оролцоод тусгай шагнал авсан байна. Нэг нөхөр бидний барьдаг үзгэн балаар хачин гоё онгоц хийжээ. Түүний гэрэл нь асна гээд бод доо.

 

Гавтайгаа бурханд мөргөнө, таавчигтай эргэлт ирнэ

 

Гянданд байгаа хүмүүс өдөртөө ганцхан цаг нарлана. Тэр нь байшингаас гараад бас л торон хаалга бүхий тасалгаануудад хоёр хоёроороо орно гэсэн үг. Гэхдээ цэвэр агаараар амьсгална. Бас ээлжилнэ. Бүгдийг нь нэг дор бөөнөөр гаргахгүй. Харин ийнхүү нарлаж байхдаа шатар тоглохыг зөвшөөрдөг юм байна. Зун сайхан нартай өдөр сагс энэ тэр тоглуулдаг гэлээ. Гэхдээ хоёр хоёроор нь шүү дээ. Ухаандаа хөдөлгөөний л дасгал хийлгэж байгаа хэрэг л дээ. Даанч зарим нэг нь бөмбөг булаацалдахдаа бие биенээ тохойгоороо ёврох зэргээр шоглох гээд зовлонтой хэмээв. Ер нь хоёр хоёроор нь хорихоор хоорондоо яваандаа таарахаа байж, ганц нэгээр нь байлгахаар улам араатны шинжтэй болчих гээд зовлонтой юм нэлээд бий хэмээн эндхийнхэн ярьсан.

 

Энд мөргөлийн өрөө гэж бий. Дөрөв дөрвөөр нь оруулна. Бясалгал үйлдэнэ. Гэхдээ тэднийг шалтай гавлана. Тэгээд тусгай олбог дээр суулгана. Түүний цаана гаднаас ирсэн багш суудаг. Энэ өрөөнд бурхан тахил гээд юм юм бий. Нэгэн хоригдол цаасаар тун гоё сүм хийн тавьжээ. Монголын хорих байгууллагуудын холбооны дэд тэргүүн, Шинэ Зеландын иргэн хатагтай Маргарет Кари гэх бүсгүй долоо хоногт нэг удаа ирж, хичээл заан, хоригдлуудын ар гэрийнхэнтэй холбоо барин буян үйлддэг аж. Бас хичээл заана. Техник хөгжсөн болохоор хичээл заах хэрэгсэл олонтой юм. Тэрбээр тусгай өрөөтэй.

 

Ихэнх хоригдлууд англи хэл үзнэ. Өөр ангид дэглэм буурч очоод багшилдаг гэсэн. Тэр ч бүү хэл Ууганбаяр гэж залуу англи хэлээс “Хориотой ном” гэсэн нэртэй ном орчуулсан ажээ

Ингэхэд Батбаяр хэмээх залуу бас англи хэлийг нэлээд шургуу үзэж байгаа гэв. Ганцаараа нэг өрөөнд байх агаад түүнтэй гудамжинд таарлаа гэхэд эрдэмтэн байна даа гэж бодохоор. Их сайн залуу гэж энэ ангийнхан магтаж байсан. Энд ирээд 15 жил болж байгаа гэлээ. Тэрбээр архи ууж маргалдаад хажууд байсан нэгнээ пийжүүний шилээр цохин амь насыг нь хороосон хэрэгтэй юм билээ. Тэгээд 30 жилийн ял авч. Гэтэл нэг нөхрийн хэргийг уншвал төрсөн эхийгээ хөнөөгөөд дээр нь бензин асган шатаасан байгаа юм. Түүнд 25 жилийн ял өгсөн байна лээ.

 

Энд нэг зүйлийг хэлэхэд эрхэм шүүгчид маань…гэсэн бодол яахын аргагүй төрж байсныг хэлье. Мэдээжийн хэрэг эдгээр хүмүүсийг өмөөрч байгаа юм биш. Хэргийг нь уншихаар энэ орчлонгийн хамгийн адгийн хог новшнууд энд цуглажээ гэж хэн ч хэлнэ. Мөн хорих ангийнхний ярьснаар манай шүүгчид бүх насаар нь хорих ял оноочихдог, тэр нь 30 жил хорихоор байх, 30 жилийн дараа яах эсэх нь тодорхойгүй гэсэн юм ярьж байсан шүү.

 

Ингэхэд хоригдлуудтай хамгийн дотно харьцаа бүхий хүн гэвэл сэтгэл зүйч а/д Өлзийбадрах юм. Хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй энэ залуу гэмт хэрэг хийгээд, дээр нь эрх чөлөөгөө хамгийн хатуугаар хязгаарлуулсан, сиймхий л гарвал яаж ч мэдэх нөхдүүдтэй нүүр тулан уулздаг. Асуудлыг нь шийддэг. Ойлголцдог. Тайвшуурлдаг. Ер нь арга эвийг нь олно гэсэн үг. Яагаад гэхээр социализмын үеийн гяндан шиг хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэхийг хатуу чанд хориглосон байна. Ардчилсан улсын бас нэг шалгуур энэ ажээ.

 

Өлзий надад хоригдлуудад уншуулдаг ном, үзүүлдэг CD гээд зөндөө юм харуулав. Бас энэ ангийнхан уулзалтын өрөөтэй. Хоригдлуудын ар гэрийнхэн ирэхэд хоол унд хийж идээд, хэдэн хором ч болсон гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр тийм орчин бүрдүүлжээ.

 

Ар гэрээс нь ирсэн хүмүүстэй гавтай уулзуулдаг уу гэв. Үгүй гэж байна. Харин ч бүх талаар чөлөөтэй байлгахыг эрмэлздэг аж. Гэхдээ энд ирсэн хүмүүсийг эргэхээсээ эргэхгүй нь их дээ хэмээн тус ангийн дарга хурандаа Г.Тэрбиш, нийгмийн ажилтан дэд хурандаа Алтангэрэл нар хэлэв. Бид 10 жил хайсны эцэст ар гэрийнхнээс нь сураг гаргаад, танай дүү энд хоригдож байна шүү хэмээхэд, “Тэр бидний хувьд аль эрт талийгаач болсон. Үр хүүхдүүдэд нь бурхан болсон гэж хэлээд зул хүж өргөчихсөн” гээд тоодоггүй явдал элбэг гэнэ. Тэгвэл дүү чинь амьд, энд байна гэдгийг дуулаад 10 жилийн дараа Дорнодоос нэг нөхөр гэрийнхээ таавчигтай хүрээд ирсэн тохиолдол бий аж.

 

“Харуулууд миний байрны түлхүүрийг…”

 

Ингэхэд бидний сайн танил, зохиолч, сэтгүүлч Хон хэрээдийн Энхбат энд ирээд удаагүй байгаа гэлээ. Үнэндээ зүрх үхээд түүний байгаа өрөөний зүг шагайсангүй. Нэгд, түүнийг энд байгаа гэж мэдээгүй юм. Хоёрт мэндийн зөрөөтэй өнгөрдөг байсан үзэг нэгт нөхрөө хараад ямар ”Сайн байна уу” гэлтэй биш, нэг л эвгүй санагдсан. Ингэхэд түүнийг сэтгэл санаагаар огтхон ч унаагүй байгаа гэж дарга нь хэлсэн. Түүний ганцаараа нэг өрөөнд байя гэсэн хүсэлтийг нь тэд биелүүлжээ. Бас Энхбат маань “Монгол хоолны 700 жор” гэсэн ном бичээд тун завгүй байгаа гэв. Энд хоригдогсод жилд хоёр удаа ар гэрээсээ эргэлт авч, уулзах эрхтэй. Энхбатын хувьд зөвхөн эхнэр, охинтойгоо л уулзана гэжээ.

Ингэхэд энэ хориход түүхэндээ хоёр эмэгтэй гяндлуулж байсан гэнэ. Хүн амины хэрэгтэй эгч дүү хоёр нэг ханаар тусгаарлагдан хоригдож байсан гэж дэд хурандаа Алтангэрэл гуай ярив. Ажиллахад эмэгтэй хүн эрэгтэйгээсээ долоон дор юм билээ, арай хийж нэг салж амарсан даа хэмээн тэрбээр нэмэв.

Энд хоригдож байгаа хүмүүс бас ч гэж зүгээр суугаад байдаггүй. Өрөөндөө сонгино, сармис тарина. Түүнийхээ ургасан хэсгээс тайрч аван хоолондоо хачирлах. Загас тэжээнэ. Үржүүлнэ. Улаан лооль, өргөст хэмх үрслүүлээд гаргана. Нөгөөдүүлийг нь гадаа хүлэмжинд тарих жишээтэй. Бас шүүхүүдийн захиалгаар цаасан дугтуй наадаг юм билээ. Төслийн шугамаар ирсэн хэвлэх машин дээр ажиллана. Мэдээжийн хэрэг хэвлэх машин өөрөө нэг төрлийн зэвсэг болж магадгүй учир түүн дээр жинхэнэ шалгарсан хоригдлууд ажилладаг аж.

 

Ний нуугүй хэлэхэд шоронг сайхан гэж магтах нь хаашаа юм. Гэхдээ тэртээ социализмын үеийнхээс тэс өөр болсон хэмээн албан ёсоор бол ШШГЕГ-ын харъяа хорих 405 дугаар ангийн захирагч хурандаа Г.Тэрбиш, бас энэ ангийн амьд архив болсон, Нийгмийн ажилтан дэд хурандаа Алтангэрэл, дэд дарга хошууч Амарбаясгалан нар ярьж байлаа. Ямартай ч хуяг гэж нэрлэхээ больж. Харуул хамгаалалт, үйлчилгээний ажилтан гэх болсон байна. Энэ анги 60 ажилтантай. Тэдгээрийн 60 хувь нь дээд боловсролтой хуульч. Хоригдлуудтай зөвхөн “та” гэж харьцах үүрэгтэй. Мөн тэдэнд үйлчлэнэ. Ус буцалган хүргэж өгөх, хоол ундыг нь зөөх гэх мэтээр.

 

Хангалт гайгүй гэлээ. Өдөртөө энэ ангийн харуулууд гурван удаа үнэгүй хооллоно. Амралтын өрөө бий. Ангийнхаа ойролцоо 10 айлын орон сууцтай. Ихэнх нь хотоос ажилдаа явдаг. Одоо харин 61-ын гарам дээр найман айлын газар авсан гэж тус ангийн дарга ярьж байна лээ.

Туслах аж ахуй нь 300 гаруй толгой малтай. Ногооны талбай бий. Энэ бүгдээсээ хүнснийхээ хэрэгцээний тодорхой хэсгийг хангадаг. Бас 10 гаруй гүү барьж буй гээд сайхан айргаар дайллаа.

Албаны хувьд үнэхээр хүнд алба. Байнгын сэтгэл түгшээстэй байдгаараа онцлогтой. Хоригдлуудын зүүгээс ч дарамт шахалт нэлээд хэмжээгээр ирнэ. Олон жилийн хоригдох ял авсан хүмүүс бухимдах нь элбэг гэнэ. Тиймээс ийш, тийш нь гомдол санал их тавина. Хүний эрх юм болохоор тэр бүгдийг хорьж цагдах аргагүй. “Эрдэнэ-Очир гэж хоригдол намайг байхад яг 98 өргөдөл бичсэн, тэгээд хэрэг нь цагаадсан” хэмээн Алтангэрэл гуай хуучиллаа.

 

“Харуулууд шөнөжингөө радио холбоогоороо яриад унтуулсангүй, чанга гишгэлж явж нойрноос сэрээлээ” гэсэн гомдол ч тавих юм. Уйтгараа гаргахын тулд хэрүүл өднө. Заримдаа ухаан санаа нь самуураа юу гэлтэй юм болно. Ангийн даргад, “Өнгөрсөн шөнө харуулууд миний дэрэн дороос миний хоёр өрөө байрны түлхүүрийг хулгайлчихлаа. Яг зарах гэж байгаа” гэсэн гомдлыг тавьж харагдав. Байрны түлхүүр гэж түүнд үнэндээ юу байхав дээ. Мөн өчигдөрхөн зүв зүгээр байсан хүн гэв гэнэт гэрээслэл энэ тэр болж, үхэхээр болсноо зарлах зэргээр тэднийг түргэн авхуулах зүйл мундахгүй юм байна.

 

Энэ бүгдийг зохицуулна гэдэг үнэхээр амаргүй ажил бололтой. Даргын хувьд одоо хүний харьцаа хамгийн чухал зэвсэг гэлээ. Мөн үүнийг албан хаагчдаасаа хатуу шаарддаг аж. Уурлаж хилгэнэсэн хүнийг уучлаарай гэхэд хамаагүй зөөлрөөд явчихдаг хэмээв. Тэгээд ч энэ хүмүүсийн хувьд зөвхөн бид л нийгэмтэйгээ харьцах гүүр нь болж байна гэсэн юм.

 

Цагаан сараар дарга нар хоригдлуудтайгаа өрөө өрөөнд нь орж золгодог гэнэ. Нөгөөдүүл нь хоёр хавсайн дээр хэсэгхэн цагаан самар тавьсан тавгаараа дайлдаг хэмээлээ. Ангийнхан ч 50-иас дээш насныхаа хоригдлуудад тусгай бэлэг өгдөг гэлээ. Ингэхэд Г.Тэрбиш хурандаагийн хамгийн хатуу чангаар барьдаг зарчим гэвэл энд тухайн хоригдлын үйлдсэн гэмт хэргийн талаар ганц ч үг дурсах ёсгүй юм байна. Магадгүй сүүлийн таван жилд энэ ангиас ямар нэг хэл ам гараагүй хэмээн удирдах дарга нарын нь хэлсэн явдал энэхүү 405 дугаар ангийн үе үеийн дарга нар, шинэ нэрээрээ бол хамгаалалт үйлчилгээний ажилтнуудын ажлын амжилт юм.

Ийнхүү арынхаа уулан дээр Төрийн сүлдээ цагаан чулуугаар өрж тахисан “Тахир соёот”-ын гяндангийн цоожтой хаалганы цаагуур шагайж үзлээ. Энд төрийн хуулийг давж гишгээд цээрлэл хүлээсэн хүмүүс, бас төрийнхөө өмнө тангараг өргөж, тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэсэн төрийн тусгай алба хаагчид нэгэн дээвэр дор амьдраад 10 жилийг өнгөрөөж буй ажээ.

 

Тэд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна

 

ШШГЕГ-ын харъяа хорих 405 дугаар анги энэ өдрүүдэд байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс байх ахул төр байна. Төр байх ахуйд түүний гурван өндөрлөгийн нэг болох шүүхийн нь шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллага заавал байж таарна аа даа.

Тооноо барьж, туурга тусгаарласан улс болгонд ийм байгууллага бий. Хууль цаазыг давж гишгэн шүүхээс хоригдох ял аван эрхээ хасуулсан хэдий ч хүний нь хувьд хүндлэх ёстой гэсэн хүнлэг нийгэмд бид хөл тавиад эдүгээ 18 жилийг ардаа хийжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд Монголын хорих байгууллагуудын үйл ажиллагаа үндсээрээ өөрчлөгдсөн байна. Ийнхүү өөрчлөгдсөн байгууллагын нэг нь яах аргагүй Монголын гяндан мөн. Түүний даргыг хурандаа Г.Тэрбиш гэнэ. Үг дуу цөөтэй, бас тун хүнлэг нэгэн хэмээн хамт ажиллагсад нь хэлсэн. Бөөн туршлага юм байх. Яагаад гэхээр тэр барилга байшин барьдаггүй нэгэн. Харин хүнийг хүн байлгах талаас нь ханддаг мэргэжилтэй. Сэтгэл зүйч гэсэн үг л дээ. Яагаад гэхээр төрийн хуулийг ямар нэг хэмжээгэр зөрчөөд шүүхээс төдөн жил хоригдоно гэх зэргээр ял сонссон хүмүүстэй ажилладаг. Гэхдээ онцлог бий. Энд жирийн нэг хүмүүс хоригддоггүй. Эрдэнэт хүмүүсийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүд байдаг учраас удирдлагаас нь ер бусын арга ухаан, тэсвэр тэвчээр шаарддаг гэж хэлье. Ялангуяа тэсвэр тэвчээр гэдгийг бас дахин давтмаар байна. Яагад гэдгийн учрыг манай уншигчид гадарлана биз ээ.

 

Г.Тэрбиш тийм ер бусын тэвчээртэй нэгэн. Бас няхуур. Нямбай. “Үхсэн морио ч чөдөрлөж байгаад өвчих хүний нэг яах аргаггүй мөн” хэмээн хамт ажиллагсад нь ярих аж. Аргагүй юм. Тэрбээр өөрийнхөө ухамсарт амьдралын 30 жил, мөн сүүлийн нэг жилийг гяндангийн хоригдлуудтай хамт өнгөрөөжээ. Тэрбээр энэ завшааныг ашиглан хамт ажиллагсад, хамтран зүтгэгчдэдээ ангийнхаа 10 жилийн ойн мэнд дамжуулсныг уламжилъя.

 

Энэ ангид нэгэн ахмад ажилтан бий. Түүнийг дэд хурандаа Алтангэрэл хэмээнэ. Жинхэнэ амьд архив. Тэрбээр энэ системийн байгууллагад 42 жил ажиллаж байгаа нэгэн агаад анх энэ ангийг дөрвөн хоригдол, нэг хамгаалалт үйлчилгээний ажилтны хамт байгуулж асан аж. Түүнийг “зургаа” хэмээн дуудна. Радио дуудлага нь тэр. Ер нь энэ ангид “зургаагүй” юм гэж үгүй. Ажлаа ч сайн мэднэ. Нийгмийн ажилтан учраас хамгийн халуун цэг дээр байх. Ер нь энэ байгууллагыг гэр гэвэл хоёр баганын нэг нь тэр. Нөгөөх нь мэдээж хурандаа Г.Тэрбиш. Харин “унинуудын” хувьд 60 гаруй хүн бий. Дэд дарга, жолооч, цэвэрлэгч, малчин, хамгаалалт үйлчилгээний ажилтан гээд л явчихна даа. Тэдэнд баярын мэнд хүргэе.

 

Д.Баасанжаргал

 

http://rob.blog.gogo.mn http://www.shilmelnews.info/index.php?newsid=527


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Коммунист (August 03, 2016 8:31:43 am )

    10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Сэтгүүлч таньд мөн адил нийгмийн харанхуй хэсгийг сурвалжилсанд амжилт хүсье.

  • irgen (August 03, 2016 4:54:24 pm )

    saikhan niitlel survaljlaga bna. Bayarlalaa

  • BarinzoViep (August 06, 2016 6:17:26 am )

    Чтоб ваша девушка была довольна советуем купить виагру с доставкой

  • Зочин (August 07, 2016 10:50:10 pm )

    Энэ 2 эрхэмийг дээд удирдлагууд нь мэддэг эсэх нь сонин байна. Ямар гавьяа шагнал, цол хэргэмтэй юм бол. Хэдэн хоригдолтой нь мартсан юм биш биз. Эндэхийн ажилчдад 10 жилийн ойн мэнд, хүргэж сайн сайхныг хүсье

antalya rent a car