antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2016 4 comments

Монгол Улс бол бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс

нийтлэсэн Admin

2016-07-15asem_neelt_2

Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс хүргэж байна. Тэрбээр “Монголын сайхан оронд Та бүхнийг тавтай морилон саатахыг хүсье. АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид – тус бүрийн зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл өргөе. Та бүхнийг манай улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Монголын ард түмэн, төр засаг нэн талархан хүлээн авч байна.

Монгол Улс бол Ази, Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь олон зуунаас улбаатай юм.

Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Тэд хоёр тивийн улсуудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондыг ойлголцлыг бий болгох, худалдааны чөлөөт, аюулгүй байдлыг хангах, шинэ мэдлэг ололтоо солилцох, шуудан холбооны өртөө сүлжээ байгуулах талаар ярилцдаг байжээ. Энэ тухай түүхийн эх сурвалжуудад тодорхой өгүүлсэн байдаг.

Эрхэм нөхөд өө,

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрөгч 2 жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Гишүүн орон, түнш байгууллагыг төлөөлсөн ажлын хэсэг, албаны хүмүүс дээрхийн бэлтгэлийг сайн хангаж ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе.

Ази Европын энэ удаагийн – 11 дэх уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодорно гэж итгэж байна. Талууд ч энэхүү уулзалтад хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгчээр оролцоно хэмээн найдаж байгаагаа Ази Европын дээд түвшний уулзалтыг даргалагчийн хувьд онцлон хэлье.

Эрхэм зочид оо,

Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа юм. Ази Европ тивийн дээд хэмжээний энэхүү 11 дэх удаагийн уулзалтын агуулга ч бидний хамтын байгууллага – АСЕМ-ын өнгөрсөн 20 жилээ дүгнэх, ирээдүйн 20 жилээ төсөөлөхөд чиглэж байна. Монгол Улсын хувьд ч энэ жил түүхт ойнууд тохиож байгаа. Монголын төр улс үүсэн байгуулагдсаны болон Их Монгол Улсыг тунхагласны тэгш ойг бид тэмдэглэж байна.

АСЕМ-ын уулзалт нь манай Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж, бас үргэлжлэл нь болон өрнөж байгаагаараа билэгдэлтэй юм. Монголчуудын баяр наадамтай цуг энх амгалан ирдэг гэж эрт цагт ярилцдаг байсан. Манай үндэсний наадам бол Монголчуудын их түүх, амар амгалан хосгүй өв соёл, уламжлал заншил, бахархал цэнгэл, өнөөгийн хөгжил цэцэглэлийн өвөрмөц хослол байдгаараа онцлог юм. Та бүхэнд бид наадам бэлдсэн байгаа. Тэнгэр болгоож таалалд тань нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид АСЕМ-ын энэхүү дээд түвшний уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа. Бас Та бүхнийг хүсэн хүлээж хичээнгүйлэн бэлдсэн. Монгол бол хүн нь зочломтгой, байгаль нь тансаг, үндэснийхээ түүх ололтоор бахархдаг, өрнүүн хүсэл тэмүүлэлтэй, нээлттэй, найрсаг улс. Эрхэм дээд зочид гийчид Та бүхнийг Монгол Улсад тавтай морилон саатахыг дахин урья.

Ийнхүү Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэлж байгааг баяртайгаар тунхаглан зарлая” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • н (July 16, 2016 10:20:13 am )

    Хий сүгсэлзээд л … Mанайхаас дорой Лаос энэ хурлыг чинь 4 жилийн өмнө нутагтаа өлхөн хийсэн. Үсгийн дараалалаар Л,М гээд Монголын ээлж таараад хийж буйг…. сүржигнээд ..л… Эрхийг нь ЭЛБЭГ их мундагаараа олж ирсэн мэтээр хөөргөөд …л… Хэт пиардан юм үзээгүй муусайн олныг яаж ч хошигруулж болно хэмээн доош хийх нь юун? Өрөнд баригдсан ядуу орон байж, асар өндөр үнээр өөрсдийгөө ингэж эрх баригчд хэт шоудах хэрэг юу?
    АСЕМ бол хэн ч ирээд дуртайгаа яриад өнгөрөх албан бус уулзалт.
    Цаана чинь Хятад- АФрикийн, эсвэл Хятад-Европын …. мэтээр нэг улс дангаараа өөрийн улсын эрх ашигтаа нийцүүлэн бүтэн тивээр нь цуглуулан хийж, тэдэнд байдал, явдлаа ойлгуулж эдийн засгийн менежмент, хөрөнгө оруулалтыг нь татдаг механизмууд зөндөө байна. Өрийг маань нимгэлж, дампуурч буй эдийн засгийг маань өөд татахуйц амин чухаг ийм механизмууд л хэрэгтэй болохоос …Энэ АСЕМ мэт улс төрийн аялалын унац 7 хоногийн л байх даа. Гэрээ тавиад цагаан сар хийдэг 100 жилийн тэртээх сэтгэхүйгээс салмаар. Бид харанхуй байна даа яана дааа

  • зочин (July 18, 2016 10:41:52 pm )

    Хоосон цэцэрхэх хэрэггүй. Монгол улсыг олон улсын тэргүүнүүд үнэлээд байхад та муулаад сууж байдаг. Амны билгээс ачдын билэг гэдэг монгол зүйр үг байдаг даа. Энэ олон хүний хөдөлмөр хөлсийг чи яаж ингэж үгүйсгэж чадаж байнаа.Харин чи харанхуй бүдүүлэг уруудсан сэтгэхүйгээсээ салмаар юмдаа. Ямарч байсан Монгол гэгч жоохон улсыг дэлхий дахинд таниулна гэдэг таны бодлоор буруу юу. Тан шиг ийм л хоцрогдсон сэтгэхүйтэй хүмүүс байгаагаас Монгол орон хөгжихгүй байна шүүдээ.

  • 999 (July 19, 2016 6:56:59 am )

    Хоосон цэцэрхэх хэрэггүй. Монгол улсыг олон улсын тэргүүнүүд үнэлээд байхад та муулаад сууж байдаг. Амны билгээс ачдын билэг гэдэг монгол зүйр үг байдаг даа. Энэ олон хүний хөдөлмөр хөлсийг чи яаж ингэж үгүйсгэж чадаж байнаа.Харин чи харанхуй бүдүүлэг уруудсан сэтгэхүйгээсээ салмаар юмдаа. Ямарч байсан Монгол гэгч жоохон улсыг дэлхий дахинд таниулна гэдэг таны бодлоор буруу юу. Тан шиг ийм л хоцрогдсон сэтгэхүйтэй хүмүүс байгаагаас Монгол орон хөгжихгүй байна шүүдээ. / ЗӨВ ХЭЛЛЭЭ /

  • ad (July 19, 2016 12:02:39 pm )

    hiij buteej baigaag ni hundelj baih heregtei.saihan zohion baiguulalttai ur duntei ajil bolsniig bgdeeree saishaaj baiha.setgel hangaluun baina.

antalya rent a car