“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Монголд банк, санхүүгийн зах зээл хөгжөөд багагүй хугацааг үджээ. “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхээ авснаас хойш зургаан жил өнгөрсөн байна. Байгуулагдсан цагаасаа хойш арилжааны банкуудын нэгэн адил үйлчилгээг харилцагчидадаа үзүүлсээр ирсэн. Манай банкны нэг онцлог нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгуулагдсан. Тухайн үедээ хөрөнгө оруулалтын банк гэдэг ойлголт олон түмэнд сайн хүрээгүй, банк санхүүгийн зах зээл, эрхзүйн орчин сайн бүрэлдээгүй байсан. Тиймээс хөрөнгө оруулалтын банкны чиглэлийн үйл ажиллагаа явуулах боломж хомс байсаар ирсэн. Өнөөдөр манай банк өөрийн шинэ байрандаа орж, нээлтээ хийлээ. Шинэ он, шинэ байр, шинэ бизнес төлөвлөгөө. Анхнаасаа зорьж байсан хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Шинэ бүхэн давхацсан нь ихэд бэлгэшээлтэй санагдаж байгаа шүү. 2012 он бидний хувьд их ажлын жил. Санхүүгийн зах зээл дэх өөрсдийн байр сууриа улам дээшлүүлэхийн төлөө ажиллах оргилуун он байх нь гарцаагүй.
-Таныг Монгол түмний хайртай бөх гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин банк, санхүүгийн салбарт хүч сорьж явааг тань төдийлөн гадарлаагүй байж магадгүй юм. Энэ салбарт ажиллахад танд ачаалал хэр ирдэг бол оо?
-Банк гэдэг бол санхүүгийн нарийн мэргэжил шаардсан салбар. Анх банкны ТУЗ-ийн дарга хэмээх эрхэм үүргийг хүлээж авч байхад ойлголт бага, ерөнхий мэдээлэлтэй байлаа. Хамгийн гол нь манай гүйцэтгэх удирдлагууд, мэргэ жлийн боловсон хүчин, хувь нийлүүлэгчдийн маань ажлын эрч хүч, мэдлэг боловсрол, урам дэмжлэг нэг дор цогцолж чадсаны хүчинд банк санхүүгийн салбарт түүртэлгүй өдий зэрэгтэй явж байна. Нэг ёсондоо манай байгууллага хүний нөөцийн асуудлаа боломжийн түвшинд шийдсэний үр дүн юм болов уу. Аливаа ажил хүн рүүгээ чиглэсэн, хүний нөөц дээрээ тулгуурлаж хөгждөг гэдгийг сүүлийн үед манайхан их сайн ойлгож байна. Улс орны баялаг, капиталыг хүн л бүтээж байдаг. Хөгжиж байгаа, хөгжсөн байгууллагуудыг судлахад хүний нөөцдөө ихэд анхаарсан нь ажиглагддаг. Тиймээс ТУЗ-ийн даргын хувьд байгууллагынхаа хүний нөөцөд ихэд анхаарахыг нэг талаар чухалчилж байгаа. Мэдээжийн хэрэг зарим нэг хүн бөх байж банкинд ажиллана гэхээр гайхаж болох юм. Аливаа ажилд бөх ч бай, банк санхүүгийн хүн ч бай, улстөрч ч бай ялгаагүй хийе гэсэн сэтгэлтэй байхад хүссэн үр дүнгээ авах бүрэн бололцоотой гэж хувьдаа боддог. Үүн дээр нэмээд багаар ажиллах чадвар, хувь хүний харьцаа маш чухал.
-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны хувьд банк санхүүгийн зах зээлд эзлэх орон зай нь хэр байна вэ?
-Ер нь аливаа зах зээлийг өргөжүүлэх боломж өөрөө хязгааргүй. Өнөөдөр Монгол Улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Бүгд л ижил төрлийн нэг хэвийн үйл ажиллагаа явуулдаг аа. За, хөрөнгө оруулалтын банкны хувьд бол арилжааны банк, хөрөнгө оруулалтын банкны хосломол үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байна. Манай улсад хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын компани үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин хараахан бүрдээгүй байгаа. 2012 онд шинэчлэгдсэн эрхзүйн орчин бүрдэнэ гэдэгт найдаж байна. Тиймээс бид одоогийн арилжааны банкуудын үзүүлж буй үйлчилгээг үзүүлэхээс гадна зах зээлд үгүйлэгдэж буй бусад орон зайг нөхөхөд анхаарна. Тоонд бус чанарыг эрхэмлэнэ.
– Өнгөрсөн хугацаанд арилжааны нэг бус банк үйл ажиллагаагаа зогсооход хүрсэнийг бид мэднэ. Иргэдийн банкинд итгэх итгэл суларсан ийм цаг үед танай банкнаас ямар бодлого барьж ажиллаж байна?
-Банк санхүүгийн бизнес хүмүүсийн итгэл дээр тулгуурлаж хөгждөг. 2008 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад хүчтэй нөлөөлсөн. Тухайн үед Монголын эдийн засгийн гол нуруу Эрдэнэт үйлдвэр л байсан. 2012 оныг 2008 онтой харьцуулж болохгүй . Монголбанкны валютын нөөц 2.5 тэрбум доллар байна. Арилжааны банкууд валютын нөөц сайтай байгаа. Монгол Улсын нэр хүнд дэлхийн зах зээлд өсч байгаа энэ үед эдийн засаг урд хожид байгаагүйгээр өсөлттэй гарсан. Он гараад валютын ханш өссөнтэй холбогдуулж, шатахууны үнийг нэмсэн асуудал гарсантай уялдаж хүмүүсийн дунд банкинд итгэх итгэл сулар сан гэж ташаа мэдээлэл гарсан байх. “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” иргэд, харилцагчдадаа түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн танилцуулах ард түмэндээ хүрч ажиллахыг зорилгоо болгож байна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Удахгүй Лондонгийн олимп болно. Манайхан чөлөөт бөхийн холбооны баг тамирчдаасаа найдлага их хүлээдэг. Танай холбооны үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-“Чөлөөт бөхийн холбоо”-г хүлээж авсанаас хойш даруй гурван жил өнгөрсөн байна. 2008 онд Бээжингийн олимпоос чөлөөт бөхийнхөн гунигтай, нүдэндээ нулимстай буцаж ирж байлаа. Тиймээс одоогийн Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын нуруун дээр 1980 оноо с хойш тасарсан медалийн буухиаг залгуулах ачаа үүрэгдэж байгаа юм. Гурван жилийн өмнө энэ холбоог авч байхад байдал хүндхэн байсан. Дотроо хэд хэдэн фракц болчихсон, хоорондоо ойлголцохгүй, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй, ярвигтай айл байсан. Энэ цаг үеэд бөхөд сэтгэлтэй аж ахуйн нэгж, компанийн олон залуус дэмжиж байж үйл ажиллагааг нь сэргээж, хариуцлагатай байлгах, ёс зүйтэй болгох талаар их зүйлийг хийж чадсан. Ингэж ажилласны хүчинд өнөөдөр зохион байгуулалт, сахилга сайтай, эрх үүргээ ухамсарласан хамт олон бүрдсэн. Цаашид ч хийх ажил их бий. Нэг үгээр хэлбэл, чөлөөт бөхийг цаашид дэлхийн хэмжээнд хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зорилго тавих нь зайлшгүй чухал байна. Биднээс хойших үе бодлогыг үргэлжлүүлэн авч явах ёстой. Өнгөрсөн онд Монголд чөлөөт бөх үүсч, хөгжсөний түүхт 50 жилийн ойг тэмдэглэсэн. Хамгийн гол нь энэ ойн хүрээнд түүхэн замналаа эргэн харж, зүрхний бичлэг шиг явж ирсэн амжилтуудаа харж, алдаа оноогоо дүгнэхийг чухалчилсан. Ингээд харахад хамгийн гол нь зохион байгуулалт, сахилга бат л байсан. Одоо хөдөө ч, хотод ч архи уугаад ажлаа замхруулдаг багш нэг ч байхгүй болсон. Саяхан болсон “Open Mongolia”-гийн үеэр тамирчдынхаа бэлтгэлжилтийн түвшинг харж тогтоохыг хичээлээ. Эмэгтэйчүүд маань угаасаа өндөр түвшинд байсаар ирсэн. Эрчүүдийн хувьд сүүлийн гурван жилийн үр дүнд бэлтгэлжилтийн, барилдааны түвшин дээшилсэн нь мэдэгдэж байлаа. Манай тамирчид биеийн ерөнхий хүчний хувьд гадны тамирчдаас дутдаггүй хэрнээ техник, тактикын хувьд учир дутагдалтай байна. Дор хаяж 4-6 янзын тактикаар барилддаг байх шаардлагатай. Энэ нь дасгалжуулагчдаа дэлхийн хэмжээнд бэлтгэх цаг болсныг бидэнд сануулж өглөө. Хөл бөмбөгийн дасгалжуулагчийг өндөр үнээр хөлсөлж авдаг шиг бид чөлөөт бөхөд мөн ийм замаар дасгалжуулагч авч ажиллуулахад анхаарна.
-Танд баярлалаа. Нийт уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?
-Ирж буй луу жилдээ луу шиг гялалзахын ерөөл өргөе. 2012 он монголчуудын хувьд олон чухал сонголтын жил болох нь. Хамгийн гол нь хүн бүрийн хийсэн сонголт улс орныг залж чиглүүлэх учиртай. Тиймээс иргэн таны сонголт мэргэн байж, ирэх он жилүүд жаргалаар дүүрэн байх болтугай. Зөв хүнээ сонговол зөв бодлого хэрэгжинэ, зөв банкаа сонговол зөв үйлчилгээг авна.
Б.Бат

Холбоотой мэдээ
-
Anonymous (February 01, 2012 2:38:24 pm )
bank yahvee ter bolon ehneree soloijee avargaa .
1 Comment