2009 оны “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэлтэй ярипцлаа. Тэрбээр завгүй ажлынхаа хажуугаар кинонд тогпож байгаа ажээ.
-2009 онд Монголын мисс болсон байх аа. Тэр үеэ эргээд дурсвал?
-Би 2009 онд Монголын мисс болсон. Тэр үед үнэхээр гайхалтай байсан. Сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн үйл явдал. Монголын мисс болсныхоо дараа “Miss Mongolia” Олон улсын тэмцээнд оролцсон. Олон улсын тэмцээнд оролцохын тулд багагүй ажил хийж байлаа. Тэр бүхэн маань дараа дараачийн миссүүд олон улсын тэмцээнд амжилттай оролцох үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. Өнгөрсөн жилийн мисс И.Төгсөө “Miss International-2011” наадамд оролцож, хоёрдугаар байр эзэлсэн. Энэ бол маш том амжилт. Ер нь бол “Miss Mongolia” тэмцээн бол Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд гаргаж болох, монгол гоо үзэсгэлэнг тодруулдаг хамгийн том тэмцээн.
-Одоо ямар чиглэлээр хаана ажиллаж байна?
-Би маркетер мэргэжилтэй. Оюутан байхдаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. Тэр утгаараа одоо НАМОХ-ны удирдах зөвлөлд ажилладаг. Мөн “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Миссийнхээ шугамаар олон байгууллагад очиж, оюутан сурагчдад илтгэл тавьдаг. Соёл урлагтай холбоотой лекц уншдаг юм. Хамтарч ажиллаж байгаа байгууллагууд маань надад ийм санал тавьдаг юм. Тэр дагуу л явдаг даа.
-Мисс гэдгийн цаана сайхан гэдэг ойлголт үргэлж дагалддаг. Таныхаар юуг сайхан гэж хэлэх вэ. Сайхан бүсгүй сонирхолтой хариулт өгөх болов уу?
-Миний байгаа байдал хүмүүст таалагдаж байх ёстой байх. Надаас гарч байгаа бүхий л үйл хөдлөл, үг яриа, илэрхийлэл маань зөв байж хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Тийм болохоор алхам тутамдаа анхаарч, алдаа гаргахгүйг хичээдэг. Хэдийгээр алдаа гаргахгүй байна гэдэг хэцүү ч би хичээдэг. Мисс хүн ямар байх ёстойг хүмүүст таниулахын тулд ажилладаг. Хүмүүс мисс гэхээр тайзан дээр инээмсэглээд, гоё байх ёстой хүн гэж ойлгодог. Үүгээр сайхан гэдгийг хэмжиж болохгүй байх. Ерөнхийдөө их өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Мисс гэдэг өөрөө энх тайвны элч төлөөлөгч байх ёстой. Тийм болохоор хүмүүст сайн сайхан зүйлийг түгээх үүрэгтэй. Тэр сайн сайхан зүйл нь миний шавь нараар дамжиж надад эргээд зөв энерги болж ирдэг юм. Тийм болохоор би сайхан гэдгийг мага их өргөн хүрээнд ойлгодог.
-Дэлхийн миссүүд нийгэмд хандсан ажлуудыг их хийдэг. Манайхан ч гэсэн тийм байдаг байх. Таны хувьд нийгэмд хандсан ямар ажил хийж байгаа вэ?
-Мисс болсноосоо хойш маш их ажил хийсэн. Хамгийн эхний хийсэн ажил маань хаяг тогтоох төвөөс эхэлж байлаа. Тэр хүүхдүүдтэй уулзаж, сэтгэлийн дэм өгөх үүднээс нэг өдөр хамт байсан. Тиймэрхүү өдөрлөгүүдийг олон удаа зохион байгуулдаг. Түүнээс гадна манай “Азийн модель” агентлаг хүмүүнлэгийн төлөө байгууллага өсвөр үеийн залуусыг сургаж, зааж зөвлөдөг. Хамгийн сүүлд манай агентлаг Туул голыг цэвэрлэх ажилд оролцсон гэх мэт ажил хийж байгаа. Цаашид янз бүрийн ажил хийнэ ээ.
-Сайхан бүсгүй мэддэг боловсролоороо гологддог байдал ажиглагддаг. Тэр ч битгий хэл тэмцээн дээр энгийн асуултад хариулж чадахгүй эвгүй байдалд орж байсан тохиолдлууд байдаг. Таны хувьд энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Би энэ тал дээр маш сайн анхаардаг. Содоо эгч бид хоёр одоо бэлтгэж байгаа хүүхдүүдээ мэдлэг, чадвартай болгох талаас нь анхаарч ажиллаж байна. Тэр хүүхдүүд манай агентлагийг зорьж ирж, чадвараа нээх гэж хүсч байгаа. Тиймээс авьяас, чадварыг нь хөгжүүлж, бусдаас илүү болгохоор хичээж байна. Хэрвээ тэр хүүхэд ирээдүйд мисс болох чадвартай гэвэл бид одооноос эхэлж бэлтгэх ёстой. Мэддэг оюун, урлаг, спорт гээд бүгдийг нь тэгш болгохын төлөө хичээж ажиллаж байна. Мэдээж хүн бүр өв тэгш байна гэж юу байхав. Гэхдээ тийм болохын тулд хийж байгаа ажил нь тэр хүнийг төгөлдөржүүлж байдаг гэж хэлэхэд болно. Ерөнхийдөө манай агентлагийг төгссөн хүүхдүүд ихэвчлэн мисс болоод байдаг. Энэ бидний хүчин чармайлтын үр дүн. Ямар ч байсан шавь нараа мэддэг, чадвартай болгохын төлөө хичээж байна даа.
-Кинонд тоглож байгаа гэж сонссон. Таны нэг нууц авьяас илэрч байгаа юм уу. Ямар кинонд тоглож байгаа юм бэ?
-Саяхан би “Мода арт” гэдэг тэмцээнийг хөтөлж явуулсан. Монголын дизайнеруудын холбоо, “Боловсрол” телевизтэй хамтарч зохион байгуулсан юм. Би зохион байгуулалтад нь оролцож, хөтлөгчөөр нь ажилласан. Энэ тэмцээний найруулагч Баяраа ах байсан юм. Би бүтэн сарын турш реалити шоу хөтлөөд явсан. Тэр үед намайг харж, тодорхой хэмжээнд үнэлсэн учраас кинондоо тоглуулах санал тавьсан болов уу гэж бодож байна. Би анх удаа кинонд тоглож байгаа. Урьд нь надад кинонд тоглох санал ирж байсан ч үзэл бодолтой минь нийцэхгүй байсан учраас зөвшөөрч байгаагүй. Харин энэ удаагийн кино их гэгээлэг санагдсан. Тэгээд ч найруулагч Баяраа ахтай хамтарч ажиллахад сайхан байдаг. Тухайн хүнтэй яаж харьцаж, жүжиглүүлж, дүрд оруулах вэ гэдгээ маш сайн мэддэг. Тийм хүнтэй хамтарч ажиллаж байгаа болохоор жүжиглэлт маань гайгүй болоод байгаа юм шиг санагдаж байгаа шүү.
-Яг ямар кинонд тоглож байгаагаа нуугаад байгаа юм уу?
-Үгүй үгүй. Ирэх сарын ихээр нээлтээ хийх валентины өдөртэй холбоотой кино. Залуучуудын сэдэвтэй, романтик инээдмийн кино юм. Нэр нь хүртэл “Валентинаас ирсэн захидал” гэж байгаа. Миний тоглож байгаа дүр надтай адилхан ааш араншинтай. Энэ кинонд зургаан гол дүр байгаа. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй. Хос хосоороо гэсэн үг. Миний хувьд номын санд суудаг, даруухан охины дүрд тоглож байгаа. Тэгээд хайр дурлал өрнөөд л явна даа. Удахгүй нээлтээ хийх учраас үзэгчид кино гарахаар үзнэ биз. Өмнө нь дэлгээд яах вэ.
-Мэргэжлийн жүжигчин биш учраас кинонд тоглоход хэцүү байна уу?
-Эхний хэдэн зураг авалт дээр нэлээд их зэмлүүлж байсан. Ерөөсөө хүн анхны удаа юм хийхдээ алддаг шүү дээ. Тийм учраас би эмзэглээгүй. Загнуулж сурсан хүн. Тэгээд ч мэргэжлийн хүн үг хэлж байгаа тохиолдолд би сайн хүлээж авахыг хүсдэг. Киноны зураг авалт дээр жүжигчин Б.Навчаа эгч надтай тулж ажиллаж байгаа. Тэр хүн надад хэлээд, зөвлөж байгаа. Би нэг хэлсэн үгийг нь олон дахин хэлүүлчихгүй биелүүлэх юмсан гэж бодож байгаа. Одоо хэдхэн хэсгийн зураг авалт дутуу байгаа. Удахгүй бэлэн болох байх.
-Цаашид кинонд тоглоход болмоор юм шиг санагдаж байна уу, үгүй юу?
-Загвар өмсөгч, миссүүд олны танил болсон гэдэг утгаараа кино уран бүтээлчид их санал тавьдаг байх. Тэгээд ч бид тайзан дээр бас нэг дүр бүтээдэг. Багахан ч гэсэн мэргэжлийн ур чадвар байдаг гэж ойлгодог. Энэ бас давуу тал болдог гэж боддог. Тэр ч утгаараа манай киноны гурван эмэгтэй гол дүрд загвар өмсөгч, миссүүд тоглож байгаа. Гэхдээ тайзан дээр гаргадаг дүр, киноныхоос өөр нь мэдээж. Кинонд тоглоход дотоод мөн чанар, жүжиглэлт их нөлөөлдөг юм шиг санагдсан. Их олон шинэ зүйлийг мэдэж, сурч байгаа. Ямар ч гэсэн гайгүй тоглож байгаа байх. Надад бол болмоор санагдаад байгаа.
-Тайзны яриа гэж маш чухал зүйл байдаг. Гэтэл мэргэжлийн бус жүжиглэж, хэтэрхий хичээгээд, хиймэл болгоод кино “алаад” байдаг, Энэ тал дээр яаж байна?
-Өмнө нь олон нэвтрүүлэг хөтөлж байсан болохоор гайгүй. Юм хөтөлнө гэдэг хүнд ярих чадварт суралцахад их нөлөөлдөг юм билээ. Тэгээд ч надад жүжигчин найзууд олон байдаг. Тэднээс тус дэм аваад болж л байна.
-Манай эмэгтэй жүжигчид, миссүүдэд эротик киноны санал их ирдэг гэсэн. Танд тийм санал ирж байгаа юу?
-Тийм санал ирдэг. Бие хаа сайтай, дэлгэцэн дээр харахад арай ондоо гэдэг утгаар нь миссүүдэд тийм санал тавьдаг байх. Гэхдээ мисс хүн гэдэг нэр хүндээ бодож явах ёстой. Миний зарчим гэхэд ямар нэг архи, пивоны сурталчилгаанд тоглох ёсгүй. Зарим нэг миссүүд үүнийг ухамсарладаггүй юм шиг санагддаг. Мисс гэдэг нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой. Тэнд улсын хэмжээний нэр хүнд явдаг. Хүмүүст үргэлж сайн сайхан байдлаар хүрч, танигдаж байх ёстой мөртлөө жижиг зүйлээс болоод унагаад байдаг. Түүнээс нь болоод миссүүдийн нэр хүнд унах нь ч бий. Тийм болохоор тиймэрхүү киноны санал хүлээж авахгүй. Миний зарчимд нийцэхгүй учраас. Би багаасаа тийм хүмүүжилтэй.
-Мэргэжлийн бус хүмүүс кинонд тоглож байгаа нь кино урлагийн хөгжлөөс хойш чангааж байгаа гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ. Одоо өөрөө кинонд тоглож байгаа болохоор нэгийг өгүүлэх байх?
-Ер нь ингэж шүүмжлэх нь зөв. Жүжигчин гэдэг агуу том мэргэжил. Гэтэл бид жүжиглээд, кинонд тоглоод байхаар мэргэжлээ харамлах сэтгэл төрдөг байх. Гэхдээ тэр хүн үнэхээр авьяастай бол үгүйсгэж болохгүй. Мөн кинонд тоглоод, дүрээ мөнхлөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол бас хэцүү биз дээ. Аль аль талаас нь бодож үзэх хэрэгтэй байх. Миний хувьд кинонд тоглоод, дүрээ үлдээхийг хүсч байсан. Сүүлд үр ач нар маань үзээд, эмээ маань кинонд тоглож байжээ гээд инээлдээд сууж байвал аз жаргал биз дээ. Мэдээж мэргэжлийн жүжигчин биш байж кинонд тоглож, нэг том босгыг алхсан гэдэг үүднээсээ том давуу тал. Миний хувьд ямар нэг зүйлийг зориглоод хийхдээ хүчтэй оролцогч байж чаддаг.
-Хүмүүс миссүүдийг янз бүрээр ярьдаг шүү дээ. Миссийн тэмцээнд түрүүлээд гараад ирэхэд хэн нэгэн баян аваад явдаг. Хэн нэгэн баян эрхэмтэй явалддаг, тэр хүмүүсээр машин тэрэг авахуулдаг ч гэх шиг. Хаанаас ийм их мөнгө олж, баяжаад байна ч гэх шиг харддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Тиймэрхүү зүйл байдаг. Байдаг учраас ийм яриа байнга гардаг байхгүй юу. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс л ингэж амьдардаг байх. Нийтлэг маягаар ойлгож болохгүй. Монголчуудын нийтлэг, хямдхан ойлголт туйлшрамтай зан. Нэг нь тийм байвал нийтээрээ тийм байх ёстой гэж боддог нь өрөвдөлтэй. Хүн өөрчлөгдөж, дэвшиж, чадаж болно шүү дээ. Үнэхээр тэр хүн чадаад, мундаг байгаад, амжилгад хүрээд, эд хөрөнгөтэй болж байвал яах вэ? Өөрийнхөө хөдөлмөрөөр бүхнийг цогцлоож чадаж байж болно биз дээ. Монголчууд олны танил нэгнийг жаахан ядруу явбал хөөрхий минь гэж өрөвддөг. Өнгөлөг явбал энэ яаж ингэв гэж харддаг. Үнэхээр тэнэг хэрэг. Хүн ядарч явах үе байхад, өнгөтэй өөдтэй явах ч үе бас бий. Энэ цаг үеүдэд хүн бүр, янз бүрийн зүйлийг сурч, мэдэж, ойлгож авдаг. Тэр болгон нь эргээд тухайн хүнийг хөгжихөд нь, магадгүй уруудахад нь нөлөөлдөг байх. Тэр бол хувь хүний өөрийн хүмүүжлээс шалтгаалж байгаа. Миний хувьд маш зарчимч гэр бүлд хүмүүжсэн. Ээж маань хуульч хүн. Өвөө маань боксчин, бөх хүн байсан. Тэгэх ёстой л бол түүнийг хийх хэрэгтэй гэдэг зарчим баримталдаг байсан. Одоо ч гэсэн би зарчмынхаа дагуу амьдардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Ерөнхийдөө өдөр бүр төлөвлөгөө гаргаж, хийж чадсан чадаагүйгээ тэмдэглээд явдаг. Энэ амар байдаг юм.
-Загвар өмсч, хөтлөгч хийж, кинонд тоглох гээд олон янзын салбарт хүч үзэж байна. Энэ бүхнийг санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд хийдэг үү. Эсвэл зүгээр сонирхол юм уу?
-Урлаг, спорт, илтгэл гээд энэ бүхэн миний хувийн сонирхол. Өөрийгөө олон талаар нээх, хөгжүүлэх гэж хийж байгаа ажил. Авьяасаа нээхийн тулд би зорилготой байх ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд хөдөмлөрлөх хэрэгтэй. Тийм ч учраас би хөдөлмөрлөж байгаа. Агентлаг ажиллуулж, загвар өмсч байгаа нь мэдээж орлогын эх үүсвэр болдог. Би загвар өмсөөд таван жил боллоо. Тодорхой хэмжээнд нэр хүндтэй болчихсон. Нэг сурталчилгаанд тоглоход тодорхой тогтсон ханштай. Хэрвээ тэр ханшид хүрэхгүй бол сурталчилгаанд тоглодоггүй. Тэгэхээр би тогтмол тогтсон ханштай, тогтмол цалинтай гэсэн үг. “Азийн модель” агентлаг хүүхэд, залуучуудын төв. Гэхдээ ашгийн төлөө байгууллага. Би хүүхэд сургасныхаа хариуд үнэ хөлсөө авдаг. Би гүйцэтгэх захирлаа хийгээд, хажуугаар багшилдаг. Тэр утгаараа өндөр цалин авдаг. Энэ надад хангалттай хүрдэг юм.
Н.ПУНЦАГБОЛД

Холбоотой мэдээ
Comments are closed.