antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2016 1 comment

Морь харна аа гэж…

нийтлэсэн Admin
527-14655245751622266_597596713650756_1207839568_n
Нэг онигоорхуу юм санаанд орно. Болсон явдал гэж байгаа. Орос хэлний орчуулагчдын дунд яригддаг. Хуучин нийгмийн үед албан газар байгууллагуудын төлөөллүүд туршлага судлах нэрийдлээр гадагшаа явдаг байв.
Голдуу Зөвлөлт Холбоот Улсад очно. Ийм нэгэн групп (орон нутгийн засаг захиргааны ажилтнууд гэдэг шиг санаж байна) Москва хотын Зөвлөлийн шугамаар туршлага судлахаар явж л дээ. Айлчлалын хүрээнд зөвлөгөөн болж оросууд “туршлага” яриад л, монголчууд анхааралтай сонсоод л, зарим нэг нь зүүрмэглэх янзтай…
Удалгүй манай нэг нөхөр орчуулагчид хандан “Морь хармаар байна” гэж. Нөгөөдөх нь ч уг зөвлөгөөнийг удирдаж байсан Москвагийн түшмэл орос дээр очоод чихэнд нь шивнэж гэнэ. “Монголчууд моринд их хайртай. Хаа явсан газраа морь харах дуртай байдаг” хэмээн мэдэмхийрчээ.
“Тэгвэл чи зохион байгуулаадах. “Зарядье -д” ажиллаж байна уу, “Рижский” дээр байж магадгүй” гэж үүрэгджээ. Орчуулагч “одоохон” гээд гараад явж. Нөгөө “морь харах” гэсэн нөхөр маань ч хавчигнаад л. Нэлээд байж байгаад орчуулагч орж ирснээ ”3а одоо бүгдээрээ гараад автобусандаа суугаарай” гээд монголчуудыг бөөнд нь суулгаж аваад давхиж дээ.
Баахан давхиж давхиж нэгэн ипподром буюу морин тойруулгад ирж орчуулагч нь “за одоо морио харцгаа даа” гэж. Орос монголгүй бөөн инээдэм болсон гэдэг. Манай эрчүүд хөнгөн бие засахаа “морь харна” гэж ярьдаг. Гаднынханд бол содон сонсогдоно.
Хүн бүхэнд тохиолддог наад захын хэрэгцээ. Хүн бүхэн идэж ууснаа шингээж, хэрэггүй болсныг нь гадагшлуулдаг. Эс тэгвээс маш хүнд байдалд орно. Идэхийг бол яаж ийж байгаад болгоноо. Гэртээ иднэ, ресторан, хоолны газар зооглоно. Тэндээ хөнгөрнө, хүндрэх нэг нь тэгээд болоод байдаг. Монголчууд бас “бие засна” хэмээн дэлхийд хосгүй боловсноор хэлдгийг энэ дашрамд тэмдэглэх хэрэгтэй.
Хөдөө бол бүр амар, хязгааргүй сайхан тал нутагт хаана ч “морь харж” болно. Байгаль нь залгиад, шингээчихнэ. Хот, суурин газарт бол асуудал арай өөрөөр тавигдана.
Өдгөө Улаанбаатар маань орон нутгаас нүүж ирэгсдээр дүүрч, энэ нүүдэл хөдөлгөөн улам ихсэж, гудамжаар холхигсод олширч, бүр хэтэрч, өч төчнөөн проблем (асуудал) дагуулж буйг бид бүгд мэдэж байгаа. Үүн дотор энэ “морь харах” явдал гэж нүд хальтирмаар үзэгдэл ихсэж буйг нуух юун.
Хувийн соёлын асуудал яригдах боловч нөгөөтэйгүүр хүний энэ наад захын хэрэгцээг бодолцож тэр шаардлагатай нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой байх. Өөрөөр хэлбэл “00”-ууд буюу хар яриагаар бол “жорлонгуудыг” нь бариад өгөх хэрэгтэй ш дээ. Энэ чиглэлээр юм хийх гэж оролдож л байна.
Гэхдээ тун хангалтгүй. Нөгөө “утаа” арилгана хэмээн үрэн таран хийдэг өч төчнөөн тэрбум төгрегөө ядахнаа үүнд зориулж байсан бол. Тэр мөнгө тэгээд утаандаа уусаад, зарим хэсэг нь “хулгайч” нарын гараар ороод л алга болсон.
Өнгөрсөн зууны 1990-ээд онд урд хөршид Жу Рунжи гэж ёстой жинхэнэ “шинэчлэл”-ийн удирдагч байлаа. Хятадын засгийн газрыг олон жил удирдсан энэ эр олон реформ буюу шинэчлэлийг хийсэн дээ. Одоо нөгөө хятадуудыг олон хоног амраадаг. Эдийн засгийн өнцгөөс тооцсон нь энэ ажгуу.
Олон хоног амарснаар дотоодын жуулчлал “амь орон идэвхжиж” онгоц, гал тэрэг, усан хөлөг гэх мэт тээврийн хэрэгслэлүүд хөдөлгөөнд орж орлого нь нэмэгдэх зэргээр үр ашгаа өгөх ач холбогдолтой.
Тэгээд ч хувь хүмүүс амарсан шиг амарч, хол байдаг ах дүү, хамаатан, амраг садантайгаа олон өдрөөр тухтай уулзаж баярлах зэргийг янзын тооцсон байдаг шүү. Манайд бол нэгээс хоёр өдөр “баярладаг”. Гол төлөв архидаад л өнгөрөөдөг. Өөр яах юм. Хоног өдөртөө хавчигдаад нааш цааш хол ойр явах боломж хомс байдаг юм чинь.
Энэ Жун Рунжигийн бас нэг гайхамшигтай шинэчлэл нь Хятадыг “жорлонжуулсан” явдал юм. Урд хөршийнхөн маань олуулаа, их иднэ. Идэх идэхдээ сайхан иднэ. Ямар сайндаа л “цадсан уу” гэж асууна. Философи нь. Авлигын нэг хэлбэр нь хоолоор дайлах явдал. Тэр нь ч тэгээд гэмт хэрэг гэж тооцогдохгүй шахуу.
За тэгээд идснээ гадагшлуулна. Хятадад бүх юм эргэлтэнд байдаг болохоор үүнийгээ бүр бордоо болгож ашиглана гээч. Хуучин цагт коммунаараа “бие засдаг” заваан жорлонгууд Хятадаар нэг байсныг бид харж л байсан. Жу орчин үеийн цэвэрхэн 00-уудын сүлжээг бий болгосон. Нөгөө “өмхий” хужаа нар чинь шал өөр болж байгааг урагшаа очдог манайхан анзаарч буй.
Зочин гийчинтэйгээ нийлээд хоёр тэрбум шахуу хүний тав тухтай бие засах хэрэгцээг хангаж чадаж байхад бид чадалгүй дээ. Тэгээд ч бид хэдүүлээ билээ? Гудамжинд яваа хүн хаашаа л харна, боловсон жорлон байх ёстой.
Тийм биш учраас л таарсан газраа “морь хараад” байдаг. Хавар дулаарахаар үнэр танар гэж “аймшиг”. Манай хотын буурал дарга соёлтой айлын хүү байна эрх биш бодож байгаа байлгүй дээ. Боловсон жорлонгууд энд тэнд байгуулчихсан цагт гадаа “морь харж” буй этгээдийг бол хатуу торгож байх хэрэгтэй. Тэгсэн цагт болно доо!
“Суултуураа дээш нь босгоод бие засаарай!”, эсвэл “бие засчихаад усаа татахаа бүү мартаарай!” гэсэн бичиг одоо хүртэл байна шүү дээ, та минь! Хэддүгээр зуун ирсэн байгаа билээ. Ичмээр ч дамшиг даа гэх байсан болов уу, Итгэлт баян…
Б.Долгион 
Урлагийн гавьяат зүтгэлтэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЮБИ (June 10, 2016 11:28:52 am )

    ККК

antalya rent a car