Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь Монгол Улс нийгмийн байгууламж, улстөрийн тогтолцоо, эдийн засагтаа цоо шинэ өөрчлөлт хийсэн 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших долоо дахь сонгууль бөгөөд хамгийн сонин гайхалтай нэр дэвшигчдийн дунд тун ч жигтэй өрсөлдөөн өрнөхөөрөө монголчуудын анхаарлыг эрхгүй татаж эхлээд байгаа. Хамгийн сонирхолтой нь хууль тогтоох дээд байгууллагад ямар ч үнээр хамаагүй сонгогдон гарч ирэхийн тулд улстөрийн үзэл баримтлал, үнэт зүйлээ хэд дахин арилжиж, улааныг үзэн урваж, шарыг үзээд шарвасан энэ цагийн Дүлзэнгүүд энд тэндээс олноороо шоволзож, ирэх өдрүүдэд ичиж нэрэлхэлгүй сонгуулийн будлиан хутгахаар ид ажилдаа ороод байгаа.
Тэдний дунд УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Хэнтий аймгийн Засаг дарга асан, Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгч асан, МАХН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга С.Жаргал гэгч нам сэлгэх үндсэн хоббитой, тав дахь удаагаа УИХ-ын сонгуульд тоосоо өргөхөөр гурав дахь улстөрийн намаасаа нэр дэвшчихээд байгаа, ялагдаж хаширдаггүй нэгэн нөхөр цохиж явна.
Мань эрийн нэр дэвшчихээд байгаа Баянзүрх дүүргийн сонгуулийн 49 дүгээр тойрогт эрх баригч АН-аас Эрчим хүчний сайд, далайн чинадын оффшор бүсэд 30 сая ам.доллар аваачиж нуусан гэгдэх Д.Зоригт, МАН-аас гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Монгол төрийн тулхтай, туршлагатай түшээ Завхан аймаг, Отгонтэнгэр Их сургуулиараа овоглогддог Д.Оюунхорол, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас МНН-ын дарга О.Бум-Ялагч нар нэр дэвшээд байгаа. Мэдээж гол өрсөлдөөн эрх баригч АН-ын нэр дэвшигч Д.Зоригт, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын дунд өрнөх нь тодорхой.
Гэлээ гэхдээ Монголын хамгийн том хоёр намын улстөрчдийн өмнөөс МАХН-ынхны онилсон С.Жаргал гэгч эрийг огт анзаарахгүй хаячихаж бас ч арай л болохгүй. Урьд өмнө нь хэдэн ч нам сэлгэж, аль олон удаа үнэт зүйлээ арилжсан ч байсан яах аргагүй өнөөдөртөө Монголын улстөрийн гурав дахь том намаар нэрлэгдэж байгаа МАХН-аас нэр дэвшээд гараад ирсэн тул эрхбиш өнгөрсөн түүхийг нь сонирхох л ёстой. Гэхдээ мань эрийн туулаад ирсэн түүх намтар нь эрхэмсэг, бахархалтай гэхээсээ илүүтэй эргэлзэх, үл итгэх сэтгэгдэл илүүтэй төрүүлээд байгаа нь жаахан тиймхэн. Өнөөдөр МАХН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Жаргал нь төдийлөн олонд танигдаагүй нэгэн бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэвэл дунд насныхан арай л илүү таамаглаж магадгүй. С.Жаргалыг дагалддаг онцгүй тодотгол нь давын өмнө олон нам сэлгэж, цоорч муудсан оймсоо хаяхтай адил хаалгыг нь тас саван гарч ороод байсан нь юм. Тэрбээр энэ хачирхалтай хоббигоо өөрөө тайлбарлахдаа “2000 оны УИХ-ын сонгуульд АН ёстой будаа болтлоо ялагдаж, толгойтой бүхэн АН-аас дүрвэж, сурах нэрээр хилийн чинадыг зорьж байсан хүнд хэцүү цагт нь би айж хулчийлгүй АН-д элсэж байсан. Найман жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч миний хөдөлмөр зүтгэлийг зохих ёсоор үнэлээгүй. Би санаа нийлдэг нөхөдтэйгөө хамт Монгол Улсыг ардчилал, хөгжлийн зөв бодлогоор замнуулах гэж найман жил ажил, амьдралаа зориулсан. Гэтэл яваандаа дэмжих боломжгүй, үзэл бодол таарахгүй зүйл маш олон гарч ирсэн. Тэр нь АН ардчилал гэхээс илүүтэй фракцийн хуваагдалд орж олигархжсан бүлэглэлүүдийн эрхшээлд орсон явдал. Фракц дотроо болоод хоорондоо эрх ашиг, эд хөрөнгөөрөө нэгдсэн бүлэглэлүүдэд хуваагдчихсан. Тиймээс л би АН-аас гарсан” гэсэн байдаг. Мань эр өнгөрсөн хугацаанд АН болон ИЗНН-аас хоёр удаа, бие даан бас л хоёр удаа УИХ-ын сонгуульд хүч үзсэн ч тухай бүрдээ бүдэрсэн байдаг. Түүний дээрх ялагдлууд нь мэдээж улстөрчийн хувьд хат суун төлөвшөөгүй, гуйвж дайвамтгай чанар нь хэнтийчүүдийг үргээж нэрийнх нь өмнөх тоог дугуйлаагүй хэрэг. С.Жаргал хамгийн анх “Нованоолуур” ХХК-ийн захирал байхдаа 2004 оны УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 51 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч сураг нь гараагүй. Дараа нь 2008 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүйд уурсан бухимдаж АН-ын хаалгыг гаднаас нь савж хаячихаад шарандаа Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн ч амжилт олоогүй. АН-д жийгдэж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд онхолдсон уурандаа ИЗНН-ыг бараадсан гавьяагаа хэсэгхэн зуур үнэлүүлж, 2012 онд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хүртэл сонгогдож, тэрүүхэндээ башийж явсан түүх бий. Тийнхүү башийж явахдаа 2012 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас мөн л Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч шальтай санал цуглуулж үнэхээр хүчрээгүй. Энэ ялагдалдаа уурссан С.Жаргал дарга төд удалгүй “Би ИЗНН-ыг дэмжин дотор нь орж үзлээ. Намынх нь удирдлагууд дэвшээд, дэвшээд ард түмнээсээ санал авч чаддаггүй. Намынхаа рейтингээс ч доогуур санал авдаг. Гаднаас дэвшиж, дэмжсэн хэд нь таван хувийн саналыг нь авчраад өгч байхад тэр хүмүүсээ хөөгөөд гаргачихдаг. Эрх мэдэл нь нэг хүний гарт төвлөрчихсөн. С.Оюуны хувьд өнгөрсөн хугацаанд ахынхаа нэрийг ашиглаж улс төрийн карьер хийж, нөгөө талаас Ардын намаас ч дэмжлэг авдаг, АН-аар ч дэмжүүлдэг, ямар үзэл баримтлалтай нь ойлгомжгүй хачирхалтай байдлаар яваад ирсэн. Цаашид иймэрхүү ганц хүний намууд Монголын улстөрд хол явахгүй. Ирээдүй ч байхгүй” гэж хэлээд мөн л хаалгыг нь хэмх савчихаад МАХН-ын дарга Н.Энхбаяр дээр гүйгээд очсон гэж байгаа юм. Мань эр С.Оюунаар жишээ татсаныг нь бодоход “Ганц хүний нам”-д ясны харшилтай бололтой юм билээ. Гэтэл УИХ-ын сонгууль маргааш боллоо гэвэл, хэрвээ Н.Энхбаярыг сонгуульд оролцуулдаг юм гэж бодвол түүнээс өөр ганц ч гишүүн нь ялалт байгуулж, УИХ-д орж ирэх ямар ч найдваргүй, ёстой л “Нэг хүний нам”-д хар эрчээрээ гүйгээд орчихсон байдаг. Ингээд л эрхэм С.Жаргалын ам ажил зөрөлдөөд явчихдаг бололтой юм.
Иймэрхүү базаахгүй түүх намтар дагалдаад байдаг тул өнгөрсөн амьдралынх нь замнал, хувь хүнийх нь төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн улстөр судлаачид “Улстөрчийн хувьд тогтворгүй, үзэл бодол нь холбиромтгой, олон нам дамжсан тун сулхан өрсөлдөгч” гэсэн дүгнэлт өгч, 2016 оны УИХ-ын Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийн гол өрсөлдөөнөөс хасчихаад байгаа нь ч 26-хан хоногийн дараа батлагдах болов уу. Хаа очиж улстөрийн нам дамжих үндсэн хоббитой, холбиромтгой нэгэн гэхэд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаад үзчихсэн, бас ч гэж УИХ-ын гишүүн С.Оюунд наалдаж байгаад ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг хэсэгхэн зуур ч гэсэн өвөртөлж давхисан, өнөөдөр л гэхэд МАХН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга хэмээх сүрхий гуншинтай цохиж яваа нь мань эрийн хувьд боломжийн өндөрлөгт гарчихаад байдаг “Азтай толгой” гэхээс өөрөөр тодорхойлж болохгүй мэт.
Харин хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын чуулганы улаан модон сандал ширээг зайдагнана гэвэл хамгийн эхлээд улстөрчийн ноён нуруу нь намхандана. Цаашлаад үзэл бодол, үнэт зүйлээ хэд ч дахин арилжиж идэх үндсэн хобби нь цээжнийх нь цаана бадамласаар яваа тул адаглаад л “Төрийг тунгалагшуулах” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тунхаглалтай харшлаад явчих нигууртай. Мөн түүнчлэн Монголын төрийг муухай харагдуулах нэгэн эрхмийг УИХ руу илгээж нүгэл хураахгүйгээ Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойргийн сонгогчид эрхбиш мэддэг болчихсон нь түүний хөлийг тушиж таарна.
Ийм л олон хүчин зүйл Хэнтий аймгийн Засаг дарга асан, АН, ИЗНН, МАХН-ыг сэлгэсээр яваа, нам дамжих үндсэн хоббитой С.Жаргалыг энэ удаа ч УИХ-ын сонгуульд “Тун сулхан өрсөлдөгч”-өөр тодруулж, нэг ёсондоо гол өрсөлдөөний гадна үлдээчихээд байгаа юм. Нам сэлгэх үндсэн хоббитой, Хэнтий аймгийн Засаг дарга асан, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч С.Жаргалын тухай товчхон өгүүлэхэд нэг иймэрхүү.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
2 (June 06, 2016 11:28:17 am )
ene ih sulhaan zaluu shde, tsulhiisen bietei sulbaisan bodoltoi er hun dee, jaahan mungu l bgaa, zaa ter n ch tiim ih bishee,
-
Зочин (June 06, 2016 11:35:54 am )
Ийм л нам дамжсан Жаргал мэтийн тэнэг юмнууд их байгаа юм даа.Одоо МАХН бол нам дамжсан тэнэгүүдийн нам гэж хэлж болно.Ганц хүний нам руу тэнэгүүд очдог юм
2 Comments