antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

Утаанаас ЗУГТАЖ урагшаа НҮҮ

нийтлэсэн Admin

Манай ирээдүй үе утаанд өссөн, өсөөгүй гэсэн ангиллаар явах болох нь дээ. Гэр хороололд өссөн, байшинд өссөн гэж ч болно. Шуудхан л хэлье, утаанаас зугтъя гэвэл урагшаа нүү. Наад тал нь Зайсан, цаад тал нь Богд уул руугаа ороод, даваад, за тэгээд цаашаа суурьшихаар. Ингэж л бодож байна. Тэрнээс бид өнөөдрийн энэ байдлаараа бол ойрын 10 жилдээ Улаанбаатарыг утаанаас салахыг үзэхгүй. Энэ 10 жил бол Монголыг авч явах бүхэл бүтэн үе.

Ингэхээр хамгийн ойрхон суурьшиж болж байгаа Зайсан толгой хавийг авч үзье. Зайсан бол дүүрэг болсон. Гоё дүүрэг болсон. Аймгийн төвөөс ч том. Тэнд өнөөдөр юм бүхэн байна. Сургууль соёл, эмнэлэг, супер маркетууд… хүнд хэрэгтэй өөр юу байдаг билээ, үгүй бүр шорон хүртэл тэнд байгаа юм байна. Гэтэл энэ бүхэн бүгдээрээ хууль бус гэж байна. Зайсан толгойн газар бол дархан цаазтай газрын бүсэд багтана. Хуулиараа тэнд зөвхөн аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд тэнд газрын зөвшөөрөл өгнө. Өгсөн ч байгаа. Лавтай 100 гаруй аж ахуй нэгж тэнд ийм чиглэлийн зөвшөөрөл авчээ. Энэ төрийг харсаар байтал эдгээр аж ахуй нэгжүүд тэнд аялал жуулчлал бус шууд орон сууцны том том байшингууд, бүр хорооллын хэмжээнд хүртэл бариад эхэлсэн байна. Хачирхалтай нь хэн ч “Наад байшингаа зогсоо, наана чинь зөвхөн аялал жуулчлалын чиглэлийн байгууламж баригдах ёстой” гэж хэлсэнгүй. Төрийн зүгээс шүү дээ. Байшингуудаа бариад, хорооллууд сүндэрлээд, босоод ирснийх нь дараа харин дарга нар давхиж очив. Төр давхиж очив. Очингуутаа “За та нар хууль зөрчсөн байна торгоно оо” гээд л их хэмжээний мөнгөн төлбөр нэхжээ. Нэхээд л аваад л… Бүгд өгөв, өгсөөр ч байна. Эхний даргын үе халагдахад дараагийн дарга нь давхиж очоод “Мөнгө өг. Хууль зөрчсөн байна, та нар” гэх. Ийм л нэг торгууль нэрээр мөнгө бөөн бөөнөөр авдаг сайхан газартай болов, төрд буй хэсэг бүлэг хүн. Төр ингэж ажилладаг юм болов уу гэж хааяа бодогдох ч үнэндээ авлигажсан төрийн арга заль гэдэг энэ ажээ. Дарамт шахалт, авлигаар гаршсан Монголын төр засгийн бүтцэд өнөөдөр хууль бусаар мөнгө төлдөг Зайсангийн хорооллыг босгосон компаниудыг яамаар ч юм бэ дээ.

Эдгээр компаниуд үнэхээр хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Гэхдээ тэднийг өмөөрөх нэг шалтгаан байна. Тэнд том бүтээн байгуулалт нэгэнт бослоо, оршин тогтнолоо. Хууль зөрчсөн байна гээд Зайсангийн тэр олон уул хяр шиг барилгуудыг нурааж буулгах хэрэг үү. Утаагүй ирээдүй тэнд амьдарч байна. Уул усандаа гэмтэл учруулаад байгаа юм тэнд харагдахгүй байна. Тэнд тийм их төвлөрөл бий боллоо гээд дархан цаазат Богд хан уулын маань аль хэсэгт нь гамшиг болчихов. Харин ч улам сайхан цэцэрлэгжүүлж, өнгө нэмж, өнөөдөр очоод баймаар газар болчихсоныг бид Бурхан багшийн сэрэг дүрийн орчин төдийхнөөс харж болно. Эндээс юу хэлэх вэ гэхээр Богд уулаа алсаас хамгаалах бус ашиглаж хамгаалъя. Гаднаас нь хамгаалах бус дотроос нь хамгаалъя. Ойн сангийн тухай хуульд “Модны захаас 300 метрт аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан. Энэ заалтыг төгөлдөржүүлье. Ерөөсөө Зайсан толгой хавийн газарт хууль эрх зүйн шинэ орчин бий болгоё. Хуулийн дарамтыг арилгая. Ингэхгүй бол төрд буй хэсэг бүлэг авлигачдад ганц саалийн үнээ болсон газар болох нь, хөөрхий Зайсангийн хорооллыг босгож байгуулагсад. Зайсанд зориулсан хууль гаргая л гэж хэлж байгаа юм.

Янзын янзын юм тэнд байнга босдог. Тэр хавийн гэр хорооллын цөөн тооны өрх айлууд байна. Байсхийгээд л бослого тэмцэл өрнүүлж баялаг бүтээгч хэсгээ тэр хавьд очиж дарамталцгаах. Тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ өнөөдрийн нийгэмд нэг л том ангилал бий. Баялаг бүтээдэг хэсэг, баялаг бүтээдэггүй хэсэг гэж. Ардчилсан нийгэмд энэ хоёрын алийг нь үнэлдэг вэ гэхээр мэдээж улс орныг урагш хөтөлж яваа баялаг бүтээдэг хэсгийг. Зайсангийн хорооллыг бүтээсэн аж ахуй нэгжүүд яах аргагүй баялаг бүтээсэн хэсэг. Баригдсан байшин бүр өөрийн үнэт зүйлтэй. Ялангуяа Монголын Нийслэлд. Утааг арилгаж байна, ажлын байр нэмж байна… гээд олон зүйлийг хэлж болно.

Богд уулаа ашиглаж амьдаръя аа гэсэн санаагаа гүйцээе. Олны жишиг байна. Олон улс оронд дархан цаазат уул ус, газар орноо (ялангуяа хот сууриндаа ойр, төвлөрөлдөө дөхүү) дүүрэн ашигладаг. Харуул хамгаалалтын бүтэц нь сайн байдаг. Жишээ нь ууландаа урц отог нэртэйгээр бичил суурингуудыг олноор нь байгуулдаг. Энэ нь өөрөө их хэмжээний ажлын байр, үйлчилгээний бизнесийг тэтгэсэн байх жишээтэй. Нөхөн сэргээлт ч гэдэг юм уу, үржүүлгийн газрууд ч гэх үү байна. Бас дээр нь наад захын уул давуулсан агаарын зам, ус гатлуулсан гүүрэн гарц, бартаа саадыг туулгуулсан маршрут… бүгд хөтчийн багтай хийгээд тэр бүхнийг хянасан бас л нэг бичил суурин тэрүүхэн тэндээ байж байдаг. Нийслэлийнхээ чанх хажууд орших дархан цаазат Богд хан уулаа бид өөрийнх нь өнгө аяс, ая данд нь тааруулан маш өвөрмөцөөр ингэж л ашиглацгаая. Ингэхгүйгээр энэ сайхан хангай чинь шатаад, хулгайлагдаад, худалдагдаад… хуурамч дархан цаазат уул болоод дуусах нь. Энэ сайхан уулаа ийм л байгаасай гэсэндээ хаяанд нь байгаа, олон улсын стандартад нийцсэн байр сууц, орчин нөхцөлтэй Зайсангийн хорооллыг дэмжиж бичлээ. Бас дээр нь бодит амьдрал дээрх үнэнийг бичлээ. Утаанаас улаанбаатарчуудын нэгээхэн хэсгийг ч болтугай холдуулсан, Монголын нэгэн хэсэг ирээдүйг утаагүй орчинд өсөх боломж нь болж өгсөн Зайсанд зориулж хуулийн гаргалгаа гаргаж өгье, Монголын төр. Ингэх нь амьдралын үнэнд нийцэж байна. Хууль зөрчсөн байна гээд Зайсангийн байшингуудыг буулгаж нураах ямар ч боломжгүйг та бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.

П.ХАШЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car