Ингэхэд манай улс сонгуулийн бүхий л системийг туршаад үзчихжээ. Сонгуулийн түүхийг сөхөх аваас 1992оноос хойш нийтдээ зургаан удаа УИХ-ын сонгууль болж. Үүний нэгээс бусдыг мажоритари системээр явуулсан байх юм. Тодруулбал, 1992, 2008, 2012 оны сонгуулийг томсгосон буюу олон мандаттай 26 тойргоор, харин 1996, 2000, 2004 оны сонгуулийг 76 мандат бүхий 76 тойргоор зохион байгуулжээ.
Тиймээс энэ удаагийн сонгуулийг мажоритароор явуулах болсон нь урьд хожид сонсч байгаагүй, учрыг нь үл олох систем биш аж. Харин жижигсэгсэн тухайд анхны тохиолдол юм. Хувилбарын тухайд нийслэл, 21 аймгийг нийтэд нь 76 тойрог болгоод тойрог тус бүр дээр нэг намын нэг нэр дэвшигч бусад намын нэр дэвшигчтэй өрсөлдөнө гэсэн үг. Тиймээс муулахаасаа өмнө сайн талыг нь эхлээд өгүүлье.
Сонгуульд ялалт байгуулах аваас тухайн намын нэг л нэр дэвшигч эсвэл бие даагч ялсан нь тодорхой болно. Өмнөх шиг нэг намын нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөн нэгийгээ татаж унагадаг байсан алдаа давтагдахгүй. Үүнээс гадна нэр дэвшигчийн хувь хүний нэр хүнд, хүчин чармайлт юу юунаас илүү чухал. Сонгогч тэр талыг нь илүүтэй үнэлнэ гэсэн үг. Тиймээс нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Намууд ч ялгаагүй. Намууд нэг талаас мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийн хамт нэр дэвшигчид нь баг болж ажиллах сайн талтай. Харин сонгогчдын тухайд нэр дэвшигч болон намыг үнэлж, сонголтоо өөрийнхөөрөө хийх боломж бүрдэхээс гадна хувь хүнийг шууд сонгох нийгмийн сэтгэл зүй болон улс төрийн намуудын төлөвшилд тэр хэрээр хэрэгтэй байж мэднэ. Тэгэхээр эрхэм сонгогч та УИХ-д 76 шөрмөстэй 76 гишүүн гарч ирэх нь гээд ойлгочиход гэмгүй бололтой. Сул талын тухайд, эхлээд нийтлэлч Баабар юу олж харсныг өгүүлье.
Тэрбээр нам дамнаж хуйвалдах боломж хаагдах ч нэр дэвшигчид тавих босго дэндүү нам учраас тухайн тойрогт бусдаасаа нэг л санал илүү авсан нь бусдыгаа хөмөрч орхих юм байна. Энэ нь сонгогчийн 75 хувь УИХ-д төлөөлөлгүй болно гэсэн үг аж. Бас нэг сөрөг үр дагавар гэвэл, нөгөө тал нь дотроо хуваагдах аваас хуваагдаагүй тал нь бүх суудлыг авах аж.
Жишээ нь 2000 оны УИХ-ын сонгуульд хоёр нам 50:50 хувийн санал авсан ч ардчиллынхан дотроо хуваагдсанаас Ху нам олонхи болж байсан юм. Ер нь мажоритар нь улстөрийн хоёр хүчинд л ашиг тусаа өгөх систем аж. Тиймээс жижиг намууд хийгээд бие даагчдын хувьд шулуухан хэлэхэд, горьдлого тээх хэрэггүй бололтой.
Тойрог жижиг үү, том уу гэх асуудлыг ярьж байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бодитоор аваад үзвэл, жижиг 76 тойрог гэдэг чинь 5000 хүнээс сонгогдох, танил буюу хамаатан нараасаа сонгогдох боломжтой гэсэн үг. Жишээ нь, Дорнод аймагт Х.Болорчулуун, Н.Номтойбаяр хоёрын компаниуд 3000 ажилтантай. Тэд өөрсдийнхөө 3000 хүнээр санал өгүүлээд гарах нь байна. Энэ чинь Монголын ард түмний төлөөлөл мөн үү. Тиймээс би жижигрүүлсэн тойрог хэрэггүй байсан гэж хэлмээр байна гэсэн бол Ц.Оюунгэрэл гишүүн “Энэ сонгууль эмэгтэйчүүдэд хатуу сонгууль болох нь гэж харагдаж байна. Жижиг тойргоор сонгууль явбал улсын бодлого гэхээс илүү орон нутгийн бодлого түлхүү яригдана. Улсын төсөв 76 тийш чангаагдана. Эмэгтэй, эрэгтэй гишүүдийн харьцааг сонгогчид мэдэрч, сонгож чаддаггүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан нь бас мажоритар системийн бас нэг муутал нь байх бололтой. Энэ системийг сонгосон нь зөв үү, алдаа болов уу гэдгийг шинэ парламент дахь улс төрийн хүчний харьцаанаас харагдах л үлдлээ.
Ч.Чулуун
2 Comments