Зика вирус өмнө нь тооцоолж байснаас ч илүү аюултай болохыг Бразилийн эрдэмтэд баталж байна. Шинжээчдийн мэдээлснээр уг вирус нь нярай хүүхдийг бичил тархины хам шинжтэй болгоод зогсохгүй халдвар авсан хүнд мэдрэлийн ноцтой эмгэг үүсгэдэг гэнэ.
Бразилийн мэдрэлийн эмч Ренато Сагийн хэлснээр мэдрэлийн системд вирусын сөрөг нөлөө удаан хугацааны турш ажиглагдахгүй нууц хэвээр оршдог байна. Ийм шинж вирусын халдвар авсан таван эмэгтэй тутмын нэгд үлддэг аж. Тэгэхээр олон эмэгтэй өөрийгөө Зика вирустэй гэдгээ мэдэлгүй амьдардаг гэсэн үг. Хаврын улиралд дэлхий даяар энэхүү аюулт вирус тархах үзэгдэл улам нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ. Дөрөвдүгээр сарын эцсээр нийтэлсэн нэгэн судалгаанд Зика вирус Австралийн хойд хэсгээс Өмнөд Ази хүртэл, Баруун, Өмнөд Африкийн бүх хэсэгт, түүнчлэн Өмнөд, Хойд Америкийн ихэнх нутгаар, АНУ-ын эргээр тархах магадлалтай болжээ. Зикагийн тахал гарах магадлалтай эдгээр бүсэд 2.2 тэрбум хүн аж төрдөг юм. Үүнээс гадна ДЭМБ-ын мэдээлснээр 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 20 хүртэлх сүүлийн есөн жилийн хугацаанд энэ вирус дэлхийн 66 оронд тархжээ. Ингэхдээ найман оронд хүнээс хүнд бэлгийн замаар халдварласан байна. Энэ улсын тоонд АНУ, Чили, Итали, Шинэ Зеланд, Аргентин, Франц, Перу, Португаль орсон аж.
Хүүхдэд бичил тархины хам шинжээс ч өөр аюул учруулдаг
Освальд Крузын нэрэмжит Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн флавивирусын лабораторийн удирдагч Ана Мария Биспогийн мэдээлснээр эрдэмтэд Зика вирусыг судалж дуустал нэлээд цаг хугацаа зарцуулах шаардлагатай гэнэ. Тус хүрээлэнгийн судлаачид хиймэл мини тархинд судалгаа хийсний үндсэн дээр Зика вирустэй эхээс төрсөн хүүхдүүд зөвхөн бичил тархины хам шинжтэй болоод зогсохгүй харааны гажиг зэрэг өөр олон өвчин тусах эрсдэлтэй болохыг тогтоожээ. Ана Мария Биспо бол Зика вирусыг ургийн усанд нэвтрэх чадвартай, энэ нь бичил тархины хам шинж үүсгэхэд нөлөөлдөг болохыг судалсан анхны эрдэмтэн юм. Гэхдээ Зика вирусээр халдварласан эхээс төрсөн бүх хүүхэд ийм хам шинжтэй болдоггүй хэмээн тэрбээр баталж байна. Тиймээс ямар тохиолдолд бичил тархины хам шинжтэй хүүхэд төрдөг, аль тохиолдолд үгүй болохыг судлах шаардлагатай гэж энэ эрдэмтэн үзжээ. Бичил тархины хам шинж гэдэг нь гавлын яс, тархины дутуу хөгжлөөс болж оюуны хомсдолтой, мэдрэлийн сааталтай болох үзэгдэл юм.
Өмнөд Солонгос тамирчдадаа анхаарна
Энэ жил зуны Олимпийн наадам зохиогдох Бразил улсад Зика вирусын тархалт маш өндөр байгаа. Сүүлийн хоёр сарын хугацаанд л гэхэд тус улсад 90 гаруй мянган хүн Зика вирусын халдвартай хэмээн сэжиглэгджээ. Ялангуяа Олимпийн наадам зохиогдох Рио-де-Жанейро мужид 26 мянга орчим сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын засаг захиргаанаас Риогийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдадаа шумуулд хазуулахаас сэргийлсэн хувцас зориулан бүтээжээ.
Тус улсын Үндэсний олимпийн хорооны мэдээлснээр тамирчдын оройн ёслол, Олимпийн тосгонд өмсөх хувцас нь урт ханцуйтай, зузаан өмдтэй, тусгай химийн найрлагатай байх гэнэ. Дашрамд дурдахад Өмнөд Солонгост Зика вирусын халдвар авсан 18 хүн бүртгэгдээд байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
MGL (May 03, 2016 8:57:12 am )
Энэ аюултай вирус РИО-н олимпад манайхан оролцох хэрэг байна уу
-
Anonymous (May 03, 2016 10:11:01 am )
харин тиймээ, за тэгээд ирээд бэлгийн замаар халдварлагдаад аюул болно…
-
НАМ шүтдэг сонгогчийн нэг (May 03, 2016 1:12:05 pm )
Тамирчид минь бэлэг битгий аваарай, бэлгийн замаар халдварладаг гэж байна шүү. Гаалийнхан нисэх дээр бэлэг авч уу үгүй юу сайн шалгаж оруулаарай, янз бүрийн алт, мөнгөн медаль авна гээд явж байгаа дуулдсан шүү тэ
-
-
3 Comments