Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама,Сирид цэрэг нэмж илгээх шийдвэрээ зарласны дараа тус улсын шинжээчид Ирак, Сири дэх “Исламын улс” гэх хэт даврагчдын бүлэглэлтэй явуулах тэмцлийн зэвсгийн нөөцийг хуримтлуулахад нэмэлт хэдэн тэрбумын зардал хэрэгтэй боллоо хэмээн үзжээ.
“Бидэнд байсан нөөц бараг бүгд шавхагдсан. Цэргийг бэлтгэх шаардлагтай” гэж Jefferies & Co. компанийн шинжээч Говард Рубель ярив.
Raytheon, Lockheed Martin, Boeing зэрэг цэргийн төхөөрөмж нийлүүлэх гол компаниуд ирэх жилийн дотор асар их ашиг гаргах бололтой. Арми пуужин, бөмбөг, сум болон тэсрэх бодисын нөөцөө базаах аж. Батлан хамгаалахын олон компаниуд энэ долоо хоногт нэгдүгээр улирлын тайлангаа гаргана. Мөн тэдний илтгэлд энэ салбарын чиг хандлагын шинэ дүгнэлтийг хийх ёстой.
Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар, “Исламын улс” бүлэглэлтэй бараг хоёр жил тэмцэхдээ АНУ-ын нисэх хүчин Ирак, Сиридэх террористуудад 8825 цохилт өгсөн, холбоотнууд нь 2714 удаа агаарын довтолгоон хийснийг Пентагон мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар, тэдний ажиллагааны нийт зардал нь долоон тэрбум буюу хоногт 11.6 сая ам. доллар болж байна. Ойролцоогоор өдөр тутмын зардлын 70 хувь нь нисэх хүчинд ноогдож буй ажээ.
Sterne Agee CRT төвийн шинжээч Питер Армент, цэргийн хангамжийн зарлага өндөр байна гэж хэлэв. Зэр зэвсэг нэн ялангуяа пуужингийн нөөцийн эрэлт өндөр хэмжээнд байгаа гэнэ. “2014 оны наймдугаар сараас хойш 22700 бөмбөг, пуужин хэрэглэн Нисэх хүчин нөөцөө эрчимтэй бууруулсан” хэмээн тэрбээр тайлбарлав.
Пентагон 2017 оны цэргийн төсөвтөө 582.7 тэрбум ам. доллар хүссэн байгаагийн дотор Ирак, Сирид террористуудын эсрэг явуулж байгаа “Operation Inherent Resolve” ажиллагаандаа 7.5 тэрбум ам. доллар төлөвлөжээ. Ирэх санхүүгийн жилийн төсөвт 13.9 тэрбум ам. долларыг пуужин, сум хэрэгсэлд гаргах бөгөөд тэр нь өмнөх жилийнхээс 17 хувиар их байна. Төсвийн хүсэлтдээ арми,Boeing компанийн JDAM цогцолбороос Lockheed компанийн Hellfire пуужин, Raytheon компанийн далавчид пуужин Tomahawk хүртэл янз бүрийн төхөөрөмжийг авахаар тусгажээ. Батлан хамгаалах яам нь жилдээ JDAM цогцолборыг 36 500 хүртэл, Hellfire пуужинг дараагийн санхүүгийн жилд20%-иар нэмэгдүүлэх юм. Жижиг калибрийн бөмбөг (Small Diameter Bomb) ба Boeing, Raytheon компаниудын агаар-газар ангиллын нарийн тусгалын системийг нэмэгдүүлэхээр төсөвт суулгаж өгсөн байна. Эдгээр компаниуд зэвсэглэлийн ангиллаас үл хамааран өөрийн армиас гадна гадаадын захиалагч нарт зэр зэвсэг худалддаг.
Boeing-ийн JDAM системийн үйлдвэрлэл өнгөрсөн оны долдугаар сараас хойш гадаад, дотоодын эрэлтийг хангахын тулд бараг 80 хувиар нэмэгджээ. Зохих гэрээ байгуулагдсан нөхцөлд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтойг компани хэлж байгаа. JDAM системийн үйлдвэрлэлд Honeywell, Rockwell Collins, Textron, Lockheed Martin компаниуд эд ангийг нь нийлүүлдэг.
“Boeing ямар ч зэвсэглэлийн үйлдвэрлэлтийг захиалагч нарын хүссэн хэмжээнд биелүүлэхэд бэлэн” хэмээн Boeing-ийн мэдэгдэлд өгүүлжээ. Boeing энэ долоо хоногт 2016 оны нэгдүгээр улирлын тайлангаа тавих юм. Гэхдээ тайланд иргэний агаарын тээврийн үйлдвэрлэлдээ хохиролтой байснаа дурьдах байх. Харин компанийн цэргийн салбар нь нэгүгээр улиралд худалдаагаа нэмэгдүүлж чадсанаа тайлбарлана гэсэн хүлээлттэй байгаа.
Lockheed компани үйл ажиллагааныхаа тайланг гаргасан бөгөөд хувьцааны үнэ нь 2%-иар нэмэгдсэн байна. Ашиг нь 16 хувиар өссөний дотор компанийн нисэхийн салбарт хамгийн өндөр үзүүлэлттэй байсан юм. Missiles and Fire Control салбар нь бараг 4 хувийн өсөлтийг харуулжээ. Өнгөрсөн долоо хоногт тус компани нисэх хүчний нарийн тусгалын JASSM гэх далавчит пуужингийн захиалгын 117 сая долларын гэрээг байгуулж амжлаа.
Northrop Grumman гэх бас нэг томоохон үйлдвэрлэгч I улирлын тайлангаа тавина. Орлого нь хэвээр харин ашиг нь гурван хувиар өсөх хандлагатай байгаа ажээ.Raytheon ирэх пүрэв гарагт тайлагнан Ойрхи Дорнодод гаргасан цэргийн зарлагаа зарлана.
Өнгөрсөн долоо хоног батлан хамгаалах зардлын баталгаат зарлагын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан баримтдаа АНУ-ын Конгрессын Нисэх хүчний асуудлын дэд хороо зэвсэгт хүчний ерөнхий байдлыг сануулан F-22 сөнөөгч онгоцны үйлдвэрлэлийг сэргээх боломжийг өгүүлсэн байна. Lockheed компани уг онгоцны үйлдвэрлэлийг 2009 онд зогсоосон байжээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.