antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2016 5 comments

Хүн анх үүссэн домогт газар нутгаар

нийтлэсэн Admin
Монгол оронд хүн анх үүссэн хэмээн домоглодог хэд хэдэн газар орон байх ч өнөө хэр нотлогдоогүй билээ. Манай орны хувьд ихэнхдээ говийн газар нутгаар монгол хүн анх үүссэн гэсэн яриа зонхилдог нь үнэндээ дулаан уур амьсгалтай газар л хүн үүссэн байж таарна гэсэн ерөнхий таамаглалтай энэ нь холбоотой гэж хэлж болно.
Баруун Алтай буюу Соёоны их уулсын салбарт багтах Түргэний гол эхэндээ Буурлын ам, Түргэн, Живэрт гэсэн уулын гурван амнаас, тэр дундаа мөнх цаст Дэглий цагаан уулнаас эх аван урсдаг ч Дэлгэрмөрөний бэлчирт дээрх гурван гол нийлж нэгдэн тэр хэсгээрээ нэг км орчим өргөн сайр үүсгэн доошоогоо Увс нуурыг чиглэн хөвөлзөн хөвхөлзөн урсах бөлгөө.
Энэ голоор үертэй үед хэр баргийн юм гарахгүй. Бүр өнөө цагийн техник ч ялгаагүй. Өмнөх нийгмийн үед голын усанд сууж хоносон цоо шинэ гуч машиныг маргааш нь татаж гаргахаар ирэхэд зөвхөн рам төмөр л үлдэж бусад нь урсаж одсон байсан гэдэг. Голын хүчтэй урсгал эрэг боолтыг хүртэл тайлаад урсгачихдаг ажээ. Эндээс энэ голын урсгал хэр хүчтэй болох нь анзаарагдана. Үерлэсэн үед голын усаар том жижиг чулуу тасралтгүй хүржигнэн урсах бөгөөд тэдгээрийн хоорондоо хавирах, харших чимээ тун ч тод сонсогдоно. Үертэй байхад гол гатлах гэж яарсан хэд хэдэн морьтой хүн осолдож амь насаа алдсан түүхтэй. Энэ нутгийн шүтээн болсон мөнх цаст Дэглий цагаан ууланд авирч байгаад нэгэн уулчин эмэгтэй осолдож голын усаар хорин хэдэн км урсахдаа ямар ч хувцасгүй гарч ирсэн гэдэг. Голын хүчтэй урсгал бүх хувцсыг нь тайлаад хаячихсан хэрэг.
Голын ус үерлэхдээ сонин ааш гаргана. Бороо орж буй үед хэдэн өдөр үргэлжилсэн ч усны төвшин төдийлөн нэмэгдэхгүй хэрнээ бороо зогсон нар гармагц усны өнгө дороо хувиран түвшин нь огцом нэмэгдэнэ. Үерлэсэн үедээ голын шуугиан ихэд алсаас хүчтэй сонсогдоно. Энд голын уснаас гадна эргэн тойрны уулын ам, судаг, жалга, ганга бүрээс үерийн ус шуугин орж ирж, замдаа таарсан болгоныг урсгаж энэ голтой нийлдэг бөлгөө. Уулын хүчит урсгал бүхий энэхүү голоор, ялангуяа үертэй үед гаталж болдогтүй шалтгаан гэвэл голын төв хэсгээрээ тасралтгүй гүрвэлзэн урсах элсэнд шигдэхээс гадна хамгийн гол нь голын хүчтэй урсгал дунд хэсэгтээ ямар ч машины моторыг хүчтэй цохиод унтраачихдаг явдал юм. Түргэний голыг ийнхүү тодотгосны учир гэвэл энэхүү газар нутгийн домогтой холбоотой.
Уулын түргэн урсгалт голынхоо нэрээр нэрлэгдсэн Түргэн сумын өрлөг их уулс нь үнэхээр сонин өвөрмөц тогтоцтой, онгон дагшин газар нутаг билээ. Өнөөдрийг хүртэл хүний мөр гараагүй газар орон байдаг гээд бодохоор ямархан онгон дагшин гэдэг нь анзаарагдана. Бүхэлдээ уулсын орон болохоороо явах газар давчуу, хад чулуу ихтэй уулын ам, бэл олонтой. Зорьсон ямар ч газар руу морин жимээр дөтөлнө. Хэдэн зуун жил хүн мал энэ замаар зорчсон юм бүү мэд. Эдгээр газар орныг холбосон явган жим зурайна. Зарим газраа мал, амьтны хөлөөр элэгдэж, төө өнгөрүү гүнзгий жим гарсан байх нь олон. Нил хад чулуун дундуур хүртэл ийм жим тод гарсан байх нь сонин. Уулс нь хоорондоо ойрхон бөгөөд бүгд эрс, их цавчим тул хэр баргийн хүн амьтан зорчиж чадахгүй. Товчхондоо оройд нь гарах нь бүү хэл, өлийж харахад нүд эцэж, сэтгэл чилэм сүрглэг том уулс олон билээ. Бас нэг онцлог нь эдгээр уулс нь бүгд шахуу гурвалжин хэлбэртэй буюу байгалиасаа пирамид хэлбэртэй байдаг нь сонин.
Нутгийн хүмүүс энэхүү ариун их уулсаа шүтэн дээдэлж, хэр баргийн ууланд гараад байхгүй, мэддэг чаддаг нь гарах юм байгаа биз хэмээн ихэд сүжиглэнэ. Тус сумын нэгдүгээр багийн төв орших Дэлгэрмөрөн, Бумбатын амны чанх урд нь тавын таван гурвалжин уул гараасаа хөтлөлцөх мэт зэрэгцэн орших бөгөөд нүүр хэсэг нь яг таллаад, дундуур нь зүсчихсэн юм шиг тэгшхэн нь нэн сонин.
Саявтархан тус нутгийн мөнх тэнгэрийн улаач, мөнх тэнгэрийн зарлиг өртөөлөгч, эрт цагийн нууц товчоог эдүгээ цагийн ил товчоонд хөрвүүлэгч, Монголын эртний гүн ухааныг тайлбарлан бичигч И.Эрдэнэчимэг гэгч бүсгүй эго сумын нутагт Мөнх тэнгэрийн хүч байнга оршиж байдаг тухай нийтэд мэдэгдэхүй. Сонин юм шүү. Мөнх тэнгэрийн хүчин дор, аугаа их суу залийн ивээл дор хэмээх өвөг дээдсийн зарлиг, сургаалыг сонсож байсан болохоос мөнх тэнгэрийн хүч, тэгэхдээ байнга оршдог газар нутгийг өнөөдрийг хүртэл сонсож байсангүй.
Цаг нь болохоор аугаа нууц аяндаа илэрдэг юм болов уу. Энэ мэдээллийг нотлох мэт энэ газрын зарим уул усны нэр тодорч байх шиг. Монгол орны газрын зураг дээр нэр нь одоо ч бичээстэй байгаа Хасны шил хэмээх өвдөр шил газар санаанд бууж байна. Хасаар монголчууд энергийг, тэр тусмаа дээд хүчний энергийг төлөөлүүлж ойлгодог билээ. Тэгвэл энэ газрын нэр зүгээр ч нэг нэр биш бололтой.
Монголчууд хас эргэнэ гэж ярьдаг. Бас эр эм хас ч гэж ярина. Тэгэхээр энэ газар нь хас оршдог газар болж таарлаа. Хааны хасбуу тамга гэдэг нь дээд тэнгэрийн хүчийг бэлгэддэг гэдэг нь тодорхой. Мөн Гэгээ татдагийн орой хэмээх нэртэй газар бас байна. Тас харанхуй шөнө энэхүү уулын оройгоор гэрэлтэж харагдаад байдаг нь бас л сонин. Бодвол мөнөөх хас буюу мөнх тэнгэрийн хүч оршдог юм болов уу? Өөр ямар шалтгаанаар гэрэлтэнэ гэж? Нутгийн хүмүүс юуг нь ч үл мэдэх тул ийнхүү нэрлэсэн биз. Дээрх хоёр жишээ нь энэ нутагт байх газар оронтой холбоотой наад захын жишээ. Түүнээс бус яг энд хас оршиж байна хэмээн нотолж буй хэрэг огтхон ч биш билээ.  Энэхүү ариун дагшин газар нуггийн чухам алинд нь буйг хэн мэдлээ. Бүгдэд нь оршдог ч юм бил үү?
ОХУ-д инженер, механик, газар зүйн мэргэжил эзэмшсэн, өнөө цагийн бэхи болох энэ бүсгүй ер бусын энэ онгон ариун дагшин газар нутаг бас байгалийн давтагдашгүй цайз үүсгэн бүрэлдсэнийг, мөн энэ газар нутаг нь дэлхийн дотоод цөмтэй нэгэн босоо шугамд холбогдсоныг, дэлхийн эрдэмтдийн аль хэдийнэ амьсгаа тасарсан гэж үздэг астрономын хувьсал дотуур амьсгаатай үлдсэн болохыг тодорхойлжээ. Тэрээр бас энэ газарт астрономын хувьсал төвлөн явагдах боломжтойг илэрхийлж, энэхүү газрын дээрх байршил Төв Азийн ариун голомтын төв доорхи байршилтай дэлхийн дотоод цөм давхцан оршиж буйг тэмдэглэн Төв Азийн ариун голомт газар орон мөн гэдгийг баталжээ.
Энэхүү ариун голомт хэмээх ойлголт нь шинжлэх ухаанд дэлхий дээр амьдрал үүсэн бүрэлдсэн тухай ойлшлтыг ихээхэн түгээмэл илэрхийлдэг гэдгийг тодруулж өгсөн нь чухал ач холбогдолтой юм. Юу гэвэл энэхүү бүс нутаг жирийн нэг газар орон бус Төв Азийн ариун голомт нугаг болохыг тодорхойлсон хэрэг. Дээрх нээлтийг нотлох гэсэн мэт нутгийн хүмүүсийн ярих яриа бас нэгийг бодогдуулна.
Энэ нь олон арван жил зусч, өвөлждөг байсан Живэртийн амны арын уулнаас шөнө дөлөөр хааяа гал улалзан гарах болсон тухай хийгээд Суугийн шил хэмээх цуутай ууланд хүн мэт ургаар санаа алдан гүнзгий амьсгаа авдаг газар байгаа тухай нутгийн хүмүүсийн өгүүлэх яриа юм. Энэ бүхэн мэдээж хэрэг итгэхэд бэрх ч гэлээ, яах аргагүй онцгой газар орон гэдэг нь харагдана.
Монгол орны ариун дагшин өлгий нутаг Монгол орныхоо баруун хойморыг эзлэнхэн оршдог энэхүү ер бусын ариун дагшин газар нутаг Түргэн, Хархираа хоёр голын хооронд мөнх цаст Дэглий цагаан уупын ай савд оршдог бөгөөд товчдоо Увсын “Швецарь” гэж хэлж болно. Уулын ийм өөр газар орон Увсад байгугай улсад ч байхгүй юм. Нутгийн нэгэн зохиолч энэ газар оршдог дөрвөдүүдийн тухай өгүүлэхдээ, ”дүр нь сүртэй харлагууд, дөрлүүлж үзээгүй сарлагууд, ууланд идээшсэн зэрлэгүүд, дуунд дуртай ардууд, цагийн аясыг сөрж, тэнгэрийн төрхөө өөрчлөөгүй, дархан ааваас удамтай, дарь эх ээжээс үүсэлтэй, юүдэн малгайтай иргэд, юүлд атгасан эрчүүд” хэмээн бичсэн нь /Ж.Эрдэнэ-Очир/ нутгийн иргэдийн дүр төрхийг товч тодорхой илэрхийлсэн мэт.
Энэ газрын ан амьтан, ургамал ус нь ч онцгой. Байгалийн цайз мэт орших энэ бүс нутагт хуран цуглаагүй ан амьтан гэж үгүй. Зуны сард чухамдаа цэцэг ургамал нь өнгө алаглан байх бол уулсад нь Монгол орны ховор ан амьтад болох аргаль, янгир, буга согоо, үнэг чоно, тарвага зурам, ирвэс, бор туулай, зэрлэг гахай, ятуу, сойр, хойлог шувууд бүгд байна.
Уулсад нь зэрлэг сонгино, арц, жимс элбэг. Уулын бэл газраа усны шувууд уяхан дуут хөхөө, өвөөлж ойн дууч бяцхан шувуудаас гадна хярс мануул, хүрэн, үен, хэрэм, жирх ой дотроо зүр гур гээд бүхий л амьтан цутасан байх нь нэн сонин. Энэ бүхэн аргагүй л сонин содон ер бусын ариун дагшин газар нутаг мөн болохыг нь харуупах мэт. Байгалийн баялгийн хувьд ховор юмс дуулдана. Энэхүү газар орон нутгийн ард иргэдийн дуулдагчлан “Алтаар бүрдсэн шороогой, рашаанаар бүрдсэн устай, эмээр бүрдсэн ургамалтай, эрдэнээр бүрдсэн хөрстэй…” байгалийн онгон дагшин байдлаараа дахин давтагдашгүй, гайхамшигт төрх бүтцээрээ эх дэлхийд бага дэлхий болон тэмдэглэгдэх газар нутаг болой.
Энэ газар орныг Монгол Улс аль эрт дархан цаазат газар болгон хамгаалалтад авсан бөгөөд НҮБ-ээс энэ газрыг байгалийн эко системийн гайхамшигт цугпуулга, шигтээ мэт шинжлэх ухааны судалгаанд ач холбогдолтой нутаг хэмээн дэлхий дахиныг хамарсан өөрчлөлтүүдийг судлахаар “дэлхийн гайхамшигг үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өвд тооцон бүртгэн авчээ. Тэгвэл энэхүү газар нутагтай холбогдон гарч ирж буй нэн сонирхолтой баримт гэвэл Түргэний голыг эрт цагт Эргүнэ гол хэмээн нэрлэдэг байсан тухай мэдээ юм. Энэ түүхийг геологийн ухааны доктор, цагтаа АНУ-аас гаргадаг “Дэлхийн шилдэг 100 геологич” номын 20-д бичигдэж байсан ахмад геологич Н.Амитан өгүүлэв. Тэрээр Түргэний голыг бүр дээр үед Эргүнэ гол гэж нэрлэж байсныг баттай нотолно гээд одоо тэр нэрнээс үлдсэн Гүнгэ хэмээх газар буйг дурьдав.
Манай эрдэмтэн судлаачид Амударьяа мөрний эхэнд байх Аргуна голыг эргүнэ гол хэмээн үздэг байсан нь биш юм байна лээ гээд энэхүү баримтыг шинжлэх ухааны үүднээс батална хэмээн өгүүлж билээ.
Хэрвээ Түргэний гол Эргүнэ гол мөн бол Эргүнэ голоос монгол хүн үүссэн гэдэг домгийг хүмүүс сонссон байх. Гэтэл энэ суманд ч адил домог бас байх юм. Тэр нь эрт дээр үед энэ дэлхийд асар их усан галав бүрхэж, түүнээс энэ уулсад ердөө ганц эмэгтэй, нэг ямаа хоёр л үлдэж хоцорсон бөгөөд тэр эмэгтэйгээс хүн, малаас нь мал үүссэн юм гэнэ лээ гэсэн домгийг ээж нь хүүдээ багад нь ярьж өгдөг байжээ. Эргүнэ голын өөрийнх нь домог ч ерөнхийдөө таардаг нь сонин.
Ер нь бол энэ газар оронтой бүхий л юм, түүний дотор домог яриа хүртэл таараад байгаа нь их сонин. Энэ сумын ноён оргил болох хир үл халдам Цастын цагаан уул нь далайн түвшэнээс дээш 4250 м-ийн өндөрт оршдог бөгөөд эдүгээ хүртэл нууцлагдмал байх энэхүү цаст уулын домог бас их сонин. Юу гэвэл тэнгэрийн хааны гурван гүнж хун шувууны дүрээр энэ ариун онгон дагшин газар нутагт хааяа ирж амарч зугаацдаг байсан гэх бөгөөд нэг удаа хамгийн бага гүнж нь гэнэ алдаж тэнгэргээ буцаж чадахгүйд хүрч энэ газарт үүрд үлдэхээр болсон бөгөөд түүнд нутгийн нэгэн залуу дурлаж хамтарч амьдрах болсноос энэхүү цаст уулыг гүнжийн цагаан уул хэмээн нэрлэсэн гэдэг домог юм.
Нээрээ ч энэ уулыг 1962 онд анх уулчид авирч цагаан дэглий шиг уул байна даа хэмээн хэлснээс үүдэн ийн нэрлэх болсон аж. Товчхондоо ардын хувьсгалаас өмнө Гүнжийн цагаан уул хэмээх нэртэй байжээ. Энэ домог мөн л хүний анхны үүсэл гаралтай холбогдож байгаа нь сонирхолтой. Ингээд бодохоор энэхүү ер бусын онцгой содон газар нутаг ариун голомт нутаг болохоор тийм юмсан уу, аргагүй л хүн анх үүссэн өлгий нутаг болох нь байгапь орчин, геологийн түүх домог, бодит байдал талаасаа нотлогдох шиг ээ.
Эдгээр домог түүхтэй холбон төгсгөлд нэмж өгүүлэхэд, “Монголын нууц товчоо”-нд гардаг Өүлэн эх нь яах аргагүй энэ газраас Бурхан халдун уулнаа очсон гэдэг бөгөөд мөн энэхүү эх сурвалж дахь Хүрэлх доторхи Хар зүрхний хөх нуур, Дэлүүн болдог ч, Сэнгүр горхи ч энэ газарт бас байгааг юу гэж үзвэл зохих вэ? Дашрамд өгүүлэхэд Сэнгүр горхи гэдэг нь сэрүүн горхи гэсэн Дорно Дахины ойлголт ажээ. Төв Ази дахь энэхүү ариун голомт нутаг газарзүйн байрлалын хувьд Евроазийн төв хэсэгт байрлаж Азийн Хүннүгийн дэвсэг дээр төвлөн оршдог онцлогтой ажээ. Өөрөөр хэлбэл Төв Азийн энэ голомт нутаг бидний өвөг дээдсийн амьдарч байсан Хүннүгийн дэвсэг дээр 850 сая жилийн өмнө бий болжээ.
Эрэн үе дамжсан энгүй их түүх домог минь, эдүгээ цагийн бидэнд ил болохуй шашдир минь ээ. Өнөө цагийн шинжлэх ухаан бус өнө эртний гүн ухаан, оршин суугаа ард иргэдийн үг ярианаас монгол хүн анх үүссэн / магадгүй дэлхийн хүн ч үүссэн байж мэдэх/ түүхийг нотлох мэт ээ. Энэ өвөрмөц гол Эх гол, Их гол, Тэргүнэ гол, Түргэн гол хэмээн эрэн цаг дамжин нэрлэгдэж ирсэн биз ээ. Эрт цагийн Эргүнэ гол минь, эдүгээ цагийн Түргэн гол мину.
Харин өнөө бэхи номдоо Төв Азийн ариун голомт нутаг нь Есүхэйн Тэмүжин Чингисийн болон тэдний өвөг дээдсийн уугуул нутаг мөн бөгөөд чандмань гурван эрдэнийн орон мөн тул тус нутагт ариун гал, ариун газар, ариун ус оршин байдгаараа ертөнцийн дөрвөн зүгт өөрийн ариун байдлыг хадгалан байж амьдралыг эхлүүлсэн түүхтэй хэмээн өгүүлсэн байх нь харагдана.
Судлаач, сэтгүүлч Д.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • геологич (April 21, 2016 5:08:43 pm )

    Зөв судалгаа шинжилгээ болсон байна.
    Тийм ул мөр байж болох өөр олон уул ус, үлгэр домог, хууч яриа бүс нутагт амнаас ам дамжин яригддагийг миний бие нотлож чадна.
    Амжилт хүсье.

  • Anonymous (April 21, 2016 6:36:59 pm )

    БУРХАН ХАЛДУУН ХАЙРХАНААС ГУРВАН ГОЛООС АРАЙ Л ХОЛ ЮМ ДАА. АДИЛХАН НЭРТЭЙ ГАЗРУУД БАЙЛГУЙ ЯАХАВ

  • uu (April 21, 2016 8:48:14 pm )

    баянхонгор аймгийн баянлиг сумын цагаан агуйд хүн амьдарч байсан гэсэн домог байдаг

  • Индранил (April 21, 2016 10:56:46 pm )

    Маш сайхан байна.Монгол орон минь ийм л гайхалтай шvv дээ.Эзэн нь болсон бид энэ сайхан нутаг ус,газар шороогоо хайрлан хамгаалж их тvvхээ vргэлжлvvлэх хувитай хvмvvс шvv.Эрдэгмтэн судлаачиддаа амжилтыг хvсье.

  • ОЛОНХААД М. (April 22, 2016 7:22:08 am )

    Батцэнгэл ээ. Домог гэдэг бол хэдэн мянган жил амнаас ам дамжин хадгалагдаж ирсэн түүх гэж эрдэмтэд үгүүлдэг юм билээ. Гэхдээ цагийн аясаар бас өөрчлөгдөж, гуйваж юм юм л болдог гэдгийг манай өнөөгийн АРДЧИЛАЛ-ын түүх хэруулж байгаа шүү дээ. Сайхан бичсэн байна. Баярлалаа.

antalya rent a car