-“Саммит медикал” компанид засвар, үйлчилгээний зардлыг нь өгч болох ч үүнээс илүү гарсан орлогыг нь заавал тэдэнтэй хуваах нөхцөл бүхий “ хуурамч” хэмээж буй “ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ” байгуулах гээд байгаа Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн үйлдлийг яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга тайлбарлаж чадсангүй-
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өндөр хүчин чадлын оношилгооны MRI аппаратын засвар үйлчилгээнд эхний ээлжинд шаардагдаж байгаа 160 сая төгрөгийг шийдвэрлэхийн тулд уг төхөөрөмжийг бусдад түрээслэхээр болж байгаа талаар манай сонин энэ сарын 14-ний дугаартаа нийтэлсэн юм. Ингэхдээ 2008 онд анх уг аппаратыг төрд нийлүүлж байсан “Саммит медикал” компанид буцаагаад түрээсээр эзэмшүүлье гэдэг утгатай бичгийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Төрийн өмчийн хороо руу бараг л хувийн журмаар явуулсан байв. Мөн Техник хэрэгслийн түрээсийн гэрээний эхийг бэлтгэн Сангийн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт хүргүүлэхээр төлөвлөсөн байна.
Хараахан батлагдаагүй байгаа ч дээрх Түрээсийн гэрээгээр бол “Саммит медикал” компани MRI аппаратыг таван жилийн хугацаагаар түрээсээр эзэмших ба түрээсийн орлогоос засвар үйлчилгээний 160 сая төгрөгөө суутган авахаас гадна илүү гарсан орлогыг Гэмтэл, согог судлалын төвтэй тэнцүү хэмжээгээр хуваан авч байхаар тохиролцжээ.
Уг аппаратаар хийдэг оношилгоо нь өндөр өртөгтэй учраас ашигтай “бизнес” гэж харагдаж байгаа. Нэг удаагийн оношилгооны төлбөр 325 мянган төгрөг ба үүний 160 мянгыг иргэнээс, үлдэх 165 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг юм байна. Жилдээ уг оношилгооноос нэлээн хэмжээний орлого улсын төсөвт төвлөрдөг. Тухайлбал, уг оношилгооноос 2012 онд улсын төсөвт 133 сая, 2013 онд 598 сая, 2014 онд 594 сая, 2015 онд 494 сая төгрөгийн орлогыг Гэмтэл, согог судлалын үндэсний төв улсын төсөвт оруулжээ. Жилдээ бараг хагас тэрбум төгрөгийн орлого олдог MRI төхөөрөмжийг түрээслэгч компани таван жилийн хугацаанд засвар, үйлчилгээний зардлаа энэ орлогоос суутгаад зогсохгүй түүнээс илүү гарсан орлогын талыг нь “ашиг” болгон авахаар гэрээ хийх гэж байна гэсэн
Ийм ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулахаар “Саммит медикал” компани салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар зөвшөөрүүлж, холбогдох байгууллага руу “лоббидуулсан” хэрэг байх нь.
Бид энэ асуудлыг тайлбарлаж өгөхийг хүсч, Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхантай уулзлаа. Тэрбээр:
-”Саммит медикал” компанид зөвхөн засвар үйлчилгээг нь л түрээсээр өгнө шүү дээ. Тиймээс л бид засвар үйлчилгээний гэрээг л хүссэн хэрэг. Энэ гэрээний драфт чинь Сангийн яаман дээр бэлэн байж байдаг юм. Миний гайхаад байгаа нэг зүйл гэвэл “Саммит” ч байна уу, хэн нэгэн хүн оношилгооны 160 мянган төгрөгийг улсаас авахад ямар хүндрэл үүсээд байгаа юм бэ. Тэртэй тэргүй төр энэ мөнгийг өгнө шүү дээ. Хамгийн гол нь та бүхэн нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр энэхүү аппаратыг засч сэлбэх ганц газар нь “Саммит медикал” компани. Энэ компаниас өөр ямар ч газар засч чадахгүй. Эрүүл мэндийн салбарт ганц MRI-ний асуудал яригдаад байгаа юм биш. Маш олон асуудал үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд хэлэхэд төр хувийн хэвшлийг дэмж гээд Засгийн газрын бодлого байгаа биз дээ гэв.
Энд ЭМСЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга “Саммит медикал” компанид зөвхөн засвар үйлчилгээг л түрээсээр өгөх гэж байгаа хэмээн тайлбарласан ч бидэнд байгаа гэрээний төслийг яах аргагүй “ТЕКНИК ХЭРЭГСЛИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ” гэж толгойлсон байгаа юм. Түүнчлэн Т.Баярсайхан “Энэ компани зардлаа аваад илүү мөнгийг нь улс буцаагаад авна гэсэн үг шүү дээ. Заавал төрөөр мөнгийг нь гаргуулж яах гээд байгаа юм бэ. Та бүхэн буруу ойлгоод байна” хэмээн тайлбарласан боловч гэрээний Түрээсийн төлбөр” хэсгийг 3.3-т заахдаа “засвар үйлчилгээний төлбөрийг бүрэн буцаан авсан өдрөөс хойшхи хугацаанд … үйл ажиллагааны орлогоос засвар үйлчилгээний зардлыг Түрээслэгчид олгож, түүнээс илүү гарсан орлогыг Талууд тэнцүү хэмжээгээр хуваан авна” гэж заасан байна. Цаашид оношилгооны тоног төхөөрөмжөө ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ болж хувирах Гэмтэл, согог судлалын төвийн холбогдох албан тушаалтануудад танилцуулагдаад явж байгаа дээрх гэрээний төслийг
Т.Баярсайхан “хуурамч” гэж хэлэв. Тэгвэл ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын гарт “хуурамч гэрээ”-ний төсөл хүргүүлсэн бол бүр ч ноцтой юм биш үү?
– Танд хэлэхэд төр хувийн хэвшлийг дэмж гээд Засгийн газрын бодлого байгаа биз дээ. Яг үнэндээ эмнэлэг маань 17:00 цаг гээд хаачихдаг. Эмч нар оройн цагаар ажиллах сонирхолгүй байна. Амралтын өдөр ажиллах сонирхолгүй байна, олон хүнд үйлчлэх сонирхолгүй байна. Эмч нар ажлын цаг дуусаа л бол яваад өгдөг шүү дээ. Тиймээс л “Саммит медикал” компанитай гэрээ хийхдээ үр дүнгээ сайжруулаад зогсохгүй аппаратыг бусад үед болон оройн цагаар ажиллуулдаг болгохыг салбарын яам зорьж байна гэсэн юм.
Энэ бол “Саммит медикал” компанитай байгуулахаар чармайж байгаа гэрээгээ зөвтгөх гэсэн нэг үндэслэл нь бололтой. Учир нь ГССҮТ-ийн албан тушаалтнуудад танилцуулсан гэрээний төсөлд зааснаар бол цаашид “Саммит медикал” компани тус төвийн эмч, ажилтнуудын илүү цагийн хөлсийг хариуцах юм байна. Хөдөлмөрийн хууль, гэрээнд зааснаас илүү цагаар ажиллах тохиолдолд хэн ч илүү цагийн хөлсөө авах эрхтэй байдаг. Гэтэл салбарын удирдлага нь үүнийг ихэд сүр бадруулж, “эмч нар ажлын цаг дуусаа л бол яваад өгдөг, илүү цаг ажиллах сонирхолгүй байгаа” гэхчлэн тэдний нэр хүндийг гутаах үг хэрэглэх нь зохисгүй байлтай.
Мөн ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын ихээхэн эмзэглэж буй гэрээний заалт нь Түрээслэгч компани “Хэрэв техник хэрэгсэл дээр ажилладаг эмч бусад ажилтан өвчний болон бусад шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй бол түрээслүүлэгч тус ажилтныг сольж ажиллуулна” гэсэн заалт юм.
ЭМСЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан “Албан ёсны гэрээ хийгдээгүй байхад та бүхэн батлагдаагүй гэрээг барьчихаад эмч ажилчдыг хувийн компани дураараа халж солих юм биш биз дээ гэж ярьж болохгүй. Төрийн албан хаагчийг буюу үйлчилгээний албан хаагчийг хууль бусаар халж сольдог эрх зүйн акт байхгүй” хэмээн тайлбарлаж байна.
Хачирхалтай нь, MRI оношилгооны үйлчилгээний орлогоос тухайн “Саммит медикал” компанид засвар, үйлчилгээний зардлыг нь өгч болох ч үүнээс илүү гарсан орлогыг нь заавал тэдэнтэй хуваах нөхцөл бүхий ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ байгуулах гээд дээгүүр, доогуур албаны хүн рүү алга дарам шар цаас дамжуулж байгаа Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн үйлдлийг яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга тайлбарлаж чадсангүй.
Тэрчлэн “Төр хувийн хэвшлээ дэмж гэдэг бодлоготой” гэсэн тайлбар өгч байгаа нь бүр хачирхалтай. Төр хувийн хэвшлийг дэмжихдээ зах зээлийн ижил тэгш нөхцөл, санхүү, эдийн засаг, татвар, эрхзүйн таатай орчноор хангах бодлогыг л чухалчилдаг болохоос С.Ламбаа даргын лоббигоор хувийн компанид давуу нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулж өгөхийг хэлдэггүй юм шүү.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (April 19, 2016 9:16:37 am )
emch nariig shuud l halah geree bna teneg mendiin yamniihaan ta nar udahgui shorongiin haalga tatnaa gaigui
-
dfhdhdf (April 19, 2016 3:22:15 pm )
hdfhdfhdf
-
erdenee (April 19, 2016 9:32:48 pm )
electromon.trading gedeg company naad MRI aparatiig chin zacbarlaj chaddag .
gantsahan sammit company bdg gej hudalaa butgii yaria
3 Comments