“Лондон 2012” зуны Олимпийн наадам өнгөрөөд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд наадамд оролцсон 18 тамирчин нас баржээ. Франц хэлтэй хэвлэлүүд үүнийг Лондоны Олимпийн хараал гэж нэрлэж байна. Гэхдээ үнэхээр тийм зүйл байдаг гэж үү.
Лондоны Олимпийн аймшигт хараалын тухай хамгийн анх Францын “BFMTV” теле суваг сурвалжилга хийн бэлтгэсэн байдаг. Уг сурвалжилгаар Белорусын ойрын зайн гүйлтийн тамирчин Юлия Балыкина цагаасаа эрт таалал төгссөн тухай мэдээлжээ.
Балыкина 2012 оны Олимпод 100 метрийн гүйлт, 4х100 метрийн буухиад оролцсон. Харин 2015 онд түүний цогцос Минскээс холгүйхэн орших ойд хуванцраар даруулсан байдалтайгаар олджээ. Түүнийг хөнөөсөн хэрэгт 28 настай нэгэн эрийг буруутгасан байна.
“La Malediction Olympique” буюу “Олимпийн хараал” гэх үг 2016 оны гуравдугаар сард дахин сөхөгдсөн. Австралийн сэлүүрт завины аварга, Лондоны Олимпийн мөнгөн медальт Сара Тэйт савны хорт хавдраар өөд болсон юм. Тухайн үед “Le Figaro”-гийн сурвалжлагч Жиль Фестор “Сара Тэйт бол Лондоны Олимпод оролцсоноос хойш амиа алдсан тамирчдын маш урт жагсаалтын хамгийн сүүлчийнх нь. Энэ Олимпийн хараал 18 хүний амийг авч оджээ” гэж бичжээ.
Гэхдээ “Олимпийн хараал” гэх үг чухам юуны учир Францад үүсэв. Магадгүй 2015 оны гуравдугаар сарын 9-нд Олимпод оролцсон Францын хоёр тамирчны дуулиан тарьсан үхлээс болж “ВВС”-гийн Европын хэвлэлийн мониторингийн асуудал эрхэлсэн Пол Кеннеди асуудлыг сөхсөн биз.
Усанд сэлэгч Камиль Мюффа, боксчин Алексис Вастин болон өөр найман хүн Аргентинд теле шоунд зураг авалтад оролцохоор нисдэг тэрэгтэй явж байгаад өөр нисдэг тэрэгтэй мөргөлдөж, амиа алдсан билээ.
Энэ мэдээ Францад асар их шуугиан тарьсан юм. Тухайн үед Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Нутаг нэгтнүүдийн маань гэнэтийн үхэл үнэхээр их уй гашуу авчирлаа” гэж мэдэгдэж байсан.
Лондоны Олимпоос хойш дөрвөн жил өнгөрөхөд нийт 18 тамирчин өөд болжээ. Тэгвэл тухайн Олимпод 10568 хүн оролцсон гэж үзэхээр энэ нь их тоо мөн үү. Хүн амын нас баралтын ерөнхий коэффициентээр авч үзвэл жилд 1000 хүн тутамд 7.89 хүн нас бардаг тухай “Global Sports Statistics”-ийн Роб Мастродоменико мэдэгджээ. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн дотор 10568 хүнээс 333 нь нас барах ёстой байсан гэнэ.
Гэхдээ Олимпийн тамирчдыг залуу, эрүүл хүн гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Тэдний дундаж нас нь ердөө л 26 байдаг. Мастродоменикогийн хэлснээр жилд долоон хүн нас барна гэж тооцоолбол дөрвөн жилд 28 болох аж.
Тэгэхээр дөрвөн жилийн дотор 18 тамирчин нас барна гэдэг тийм ч их тоо биш. Тиймээс үүнийг “хараал” гэж хэлэх боломжгүй юм.
Лондоны Олимпод оролцсоноос хойш амиа алдсан тамирчид:
2012.12.07 Микронезийн бөх Кейтан Грэхем (зүрхний шигдээс)
2013.01.03 ӨАБНУ-ын уулын дугуйчин Берри Стандер (дасгал сургуулилтынхаа үеэр машинд мөргүүлсэн)
2013.05.09 Их Британийн дарвуулт завины тамирчин Эндрю Симпсон (тэнгист золгүй тохиолдлоор осолдсон)
2013.06.15 Оросын жүдоч Елена Иващенко (амиа хорлосон)
2013.08.04 Австралийн боксчин Билли Уорд (амиа хорлосон)
2013.08.16 Египетийн бөх Абдельрахман эль-Трабили (буудуулсан)
2013.10.19 Таиландын бууч Жаккрит Паничпатикум (буудуулсан)
2013.11.06 Гватемалын хүндийг өргөлтийн тамирчин (сүрьеэ)
2013.12.29 Оросын бөх Бесик Кудухов (зам тээврийн осол)
2014.05.03 Их Британийн теннисчин Елена Балтача (элэгний хорт хавдар)
2015.03.09 Францын усанд сэлэлтийн тамирчин Камиль Мюффа (нисдэг тэрэгний осол)
2015.03.09 Францын боксчин Алексис Вастин (нисдэг тэрэгний осол)
2015.03.27 Канадын 400 метрийн зайн гүйлтийн тамирчин Дондре Барнаби (тэнгист сураггүй болсон)
2015.06.25 АНУ-ын дарвуулт завины тамирчин Тревор Мур (тэнгист сураггүй болсон)
2015 оны 10 дугаар сар. Белорусын богино зайн гүйлтийн тамирчин Юлия Балыкина (хөнөөсөн)
2015.11.10 Францын триатлонч Лоран Видаль (зүрхний шигдээс)
2015.12.10 Гондурасын хөлбөмбөгчин Арнольд Перальта (буудуулсан)
2016.03.02 Австралийн сэлүүрт завины тамирчин Сара Тэйт (савны хорт хавдар)
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.