antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2016 5 comments

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна

нийтлэсэн Admin

12966423_1126793197342782_777503834_n

Асуулга 1: Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар.

Асуулга 2: Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, орчины бохирдлоос хамгаалах талаар зохион байгуулж буй ажлын талаар

Асуулга 3: Нийслэлийн агаарын болон туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчины болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Ажлын хэсэг

-Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар

-ЭМСЯ-ны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга С.Энхболд

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюунцэцэг, хүрээлэнгийн захирал Цогтбаатар, мэргэжилтэн Уранцэцэг, Хандармаа

-БОНХАЖЯ-ны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Мөнхбат

-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, орлогч Бат-Эрдэнэ, Гантөмөр

Асуулттай гишүүд

Б.Гарамгайбаатар, Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун, Д.Сумъяабазар, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Дэмбэрэл, Д.Батцогт, Ж.Батзандан, Д.Ганхуяг

Шадар сайд Ц.Оюунбатаар: Эрхэм гишүүдийн өнөөдрийн амар амгаланг айлтгая. Асуултад шууд хариулаад явья. Асуулга нэг нь цэвэрлэх байгууламжаас ялгарч буй үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрүүл мэндийн яамнаас асуусан асуулга байна. Ер нь бол цэвэрлэх байгууламж манай Улаанбаатарчуудын хувьд ноцтой асуудал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Харин түүнээс ялгарч буй үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар тус яамны зүгээс тусгайлан шинжлэх ухааны үндэслэлтай нарийвчилсан шинжилгээ хийгдээгүй. Ард иргэдийн дунд санал асуулгууд явуулсан. Шинжлэх ухааны онолын үүднээс энэ үнэр хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар дараах мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Биологийн цэвэрлэгээний үйл явцын дүнд үүсдэг лагын найрлагад агуулагдаж буй органик бохирдуулагч болох азотын нэгдэл, фосфортын нэгдэл, хлорын нэгдэл, гадаргуудын идэвхит бодис, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг гэх мэт бичил биетийн исэлдэлт явагдсанаар хүхэрт ус төрөгч, аммек, нүүрс хүчлийн хий, метан ялзралын хий ялгарч эвгүй үнэр бий болгож байна гэж эрүүл мэнд болоод шинжлэх ухааны талаас нь үздэг юм байна.

Лагын үмхий үнэр нь төв мэдэрлийн системийг хүчил төрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг гэж эмнэл зүйн талаас нь үздэг. Бохир агаараар амьсалсанаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатаж, хорсох, цээж хорсох, ханиалгах, нүд загатнаж, улайх, үрэвсэх, арьс загатнаж, юм туурах зэрэг харшлын шинж тэмдэг илэрхээс гадна хүний тархи мэдэрлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг эрүүл мэндийн эрсдлүүд тулгардаг.

Байнгын бохирдол ихтэй, хүчил шүлт, метаны хий ихтэй газар ажиллаж, амьдарснаас амьсгал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчлөлд өртөх мөн хамар хоолонй болон харшлын эмгэгт өртөх эрсдэл өндөр байна. Лагыг ил задгай хаяснаас доошоо нэвчиж, хөрсний бохирдол үүсэх түүнээс үүдэн халдварт өвчин нян үржин тарах нөхцөл бүрдүүлж байна.

Тухайлбал Хан-Уулын цэвэрлэх байгууламж орчмын цэвэрлэх байгууламжийн орчмын 163 айлын оршин суугчдын дунд цэвэрлэх байгууламжаас гарах үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар МХЕГ, ЭМСЯ хамтран судалгаа хийсэн. Тэдгээр хүмүүсийн 43 хувь нь элэгний үрэвсэл, 47 хувь нь бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчинтэй байна гэсэн үр дүн гарсан.

Харин Туул голын ус нь дээд хэсгээрээ дунд зэргийн бохирдолтой, Сонгины гүүр орчимд их бохирдолтой, Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд умбуур бодисын агууламжийн стандарт хэмжээнээс их гарсан. Тиймээс хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах үүднээс Эрүүл ахуйн тусгай хуульд тусгайлан эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ чиглэлээр нэгдүгээр зүйлд есөн заалт тусгаж оруулсан. 2016 оны дөрөв, тавдугаар сард энэ судалгааг дахин хийхээр төлөвлөж байгаа.

Энэ жил бидний нэг онцлог бол хэрэглэгчийн жилийг зарлаад байгаа. Эцсийн дүндээ бид ард иргэд хэрэглэгчидээ эрх ашгийнхаа төлөө тууштай тэмцдэг болгодог байж энэ асуудлаас сална. Тэгэхгүйгээр хэн нэгэн сайд эсвэл төрийн түшээ ярьлаа дуугарлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй.

Агаарын бохирдолтой холбоотойгоор манай улсад олон хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө түүний шийдвэрлэх арга зам гэсэн улсын томоохон зөвлөгөөнийг хийж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид нийлээд арга замыг нь тодорхойлсон. Бид харин түүнийг шийдвэрлэхийн тулд ажил хэрэг болгож, төсөв мөнгийг нь шийдвэрлэх ийм боломж байна. Эхний асуудлын хүрээнд ийм зүйлийг танилцуулах байна.

Хоёрдахь асуулгын тухайд хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчины хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохьцуулах үүднээс Эрүүл мэнд, спортын яамнаас Эрүүл ахуйн тухай хуулийг санаачлан оруулж батлуулан, өнгөрсөн гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн.

Энэ хууль батлагдсанаар иргэдийг орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх эрх зүйн нөхцөл бололцоо хэрэгжиж энэ талаарх шаардлагууд олон улсын жишигт хүрэх юм. Тиймээс бид энэ хуулийн хэрэгжилтэд илүү анхаарах ёстой. Усан хангамжийн системд 2012 оноос эхлэн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр төлөвлөгөө батлагдаж гарсан үүнийг нийслэлийнхэн дэлгэрэнгүй ярих байх.

Нийслэлийн төсвөөс гурван жилийн хугацаанд 22 тэрбум төгрөгийг ус сувгийн удирдах газарт хувиарлаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. 2013 оноос хойш Засгийн газарт хандсан асуулгын мөрөөр хийсэн ажил хүрсэн үр дүнгийн талаар ийм асуулт байна. Дараагынх нь Ерөнхий сайдад хандсан асуудал байна.

Сүүлийн 16 жилд 1999-2014 онд 10 мянган хүнд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөлийн хувь тогтмол өсч, амьсгалын тогтолцооны өвчлөлөөр эмнэлэгт эмчлүүлсэн хүний тоо 2008 онтой харьцуулахад 1.4 дахин өссөн байна. Дээр хэлсэн зөвлөгөөнд оролцогсдоос агаарын бохирдол нь улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болохыг тодорхойлж, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны байгууллага болон иргэдэд зөвлөмж гаргаж хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах, хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах ажил ид явж байна.

Энэ хөтөлбөрийг боловсруулж, түүнийг ягштал хэрэгжүүлэх нь бидний өмнө тулгамдсан зорилт гэж үзэж байна. Мөн нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлагын стандартыг 2015 онд шинэчлэн батлуулсанаар хүн амын эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, халдварт өвчин дэгдэхээс урдьчилан сэргийлэх чухал баримт болсон.

Товчхондоо миний мэдээлэл ийм байна. Хэрэв шаардлагатай гэвэл ус болон хөрсний бохирдол гэх мэт чиглэлээр тодорхой асуулт гарвал хариулахад бэлэн. Ер нь хөрсний болон агаарын бохирдол цэвэрлэх байгууламжийн үнэр хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар манай яамны мэргэжлийн хүмүүс тодорхой тоо баримт хэлэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Би Э.Бат-Үүл даргаас асуумаар байна. Нийслэлд байрлаж байгаа авто худалдааны захуудыг шилжүүлэх талаарх ажил эрчтэй хийгдэж байна. Энэ асуудал дээр МАН-ынхан их тоглолт хийж, янз бүрээр энэ ажлыг гутаах ажлууд хийгээд байна. Үүн дээр ер нь аль нь зөв юм бэ гэдгийг асуумаар байна. Хоёрдугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил маш сайн явж байна.

Би өчигдөр СХД-т иргэдийн хуралд сууж санал бодлыг нь сонссон. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр иргэд маш их ам сайтай байгаа. Гэтэл МАН-ын нөхөд өөр зүйл яриад байдаг. Энэ асуудлыг ялгааг гаргаж өгөөч гэж хүсэх байна. Ийм хоёр асуулт байна.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл: Нийслэлийн агаарын бохирдлын асуудал ярьж байхад ч УИХ дээр удаа дараа яригдаж л байсан. Нийслэлд байгаа авто худалдааны захуудыг болж өгвөл зах руу явуулаач гэдэг асуудал өмнө ч яригддаг л байсан. Тиймээс бид энэ ажлыг хэрэгжүүлж байна. СХД-ийн 32 дугаар хороон дээр авто худалдааны цогцолбор бариад өнөөдөр 6375 автомашины зогсоолтой, 30 га талбайд энэ цогцолборыг барьсан.

Уг цогцолбор руу төв замаас орох хэсгийн замыг нь 14 метрийн өргөнтэйгээр шийдсэн. Худалдаачид үүн дуртай байгаа. Энд дөрвөн банк, 6375 машины зогсоол, авто тээврийн үндэсний төвийн импорт тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголт, оношлогоо гэх мэт зүйлс нь байгаа. Тэр ч бүү хэл 26 цайны газар, есөн үйлдвэр, таван бие засах газар, хоёр хүнсний дэлгүүр байгаа.

Ийм газарт худалдаа борлуулалтаа шилжүүлэх гэтэл Шударга өрсөлдөөний газраас хориг тавиад, одоо байгаа худалдааны төвүүд шилжихгүй гэдэг гомдол гаргаад улстөржөөд явчихлаа. Таны тавьдаг асуулт үнэхээр чухал асуудал. Үнэхээр Улаанбаатар цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй байя л гэж байгаа бол инженерийн үйлчилгээтэй барилга байгуулам, орон сууцтай ийм хот болох ёстой.

Тийм ч учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Энэ гэр хорооллыг дахин төлөвлөх гэдэг асар хүнд үйл ажиллагаа. Жишээ нь Токио хотын төвд 6.3 га газрыг дахин төлөвлөх гэж 16 жил болсон байдаг юм билээ. 12 жил оршин суугчидтай нь хэлэлцээр хийж, дөрвөн жилд нь барьсан байдаг. Харин одоо тэр нь Токио хотын хамгийн гоё хэсэг болчихсон байна.

Гэтэл манайд энэ ажил харин ч дэлхийд байхгүй өндөр хурдаар явж байна. Өнөөдрийн байдлаар 24 байршилд долоон мянган айлын оронд барилга угсралтын ажил эхэлчихсэн явж байна. Зөвхөн 2014 онд гэхэд 588 айлын орон сууц ашиглалтад орсон. 2015 онд 1656 гэр хорооллын айл орон сууцанд орох гэж байна. 2016 нийт 4444 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Үнэндээ энэ дахин төлөвлөлтөд орсон компаниудад маш их талархаж байгаа. Яагаад гэвэл маш том эрсдэл рүү орсон. Би цэвэрлэх байгууламжаа ярина Сумъяабазар аа. Би УИХ-ын даргад хэлсэн хоёр тал хашааныхаа газрыг үнэлж ядаад бизнесээ тохирох гэж цөхөж байхад Сумъяабазар тэргүүтэй нөхөд очиж хов хутгаад будлиулаад байна. Үүнээс үүсэх бизнесийн хор хохирлыг хэн хариуцах юм бэ. УИХ-ын гишүүн гэдэг юу дуртай руугаа Нарантуул руу очиж наймаачдын бизнестэй хутгалдаад байвал юу болох вэ. Энэ УИХ-ын чуулганы танхим хүнийг дураараа дурги гэсэн зүйл биш шүү дээ. Би ч гэсэн УИХ-ын гишүүн байсан шүү.

Б.Гарамгайбаатар: Би хотын даргад дахиад хэлье. Үнэхээр том хөрөнгө оруулалтууд хийгээд том ажлууд явж байна. Тиймээс үүнийг ямар нэг улстөрийн нөлөөнд автахгүйгээр хийж байж л цаашаа явна. Хаана ч очсон маш тохилог газарт авто худалдааны газрууд хөгждөг гэдгийг хүмүүст ойлгуулмаар байна. Хоёрдугаарт цэвэрлэх байгууламжийн тухайд би өнгөрсөн долоо хоногт гурван газраар орлоо. Одоо баригдаж байгаа нисэхийн цэвэрлэх байгууламж, ТОСК-ийн барьсан цэвэрлэх байгууламж, одоо яригдаад байгаа үнэр нь дийлдэхгүй байна гээд байгаа цэвэрлэх байгууламжаар орлоо. Үүн дээр хот бол үнэхээр ажил хийж байна. Үүнийг яагаад янз бүрээр яриад улстөржүүлээд байгааг би ойлгохгүй байна. Тиймээс би та бүхнийг энэ ажил дээрээ тууштай байж эцсийг нь үзээрэй гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хотын дарга байна, Гантөмөр дарга байна. Нэлээн өргөн бүрэлдэхүүн байгаа нь сайн хэрэг. Юуны түрүүнд Гарамгайбаатар даргад нэг зүйл хэлье. Энэ ерөөсөө улстөржиж байгаа хэрэг биш. Та тэр Да хүрээ зах дээр очоод хүмүүстэй уулзаж үзсэн үү. Та уулзаагүй бол ингэж ярьж болохгүй. Би тэрүүгээр олон удаа явсан.

Саяхан иргэдийн хүсэлтээр очиж 500 орчим хүнтэй уулзсан. Тэнд дандаа түрээслэгчид буюу бизнес эрхлэгчид байсан. Тэдгээр хүмүүс маш хүйтэн, үмхий үнэртэй, дэд бүтэц нь шийдэгдээгүй газар руу нүүлгэх асуудлыг эргэж хараач гэдэг хүсэлтийг хэлж байна. Хоёрдугаар би Шар хад орчмын тэр захын талаар яриад байна. Гэтэл ИТХ-ын дарга Баттулга намайг гадагшаа явсан хойгуур Өгөөмөр захын талаар ярьсан гэж хэлсэн байна лээ.

Тэр хавьд хөрсний бохирдол их байгаа гээд байдаг гэтэл тос асгаад бохирдуулаад байгаа зүйл алга нийт талбайгаа цементлээд янзалчихсан байна лээ. Зам гаргаад холбочихсон, түгжрэл багасгах талаар дорвитой ажил хийсэн байна лээ. Тэр яриад байгаа битүү захыг нь ч гэсэн босгочихсон. Би тэр зах дээр нь уулзалт хийсэн. Тэр Шар хадны зах чинь тэндээ ажиллаж амьдарна гээд хашаа байшин авчихсан, агуулах барьчихсан, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулчихсан 12 мянга орчим иргэн байна.

Гэтэл эдийн засаг хүнд байгаа ийм үед тэр олон хүнийг тийш нь нүүлгэж яах гээд байгаа юм бэ. Бизнес эрхэлж байгаа хүмүүс биднийг зовоохгүй байгаа юм чинь тэндээ ажлаа хийж л байг л дээ. Эдийн засаг сайжиртал тэдэнд тус болдоггүй юм аа гэхэд гай болохгүй баймаар байна. Тиймээс хугацаагаа эргэж хараач гэж хэлмээр байна.

Би тэр баруун талд хийгдэж байгаа ажлыг очиж харсан. Сая өчнөөн ажил хийчихсэн гээд ярьж байна. Тэр бол худлаа. Маш хүйтэн, үнэр нь тамтаггүй. Ямар хор хөнөөлтэйг нь сая Оюунбаатар сайд хэллээ. Тэр харшил өгнө, бөөр муудуулна ийм газарт аваачиж яах юм бэ. Хүнээ бодьё л доо. Тэнд очоод өдөржин ажиллаад иргэд маань өвчилчихвөл дараа нь хот хариуцах юм уу.

Эхлээд тэр үмхий үнэрээ янзал л даа. Гарамгайбаатар дарга аа та очиж үзээгүй байж ингэж ярьж болохгүй ээ. Та өөрөө ингээд улстөржүүлээд байна шүү дээ. Би харин ч их тайван ярьж байна. Би Бат-Үүл дарга руу ер нь хэн рүү ч дайраагүй байна. Харин энэ асуудлыг ярилцаад ойлголцохыг хичээж байна. Хүнд үеэ өнгөртөл тэд бизнесээ хийж л байг. Тэр захаа эхлээд барьчих. Тэнд очих нь очино л биз.

Тэд чинь олон хүнийг ажлын байраар хангаж байна, хотын төсөвт их хэмжээний татвар өгч байна. Тэр талаас нь хар л даа. Ингэж хараад баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Үггүй хөөгөөд, айлгаж дарамтлаад байгаа мөртлөө бизнес эрхлэгчдээ дэмжинэ, тэгж байж хөгжинө гэж яриад байдаг. Эсвэл би буруу яриад байна уу. Энд чинь хүний амьдрал, иргэдийн эрүүл мэндийн асуудал яригдаж байна шүү дээ. Тэр химийн хорт бодисыг үнэртээд 24 цаг болоход хүний биед ямар хортой хөнөөл гарах вэ гэдгийг асуумаар байна. Одоо бол дүгнэлт нь бүрэн гараагүй юм байна гэж ойлголоо.

УИХ-ын гишүүн С.Оюун: Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ гэж ярьж байгаа. Олон жил яригдсан энэ асуудлыг 2013 оны сүүлээр нийслэлийнхэн Н.Алтанхуяг сайд дээр орж ирээд төв цэвэрлэх байгууламжийг концессээр явах уу эсвэл өөр хувилбараар явах уу, услын төсөвт тэр болгон сууж чадахгүй гээд хотынхон Жайкагийн найман жилийн хөнгөлөлттэй зээлээр явж болох юм гэдэг хувилбар ярьж байсан.

Одоохондоо концессоор явахаа больё ямар ч байсан ямар ч байсан ТЭЗҮ-гээ гаргая гэж байсан. Одоо бол концессоор явахаар болчихсон юм байна. Тэгэхээр ТЭЗҮ нь гарсан уу. Тэрний мөнгийг бол хот өөрөө гаргасан. Бас одоо хариулт авч чадахгүй байгаа нэг зүйл нь төв цэвэрлэх байгууламж хэдэн онд ямар өртөгтэйгээр шинэчлэгдэх вэ. Түүний мөнгө хаанаас гарах вэ. Хувийн хэвшил юм уу эсвэл төрөөс юм уу эсвэл зээлээр үү гэдгийг асуумаар байна.

Өнөөдөр 2016 он энэ асуудал уг нь 2013 оны сүүлээр Засгийн газрын тогтоолд орчихсон байсан. Хоёрдугаарт харгианы асуудал. Арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрийг хотоос гаргана гэж маш их ярьсан. Баттулга сайд байхдаа Дархан руу гаргах шийдвэр гаргаад нэг болиод л байсан. Хотынхон бас сэдэл аваад газрыг нь шийдээд л байсан тэр асуудал юу болсон бэ.

Гуравдугаарт туул голын бохирдлын тухайд сая Бат-Эрдэнэ дарга туул голыг цэвэрлэх боломж гарч ирсэн гэж ярьж байна. Гэтэл төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдээгүй тохиолдолд энэ гол бохирдсон хэвээр л байна. Энэ асуудлыг Батцэрэг сайд байхгүй учраас Долгорсүрэн дарагас асуумаар байна. Хоёр жилийн өмнө Азийн хөгжлийн банкнаас сая хүрэхгүй ам.доллар байхаа багахан мөнгө авч туул голыг цэвэрлэх, сэргээн засварлах судалгаа шинжилгээний урьдчилсан ТЭЗҮ хийгдэж эхэлсэн.

Түүний дүнд төв цэвэрлэхээ 300 гаруй сая ам.доллараар шинэчлэх юм бол туул голоо хэдэн төгрөгөөр цэвэрлэж авах вэ гэдэг дүн гарах байсан. Тэгэхээр төв цэвэрлэхээ шинэчлэхдээ зэрэгцээд туул голоо цэвэрлэх ажил явагдах ёстой. Эдгээр асуудлыг яг хугацаа, мөнгөтэй нь ярих ёстой. Хэрвээ эдгээр асуудлууд тодорхой болсон бол хаанаас ямар санхүүжилтээр хийгдэх вэ гэдэгт тодорхой хариулт авмаар байна.

Дараагынхаа асуултыг Ерөнхий сайд байхгүй учраас Гадаад хэргийн сайдаас асууя. Мянганы сорилтын сангын хоёрдахь компактны асуудал яригдаж байгаа. Мянганы сорилтын сангаас улс орны өсөлтийг хязгаарлаж байгаа дөрвөн хүчин зүйлсийг гаргасан. Тусламж үзүүлэх гэж зүйлээ судалдаг учраас энэ судалгааг хийсэн байдаг. Түүний хоёр нь агаарын бохирдол, дараа нь гэр хороолол ерөнхийдөө төвийн шугамд холбогдоогүй учраас хөрсний бохирдол, төв цэвэрлэхийн асуудал гэх мэт зүйлс гарч ирсэн.

Уг нь Мянганы хөгжлийн зорилтуудад тавьсан зорилтуудаас хэрэгжүүлж чадалгүй ард үлдсэн нь эдгээр асуудал. Уг нь Мянганы сорилтын санд тавьж буй саналууд дотор гэр хорооллын бохир, төв цэвэрлэхийн асуудлууд орох ёстой гэтэл тавигдаагүй юм байна гэж бодлоо. Мянганы сорилтын санд тавьсан тэр асуудлууд дунд байгаль орчны салбарын хамгийн том асуудал болоод байгаа эдгээр асуудлууд ороогүй бол үнэхээр харамсалтай байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Өнөөдрийн асуулга дотор цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар хэдэн зүйл тодруулья. Оюун гишүүнтэй санал нэг байна. АСЕМ-тай холбогдуулаад цэвэрлэх байгууламжийн асуудлыг цэгцлэх, шаардлага хангасан зохьцуулалт хийх асуудал яригдаж байгаа гэж сонссон. Өнөөдөр Улаанбаатар хотын  сая 300 мянган иргэн энэ үнэрээс болоод бухимдаж байна.

Нийт авсан мэдээллээр 425 мянган тонн лаг гэж сонссон. Өнгөрсөн оны төсөв дээр эмэгтэй гишүүд дэмжиж, 8.1 тэрбум төгрөг тавиулаад ойрын хугацаанд энэ үнэрийг цэгцлэх арга замыг эрэлхийлж байгаа юм байна гэж ойлгож байна. Энэ асуудлыг нь хэдий хэр хугацаанд зохьцуулах боломжтой талаар асуумаар байна.

Бид иргэдийнхээ эрүүл мэндийг агаарын бохирдол болоод бусад асуудлаас урьдчилан хамгаалах учиртай. Нийслэлийн эрүүл мэндийн газар энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Бид нийслэлийн төсөв дээрээс харж байхад найрсаг улаанбаатарын хүрээнд рок попынхныг дэмжээд төсөв суулгасан байдаг. Нэг наст цэцэг тариад байна. Энэ бүхнийг иргэдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх асуудалд зориулж болоогүй юу.

Ундны усны эрүүл ахуйтай холбоотой бас тодруулах зүйл байна. Сонгинохайрхан дүүрэгт худаг, зөөврийн устай холбоотой олон асуудал яригддаг. Бариад бэлэн болгочихсон мөртлөө ашиглалтад оруулаагүй худгууд байна. Миний авсан мэдээллээр нэг машин ус 60 мянга орчим төгрөгөөр ирээд, иргэдэд зургаан мянга орчим төгрөгөөр зардаг юм байна. Үүний дундах 54 мянган төгрөгийг нийслэл хүлээж байгаа юм шиг байна. Үүнийг зохьцуулах арга чарга юу байна. Иргэдийн ундны усны асуудлыг цаг тухайд нь зохьцуулахад хэдий хэмжээний хугацаа орох вэ гэдгийг асуумаар байна.

Цэвэрлэх байгууламжтай холбогдуулаад автомашины худалдаа эрхэлж буй иргэдийн хүсэлтээр очиж уулзсан. Тэд үнэрийн асуудлыг зохьцуулж өгөөч, тэнд худалдаа үйлчилгээ явуулах орчин бүрдүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьж байна. Анх Сонгинохайрхан дүүрэгт 130 мянган га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж өгч нийслэлийн ажлыг дэмжиж байсан.

Учир нь Сонгинохайрхан дүүрэг татварын бааз суурь муутай. 1992 оноос хойш дүүрэг мөнхийн нийслэлээс татаас авч байсан. Төсөв нь хүрэлцдэггүй, дүүрэг орон нутагт энэ хэмжээний татварын бааз суурь нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа нь сайшаалтай зүйл гэж харж байгаа. Гэхдээ тэнд бизнес эрхлэх хүмүүсийн ая тухтай байдлыг бодитоор хангаж өгөх шаардлагатай байна.

Эх сурвалж: Шуурхай.мн М.Санчир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Ёо ёо (April 12, 2016 3:02:00 pm )

    Одоо энэ мэтийн дүнхүү бөхчүүдээс салах цаг болжээ…

    • зочин (April 12, 2016 9:57:37 pm )

      ЮУН САЛАХ ,ЦААНА ЧИНЬ ДАВГАА ГЭЖ БАЙК БӨК ОРЖ ИРЭХ ГЭЖ БНА.

  • Anonymous (April 12, 2016 5:52:25 pm )

    Ok

  • Ok (April 12, 2016 5:53:13 pm )

    oo

  • Anonymous (April 13, 2016 5:36:39 am )

    Mash tulgamdsan zev asuudal hendsen bna yalanguya niisleld

antalya rent a car