Манай улсад дээд боловсрол эзэмшээгүй хүн цөөхөн болоод байгаа. Гэтэл ажлын байр олдохгүй байдаг нь харамсалтай. Ямар сайндаа л “Дээд боловсролтой үйлчлэгч ажилд авна” гэдэг зар цацагддаг болох билээ. Хүн болгоны сурч боловсрох эрх нээгдсэнээр бүгд л үр хүүхдээ дээд боловсролтой болгохыг эрхэмлэж, болсон болоогүй их сургуульд оруулдаг тогтолцоо 90-ээд оны дунд үеэс эхтэй.
Сүүлийн жилүүдэд чанаргүй боловсролын тогтолцоог шинэчилье дээд сургууль нэртэй орц хонгил, аль нэг албан газрын нэг давхарыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг маш олон сургуулиуд байгааг хаа хаанаа шүүмжилж улиг болтол л ярьдаг. Гэсэн хэдий ч тэдгээр сургуулийн тоо буурсангүй, тэдгээрт сурах оюутнытоо ч тасрахгүй байгаа.
Талхны цех талхаа өдөр болгон үйлдвэрлэсэн ч хүнсний зах дээр барагтай бол илүүдэхгүй, харин ийм маягаар цагаан захтануудыг боловсролын зах зээл рүү цутгавал мэдээж саваа халих нь дамжиггүй. Энэ байдал нь диплом өвөртөлсөн ажилгүй иргэдийн тоог зогсолтгүй нэмсээр байгаа юм. Худлаа, үнэн дөрвөн жил сураад дээд боловсролтой сэхээтэн болсон юм хойно “хар, бор” ажил хийхгүй гэж боддогтой нь ч шууд холбоотой.
Тэгээд ч ажлын байр нь байсан ч өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгмийн хэрэгцээ, шаардлагыг өнөөх “чанаргүй” сэхээтнүүд гүйцэлдүүлж чадахгүй байна. Тиймээс нэгэнт л их, дээд сургуульд элсэн орох шалгалтад бүрэн оноогоо авч чадахгүй бол хувийн гэх тодотголтой чанаргүй сургуульд сурч мөнгө, цагаа барж байхаар анхнаасаа сургалтын төв, коллежид орж өөрийнхөө боловсорч чадах зүйлд суралцаж төгсөөд ажиллаж амьдарч яагаад болохгүй гэж.
Ойрын хэдэн жилдээ эрэлттэй гэж тогтоогдоод байгаа ажлын байранд заавал дөрвөн жил сураад, диплом авч байж хийх ажил тийм ч их байдаггүй юм билээ. Тодруулбал, хүнд даацын автомашины жолооч, тогооч, уул уурхай, тариаланч, барилга угсралтын туслах ажилтан, байгууллагын цэвэрлэгч, үйлдвэрийн ажилчин, шаварчин, засалчин, зөөгч, үсчин зэрэг ажлын байрууд байдаг. Эдгээр мэргэжлээр сураад хүнээс доор амьдрана гэсэн хууль хаана байна. Харин ч МСҮТ-д суралцаад ажилтай, амжилттай, алдар нэртэй амьдарч болдог юм.
Сүүлийн үед төрөөс МСҮТ-ийг дэмждэг болоод байгаа. Тухайлбал, “Залуучууд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгсөх гэж байгаа залуусыг дэмжиж байгаа.
Тухайлбал, Кузов засварын ангийг төгссөн, төгсөх гэж байгаа залуус бүлэг болоод ажиллах гэж байгаа бол 10 хүртэл сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тухайн бүлгийн ажиллуулах гэж байгаа засварын газрыг судалж үзээд боломжтой бол 10 хүртэл сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр дэмждэг гээд боломж их бий.
Тиймээс сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй энэ цаг үед цаашид ямар мэргэжил эзэмших, ажилтай байх уу ажилгүй диплом өвөртөлсөн нэгэн болох уу гэдгээ зөв сонгох хэрэгтэй юм. Ер нь ерөнхий боловсролын сургуулиуд төгсөх ангийн сурагчиддаа мэргэжлээ сонгох үед нь тусалж, дэмждэг баймаар байна.
Хаана ямар боломж байна гэдгийг заагаад, хэлээд өгчихдөг бол юу гэж дэмий зүйлд дөрвөн жилийн хугацаа алдаж, эцэг, эхийнхээ халаасыг сэгсрээд сууж байх билээ. Ялангуяа эдийн засаг хямралтай хаа, хаанаа хэцүү байгаа энэ цаг үед энэ асуудлыг шийдэж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн тоог нэмэх шаардлагатай байна.
О.Түвшин
Холбоотой мэдээ
-
MGL (April 11, 2016 5:09:00 pm )
МСҮТ-г төгсөж байгаа хүүхдүүдийг улсаас сайн дэмжээд өгөөсэй. Түүнээс биш их дээд сургууль төгссөн хүмүүс тэртэй тэргүй юм хийж чадахгүй гологдол болоод байна. Энэ нь тэр хүүхдүүдийн буруу биш системийн гажуудал, сургууийн муугийнх, багш нарын мэдлэг тааруугийнх.
1 Comment