АН-ын лидерүүд дотооддоо толхилцож, албан тушаал эрх мэдлээрээ нэгнээ давж гарахын төлөөх өрсөлдөөн шат шатанд өрнөсөөр чамгүй их хугацааг үдлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эргэн тойрондох хүмүүсийг баривчилж хорьсноор эхэлсэн зөрчил маргаан түүнийг Ерөнхий сайдын суудлаас буулгахын тулд байсан гэдэг нь өдгөө ил болж, улмаар Х.Баттулга гишүүн дараагийн “бай” болсон гэж ажиглагч, судлаач нар хэлж байна. Тавантолгойн орд газрыг Хятадын компанид өгөх гэсэн эрх ашгаас үүдэлтэй энэхүү зөрчил маргаан Төрийн гурван өндөрлөгийн толхилцох шалтгаан болж, жирийн гишүүд нь ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг л болж байлаа.
Зарим нэр бүхий гишүүд намынхаа бүлгийн хурал дээр “Төр удирдаж суугаа гурван хүн энэ зөрчил, хэрүүл маргаанаа зогсоомоор байна. Эс тэгвээс бид иргэдтэй уулзахдаа гэм хийсэн хүмүүс шиг л гэлбэлздэг боллоо. Тиймээс та гурав ойлголц” гэсэн шахалтыг удаа дараа тавьсан гэх. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар АН-ын дарга саяхан хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж сонгууль хүртэл ямар нэг баривчилгаа байхгүй шүү гэсэн утга бүхий зүйлийг хэлж, нөгөөдүүл нь ч ойлголоо гэж хэлээд гарсан даруйдаа Х.Баттулга гишүүний эргэн тойрондох хүмүүсийг нэр цохон баривчилж эхэлсэн хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Г.Батхүү гишүүний ойрын найз гэгдэх ЦЕг-ын дарга Р.Чингис, Ерөнхийлөгчийн удирдлагаар хөдөлсөн гэх АТГ-ын энэхүү үйлдэл АН-ын удирдлагуудыг улам л зөрчилдөх шалтгаан болж хувирсан. Өршөөлийн хууль батлахад кноп дараад дэмжчихсэн бол өнөөдөр өөрийн чинь хүмүүс баривчлагдахгүй байсан юм гэх “хуурай агсам” ч гишүүдийн дунд өрнөсөн гэдэг. Шат шатны сонгууль дөхсөн энэ үед дээр дооргүй зөрчилдөж, тэмцэлдэж эхэлсэн тэд сонгууль угтаж эв нэгдэлтэй мэт харагдахаас өөр гарцгүй болсон.
Эс тэгвээс дээдсийн дуулианаар доодос нь чирэгдэж, 2016 оны сонгуулиар АН дахиад л гудамжинд лааз өшиглөх нь тодорхой болоод байгаа. Тэгвэл уржигдар тэд “Эв нэгдлийн” нэртэй ээлжит бус бүлгийн хурал хийлээ. Бүлэг ээлжит бусаар хуралдах тов зарлахаас өмнө АН доторхи фракциуд Төрийн ордонд сэмхэн хуралдсан бөгөөд тэд ээлжит бус бүлгийн хуралдаанаар ямар ажил амжуулах, нөгөө талаар Шонхор фракцийг хэрхэн дарж авах талаар төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл ч бий. Бүлгийн хуралдаанд 30 гишүүн оролцсон бөгөөд энэ сарын 20-нд аудитын газарт өгөх сонгуулийн мөрийн хөтөлбөр, цаашлаад зөрчил хямралтай засаглалыг арилгах үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг зөвшилцжээ.
АН-аас мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд салбар бүрээр ажлын хэсэг гаргаад буй. Тодруулбал, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ахалсан бол, Эрүүл мэнд, боловсролын салбарын ажлын хэсгийг Боловсролын сайд Л.Гантөмөр, Барилга, зам тээврийн салбарыг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан тус тус ахалжээ.
Гэхдээ энэ зөвхөн нээлттэй хурлаар хэлэлцсэн асуудал. 12.00 цагт Их тэнгэрт зарласан бүлгийн хурал ирц бүрдэхгүйн улмаас бага зэрэг хойшилж эхэлжээ. Улмаар бүлгийн хуралдаанд аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, УИХ- ын гишүүн Б.Наранхүү, Г.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нар орон нутагт болон албан томилолттой ажиллаж байсан учраас оролцоогүй аж. 14.00 цаг өнгөрч эхэлсэн хаалттай хуралдаан 19.30 цаг өнгөртөл тун ч халуухан уур амьсгалтай болжээ. Хаалттай хуралдаанд сүүлд Г.Баярсайхан, Б.Болор нар нэмэгдэж ирсэн гэх мэдээлэл бий.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бүлгийн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан ч дотооддоо үүсээд буй энэ бүх зөрчил маргаанаа ярилцаж ойлголцох ёстой гэсэн намын бүлгийн даргын албан шахалтын дагуу оролцсон гэнэ. Хаалттай хаалганы цаана юм юм л болсон сурагтай. Тавантолгойн ордоо булаалцалдсан өндөрлөгүүдийн толхилцоон ганцхан бүлгийн хурлаар дууссан гэж хэлэхэд эрт.
Гэвч дээр хэлсэнчлэн, сонгууль дуустал ямар нэг баривчилгаа байхгүй, нөгөө талаар Төрийн гурван өндөрлөг хэвлэлээр нэг нэгнээ дайрч доромжлохгүй гэсэн аман тохироо хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Хаалттай хаалганы цаана энэ мэт тохироо хийсэн тэд үдэш нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийнд айлчилж, эвлэлдэж нэгдсэний баяраа тэмдэглэжээ.
Нөгөө талаар энэ сарын 16-нд хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан тун ч халуухан болох нь тодорхой байгаа. Мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна, фракциудын зөрчил, төрийн өндөрлөгүүдийн толхилцоон, Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх эсэх асуудал байгаа. Хамгийн сонирхолтой нь ҮЗХ-ны хурлаар дүрмийн бус намын даргыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэх нь зөв гэж “Шонхор”-оос бусад фракц, эвслүүд ярилцаж тохиролцсон гэх мэдээлэл саарал ордонд “тэнэж” байсан. Тэр тусмаа ҮЗХ-ны олонхийг бүрдүүлдэг “алтангадас” фракци энэ талаар хор найруулж эхэлсэн гэх.
Тэгвэл намын удирдлагыг өөрчлөх нь сонгуулийн дүнд ямар өөрчлөлт авчрахыг бүлэг дээрээ ярилцаж, Шонхор хүч түрсэн үйлдлээ зогсоож, фракциудын зарчмыг зөв хуваарилж тойрог, жагсаалтад нэр дэвшигчдээ томилохдоо хүч түрсэн үйлдэл гаргахгүй байхыг ч сануулаад авчээ. Энэ нь гэхдээ З.Энхболд даргын суудлын асуудлыг ҮЗХ-ны хурлаар ярихгүй гэсэн үг биш. Тухайн үед “алтангадас”-ынхан нөхцөл байдал ямар байх, улс төрийн тоглолт хийхээс их зүйл хамаарах сурагтай. АН-д Тавантолгойн орд газар, албан тушаалын төлөөх зөрчил маргаанаас гадна ирэх сонгуулиар нэр дэвших сонирхолтой хүмүүсийн зөрчил туйлдаа хүрчихээд байгаа аж.
Сүхбаатар дүүргийн тойргийг гэхэд л Л.Гантөмөр, Р.Амаржаргал нарт өгөхгүй гэсэн маргаан хэдийнэ дэгдчихээд байсан билээ. АН- ын лидер улстөрчдийн нэг гэгдэх Х.Тэмүүжинд хүртэл тойрог олдохгүйд хүрээд буй. Тэгвэл ҮЗХ-ны хурлаар энэ бүх асуудлаа ярилцахаар болжээ. Юутай ч сонгууль дуустал АН ажин түжин байх нь. Энэ эвлэрэл хаана хүрч зогсохыг таахад эрт байгаа ч АН-д үүнээс өөр сонголт байхгүй. Сонгуулийн пиараа хийхийн тулд, сонгогчдынхоо өмнө нүүр бардам зогсохын тулд Төрийн гурван өндөрлөгийнхөө зөрчлийг нууж, нүүрэндээ инээмсэглэл тодруулахаас өөр сонголт үлдээгүй. Намын даргаа хэчнээн унагахыг хүслээ ч намынхаа хувь заяа, ирэх сонгуулиар авах суудлынхаа төлөө инээж байгаад өнгөрөхөөс өөр аргагүй байдалд тэд хүрчихээд байна.
Юутай ч дотоод зөрчлөө тэр болгон нууж чаддаггүй АН-ынхан хаалттай хаалганы цаана энх тайвны гэрээнд гарын үсэг зурсан дүр эсгэж чадлаа. Гэвч энэ эв нэгдлээ ҮЗХ-ны хурлаар хадгалж үлдэх эсэхээс бүх зүйл шалтгаалах нь.
Монголын мэдээ
Б.Эрхэс
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2016 10:03:28 am )
ЕЕРСДИЙНХЕЕ Л ЭРХ АШГИЙГ БОДОЖ БАЙВАЛ БОЛОО ЮУ? ИНГЭХЭЭР Л УТГАГУЙ ЮМ
-
ххх (April 11, 2016 10:19:38 am )
Дүр эсгэсэн ардчилал аа гэж муу новшнууд үтэр түргэн зайл
-
Зочин (April 11, 2016 1:01:21 pm )
АН-ын хар хэрээнүүдийн цугралтыг юугий нь сонирхох вэ дээ. Энэ хэрээнүүдийн бахиралт багадаагүй дээ.
-
Зочин (April 11, 2016 6:13:20 pm )
өнгөлөөд ч өнгө ордоггүй хэрээнүүд дээ
-
123123123 (April 12, 2016 9:02:19 am )
ЗЭнхболд, Тэмүүжин,Уянга Алтанхуяг гэх мэт сэтгэлтэй хүмүүс байнаа байна
-
зочин (April 12, 2016 11:14:24 pm )
ингэж байж яаж улс орон хөгжих вэ дээ өөрсдийнхөө эрх ашгийг бодсон дарга сайд гишүүд ичдэггүй юм байхдаа
6 Comments