Монгол Улсад авто ослоор нас барж байгаа хүний тоо дайн байлдаантай орнуудын хэмжээнд хүрсэн гэсэн албан бус мэдээлэл байдаг. Жаахан сүржигнүүлсэн боловч оргүй судалгаа биш. Үнэндээ автомашины осол манай улсад гамшгийн хэмжээнд хүрчихсэн шүү гэдгийг сануулсан хэрэг. Өнөөдөр наад захын тоон мэдээллийг харахад л авто ослын улмаас өдөртөө хэдэн хүн хохирч, сардаа хэчнээн хүн нас барж, жилдээ энэ тоо хэдэд хүрч байгааг хангалттай олоод мэдчихнэ.
Тэгвэл “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” өчигдөр тохиолоо. Энэ өдрийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зохион байгуулж, энэ жил гурав дахь жилдээ тэмдэглэж байгаа нь энэ юм. Угтаа бол жил бүрийн энэ өдрийг нийслэлчүүд таагүй мэдээллээр угтдаг нь үнэн.
Учир нь зам тээврийн осол, зөрчил дундаас ганцхан хүүхдийн гэх тодотголтой нь буурахгүй, эсрэгээрээ өссөн дүр зураг гарч байгаа нь эмгэнэлтэй. Уг нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль, мөн жолооч нарын зөрчлийн оноог тооцох журам гээд эрхзүйн хувьд хяналт сайжирсантай холбоотойгоор зам тээврийн осол, зөрчил буурсан гэх эерэг дүн гарсан.
Гэвч бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй, эсрэгээрээ он дараалан нэмэгдсээр байгаа аж. Сүүлийн 10 жилд хүүхэд өртсөн зам тээврийн осол тасралтгүй өсчээ. осолд орсон хүүхдийн 65.7 хувь нь явганаар зам гарах үедээ, 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа гарсан аж.
Тоо баримтаас дурьдвал, энэ сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, есөн хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Өдөртөө л дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж, хүнд хөнгөн гэмтэх, цаашлаад амь насаа алдах эрсдэл буурахгүй байгааг дээр хэлсэн.
Тэгвэл үнэндээ энэ асуудал бол цэвэр эцэг, эхийн хариуцлагагүй үйлдэл гэж хэлж болно. Учир нь эцэг, эхчүүд хүүхдээ чирээд л гарцгүй газраар
машинтай уралдан гүйх нь элбэг байдаг дүр зураг. Уг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг хэдий ч эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна. Одоо ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт дуусч, хичээл эхэлсэн тул хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байсан.
Мөн замын цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх цуврал арга хэмжээг ч зохион байгуулах гэж байгаа юм. Гэхдээ эцсийн дүнд эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, зөв дадал, хэвшлийг биеэрээ үлгэрлэх нь хамгийн том хамгаалалт гэдгийг санаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монголын мэдээ
Э.Туул
Холбоотой мэдээ
Comments are closed.