Панамын оффшорын баримтуудыг ил гаргасны дараа Төв банкууд санхүүгийн салбараа шалгах ажилд орцгоож байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын (ICIJ) үнэлгээгээр 1977-2015 оны хооронд 500 гаруй банк тухайн хуулийн этгээдэд өөрсдийн мэдлийн байгууллагуудыг бий болгосон байна. Сэтгүүлчдийн жагсаалтад HSBC, Credit Suisse, UBS зэргийн томоохон банкуудын нэр оржээ. Тэд бүгд л Панамын “Mossack Fonseca” компаниар дамжуулан ажиллагаа хийж байсан нь тогтоогджээ. Панамын “Mossack Fonseca” нь одоо дуулианы төвд байгаа билээ.
Мэргэжлийн хөлбөмбөгийн ертөнцийн мөнгө угаасан хэрэгт хамаатай байж болох трастын компаниудыг шалгаж байгаа Голландын Төв банк ч панамын баримтууд дахь мэдээллийг шалгана гэв.
Испанийн хааны VI Фелипийн авга эгч Пилар де Бурбон Панамын нэгэн оффшорын пүүсийг толгойлж байсан юм. Одоо банкууд тэнд мөнгө угаасан байж магадгүй гээд шалгалтаа эхлүүлэв. Шведийн засаг захиргаа “Nordea” гэх томоохон банкнаас тайлбар авахаар төлөөлөгчийг нь дуудлаа. Панамын баримтад уг банк нь татвараас зугтах талаар үйлчилгээ үзүүлж байсныг өгүүлсэн байлаа. Оффшорын тухай энэ дуулиантай нийтлэлд Исланд хамгийн хатуугаар хандлаа.
Тус улс бол 2008 оны хямралыг бий болгосон хэргээр санхүүчдээ шоронд суулгасан дэлхийн ганц орон. Гэтэл үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд нь эхнэрийнхээ хамт Панамд мөнгөө нуусныг мэдсэн исландчууд ихэд гайхширчээ. Ерөнхий сайд өөрөө огцрохгүй гэдгээ мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн түүнд итгэл үзүүлэх эсэхээр олон нийтийн санал асуулга явуулна гэв.
Швейцарьт дээрх асуудлаар нэлээд удаан хугацааны шалгалт мөрдлөг явуулах бололтой. Тус орны хуульд банкууд нь тодорхой хязгаарлалтыг сахисан бол татварын хөнгөлөлттэй орнуудад төлөөллийн газраа байгуулахыг хориглодоггүй. Тиймээс эрх баригчид санхүүгийн байгууллагуудаа хууль зөрчсөн үү гэдгийг тогтоох шаардлагатай болжээ. Австрийн эрх баригчид мөнгө угаасан хэргээр “Hypo Vorarlberg” ба “Raiffeisen Bank” гэх хоёр том байгууллагыг шалгаж эхэлжээ. “Райффайзен” банк нь Украины магнат Петр Порошенкод зээл өгч байсан. Зээлийн мөнгө нь Панамын оффшорын байгууллагуудын хадгаламжид оржээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.