antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2012 Comments are off

“Х.Цагаанбаатар байгаа учраас би амжилтад хүрсэн”

нийтлэсэн Admin

Казахстаны Алматы хотноо болсон “World Masters” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монголын жүдочид түрүү булаалдаж, алт, мөнгөн медалийн эзэд болсон билээ. Тус тусын учраагаа ялснаар финалд “учирсан” С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар нарын барилдаанд ОУХМ С.Мияарагчаа өрсөлдөгчөө цэвэр ялснаар дэлхийд шигшигдсэн шилдэг 16 бөхийн халз тулаан гэгдэх “Мастерс”-ын хошой аварга болсон билээ. “Мастерс”-т дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан. Бахархалтай нь түүнтэй таарсан жүдочдын гурав нь дэлхийн аваргын медальтнууд байсан юм.

“World Masters”-ын хошой аварга болж, чансаандаа 400 оноо нэмсэн түүнтэй өчигдөр утсаар холбогдож, ярилцлаа. Дашрамд дуулгахад, “Мастерс”-т зодоглосон Монголын жүдочид өнөөдөр орой эх орондоо ирэх юм.

-Баяр хүргэе. Чансаа өндөр, том тэмцээний хошой аварга боллоо. Тэмцээн ямар болов?

-Баярлалаа. Тэмцээн янзтай сайхан боллоо.

-Аваргын төлөө “мөнхийн өрсөлдөгч” гэж болох Х.Цагаанбаатартай таарч, барилдсан. Том тэмцээний финалд барилдах юмсан гэх та хоёрын эртний хүсэл биеллээ оллоо шүү дээ?

-Харин тэглээ. Хоёр талаас хоёулаа ялж гарч ирээд, аваргын төлөө хоорондоо барилдлаа. Миний хувьд дөрвөн барилдаан хийснээс гурав нь дэлхийн аваргын медальтай бөхчүүд байсан. Эхний тойрогт барилдсан Францын Луи Корваль 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальтай. Би өмнө нь таарч байгаагүй л дээ. Харин дараагийн тойрогт ОХУ-ын жүдоч Муса Могушковтой барилдсан. Бид хоёр 2010 онд хоёр ч удаа таараад, нэг, нэг ялж байсан юм. Дахиад нэг таарч барилдах юмсан гэж боддог байлаа. Хагас шигшээд барилдсан 2010 оны дэлхийн аварга, Японы Моришита Жунпейг бол ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Өнгөрсөн жилийн Парисын “Их дуулга”-д хүрэл медалийн төлөө барилдаад ялж байсан юм. Энэ удаад эхлээд вазари үнэлгээ аваад, дараа нь цэвэр яллаа.

-Медалийн тавцанд гарсан дөрвөн бөхийн танаас бусад гурав нь сүүлийн гурван жилийн дэлхийн аваргууд байсан?

-Харин тийм. Сүүлд нь зураг хараад үнэхээр nice, бахархалтай санагдсан.

-Бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсан болохоор “Иппон” шагнал хүртсэн үү?

-Үгүй үгүй. Энэ тэмцээнд тийм шагнал байхгүй.

-Зурагтаар таны барилдааныг үзэж байхад их тайван, огт сандарсан шинжгүй харагдаж байсан?

-Юм гэдэг цаанаасаа л зурагдсан байдаг бололтой. Би ерөөсөө сандарч, тэвдээгүй. Дэндүү гэмээр тайван байсан. Ямар сайндаа тэмцээний өмнө энэ сайны ёр уу, муугийн ёр уу гээд ярилцаж байлаа. Багш нар маань “Зүгээр, сайн байлгүй яахав” гээд зоригжуулсан. Үнэхээр л бүх зүйл анхнаасаа зурагдсан юм шиг байсан, нэг л өөр. Тэмцээний өмнөх өдөр “Би маргааш түрүүлэх юм шиг байна аа” гээд Эрка багшид /эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одыг хэлэв/ хэлсэн чинь багш шүлсэндээ хахаад. Би ч “Хуваалцаарай” гээд бид хоёр инээлдэж байлаа. Тэгээд “Түрүүлвэл дайлна аа” гэж байсан юм. Анх Казахстанд очоод онгоцны буудлаас автобусанд суугаад зочид буудал руугаа явах замдаа хүртэл “Удахгүй миний түрүүлэх өдөр. Анд нөхөд, багш нараа баярлуулах өдөр” гээд дуулж байсныг яана /Инээв/. “Төрсөн өдрийн дуу”-ны аянд өөрөө үг зохиогоод тоглож явахгүй юу. Одоо бодоход цаанаасаа л нэг бэлгэдэлтэй байсан санагдаад сэтгэл их хөдөлж байна.

-Хэдэн кг жин хассан бэ?

-Гайгүй дээ. Таван кг л хассан.

-Хагас шигшээд Х.Цагаанбаатар та хоёр Японы бөхчүүдийг ялчихаад аваргын төлөөх барилдааны өмнө уулзсан уу. Барилдахаасаа өмнө юу ярив?

-Би түрүүлж Японы бөхтэй барилдаад ялсан. Дараа нь Цагаанаа ялж  ирчихээд бид хоёр “Гоё шүү” гээд нэг сайхан гараа цохиж баяраа хуваалцаад, дараагийн барилдаандаа бэлдсэн.

-Барилдаануудынхаа тухай яриач. Хувийн төлөвлөгөө хэр боловсруулсан байсан бэ?

-Францын бөхийн тухайд гар чангатай, бяртай бөх учир жаахан эмээж байсан. Яг татамид гараад барилдсан чинь надаас бяр дутуу нь мэдрэгдээд ирсэн. Эхлээд хоёр ч удаа торгуулаад, юүко үнэлгээ алдсан ч ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан болохоор сандралгүй тайван барилдаж, цэвэр ялсан.

-Могушковын тухайд?

-Могушковтой өмнө нь хэд, хэдэн удаа барилдаж байсан болохоор ерөнхийдөө барилдааны арга барил, мэх зэргийг нь гадарлаж байсан. Интернэтээс бичлэгийг нь үзэж, нэлээд судалсан. Оны өмнө болсон Токиогийн “Их дуулга”-ын дараа бид нар гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийхэд Могушковтой гар зөрүүлж амжсан. Би нэг тэмдэглэл хөтөлдөг юм.

-Ямар?

-Өрсөлдөгч нарынхаа давуу, дутуу тал, техник, мэх гээд. Токиод хийсэн хамтарсан бэлтгэлийн дараа би тэр дэвтэртээ Могушковын тухай “Өмсч, унагах мэхээр ялж болмоор юм байна. Барьц сайн мэдэрдэг, зүүн гарыг нь дагуулж дараад өмсвөл боломжийн” гэж бичсэн байсныгаа сая “Мастерс”-т барилдахынхаа яг өмнөх өглөө уншаад гарсан. Харин Моришита Жунпейгийн тухайд анхнаасаа л өөрийгөө ялна гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Өмнө нь ч барилдаж байсан, бас хамтарсан бэлтгэлийн үеэр барилдаж байсан болохоор ерөнхийд нь мэднэ. Давхар өчих мэхнүүд нь их хүчтэй бөх. Хоёр багшаасаа /Шигшээ багийн ахлас дасгалжуулагч О.Балжинням, Х.Болдбаатар нарыг хэлэв/ зөвлөгөө авч, тэднийхээ хэлсний дагуу барилдаж, сайхан яллаа.

-Тэгвэл Х.Цагаанбаатартай хийсэн барилдааны тухайд. Иппон ялсан мэхний талаар тайлбарлаач?

-Цагаанааг мэх хийхэд нь зөрүүлж дараад. Зэрэг мэх хийгээд, жийхэд нь этэж таарсан. Цагаанаа хэд хэдэн удаа жийх гээд дохиод байсан л даа. Яг жийхэд нь мэдэрсэн гэх юм уу даа. Өмнө нь улсын аваргаар яг тэгж жийхэд нь өөдөөс нь этээд ялагдаж байсан юм. Энэ удаад харин алдаагаа залруулж, барилдаад яллаа.

-Цагаанаатай яаж барилдах бодолтой байсан бэ?

-Аль болох бяр, техникээр илүү барилдъя л гэж бодсон. Түрүүлж үнэлгээ авч чадахгүй бол барилдааны төгсгөлд, сүүлийн хоёр минутад ч юм уу торгуулиар ялах боломж нэг байж болох юм гэсэн бодолтой байлаа.

-Монголын хоёр бөх жүдогийн өлгий нутаг Японы тамирчдыг ялж, алт, мөнгөн медаль хүртлээ. Японы хоёр ч бөхийг хүрэл медалийн тавцанд зогсоож чадсан нь бахархалтай байлаа?

-Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер монголчуудын барилдааныг үзээд их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн шүү. Өөрөө над дээр хүрч ирээд баяр хүргэсэн. Бас олимп, дэлхийн мөнгөн медальт, 73 кг-д барилдаж буй Францын Бенжамин гээд бөх бий. Тэр хүртэл “Mongolia and Japan. Mongolia win” гээд, бусад орны тамирчид ч маш их дэмжиж байлаа.

-Медалийн төлөөх барилдааныг монголчууд C1 телевизээр шууд хүлээн авч үзсэн. Шууд гаргаж байгааг мэдсэн үү?

-Барилдаж дуусчихаад допингийн шинжилгээ өгөх гээд зогсч байхдаа гар утсаа үзтэл 20 гаруй мессеж ирсэн байсан. Найз нөхөд, хамаатан садан гээд дандаа баяр хүргэсэн, урам хайрласан, итгэл хүлээлгэсэн сайхан мессежүүд ирсэн байлаа. Ээж маань миний барилдааныг шууд үзсэн байсан. Утсаар ярьсан чинь уйлаад… Тэгээд би тэр  шөнө догдлоод, нойр нэлээд хулжиж хоносон шүү. Хүмүүсийн бичсэн гоё гоё мессежүүдийг дахин дахин уншаад л.

-Ээжтэйгээ утсаар яриад арай уйлчихаагүй биз?

-Уйлаагүй ээ /инээв/.

-Тэмцээний уур амьсгал ямар байв. Монголын хөгжөөн дэмжигчид олон байсан уу?

-“Мастерс”-т муу, сул өрсөлдөгч гэж байхгүй шүү дээ. Жин тус бүрийн шилдгийн шилдэг 16 бөх урилгаар оролцдог болохоор барилдаан бүр үнэ цэнэтэй, хариуцлагатай байлаа. Тэмцээний үзэгчид, гадныхан ялангуяа Монголын тамирчдыг дэмжиж, их дотно хүлээж авсан. Казахын үзэгчид хүртэл монголчуудыг хүчтэй дэмжээд л, нутагтаа байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсныг хэлэх нь зүйтэй байх. Сэтгэлд дотно, сайхан санагдсан.

-Нээрэн, таны кимоно дээр “Дүнжингарав” компанийн лого харагдаж байсан. Та “Мон Уран” компанийн тамирчин болсон юм уу?

-Өнгөрсөн жил Монголд болсон “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээний дараагаас эхлээд “Мон Уран” компани намайг дэмжих болсон. “Мон Уран”-ы захирал Б.Наранхүү ах намайг сэтгэл санаагаар дэмжиж, их эрч хүч өгсөн. Зөвхөн санхүүгийн асуудал дээр туслаад зогсохгүй миний сэтгэл зүйч шиг л надад тусалж байгаа. Тамирчин хүний хувьд ардаа санаа зовох зүйлгүй, асуудалгүй байна гэдэг амжилтад чухал нөлөөтэй юм байна. Би тэрийг сая илүү сайн мэдэрлээ.

-Та “Мастерс”-т явахынхаа өмнө “Алтан гадас” одонгоор шагнуулсан байгаа. Тэр ч бас урам өгсөн байх?

-Шинэ оны өмнөхөн, арванхоёрдугаар сарын 30-нд “Алтан гадас” одон хүртсэн. Аливаа юм гэдэг цаанаасаа л сайхан бүтээд байх юм. Маш сайхан байна. Ямартай ч 66 кг-ын жинд аваргалж, хөнгөн жинд Монголын бөхчүүд хүчтэй гэдгийг Цагаанаа бид хоёр дахин баталж чадлаа. Монголын тамирчдын бэлтгэл сайн байгаа. Дараа жил илүү олон жүдоч энэ тэмцээнээс медаль авна гэдэгт итгэж байна.

-Тэмцээний дараа танд төрсөн хамгийн сайхан мэдрэмж юу байв. Магадгүй энэ их энгийн асуулт л даа?

-Баг хамт олноороо бахархсан. Олон хүнд баярлалаа гэж хэлмээр санагдсан. Ялангуяа би Цагаанаадаа баярлах хэрэгтэй. Би өөрийгөө их азтай хүн гэж бодсон. Бурхан надад ийм сайн өрсөлдөгч заяасанд баярласан. Х.Цагаанбаатар байгаа учраас би өөрийгөө хурцалж, ирлэж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бөх болж чадсан гэж боддог. Хамгийн шилдэг өрсөлдөгч, найздаа баярлалаа, үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Ингэхэд та хоёр дотоод, гадаадын татамид нийт хэдэн удаа барилдаад байгаа вэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд лав хэн хэнийгээ хоёр удаа яллаа шүү дээ?

-Ёстой тэгж тоолж үзээгүй юм байна. Би ер нь аль бага байхын л Цагаанаад ялагддаг байсан юм. Хүүхэд байхаасаа л нэг жинд өрсөлддөг байлаа. Аваргын төлөө гарч ирээд л Цагаанаад ялагдана /инээв/. Хамгийн анх 2009 онд ялсан. Түүнээс хойш дараалаад гурван ч удаа ялсан, дараа нь хоёр таарахад ялагдаад, тэгээд сая яллаа даа.

-Тэмцээний дараах өдрийг хэрхэн өнгөрүүлж байна. Амарч байна уу, эсвэл бэлтгэлээ хийсээр л байна уу?

-Ерөнхийдөө амарч байна. Гэхдээ ойр, ойрхон тэмцээнтэй болохоор байнгын бэлтгэлтэй байхгүй бол болохгүй. Өнөөдөр ч гэсэн манайхан бэлтгэлээ таслалгүй хийж л байна. Өглөө таван км-ын кроссонд гүйсэн.

-Монголд хэзээ ирэх билээ?

-Маргааш /өнөөдөр/ очно. Оройхондоо буух байх.

-Нэр хүндтэй, чансаа өндөр тэмцээний хошой аварга боллоо. Дараагийн зорилго юу байна?

-Миний хувьд ойрын хугацаанд болох “Их дуулга”, Дюссельдорфын гран-прид энэ эрч хүч, формоо алдалгүй амжилттай оролцож, монголчуудаа баярлуулахыг хүсч байна. Тэрнээс биш айхтар бодож санасан зүйл алга даа.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car