antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2016 2 comments

БНХАУ-ын XIII таван жилийн төлөвлөгөөнд ямар зорилтууд тусав?

нийтлэсэн Admin
527-1458813072premier-li_0

Жил бүрийн хавар хуралддаг БНХАУ-ын “хоёр чуулган” буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 12 дахь удаагийн 4 дүгээр чуулган 2016 оны 3-р сарын 2-16-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өндөрлөв.

Энэ удаагийн БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь уламжлал ёсоор Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын ажлын тайлан илтгэл, “БНХАУ-ын Улс Ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөө”-ний төсөл болон бусад хуулийн төсөл, шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн баталсан байна.

2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян Засгийн газрын ажлын тайлан илтгэл тавив. Уг тайлан илтгэл нь “2015 оны ажлын тойм”, “XIII таван жилийн төлөвлөгөөний гол зорилго, бодлого”, “2016 онд хэрэгжүүлэх гол ажлууд” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд БНХАУ-ын нийгэм эдийн засгийн хөгжил, эдийн засгийн нээлттэй бодлогын асуудлыг голлон тусгажээ. Түүний тайлан илтгэл нь БНХАУ-ын XII таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн сүүлийн жил XIII таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн гарааны жилийн тухайд байсан бөгөөд уг илтгэлийн эхний хэсэгт 2015 оны ажлын тайлан нь өмнөх таван жилийн төлөвлөгөөний дүгнэлттэй давхцаж, 2016 оны ажлын төлөвлөгөө нь дараагийн таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний үе шат байдлаар давхцаж байснаараа онцлог байлаа.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян илтгэлийнхээ эхэнд, хэдийгээр өнгөрсөн жил БНХАУ нь хөгжлийн багагүй хүндрэл сорилттой тулгарсан ч 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, шинэ амжилтад хүрч чадсаныг дурджээ. Үүнд: нэгд, өнгөрсөн жил тус улсын ДНБ-ний хэмжээ 67.7 их наяд юаньд хүрэн 6.9 хувиар өсч, хот суурин газрын ажлын байрыг 13 сая 120 мянгаар нэмэгдүүлсэн нь төлөвлөгөөгөө давуулсан үзүүлэлт болсон бөгөөд эдийн засгаа боломжийн хэмжээнд байлгаж чадсан, хоёрт, үйлчилгээний салбар нь ДНБ-ний 50.5 хувьд хүрч өсөн бүтцийн зохицуулалт ахицтай явагдсан, гуравт, инновацид суурилсан хөгжлийн стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр хөгжлийн шинэ түлхэх хүчийг хурдасгаж чадсан, дөрөвт, нэг хүнд ногдох орлого эдийн засгийн өсөлтөөс давж 7.4 хувьд хүрсэн, иргэдийн хадгаламж 8.5 хувиар өссөн, хөдөөгийн 64 сая 340 мянган иргэдийн ундны усны асуудлыг шийдэж, хөдөө тосгодын ядуу иргэдийн тоог 14 сая 420 мянгаар бууруулснаар ард иргэдийн амьдралын түвшнийг зохих хэмжээгээр сайжруулж чадсан зэрэг гол гол амжилтуудаа дурдсан байна.

2015 онд тус улс хатуу хяналтаар тогтоодог зарим нэр төрлийн барааны үнэ ханшийг чөлөөлсөн нь зах зээлийн механизмын ажиллах чадварыг дэмжсэн бодлого болсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, Төв Засгийн газраас тогтоодог үнэ ханшийн жагсаалтын 80 хувийг, орон нутгийн засаг захиргаанаас тогтоодог үнэ ханшийн жагсаалтыг 50 хувиар чөлөөлсөн нь БНХАУ чөлөөт зах зээлийн тогтолцоогоо улам бүр нээлттэй болгож байгаагийн илрэл хэмээн харж болно. Лиценз, тусгай зөвшөөрөл олгох механизмыг цэгцэлж, гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч байсан зарим саад бэрхшээлийг арилгаснаар өнгөрсөн жил БНХАУ-д орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 5.6 хувиар нэмэгдэж, 126 тэрбум 300 сая ам.долларт хүрчээ. “Интернэт+” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болж, бүх салбарын үйлдвэрлэлийг цахим мэдээлэлтэй уялдуулснаар үр дүнгээ өгч эхэлсэн байна. Зүүн, төв, баруун, зүүн хойд хэсгийн гэх дөрвөн том бүсчилсэн хөгжлийг уялдуулан ахиулсан нь БНХАУ-аас дэвшүүлээд байгаа “Нэг бүс, нэг зам” бүтээн байгуулалтын дотоод хурдасгуур болжээ.

Үнэхээр энэ бүхэн нь дэлхий даяар эдийн засаг тогтворгүй байгаа үед судалгаанд суурилсан нарийн чанд тооцоо бүхий төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны зарим давуу талыг харуулж байгааг бид анхаарлынхаа гадна орхиж болохгүй юм.

2015 он нь тус улсын XII таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацааны төгсгөлийн жил байсан бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ-ын хөгжлийн ололт амжилт нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, XII таван жилийн хөгжлийн зорилтуудыг төлөвлөсөн хугацаанд нь бүх талаар биелүүлснийг дүгнэсэн жил болжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ-ын ДНБ нь дунджаар жилд 7.8 хувиар өсч, эдийн засгийн цар хэмжээгээрээ дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаар байранд хэвээрээ байв. Харин гадаад худалдаа болон гадаадад хөрөнгө оруулалтаараа хамгийн том улс болж эдийн засгийн өсөлт хурдацтай үргэлжилсэн байна. Үйлчилгээний салбар нь хамгийн том үйлдвэрлэл болж, хүн амын хагасаас илүү хувь нь хот суурин газарт амьдрах болсон зэрэг бүтцийн зохицуулалтад илэрхий ахиц гарчээ.

Төмөр замын урт 121 мянган км-т хүрснээс өндөр хурдны төмөр замын нийт уртын хэмжээ 19 мянган км-ээс давж, дэлхийн өндөр хурдны төмөр замын нийт уртын 60 гаруй хувийг эзлэх болсон, өндөр хурдны авто замын нийт урт 120 мянган км-ээс давсан зэргээр дэд бүтцийн байгууламж нь сайжирчээ. Сансар судлал, тэнгис далай судлал зэрэгт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь дэлхийн тэргүүний түвшинд хүрч шинжлэх ухаан технологийн инноваци амжилттай хэрэгжжээ.

Ард иргэдийн орлого эдийн засгийн өсөлтөөс давж, хот хөдөөгийн иргэдийн орлогын зөрөө багасаж, хот суурийн газрын ажлын байр 64 саяар нэмэгдэж, хөдөө тосгодын ядуу иргэдийн тоо 100 саяар буурч, 300 сая хүний ундны усны асуудлыг шийдсэн зэргээр ард иргэдийнхээ амьдралын түвшинг ахиулжээ. Боловсролын чанар, түвшин сайжирч, эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалд хамрагдагсдын хувь хэмжээ 80 хувийг давсан зэрэг нийгмийн хөгжил амжилтаар дүүрэн байлаа.

Хятадын онцлогтой цэргийн шинэчлэл ч мөн адил амжилтаар дүүрэн байжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын эдийн засаг, шинжлэх ухаан технологи, цэрэг батлан хамгаалахын хүчин чадал болон олон улсын нөлөөлөл нь ч нэгэн шинэ шатанд гарч чадсаныг онцлон дурдаж байна.

Ийнхүү БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнгөрсөн жилийн болон XII таван жилийн төлөвлөгөө ололт амжилтаар дүүрэн байв. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөөний талаар хэлэхдээ, 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтдоо хүрч, ДНБ-ний хэмжээ болон хот хөдөөгийн оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь ДНБ-ний жилийн дундаж өсөлтийг 6.5 хувиас дээш болгон, инновацийн удирдлагыг эрчимжүүлэн, өндөр түвшний шинжлэх ухаан болон инновацийн улсын төвийг олноор байгуулан, 2020 гэхэд суурь болон хэрэглээний судалгааны салбарт чухал том ололт амжилт гарган, эрдэм шинжилгээний салбарын санхүүжилтийг 2.5 хувьд хүргэж, шинжлэх ухаан технологийн ололт амжилтын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг 60 хувьд хүргэх, инноваци бүхий шинэ хэлбэрийн улс орон, боловсон хүчний хүчирхэг гүрнийг байгуулна гэжээ. Шинэ хэлбэрийн хотжилт, орчин цагийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, 2020 он гэхэд нийт хүн амд эзлэх хот сууринд амьдрах хүний тоог 60 хувьд хүргэж, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний хангамж, чанарын аюулгүй байдлыг улам баталгаажуулна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, хурдны төмөр замын нийт уртыг 30 мянган километрт хүргэж, хотуудын 80 гаруй хувийг хурдны төмөр замаар холбоно. 30 мянган километр хурдны авто замыг шинээр байгуулах буюу засан сайжруулж, хот хөдөөг бүхэлд нь интернэт сүлжээгээр холбоно. Ногоон үйлдвэрлэл, байгальд ээлтэй амьдралын хэлбэрийг ахиулж, экологи орчноо улам сайжруулна. Ирэх таван жилд нэгж бүрийн үйлдвэрлэлийн усны зарцуулалтыг 23 хувиар, эрчим хүчний зарцуулалтыг 15 хувиар, нүүрстөрөгч ялгаруулалтыг 18 хувиар бууруулж, ойн бүрхэвчийг нийт нутаг дэвсгэрийн 23.04 хувьд хүргэж нэмэгдүүлнэ. Агаарын бохирдлыг улам бууруулж, дундаас дээших хот суурины агаарын бохирдолгүй хоногийн тоог 80 хувьд хүргэнэ.

Өөрчлөлт шинэчлэлтийг улам гүнзгийрүүлж, шинэ тогтолцоог хөгжүүлнэ. Иргэдэд ашигтай байдлыг ахиулж, хөгжлийн ололт амжилтыг улам олон иргэдэд хүртээнэ. Тэргүүний их дээд сургууль, эрдэм шинжилгээний төсөл ажиллуулж, хөдөлмөрлөх насны хүн амын боловсрол эзэмших дундаж түвшнийг 10.23 жилээс 10.8 жил болгон нэмэгдүүлнэ. Хот суурины 50 саяас дээш хүн амыг шинээр ажлын байртай болгож, хот суурины захын хорооллын 20 сая орон сууцыг сэлбэн засч, хүн амын дундаж наслалтыг 1 жилээр нэмэгдүүлнэ гэжээ.

Харин Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд 2016 онд хэрэгжүүлэх гол ажлуудаа дорх хэдэн асуудалд хандуулж байлаа.

2016 оны хөгжлийн гол урьдчилсан зорилт нь дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6.5-7 хувьд хүргэх, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь орчимд байлгах, хот суурин газрын 10 сая хүнийг шинээр ажлын байраар хангах, ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувьд тогтоон барих, импорт экспортыг тогтвортой байлгах, төлбөрийн балансыг тэнцвэртэй байлгаж, ард иргэдийн орлого болон эдийн засгийн өсөлтийг зэрэгцүүлэн нэмэгдүүлэх болно. ДНБ дэх эрчим хүчний нэгжийн хорогдлыг 3.4 хувиар бууруулж, бохирдол ялгаруулах хэмжээг улам багасгана.

Эдийн засгийн өсөлтийг 6.5-7 хувьд хүргэхээр төсөөлж байгаа нь тал бүрээр чинээлэг нийгмийг байгуулах тус улсын ерөнхий зорилттой уялдах ба бүтцийн шинэчлэлтийг ахиулах шаардлагыг тооцоолж үзсэн хэрэг ажээ.

Энэ жил БНХАУ-ын Засгийн газраас хийж гүйцэтгэхээр дараах гол ажлуудыг төлөвлөсөн байна. Нэгд,Макро эдийн засгийн бодлогыг тогтворжуулж, эдийн засгийн эргэлтийг тохиромжтой хэмжээнд хадгална. Хоёрт, Хангамж нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн чанартай шинэчлэлтийг эрчимжүүлнэ.Гуравт, Дотоод эрэлтийн нөөцийг илрүүлж, хөгжлийн илүү өргөн орон зайг нээнэ. Дөрөвт, Хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжлийг хурдасгаж, хөдөөгийн иргэдийн орлогыг улам нэмэгдүүлнэ. Тавд,Харилцан ашигтай, нээлттэй гадаад хамтын ажиллагааг шинэ төвшинд урагшлуулан хөгжүүлнэ.Зургаад, Хүрээлэн буй орчноо сайжруулж,ногоон хөгжилд шинэ ахиц гаргана. Долоод, Иргэдийн амьжиргааг сайжруулж, нийгмийн бүтээн байгуулалтыг бэхжүүлнэ. Наймд, Засгийн газрын байгуулалтыг бэхжүүлж, засаглалын чадвар болон үйлчилгээнийх нь түвшинг нэмэгдүүлэхээр тусгажээ.

2016 он бол XIII таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн гарааны жил болох тул энэ онд хэрэгжүүлэх дээрх зорилтууд нь XIII таван жилийн төлөвлөгөөний зорилтын хүрээнд явагдана. 2016 онд хэрэгжих зорилгын агуулгаас зарим нэг онцлог зүйлийг дурдвал, татвараас чөлөөлөгдөх хүрээг тэлнэ, зайлшгүй шаардлагатай төсвийн зардал болон Засгийн газрын хөрөнгө оруулалтыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж эмзэг давхаргынханд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ, хотжилтыг улам хөгжүүлнэ, бүс нутгуудын хөгжлийн загварыг сайжруулна, хөдөө орон нутагт 200 мянган км авто замыг шинээр барих буюу засаж сайжруулна, хоёр хүүхэдтэй байх бодлогыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийн удаашралын хэмнэлээр цэргийн төсвийг 2016 онд 7,6 хувиар өсгөх агаад энэ нь сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн бага өсөлт байна зэргийг жагсааж болох юм.

БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор баталсан “БНХАУ-ын улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөө” нь тус улсын нийгэм-эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилгын үзүүлэлтийг тодорхойлсон 80 зүйлээс бүрдэх бодлогын цогц баримт бичиг юм.Тус баримт бичгийн эхэнд инноваци хөгжил, зохицуулалттай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтаар хуваалцах хөгжлийг бүрэн ахиулж, чинээлэг нийгмийг байгуулахыг бүх талаар баталгаажуулна хэмээн дурджээ.

XIII таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн дунд зэргийн өсөлтийн үндсэн дээр зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулах асуудалд онц ач холбогдол өгснийг юуны өмнө дурдах нь зүйтэй юм. Эдийн засгийн өсөлтийг дунд хэмжээнд барин сааруулж буй нь бусад улсын эдийн засагт шууд нөлөөлөхгүй байхаар  харин ч “хамтдаа хөгжих” үзэл санааг бодит нөхцөлд хэрэгжүүлэх зорилготой аж. Түүнчлэн хүн амын насны бүтцийг зохистой хэмжээнд барихын тулд хоёр хүүхэдтэй байх бодлогыг хэрэгжүүлж 2020 он гэхэд хүн амын тоог 1 тэрбум 420 сая орчимд байхаар тооцоолжээ. Мөн авилга, хээл хахуулийн асуудлыг хөндөж, албан тушаалтнуудын хэлбэрдэх, хүнд суртал гаргах, тансаглах болон баярхах зэрэг амьдралын хэв маягийн эсрэг үргэлжлүүлэн тууштай тэмцэхээр байна.

Гадаад бодлогын тухайд, БНХАУ нь тусгаар тогтнол, бие даасан энхтайванч гадаад бодлого баримталж, “Энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчим” болон бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох гэсэн уламжлалт бодлогоо үргэлжлүүлэн улам сайжруулан баяжуулж хөгжүүлэхээр болов. Нөгөөтэйгүүр, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа нь бусадтай зөрчилдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан стратегийн сонирхлыг ойлгож, зөрчил болон ялгаатай зүйлээ хамтын ажиллагаагаар үргэлжлүүлэн шийдвэрлэнэ. Өөрийн ашиг сонирхлоо хангахаас гадна нөгөө талын ашиг сонирхлыг харгалзан, хамтын хөгжлийг чухалчилна. Үүний тулд бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй, харин олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцох тухай тодорхойлсон байна.

Ирэх таван жилийн хугацаанд БНХАУ нь “Нэг бүс, нэг зам” санаачилгаа бодит ажил хэрэг болгоно хэмээж байна. Өөрөөр хэлбэл, “тунхаглал”-аас жинхэнэ “хөтөлбөр” болгоно гэдгээ онцолж XIII таван жилийн хөтөлбөрийг биелүүлэх хугацаанд нэгэн зэрэг “Нэг бүс, нэг зам”-ийг идэвхтэй хэрэгжүүлэхээр болж байна. БНХАУ нь “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дотооддоо болон олон улсад тайлбарах, сурталчлах чиглэлээр түлхүү ажиллаж байсан бол өнөөгийн байдалд “Нэг бүс, нэг зам”-ыг онолын үүднээс авч үзэх, хөгжлийн үзэл баримтлалын гол хөшүүрэг болгож хэрэгжилтийг ахиулах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна гэдгийг Хятадын судлаачид дурддаг.

Сүүлийн жилүүдэд бүс нутгийн их гүрнүүд эх газрын геополитикийн бодлогодоо шинэ уур амьсгал оруулж байгааг бид анхаарах хэрэгтэй. БНХАУ “Торгоны зам”-ыг, ОХУ “Евроазийн дэд бүтцийн бүтээн байгуулалт”-ыг, БНСУ “Евроазийн сүлжээ”-г дэвшүүлээд байгаа бол Япон нь Төв Азийн улсууд болон манай улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад байгаа нь дээрхийн илрэл мөн билээ.

Манай Монгол Улс ч дээрх санаачилгыг анхааран харж зарим нэгэн алхам хийгээд байгаагийн нэг нь “Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах” тухай БНХАУ-ын санаачилгыг дэмжиж хөрөнгө оруулсан улс болсон юм.

БНХАУ-ын засаглалын онцлогоос шалтгаалан аливаа томоохон шийдвэр бодлого нь Коммунист Намын хүрээнд анхлан хэлэлцэгдэж батлагддаг билээ. Иймээс 2015 оны 10 дугаар сард БНХАУ-ын Коммунист Намын 18 дугаар удаагийн Төв Хорооны 5 дугаар чуулганаар XIII таван жилийн төлөвлөгөөний тухай саналыг баталсан бөгөөд үүний дараахан нь БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ирж манай улсын улс төрийн бүх намын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид хийгээд шийдвэр гаргагч нарт танилцуулж байсан нь хоёр орны түүхэнд урьд өмнө болж байгаагүй сонин содон арга хэмжээ болсон юм. Иймээс энэ удаагийн БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулганаас баталсан “БНХАУ-ын Улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөө”-ний голлох зорилтуудын талаар манай улсын ард иргэд тодорхой ойлголттой байгаа тул олон зүйлийг давтан нуршилгүй энэхүү бичвэрийг төгсгөе.

Ж.Баясах. Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/, профессор

Н.Төмөр. Доктор/Ph.D/,профессор

Д.Базардорж. Доктор/Ph.D/

2015 оны 3 дугаар сарын 17


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • davaa (March 25, 2016 5:16:30 pm )

    ingej l zorilgotoi, tolovlogootoi, hyanalttai hogjdog yum bna daa. manaih uneheer zambaraa algaa yaj neg emh tsegtsendee ornoo jinhehe huvisgal hiij gants udirdagchtai bolj baij l saihan tsag ireh baihdaa

  • mengu (March 26, 2016 11:08:44 pm )

    Зө зө манай монголд хамаагүй дээ. Бид яаж хөгжсөн юм бол

antalya rent a car