antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 3 comments

“Ориг” зан нь одоо ч үгүйлэгддэг Гүнээ

нийтлэсэн Admin

Өнөөдрийн дугаарын “76:?” буланд маань УИХ-ын гишүүн Л.Гүндалай “орж ирлээ”. Л.Гүндалай гишүүнийг монголчууд мэдэхийн дээдээр мэднэ. Түүний талаар хэнээс ч асуусан сахилгагүй жаал, дэггүй нөхөр гэж хамгийн түрүүнд хэлнэ дээ. Түүний сахилгагүйтэл зарим тохиолдолд “жинхэнэ утгаараа” байдаг ч хааяа хэтрүүлчих гээд байдаг талтай. Хөвсгөл далайд “алга болсон”, Ц.Нямдоржид “баривчлагдсан”, Германы Канцлертай “үнсэлцсэн”, чуулганы хуралдааны нээлт болгон дээр “дөвчигнөдөг байсан” гээд тэрбээр онцлох юм ихтэй, онцгой содон үйл явдлуудаар намтраа баяжуулчихсан хүн. Нэг иймэрхүү гэнэн ч юм шиг мөртлөө хар буруу санаагүй нөхөр Монголын парламентад гурвантаа сууж байгааг нь энд сануулахад илүүдэхгүй биз ээ.

Амлалт

Хөвсгөлчүүддээ бол Л.Гүндалай гишүүн янз бүрийн юм амлаад байх шаардлагагүй. Цаатан, дархад ард түмэн нь Гүнээдээ маш их хайртай болохоороо л гурван удаа УИХ-д илгээсэн биз. Намын мөрийн хөтөлбөрөө ч тоймтой танилцуулж, ухуулсан эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч урлагийнхныг аваачиж тоглолт хийсэн, халуун сав тараасан гэж сонсогддоггүй юм. Харин гудамжинд залуус, хүүхдүүдтэй хөлбөмбөг, сагс тоглож, Хөвсгөл далайгаар хөлөг онгоцоор хамт аялж байна л гэж сонсогддог юм. Эрүүл мэндийн сайдаар ажилласан богинохон хугацаандаа харин тойргийнхоо эмч, эмнэлгийн ажилтнуудыг нийслэлтэй больё гэтэл нь танилцуулсан байх. Л.Гүндалай 2000 оны сонгуульд Хөвсгөлд бие даан нэр дэвшиж, нам бусчуудын төлөөлөл болж сонгогдсон бол 2004 онд Ард түмний намын тэргүүний хувиар “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин сонгогдож байсан. Харин өнгөрөгч 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшин Их хурлын танхимдаа эргэн ирсэн юм. Өөрөөр хэлбэл, тойрог хэсч салбаганалгүй ганцхан тойргоос гурвантаа сонгогдсон бурхи түшээдийн нэг. Ирэх сонгуульд ялж чадвал дөрөв давсан аварга болох юм уу даа, янз нь. Түүний үеийнхэн 1990-ээд онд ардчиллыг Монголд “авчирч” байхад Гүнээ гишүүн ХБНГУ-д эмч мэргэжлээр суралцахын зэрэгцээ Берлиний ханыг нураах түүхэн үйл явдлын гэрч болж явсан гэдэг.

Амжилт

Түүний хувьд хэдийгээр чин шударгаар явахыг хүсч Ард түмний нам байгуулсан ч улс төрд ариун явдал байдаггүйг яс махандаа шингэтэл ойлгож, АН-даа эргэж ирсэн хэмээн өөрөө ярьсан нь бий. “Би ганцаараа шударгаар зүтгэж, бусармаг бүхнийг илчилснийхээ төлөө түмэн олон дайсантай болсон. Тэр үед надад үнэхээр дэмжлэг хэрэгтэй юм байна гэж ойлгосон учир АН-даа эргэж ирсэн” гэж ярьсан. Ард түмний намын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Хуульзүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баривчлагдаж, Ганцад ороод гарсан нь түүнийг ийн айлгасан хэрэг. Саяхан чуулганы хуралдаан дээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой мэдээллийн үеэр Л.Гүндалай гишүүн хуурай агсам тавьж орхисон. Байгаа, үгүй нь мэдэгдэхгүй болчихоод Нямка сайд түүнийг машид санагалзаж, “Энэ Гүндалай хаачив” хэмээн сураглаж ахуйд Засгийн газрын сайд нарыг дүүжилмээр байна хэмээн ярилцлага өгч, “Би байгаа шүү” гэдгээ мэдрүүлсэн. Засгийн газрын сайд нарыг өнгөрч буй гурван жил хагасын хугацаанд утааг бууруулах чиглэлээр юу ч хийгээгүй тул дүүжлэх хэрэгтэй гээд энэ дүүжлүүрт үе үеийн хотын дарга нарыг бүгдийнх нь толгойд олс углах хэрэгтэй хэмээн урьдын зангаа гаргав. Гүнээ гишүүнтэй санал нэг хүмүүс нийслэлчүүдийн ихэнх нь байсан байх. Засгийн газрынхнаас бусдынх нь нүдэнд л энэ утаа харагдаад үнэртээд байгаа юм байна гэдгийг тэр хэлсэн хэрэг. Хотын утааны асуудлыг ярьж байхад нийслэлээс сонгогдсон 20 гишүүний дөрөв нь л дээрх хуралд сууж байсан нь бүүр ч уурыг нь хүргэсэн биз. Лүнээ гишүүний амнаас гардаг болчимгүй үгүүдийн дэргэд энэ хурал дээр буулгасан “лүндэн” жинхэнэ жинтэй сонсогдож байсныг хүмүүс ярьж байна. Тэрбээр “Утаанаас салах ганц арга бол гэр хорооллыг барилгажуулах. Гэтэл Үндсэн хууль батлалцсан эрхмүүдийг орон сууцаар хангана гэнэ. Тухайн үеийн Бага хурлын гишүүдээс дөрөв, тав нь л байргүй байгаа. Тэгэхээр тэднийг байраар хангаад бусад байрыг нь Сөүлд чөмгөө дундартал ажиллаж байгаа, бас ядуу амьдарч буй иргэддээ хөнгөлөлттэй үнээр өг” гэсэн нь олон хүний санаанд нийцсэн сайхан үг байв.

Алдаа

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, суурин MRI аппарат, зөөврийн эхо аппарат 250 ширхгийг авахаар зарласан тендерийн явцад албан тушаалаа урвуулан ашиглаж улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр АТГ-т шалгагдаж байна гэж тав зургаан жил яригдсан. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ.  Хамгийн сүүлд УЕПГ-аас төрийн өмч шамшигдуулсан хэргийг нь УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуустал нь түр түдгэлзүүлэхээр болсон.  ЭМЯ-нд тусламжийн шугамаар ирсэн автомашинуудаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр тус тус худалдаж мөнгийг нь ашигласан,  ЭМЯ-наас ХӨСҮТ-ийн засварын ажилд зориулан шилжүүлсэн 99.1 сая төгрөгөөс 45 сая төгрөгийг “Монголын хүний хөгжлийн сан” ТББ-аас тус эмнэлэгт бөөрний аппарат нийлүүлсний төлбөрт авсан мэтээр хуурамч гэрээ байгуулах замаар авч ашигласан нь шүүхээр нотлогдсон. Гэхдээ эдгээр хавтаст хэргээс нь төрийн өмч шамшигдуулсан гэх хэргийг нь л түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Л.Гүндалай улсын өмчийг үрэн таран хийсэн, идсэн уусан нэртэй ч одоогоор УИХ-ын гишүүд дотроо хөрөнгө чинээтэй нэгэн биш. Хувийн эзэмшлийн “Лаки” төвөө худалдаж, “Аттила” архины үйлдвэрээ ч үрэн таран хийсэн. Тэрбээр “АТГ-аас хийсэн шалгалтаар надаас 10 дахин хөрөнгөтэй хүмүүс нь надаас 10 дахин ядуу болж хувирсан. Тиймээс би хамгийн шударга, хамгийн баян нь юм байна” гэж байсан. Тэр 2010 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёр автомашин, нэг усан онгоц, зургаан ширхэг завьтай, бас “Sos medica Mongolia” гэдэг хувийн эмнэлэгтэй гэж мэдүүлсэн байсан.  Ингэхэд хувийн эмнэлэгтэй, жуулчны баазтай, усан онгоцтой хүнийг ядуу хүн гэх үү.

Тэнэглэл

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Хөвсгөл далайн эрэгт амарч, завиар зугаалж байгаад  алга болж улс орон даяар шуугиан дэгдээж байсан. Түүний эхнэр Аззаяа нөхрөө ирэхгүй алга болчихоор төөр­чих­лөө гэж бодоод дуудлага өгч, тусламж хүссэн биш нөхрөө онигоонд оруулах шахсан.  Завьтайгаа осолдчихсон байж магадгүй, мананд төөрс­нөөс зайлахгүй хэмээн хэсэгтээ л хэвлэлүүд шуугиж байлаа. Тухайн үед Засгийн газар яаравчлан хуралдаж Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхэд Л.Гүндалайг амьдаар нь  олж ирэх даалгавар өгч байсан. Азаар тэр үед Гүнээ гишүүнд таагүй зүйл тохиолдоогүй. Далайн хөвөөн дээгүүр өтгөн манан татахаар нь төөрчихөж магадгүй гээд л хэдэн цаг хүлээзнэсэн нь “сюрприз” болчихсон хэрэг. У.Хүрэлсүх сайд нисдэг тэрэг хөлөглөж эрэн сурвалжилсан Л.Гүндалай гишүүний энэ мэт санамсаргүй тэнэглэлүүдийг алийг хэлж барах вэ. Хөвсгөл далайд сураггүй болсон түүнийг нисдэг тэргээр эрэн хайхад багагүй мөнгө зарцуулсан нь мэдээж.  Амийг нь аврах гэж сэтгэл гаргасан У.Хүрэлсүхэд Л.Гүндалай “Чи ч ёстой эр хүн юм аа. Чамтай нэг ч удаа хэрэлдэж муудалцахгүй” гэж гар барин ам тангараг өгсөн гэдэг. Үнэхээр ч МАН-ын генсек, АН-ын гишүүн хоёрыг түр тархийж байхыг нь хүмүүс хараагүй байх. Харин ч У.Хүрэлсүх нь  Л.Гүндалайг “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг, бас ч гэж мужик эр шүү” гэж нөгөөхөө хөөргөсөн гэдэг. МАН-ын генсек хүн чанартайдаа Гүнээг аврахаар явсан юм биш Засгийн газрын даалгавраар явсныг мэдээгүй юм байх даа гэж шоолох хүн ч байдаг л юм билээ. Тэнэглэсэн гэхээсээ илүү соёлтой зан гаргасан нэгэн үйлдэл нь Германы Канцлер хатагтайг Монголд айлчилж, хүндэтгэлийн чуулганд оролцоод гарахад нь герман хүний ёсоор тэврэлдэж, хацраа нийлүүлсэн явдал нь. Германд боловсрол эзэмшиж, герман хүний зан чанарыг мэдэх юм болохоороо тийн аашилсан хэрэг. Гүнээ гишүүний тухайд хэлэхгүй өнгөрч боломгүй нэг зүйл нь шүлэг ном бичихдээ ямар ч авьяасгүй юм билээ. “Хайрлахгүй байхын аргагүй” номыг нь уншиж, “Гүн цэнхэр далай” дууг нь сонссон хүмүүс ингэж хэлэхийг нь сонсч байсан. Үнэндээ ч үнэн шүүмжлэл л дээ. Ялангуяа дууных нь шүлэг “хулгайн” байж, багахан хэл ам болж байсан. Нэртэй сайн дуучнаар тийм ч дуу дуулуулах гэж дээ гэж халаглах хүн олон байсан.

Ирээдүй

Л.Гүндалай гишүүн нутагтаа бол дархлагдсан хүн учраас ирэх сонгуульд хэнбугайтай ч өрсөлдсөн буцаад л ирнэ гэж бодож байх вий. Тэгвэл тиймгүй бололтой гэж хэлмээр санагдаад байна. Яагаад гэхээр Л.Гүндалай урьдынх шигээ хурц, дайчин байхаа больж, унтаа байдалтай суудаг болсон. Ажин түжин суух болсон түүнийг ямар сайндаа л заналт дайсан нь санагалзаж сураглаж суух вэ дээ. Тэгэхээр сонгогчид нь ч түүнийг Монголд байгаа юм уу гэж бие биеэсээ асууж суугаа гэсэн. Үлдсэн зургаан сарын хугацаанд хэн байснаа, юу байснаа санаж сэрэхгүй бол ирэх сонгууль Гүнээ гишүүний хувьд “bye bye” болж магадгүй. Учир нь Хөвсгөл аймгаас ирэх сонгуульд нэр дэвших нэр нөлөө бүхий кадрууд маш олон байгаа. Хоёрхон мандаттайг ч хэлэх үү. Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Ц.Сэдванчиг гээд хамт “томилогдож” ирсэн гурваас нь гадна АМГ-ын дарга Д.Батхуяг, УБЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон гээд “акул”-ууд тэндээс нэр дэвшихээр санаархаж буй. Саяхан даа, оны өмнөхөн 76 гишүүний тойргийн сонгогчдоос авсан нэгэн судалгаагаар Хөвсгөлийнхөн дөрвөн гишүүндээ оноо, үнэлгээ өгсөн байна лээ. Л.Гүндалай гишүүнд 80.7 оноо буюу В үнэлгээ өгсөн нь нөгөө гурваа бодвол тийм ч муу үнэлгээ биш байсан. Тэгэхээр Хөвсгөлчүүд Гүнээ гишүүндээ хайртай хэвээрээ л байгаа юм билээ. Гэхдээ сонгогчдынхоо хайрыг татахын тулд урьдын Гүндалайгаа “урин залбал” яасан юм бэ, гишүүн ээ. Түмний хайрыг даахаас илүү сайхан зүйл гэж юусан билээ. Тэр цагт ямар ч өнгөлөг, мөнгөлөг хүн байсан хөвсгөлчүүд, дархад түмэн танд итгэл хүлээлгэх ч юм бил үү.

С.ХЭРЛЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 18, 2012 12:25:22 am )

    Gundalaigui parlament davsgui hool gesen ug, dahin songogdonoo harj baigaarai

  • Anonymous (January 18, 2012 5:01:26 am )

    gundalaig mongolchuud demjdeg shuu

  • Anonymous (January 18, 2012 6:52:52 am )

    gundalai gishuun daxial songogdoh bolno demjij bn manai huwsgulchvvd

antalya rent a car