Ингэж асуусны учрыг тэдний гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдлээс харж болно. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс энэ онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан.
46 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх 20 барилгын жагсаалтад “Усан спорт сургалтын төв” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар орсон байна. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Нэг ёсондоо одоо ашиггүй ажиллаж байгаа учраас хувьд өгч ажил үйлчилгээг нь дээшлүүлнэ гэж үзэж л дээ. Гэвч бодит байдал эсрэгээрээ байгаа гэдгийг тус газрын захирал асан Г.Арслан хэлж байв.
Тэрээр 2012 оны аравдугаар сард захирлаар томилогдон нэг жил хоёр сарын хугацаанд ажиллахдаа мэргэжлийн 12 багш, 8-9 үйлчлэгч гурван ээлжээр ажиллуулж нийт 53 ажилтантай байхдаа төр, засгаас нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй 100 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Гэвч түүнийг муу ажилласан, мөнгө хувьдаа завшсан хэргээр ажлаас халсан ч шүүхээс буруугүйг нь тогтоосон байна. Харин одоо ажиллаж байгаа удирдлагууд нь ямар ч ашиг, орлогогүй байна гээд ажилчдынхаа 50 хувийг халсан гэнэ.
Мөн төрөөс санхүүжилт авч байгаа юм байна. Энэ нь ашигтай ажиллаж, өөрийгөө санхүүжүүлж чадах байгууллагыг алдагдалтай ажиллуулж, хувьчлах гэсэн санаатай ажил гэж хардахаас аргагүй юм. Мөн хувьчлах жагсаалтад хүүхдийн гэх тодотголтой хэд хэдэн барилга багтжээ.
Тухайлбал, 1415 хүүхэд сурч хүмүүжиж буй Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн барилга орсон байна. Эдгээр байгууламжийн ихэнх нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах учир хувьчлах нь зүйтэй гэж нийслэлээс тайлбарласан. Гэвч “Хүүхдийн” гэх тодотголтой барилгуудаа хувьд өгснөөр баар, ресторан, банк санхүүгийн байгууллагуудыг дэмжсэн гашуун туршлага бидэнд бий.
Эргэн сануулахад, “Хүүхдийн 100” гэж одоо болтол нэрлэгдсээр байгаа гудамжинд Хүүхэд залуучуудын театр байсан. Одоо харин Хаан банкны төв байрладаг. Хүүхдийн баримтат киноны театрын байранд өнөөдөр Христийн “Хожмын үеийн гэгээнтний сүм” үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн соёл, спортын төвд “Монгени” сургууль хичээллэдэг.
Хүүхдийн номын сан “Зориг” сангийн зүүн талд байсан ч одоо газар дээр нь олон давхар барилга барьж буй. Залуучуудын соёлын төв байсан байрны “А” корпуст өнөөдөр Нийслэлийн “Улаанбаатар” чуулга байрлаж байгаа. “Бамбарууш” кафе хүүхдүүдийн хамгийн очих дуртай газрын нэг байсан. Өнөөдөр “Говь” компанийн нэрийн барааны дэлгүүр болжээ. Монголын залуучуудын ордонд Драмын театр, Хүүхэлдэйн театр байрлаж байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тал газарт нь үнэтэй тоглоомууд угсраад баячуудын хүүхдүүд л орж тоглодог газар болсон. Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театрын байранд Монголын хөрөнгийн бирж байрлаж байна. “Ард” кино театрыг “Хас” банк эзэмшилдээ авсан. Хүүхэд залуучуудын “Есөн эрдэм төв” одоо “Онгод интернэшнл” компанийн мэдэлд байна. Шарга морьтод байрлах хүүхдийн “Дружба” зусланг “Сод Монгол” групп эзэмшдэг.
Бидний муу хэлдэг социалист нийгэмд хүүхдийн төлөө ийм олон ажил хийж байсныг үгүй хийж дуусгалаа.
Хүүхдийн ордон, Найрамдал төв, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв, Усан спорт сургалтын төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв гээд л “Хүүхдийн” гэх тодотголтой барилга, байгууллагын тоо гүйцнэ. Гэтэл эдгээрээс гурав нь энэ жил хувьчлах объектуудын тоонд орчихжээ. Хүүхдийн гэсэн бүхнээ үгүй хийж буй гол шалтгаан нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладгаас болсон гэж үзэх хүн олон байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэдийн хэлснээр Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг л гэхэд Монгол Улсад суугаа Японы Элчин сайд 150 сая төгрөгөөр засварлаж өгөх саналыг Засгийн газартаа тавьж, дэмжлэг авчихсан. Төсөв нь хэдийнээ шилжээд ирчихсэн байгаа юм билээ.
Японууд монгол хүүхдүүдийн төлөө ингэж санаа тавьж байхад нийслэлийн удирдлагууд төсөвт орж ирэх хэдэн төгрөг, түүний цаадах ашиг хонжоо харагчдын хүслийг биелүүлсэн шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Нийслэлийн удирдлагууд хүүхдэд хайртай бол гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдийн байгууллагуудын хувьчлалд нухацтай хандах байх гэж найдаж байна.
М.Зүйр
Зууны мэдээ
Холбоотой мэдээ
-
MGL (March 24, 2016 8:23:10 am )
Муу эцэг турж үхэхийнээ өмнө хүүхдийнхээ хоолыг булааж иддэг юм гэсэн. Одоо манайд тэр л болж байна.
1 Comment