c3ebfb85c160992344b997c097254d7b0f91c36c

МАХН сүүлийн үед багагүй шуугиантай байгаа. Тус намын гишүүн Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдож, намын нэрээ хөөдсөн. Мөн Г.Уянга, Л.Цог нар өчигдөр МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээс гарч байгаагаа мэдэгдсэн.

Үүний өмнө УИХ-ын дэд дарга Л.Цог Н.Энхбаяр даргыг өөрөөс нь нэг сая ам.доллар нэхсэн тухай мэдээллийг хэвлэлд өгсөн удаатай. Харин үүнийг МАХН-ын бусад гишүүд эсэргүүцэж, түүнийг арчаагүй “шантаажчин” хэмээн цоллоод авсан юм.

Тэгвэл өнөөдөр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, тус хорооны гишүүн Б.Дагвийхорлоо, Д.Батбаатар нар намд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд хурлын эхэнд “АН-аас Авлигатай тэмцэх газрыг утсан хүүхэлдэй болгон ашиглаж, МАН МАХН-ыг нэгдэх асуудалд хориг тавьж саад учруулж байна” хэмээгээд Л.Цог, Г.Шийлэгдамба нарыг намаасаа уучлалт гуйхыг албан ёсоор шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Хэрэв уучлалт гуйхгүй бол намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь намын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр Н.Энхбаяр даргыг АТГ-аас тайлбар мэдүүлэг авахаар удаа дараа дуудаж байгаа ч тэр бүхэнд тайлбар өгөхгүй байх эрхтэй гэдгийг МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням хэллээ.

Эх сурвалж: Eagle.mn