Эх орныхоо хөрсөн доор байгаа палеонтологийн ховор олдворуудыг хууль бусаар ухаж авдаг дотоодын бүлэглэлүүд нь гадаадынхны санхүүжилтээр хамаг хэргээ дарж хаядаг нь харин тодорхой болоод байх шиг байна. “Тарбозавр батаар”-ыг тэд хилээр гаргахдаа “Монгол гэр” гэсэн хуурамч гаалийн бүрдүүлэлт хийж өгсөн архивын баримтын хуулбар нь олдсон боловч эх хувийг нь устгасан тул энэ гэмт хэргийн эздийг илрүүлж чадахгүй байна гэсэн сонин яриа цагдаагийн зарим ажилтнуудын дунд хэсэг өрнөөд сүүлдээ таг чиг болсон байлаа. Ийнхүү хууль хяналтынхан эхний хэргээ гүйцэд мөрдөн шалгаж амжаагүй байтал үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтагчдын дараагийн томоохон гэмт үйлдлүүд тодорч эхэлсэн байна. Улсын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд 80 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан “Нугасан хошуут” хэмээх эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар ухаж авсан этгээдүүдийг саяхан баривчлан саатуулжээ. Мэдээж хэрэг тэд хууль хяналтынхнаас бултаж байгаад ямар нэгэн аргаар хилийн цаана гарган наймаалах зорилготой байсан нь гарцаагүй.
“Нугасан хошууд” үлэг гүрвэлийн яс нь зулгатайгаа хамт зэрэгцэж хэвтсэн хэлбэртэйгээр олдсон юмсанж. Ийм гүрвэлийн зулзагын яс урьд нь манайхаас олдож байгаагүй юм билээ. Дэлхийд Монголоос өөр газраас ийм яс одоо болтол олдоогүй байна. Тийм болохоор энэ нь нэн ховор, хосгүй үнэт зүйл ажээ. Нугасан хошууд үлэг гүвэлийн тэрхүү зулзагаа дагуулж яваад үхсэн Өмнөговь аймгийн Төгрөгийн ширээ гэдэг газраас ер нь маш олон төрлийн үлэг гүрвэл олдох магадлалтай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. Иймээс энэ газрыг тусгай хамгаалалтанд авах тухай ч яригдаж эхэлжээ. Гэхдээ хулгайчуудыг нь олж илрүүлээгүй, олоод баривчилж саатуулсан ч олигтой шалгахгүйгээр таг чиг дарж хаяад байвал Төгрөгийн ширээг ямар ч хамгаалалтанд оруулаад нэмэргүй юм. Зулзгаа дагуулсан Нугасан хошуутын ясыг хууль бусаар ухаж гарган, зөөж яваад баригдсан гурван хүний хэргийн талаар цагдаагийнхан олигтой мэдээлэл өгөхгүй, нэр усыг нь ч бүрэн гүйцэд хэлэхгүй амаа хамхих болсон нь ихээхэн сэжиг төрүүлж байна. Тэдгээр хүмүүсийн нэгийг нь лав Мөнхөө хэмээн дуудаж байсан гэдэг. Хэрвээ тэд түүх соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтанд орсон ийм ховор олдворыг санаатайгаар эвдэж сүйтгэх, бусдад хууль бусаар худалдахыг завдсан бол эрүүгийн хариуцлага хүлээж таарна. Ялангуяа үлэг гүрвэлийн зулзагын ясыг Засгийн газрын тогтоолоор хосгүй үнэт зүйлд багтаасан тул маш хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй болоод байгаа юм.
Харамсалтай нь одоогийн мөрдөж байгаа эрүүгийн хуулиар ийм төрлийн зүйлд дээд тал нь гуравхан жил хорих ялтай болохоор гадаад дотоодын баячуудын ёстой хөх инээд нь хүрээд хууль бус малтлага руугаа ханцуй шамлан дайрдаг болжээ. Тиймээс хуулиа чангатгаж өгөхгүй бол хосгүй үнэт зүйлийн хулгайчууд цаашдаа улам гаарах шинжтэй байна. Уг нь дээрх хүмүүсийг хууль бусаар малтлага хийж, санаатай үйлдсэн гэмт хэргийн эзэд гэж үзэх үндэслэл нэлээд олон байгаа юм. Гэтэл замаас нь энэ хэргийг дарж булж хаях гэсэн эрх мэдэлтнүүдийн оролдлого улам хүчтэй өрнөж буй ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (March 09, 2016 11:48:11 am )
Энэяс гаргадаг хүмүүсээ ил тод
гаргана гэжбайхгүй шоучид юм даа. -
гайхав (March 11, 2016 5:13:44 pm )
Томчууд нэг хэсэг нь хулгайгаар яс гаргаж
баяжаад л нэгхэсэг улс төрчид түүнийг
нь оруулж ирсэн гавяатан болж жүжиглээд л
Хариуцлага хүлээх хүн гэж байдаггүй ээ.
2 Comments