antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 14 comments

Уул нь Ерөнхийлөгч маань, шударга ёсыг уриалан дуудаж л гарч ирсэн юмсандаа

нийтлэсэн Admin
527-1456282550maxresdefault
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьянгийн бичсэн ” Сөрөг- Үнэнээр цангасан ард түмэндээ” номын хэсгээс цувралаар хүргэж байна. Уг номонд багтсан “Элбэгдорж” тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж буйг хүлээн авна уу?
Элбэгдорж
Ялалтын талбайн цуглаанд оролцож ирээд унтах гэж байсан чинь дүү маань утасдаж байна. Манай хөгшний дүү Т.Галина. Сонгино дахь барилгын цэргийн ангид намын хорооны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан буурал дэд хурандаа одоо амьд сэрүүн байна. Галина маань ахдаа нэг зүйлийг аминчлан ярьж байна.
-Талбайн цуглааныг удирдаад байгаа намхан бор залуу чинь миний цэрэг Цахиагийн Элбэгдорж мөн байна. Би өнөөдөр зориуд тулж очоод харлаа. Яах аргагүй мөн байна. Хөдөөнөөс цэрэг татлагаар ирээд манай ангид хуваарилагдахад нь би дэргэдээ авч үзэл суртлын ажилд дайчилж байсан.
Их идэвхтэй сайн залуу байгаа юм. Шүлэг зохиол бичнэ. Их хэлэмгий, уран тод илтгэнэ. Би, өсөх ирээдүйтэй сайн залуу гэж дэмждэг байсан. Бид тал бүрээр дэмжээд “Улаан-Од” сонины газар аваачиж танилцуулж байсан. Төдхөн Оросын холбооны улсад цэргийн сэтгүүлчийн сургуульд явчихсан байсан. Төгсөж ирээд “Улаан-Од” сониндоо ажиллаж байсан. Анги дээгүүрээ нэг удаа ирнэ билээ. Миний байлдагч ардчилсан хувьсгалын удирдагч болчихсон байна гээд бөөн баяр хөөр байсансан.
Түүнээс хойш дүү маань над нэг л зүйлийг захидаг байсан. “Жамьян ах та, миний байлдагчийг дэмжиж бичдэг юм шүү. Хайш хэрэг шүүмжилж болохгүй. Хоёулаа энэ залууг тал бүрээс нь дэмжих юм шүү” гэдэг байлаа. Бид хоёрын дэмжлэг ч гэж юу байхав. Миний хувьд Монгол дахь ардчилсан хувьсгалыг анхных нь өдрөөс эхлэн бичиж сурвалжилж байсан. Шударга үйлсийг дотроо бол дэмжилгүй яахав. Би, 10 жил 6 сарын ялаасаа дөнгөж чөлөөлөгдөөд байсан үе. Төрийн цагаатгалыг энэ залуусын буянаар эдлэсэн юм шүү дээ.
Олон жил төр, засгийн эрхийг барьж байсан МАХН- ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ц.Элбэгдорж нарын залуучууд эрх мэдлийн дээд цагт хүрснээс хойш 25 жил өнгөрч дээ. Энэ 25 жилийн дотор яаж алдаж оносныг манайхан бүгд мэдэж байгаа учир нуршилтгүй биз.
Т.Галина дүү маань цэргийн тэтгэврээр дэд хурандаа цолтойдоо гавьяаныхаа амралтанд гарсан. Хэдэн мал аваад Багануур дүүрэгт Хэрлэнгийн цаад хөвөөнд суурьшсан боловч хамаг малаа хулгайд алдаад, нутаг сэлгэхээс өөр аргагүй болсон л доо. Үлдсэн хэдэн малаа бараадан, хотоос хойш “51-ийн гарам” орчимд өнөө хүртэл амьдарч байгаа. Хэдэн үнээний дэлэн шувтарч, хэдэн хүүхдийн тараг исгэж, гайгүй амьдарч байгаа.
Тэрээр, энэ хорин таван жилийн дотор байлдагч Ц.Элбэгдоржтойгоо уулзаад, нэг сайхан хуучлах юмсан л гэж мөрөөдөж явсан юм билээ. Юм гуйхгүй л дээ. Амьдрал гайгүй. Гавьяа шагнал энгэрээр нь дүүрэн. Түүнд “Байлдагч”-аасаа гуйж зовоох зүйл төдий л байдаггүй юм гэсэн. Их дотно, нэг тогооноос хооллож байсан хүмүүс, бие биентэйгээ уулзмаар, нүүр учирч золгомоор, хуучнаа дурсаж ярьмаар санагддаг даа. Тийм л учралыг хүсч, зүүдэлж сүүлийн 25 сүүдрээ элээсэн юм билээ. Иргэдийг хүлээж авах байранд нь гурван удаа очоод бүтээгүй, гурван удаа захидал бичээд хариу ирээгүй юм гэсэн.
Нэг сонин тохиолдол болж. Хэдэн жилийн өмнө Галина дүү минь нутгийнхаа “Алтан овоо”-ны тахилганд очсон юм. Манайхан ер нь энэ Хайрханыхаа тахилганд болж л өгвөл очно доо. Би ч “хазгар хүргэн хадамсаг” гээд хүрээд л очно.
Тэр нэг удаагийн тахилганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань очсон байна гэнэ. Одоо л “байлдагч”- тайгаа уулзана даа. Үгүй ядахдаа “гар барина” гэж бодоод, хүмүүсийн дундуур зүтгэсээр тун ойртсон гэсэн. Бараг нүүр тулаад суучихаж. Ерөнхийлөгч ердөө харахгүй юм гэнэ.
Харсан ч танихгүй байгаа бололтой. Бие хамгаалагчид нь хөөж туугаад, уулзалдалгүй уулнаас буусан гэдэг юм. Одоо ч дүү маань хочоо барсан бололтой дуугүй л байдаг юм.
Миний хувьд Ц.Элбэгдорж гэгч хүнийг дүү шигээ бодож явсаан. Олон удаа сурвалжилж, уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсож байсан.
Ерөнхий сайд байхдаа нэг удаа өрөөндөө дуудсан. Тангадын Галсан бид хоёрт хүндэтгэл үзүүлсэн юм билээ. “Та хоёр минь цахим ертөнцөд шамдахгүй бол болохгүй шүү” гээд иж бүрэн компьютерүүд бэлэглэсэн. Тухайн үед жижигхэн бөөрөнхий цагаан компьютер л байлаа шүү дээ. Одоо ч тэр компьютер миний ширээн дээр байгаа. Энэ муу хоёр хөгшин л цахим ертөнцөөс хоцорч яваа хэмээн бодож дэм тус үзүүлсэн нь тэр биз.
Ерөнхийлөгч болсныхоо дараа хэд хэдэн удаа Их тэнгэрийн харшийн төрийн хүлээн авалтандаа урьсан. Хундага тулгаад “Жамьян гуай танд баярлаж явдаг шүү” гэж хэлснийг нь мартдаггүй юм.
Хүний амьдрал дандаа баяр жаргалаар дүүрэн байх биш дээ. Миний амьдрал ч гэсэн тэр л зураг төөргөөр явж ирсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө галын ганц зээгээ хорт хавдраар өвчлөхөд, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болдог юм билээ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эхийнх нь чөмгийг шилжүүлж суулган жил зургаан сар эмчлүүлээд амийг нь аварч чадаагүй л дээ. Би яг гуйлгачин болсон. Сайн санаат 200 орчим байгууллага, хүмүүс 160 сая төгрөг хандивлаад ч бүтдэггүй юм билээ. Ийм л үед нөхрийн чанар танигддаг. Огт таньж мэдэхгүй хүмүүс тусламжийн гараа сунгаж байсан. Тэгтэл манай Баянгол дүүргээс нэр дэвшин надаар сурталчлуулж байсан эрхэм гишүүд, тухайн үеийн Сангийн сайд байсан хүн, намайг дагаж нэхээд салдаггүй байсан төрөл төрөгсөд маань хүртэл гар утсаа унтраагаад зугтаадаг юм билээ. Би энэ бүхнийг “Бөөдий” гэж номондоо тодорхой бичсэн байгаа.
Тэгээд би Монгол Улсын иргэний хувьд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтний хувьд, ахмад сэтгүүлчийн хувьд төрийн тэргүүндээ хандъя гэж захидал бичсэн. Ерөнхийлөгчийн тамгын газар, нэг удаагийн буцалтгүй тусламж гэж таван зуун мянган төгрөг өгч байгаа юм. Над бол таван төгрөг ч үнэтэй байсан цаг шүү дээ.
Нэг өдөр Элбэгдорж Ерөнхийлөгч “Хүрээд ир” гэж байна гэнэ. Очлоо. Хоёул жаахан ярьж суулаа. Удаан хадгалж явсан бололтой дугтуй нь үнгэгдчихсэн мөнгө гаргаж над өглөө. Хоёр сая төгрөг хувиасаа өгч байгаа нь тэр гэнэ. Би гараад баярлахдаа нулимс унагааж явсан даа. Ингэж газар дэлхийгээ олж гишгэхгүй шахам бачуурч явахдаа би хоёр удаа нулимс унагаасан юм. Ерөнхийлөгчдөө баярлаж нэг, Сангийн сайд С.Баярцогт “Дарга, сайд нарт 10 сая, жирийн иргэдэд 5 сая хүртэл тусламж олгодог юм” гээд Эрүүл мэндийн сайдын тодорхойлолтын тал хувийг хасаад хаячихаж байхад гомдоод нэг удаа нулимс унагаасан.
Би Ерөнхийлөгчийнхөө өгсөн 2 сая төгрөгийг тэр доор нь Бээжин рүү явуулж, эмэнд нь залгуулж байсансан. Ц.Элбэгдорж гэж хүн ингэж над тус болж байсан. Хэзээ ч мартагдашгүй ач буянаа хайрлаж байсаан. Хүү минь амьсгал хураан хураатлаа: “Төрийн тэргүүн над мөнгө явуулсан юм чинь, би эдгэрэлгүй яахав” гэж ярьдаг байсан гэнэлэй.
Хүмүүс надаас асуудаг л даа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч танд чухал үед чинь тус болж байсан байна. Та яагаад шүүмжлээд бичээд байдаг юм? гэж. Би чинь яс махандаа шингэсэн этгээд араншинтай хүн. Буруу юм хийсэн бол эхнэр хүүхдээ ч шүүмжилчихдэг, хуулийн дагуу  ял эдлэвэл өмөөрөхгүй шүү гэж захидаг хүн. Буруу зүйлтэй эвлэрэлгүй яваад л энэ насыг өнгөрүүлье гэж тангараг тавьсан маань зарим нь оносон, заримдаа ч алдсан тал бий байх л даа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань Америкийн иргэн, “Эдийн засгийн алуурчин” Ж.Каплагаас 50 тэрбум төгрөгөө ч салгаж авалгүй суллаад явуулчихад, үнэн дургүй хүрсэн. Монголын олон хуулийн заалтыг зөрчиж байгаа юм шүү дээ. Тэсье, тэсье гээд тэсч чадаагүй дээ.
Тэрчлэн, Үндсэн хуулийн бус аргаар төр, засгийн эрхийг булааж аваад дураараа дургиж байгаа энэ хэдэн хүмүүсийг дэмжиж, бүр болиод тэдний өмнөөс дэлхий тойрон гуйлга гуйж явахлаар нь бухимдаад байгаа юм. Чингисийн төр мөхлөө шүү дээ. Ц.Элбэгдоржийн үед ингэнэ гэж даанч бодоогүй явсандаа харамсаад, бухимдаад байгаа юм. Хүн чинь, их итгэж явсан хүндээ, их гомддог юм байна.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид өрсөлдөж байхад дэмжиж байсаан. Энэ хүн гараад ирвэл үнэхээр шударга ёс тогтоно гэж итгэж байсных шүү дээ.
“Өдрийн сонин”-ыхоо тэргүүн нүүрнээс “Ардчиллын алаг туган доор, дээлтэй арслан шиг дэрвэж явна” гэсэн томоохон хэмжээний хөрөг найруулал нийтэлж билээ.
Миний сайных биш, ард түмнийхээ хайр хүндэтгэлийн ачаар Ц.Элбэгдорж маань Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч болоод байгаа. Энэ их хайр хүндэтгэлийг
л даах хэрэгтэй байсан юм л даа.
Харамсалтай нь ! Ерөнхийлөгч маань дахин сонгогдохынхоо өмнөхөн надтай нэг уулзсан. Монголын сэтгүүлчдийн байгууллагын ой болоод Төрийн ордны их танхимд баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ болсон. Түүнд оролцчихоод гарч явсан чинь гар утас маань зай завгүй хангинаж, “Та хаана явна? Ерөнхийлөгч уулзах гээд байна. Хол байна уу? Унаа явуулах уу?” гэдэг юм байна. Би холдоогүй л дээ. Хөрөнгийн биржийн тийшээ очиж явснаа буцаад ирлээ. Хоёр залуу хаалган дээр тосч байгаад аваад ордог юм байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надтай хэсэгхэн ярьж суулаа. Ирэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай л сонирхоно билээ.
Энэ чинь 2013 оны хавар болж байгаа уулзалт шүү дээ. “Урт чихтэйгээрээ” Жамьян гуай л цаг үеийн байдлыг мэдэж байгаа гэж бодоод тандалт хийсэн юм шиг билээ. Би:
-Таны рейтинг гайгүй л явах шиг байна. Ер нь тэгээд өрсөлдөгч лидерүүдийг би л хувьдаа олж харахгүй байна гэсэн. Ийнхүү гучаад минут ярилцаад гарснаасаа хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтойгоо уулзаагүй л яваа. Сүүлийн үед миний “этгээд ааш” хөдлөөд, одоо дуудсан ч очихгүй юм шүү. Бариулаад явбал тэр л биз гэж бодож байгаа. Сүүлчийн уулзалтынхаа дараа сонинд ийм нэгэн материал нийтэлж билээ.
5(35)
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж улс төрийн хэлмэгдэгсэдийг хүлээн авч байна. Зүүн гар талаас: Ц.Элбэгдорж, А.Дашнамжил, Г.Жамьян
АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ЭНЭ ХЭДЭН ДАРАНГУЙЛАГЧ ЭРХ БАРИГЧДААР БУЛШЛУУЛМААРГҮЙ БАЙНА
/Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцсан зүйлийнхээ санааг олон түмэнд хүргэж байна/
Төрийн ордонд “Монголд сэтгүүл зүй хөгжсөний 100 жилийн ойн баяр”-ын хурал болсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг дуудаж өрөөндөө уулзсан. Бид хоёр гучин минут ний нуугүй ярилцсан. Ардчилсан нам төр, засгийн эрхийг аваад найман сар өнгөрч байлаа. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед ахмад сэтгүүлч Жамьян гуай ямар бодолтой явна гэдгийг “тандаж” байх шиг билээ. Би, төрийнхөө тэргүүнд бодсон санаснаа ний нуугүй ярих завшаан олдсон л доо.
Ерөнхийлөгчид өөрт нь гурван зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Өнөөгийн эрх баригчид Үндсэн хуулийн хүчин төгөлдөр байгаа заалтуудыг илт зөрчин гарч ирээд хууль ёсны бус УИХ, Засгийн газар байгуулж, энэ дарангуйлагчдын балгаар Монголд ардчиллын үнэт зүйлс бүхэн устаж байгаа учир би эд нөхдийг шүүмжлэнэ гэдгээ хэлсэн.
Ерөнхийлөгчийн бодлогын ямар гурван зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа би ингэж тайлбарласан.
Нэгдүгээрт: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох уриатайгаар сонгуульд өрсөлдөөд ялсан. Би бодохдоо, монголын цагдаа, хуулийн байгууллагуудыг шударга хүмүүсээр бэхжүүлээд, сүүлийн жилүүдэд улс төрийн аллагад өртсөн, учир битүүлгээр нас барсан 10 гаруй улстөрчийнхөө хэрэг явдлыг захаас нь шийдвэрлэчих байх гэж бодож байсан. С.Зориг, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, М.Чимидцэрэн, Л.Энэбиш, Б.Дангаасүрэн,
Ж.Наранцацралт, Д.Бадраа нарын үхлийг хэлээд байгаа юм. Гурван жилийн хугацаанд бараг л ил цагаан С.Зориг, Ш.Отгонбилэг, Б.Дангаасүрэн нарын хэргийг илрүүлчихэж болноо доо. Яагаад энэ хэрэг явдлыг илрүүлсэнгүй вэ гэж шаардах болов гэвэл энэ бүх үхлийн чинь ард цагдаа, хуулийнхантай эвссэн улстөрийн том бүлэглэлүүд байсан, одоо ч байгаа. Түүнийг эвдэлгүйгээр Монголд шударга ёс тогтохгүй гэж олон түмэн шивнэлддэг юм. Энэ арван хэдэн хүнээс ганц нэг нь ердийн үхлээр үхсэн байж болно л доо.
Гэхдээ, зайлшгүй шалгах ёстой үхлүүдийг нь яагаад хав дараад, ярьж хэлэхээсээ хүртэл айгаад байгаа юм?! С.Зоригийн хэрэг бол амьд гэрчтэй, өчнөөн олон нотлох баримттай хэрэг. Алуурчин нь, амьд гэрчдээ багаа авч нүүрээ харуулсан, ярьсан байдаг юм. Энэ хэргийг би, “Цагдаагийн сургуулийн оюутан ч илрүүлчих хэрэг” гэж мөн ч олон бичсэн дээ. Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг яалаа? Австралид аваачиж хөнөөгөөд, дөрвөн хавиргыг нь хугалан, нүдий нь ухаад пластмасан хоёр ногоон нүд хийгээд шарилыг нь ирүүлж байхад огт шалгалгүй, захиалагч, гүйцэтгэгчдийг тогтоолгүй өнгөрөөж байгаа юм даа.
Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн үхлийн шалтгааныг гурван жил мөрдөж, шүүхээр олон удаа хэлэлцээд, хоёр нисэгчийн буруу болгон өнгөрөөсөн. Энэ тухай би сонинд, номонд олон удаа бичсэн. Зөвхөн С.Зоригийг алсан аллагын дараа, гэрчилж магадгүй гэсэн 15 хүн учир битүүлэг нас барсан гэж номонд байдаг юм. Энэ бүхний цаана мөн их хүч байгаа биз?! Эхний ээлжинд энэ бүхнийг илрүүлэхгүй бол Монголд шударга ёс тогтооно гэж ярихын ч хэрэггүй гэдгийг би Ерөнхийлөгчид хэлсэн л дээ.
Хоёрдугаарт: Эзэн Чингисийнхээ нэрийг барин, Монголчуудыг хэдэн үеэрээ төлж барахгүй өрөнд унагааж байгаа Чингис бондонд хориг тавьсангүй, энэ хэдэн луйварчдын амаар шийдүүлчихлээ гэж би шүүмжилсэн. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар таны зөвлөмжийг ч хайхарч үзсэнгүй гэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бонд гарангуут сайхан зөвлөмж гаргасан л даа.
Энэ хоёр, төрийн тэргүүнээ “хүн зөвлөж байна” гэж огт бодоогүй. УИХ-ын намрын чуулганд Бондны эрх зүйн үндсийг хэлэлцүүл гэж зааж байхад З.Энхболд хэлэлцүүлэлгүй орхичихоод яваад өгч байгаа юм. Зөвлөмжиндөө Ерөнхийлөгч маань “Засгийн газар Бондны зарцуулалтыг ил тод байлга” гэж заасан. Гэтэл Н.Алтанхуяг, Ч.Улаан хоёр “Менежментийн гэрээ” гэж зүйлээр ард түмнийхээ тархийг угааж байгаа. Бонд борлуулж 1,5 тэрбум ам.доллар оруулж ирээд дөрвөн сар өнгөрөхөд, хүүнд нь бидний тооцоогоор 120 цэцэрлэг барих мөнгө хийсгэчихээд байгаа. Гэтэл Н.Алтанхуяг, Ч.Улаан хоёр, хүүний төлбөр байтугай ашигтай ажиллаад байгаа гэнэ. Бүтээн байгуулалтад ганц цент зараагүй байж, яахлаараа тийм их ашиг олдог билээ. Төрийн нэр барьж мөнгө угаагаад байгаа хэрэг үү?
Энд би Ч.Улаан гэж хүний тухай жаахан тодруулмаар байна. Монголын, өөдөлж уруудаж яваа бүхэн энэ хүнтэй холбоотой. МАХН шинээр байгуулагдаж, намын дарга нь баривчлагдах болоход “аврагч, буянтны” дүрээр урваж орж ирээд намынх нь удирдлагад суусан хүн. Одоо бол Ардчилсан нам, Алтанхуягийн засгийн газрын бузар булхай бүхнийг “нүцгэн цээжээрээ” хамгаалагч болсон. Ч.Улааныгаа монголчууд сайн мэднэ дээ. “Гаалийн Баатарын” хэргийн үеэр Ч.Улааны нэр мөн ч их яригдсан даа. Тэгээд зөвлөхөөр нь ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Өвгөнхүү шоронд яваад л зүйл дууссан. Одоо болсон чинь, ханилж явсан хүмүүс нь, түрүүчийн засгийн газрууд л бүгд буруутай, өөрөө “Энхийн цагаан тагтаа” юм байх аа.
Гуравдугаарт: Ерөнхийлөгч болоод гурван жил гаруй хугацаа өнгөрөхөд төрийн дээд шагнал, одон медалиудыг зах зээлийн нийгэмдээ зохицуулан өөрчилсөнгүй гэж би шүүмжилсэн. Төрийн дээд шагнал одон медаль гэдэг зүйл аль ч улс оронд байсаар ирсэн, одоо ч байгаа. Хойшид ч байх зүйл. Хөдөлмөр, бүтээлдээ амжилт гаргагсдыг урамшуулж, төрөөс эрч хүч нэмж байдаг зүйл. Америкийн хэдэн генерал Монголд айлчлахад, энгэр дүүрэн одон медальтай л байна билээ.
Оросын Ерөнхийлөгч саяхан Хөдөлмөрийн баатараа сэргээж байна. Би Ерөнхийлөгчид хандахдаа, энэ алдар цол, одон медаль чинь үеэ өнгөрөөж. Зах зээлийн нийгэмдээ зохицуулаад цөөлье, мөнгө дагалддаг болгоё л гэсэн. Нэрнээсээ хүртэл ойлгомжгүй болчихлоо шүү дээ. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гэхчлэн.
Хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан хүнд одон медалийн зэрэгцээ, тэр хүний амьдралыг нэг хэсэгтээ, болж өгвөл үхэн үхтэл нь тэтгэхээр мөнгө өгчихөж байя л даа. Нямын Цэгмид гуай, Бадер эмч, Пунцаг сэтгүүлч гээд манай сор сүлд болсон олон алдар цуутнууд ямар хөөрхийлэлтэй амьдарч, насан эцэслэв дээ. Ингээд л би төрийн дээд алдар цол, одон медалиудыг өөрчлүүлэх гээд байгаа юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би өнөөгийн эрх баригчдын харалган бодлогоор Монголд ардчиллын үнэт зүйлс бүхэн устаж байна гэдгийг хэдэн зүйлээр хэлсэн. Заримыг нь ч хэлж тайлбарлаж амжаагүй. Ардчиллын үнэт зүйлс гэдэгт үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш шударга сонгууль, хувийн өмч, хэвлэлийн эрх чөлөө, энэ бүхнийг оруулж байгаа.
1990 оны ардчилсан хувьсгалаар Монголчуудын олж авсан энэ бүх үнэт зүйл, өнөөдөр ардчиллын баг өмссөн цөөн хэдэн хүний балгаар булшлагдаж байна.
Үндэсний тусгаар тогтнол: Өнөөдөр Монгол Улсыг мөхөөхийн тул буу барьж ирээд довтлох дайсан алга аа. Харин, монголчуудыг олон намаар, олон шашнаар, аймаг, үндэстнээр нь талцуулан мөхөөх бодлого хүчтэй явагдаж байна.
2012 оны УИХ-ын сонгуулиар Үндсэн хуулийнхаа “шууд”, “нууц” гэсэн заалтуудыг зөрчин, намын жагсаалт гэгчийн эхэнд өөрсдийнхөө нэрийг илээр бичиж байгаад УИХ-ын гишүүний суудалд орж ирсэн, тэгээд ч сэтгэл нь ханалгүй ард түмнээсээ өрсөлдөн гарч ирсэн хүмүүсийн “толгой дээгүүр гишгээд” УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Олонхийн бүлгийн дарга болчихсон хүмүүс өнөөдөр монголчуудыг намаар талцуулан үзэн ядах бодлогоо хэрэгжүүлж эхлэлээ. Төрийн олон мянган ажилтныг хоморголон халж, мэдлэг чадваргүй, ах дүү, хамаатан садан мянга мянган хүнийг Ардчилсан намын нэрээр өндөр албан тушаалд томилон Монгол төрийг хүчингүйдүүллээ. Дүүрэг, хороо, аймаг сумын төрийн ажилтнууд, хэсгийн дарга нарыг хүртэл хоморголон халлаа.
МАН-аас нэр дэвшигдсэн 6 аймгийн засаг даргыг батламжлахгүй, түр орлон гүйцэтгэгч ажиллуулж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Түрүү та нар 4 аймгийн засаг даргыг томилохгүй байсан учир, бид 6 аймгийн засаг даргыг томилохгүй байхад яадаг юм” гэнэ. Энэ чинь өшөө авалт мөн биз дээ. Энэ чинь хорсол тайлалт мөн биз дээ. Ардчилсан намын пайзгүй л бол, өдий төдий хүнийг сэжигтнээр татаж, цагдан хорьж, залхаан цээрлүүлэлт явагдаж байна.
Монголд Ардчилсан намынхнаас бусад хүн, хүн биш боллоо. Ингэж Монголчууд хэдэн хэсэг талцан хуваагдаж, хэврэгшиж эхлэлээ. Үндэсний тусгаар тогтнолд аюул занал учруулж байгаа нөгөө нэг зүйл нь: Монголчууд яаж ч ажилласан хамгийн бага цалин авдаг, гадныханд бол гар татдаггүй явдал. Иймээс, монголын ажлын чадвартай эрэгтэйчүүд нь арга буюу нутаг орноо орхин дайжиж, тэр чинээгээр гадныхныг оруулж ирдэг боллоо. Өнөөдөр “Их бүтээн байгуулалт” хуурамч нэрийн доор өндөр цалин хангамжинд ивээгдсэн 28000 хятад иргэн орж ирэхээр пүүгээгээ бэлдчихээд сууцгааж байна. Энхболдтон, Алтанхуягтны төрийн хар хайрцагны бодлого энэ. Энэ тоо улам нэмэгдэж, сонгуулийн дөрвөн жилд хэдэн зуун мянгад хүрэхийг төсөөлөхийн арга алга. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол ийм байдалд хүрлээ.
Хүний эрх, эрх чөлөө: Монгол бол хүний эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдсөн цөөн хэдэн орны нэг.
-1940-1930 өөд оны их хэлмэгдүүлэлтийг ярихаа больё. 2008 оны сонгуулийн дараа үзэл бодлоо илэрхийлсэн жагсагчдыг Д.Сүхбаатарын талбайд цагаан зээр шиг хөөн буудаж 5 хүнийг хөнөөн, олон хүнийг шархдуулсан. 900-800 хүнийг хоморголон баривчилж, олон зуун хүнийг эрүүдэн шүүж, хилс ял тулгасан. Гэтэл энэ аймшигт яргаллыг зохион байгуулсан засгийн газрын тэргүүн нь Америк, Канадаар орогнож, зарим нь өнөөдөр өндөр дээд албанд ажиллаж байгаа. Хүний эрхийг ноцтой зөрчигчдөд ийнхүү хариуцлага тооцдоггүйгээс өнөөдөр Монголд эрх нь зөрчигдөх явдал арай ч хэтэрлээ.
Монголын нэрт дуучин залууг сэжигтнээр татаж шоронд хорьж байхдаа дөрвөн мөчийг нь гавлаж дөнгөлөөд галдан шатаасан хэрэг саяхан гарлаа. Гавтай, дөнгөтэй хүнийг өөрийгөө шатаасан болгох гэж хичнээн үзэв дээ. Өөрийгөө шатаасан бол асаагуур ч юмуу, ямар нэг гал гаргах зүйл тэнд үлдэнэ биз дээ. Бас нэгэн аймшигт явдал саяхан боллоо. Саатуулагдаж байсан хүнийг цагдаа хуулийнхан үгсэн хуйвалдаж, “батлан даалтад” гаргах нэрээр сул чөлөөтэй явуулснаас тэр алуурчин нь нэг гэрийн 6 ам бүл дээр бензин асгаж гэртэй нь шатаалаа. Тав нь нас барж нэг нь амьтай төдий байгаа гэсэн.
Ийм хэрэг явдлыг Монголд тоочихын аргагүй боллоо. Зөвхөн өнгөрсөн оны нэгдүгээр улиралд л гэхэд гэмт хэрэг хоёр дахин өслөө гэнэ. Ийм байхад хэдэн хянагч ажлаас халсан нэрийдлээр Засгийн газар, Хууль зүйн яам, харьяа агентлагуудын удирдлага эсэн мэнд сууцгааж байгаа юм даа. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд бол бүгд огцорч, гэм буруутнууд ял зэмлэл хүлээх ёстой.
Шударга сонгууль: Монголд сонгууль бол зүгээр л луйвар болсон. Хэн сайн луйвар хийж байна, хэн шүүхэд их танил талтай байна, тэр нь ялдаг жишиг тогтлоо. Уул нь Ц.Элбэгдорж 2008 онд, Ерөнхийлөгч болохоосоо өмнө хэлсэн нэг сайхан үг байдаг юм. “Ард түмний сонголтод гаднаас хэн ч нөлөөлөх учиргүй. Олон түмний саналыг аль илүү авсан нь л ялах ёстой” гэж.
Тэгсэн чинь сүүлийн үед ард түмний саналаар биш, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн томилогддог гаж тогтолцоо бий боллоо. Ардчилсан намын удирдлагууд өрсөлдөгчөө ялихгүй зүйлээр өөтүүлэн шүүхийн нөхдөөрөө ялсан шийдвэр гаргуулж амтшив. УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтад АН-аас өрсөлдсөн Л.Эрхэмбаяр ялагдчихаад өнөөх “амташсан хэрээ”-нүүд мөн л шүүх яриад эхлэсэн. Энэ ялагдал бол Л.Эрхэмбаяр гэдэг хувь хүний ялагдал биш. Удирдлагынх нь хэдэн хүний балгаар Ардчилсан намын нэр хүнд яаж унаж байна гэдгийн тод баталгаа болсон юм. Тэгтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр ялагдлаа хүлээгээд МАН-ын өрсөлдөгч Д.Сумьяабазарт тахимаа өгөн амжилт хүслээ. Шударга байгаа биз?! Ардчилсан намд ийм шударга гишүүд олон бий. Энэ намын толгойд байгаа, гарын таван хуруунд багтмаар хэдэн хүн л Монголын ардчиллыг, Ардчилсан нам, Ардчилсан холбоог “бузартуулж” байгаагаас биш!
Хэвлэлийн эрх чөлөө: Ардчилсан хувьсгалын ололтын нэг чухал хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө байсан. Одоо энэ эрх чөлөө хумигдаж, чөлөөт телевиз, сайтуудыг нэг л өдөр бөөнөөр хааж 300 сэтгүүлчийг ажилгүй болголоо. Хөдөөгийн нэг аймагт өөрсдийгөө магтан дөвийлгөсөнгүй гэж Ардчилсан намын удирдлагууд аймгийнхаа телевиз, сониныг гаднаас нь хааж сэтгүүлчид нь гуравдугаар давхрын цонхоор орж байгаа харагдана. Хэвлэлийн эрх чөлөөг боймолсон хуулийн төсөл УИХ-аар орж ирээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран нэг удаа буцсан ч сонгуулийн хуулиар боймоллоо.
Би, монголын сэтгүүл зүйд 60 жил зүтгэхдээ ихэнх хугацааг социализмын үед үдсэн хүн. Хуучин тогтолцооны үед хэвлэлийн цензур байсан. Главлет /хэвлэл утга зохиол хянах газар/-аар шүүсээ шахуулж хүнд хэцүү бүхнийг туулсан. Гэхдээ өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн газруудыг хоморголон хааж, сэтгүүлчдийг хэдэн зуугаар нь ажилгүй болгож байхыг үзээгүй. Энэ янзаар бол Монголд хэвлэлийн эрх чөлөө нухчин дарагдаж, олон сэтгүүлч үзэл бодлынхоо золиос болж магадгүй боллоо.
Хувийн өмч, хөрөнгө: Ардчиллын нэг ололт нь ард түмнийг хувьдаа газартай, малтай, орон сууцтай, үйлдвэртэй, хадгаламжийн данстай болгосон. Өнөөдрийн эрх баригчид, энэ бүхэн рүү улангасан дайрч байна. Хувьчилсан газруудыг эргүүлэн татаж Ардчилсан намын пайзтай хүмүүст өгч байна гэдэг мэдээлэл ирэх боллоо. “Газрыг албадан чөлөөлөх” хууль гаргах гэж яаравчилж байна.
Зах зээлийн нийгэмдээ зохицуулаад хувийн орон сууцнууд эзэмших Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байгуулсныг, Дээд зөвлөлөөс нь эхлээд устгах бодлого явуулж эхлэлээ. СӨХ-үүдийг дүүрэгт хариуцуулан бүх удирдлагыг нь Ардчилсан намын хүн болгоно гэсэн яриа чих дэлсэх боллоо. Хувийн орон сууцнууд маань нам төрийн хэсэг бүлэг хүмүүсийн мэдэлд очвол, сууцнаас үл ялих шалтгаанаар өөтүүлэн шахаж гаргах бусармаг явдал газар авахыг байг гэх газаргүй хэмээн хүмүүс шуугих боллоо. Хувьчилсан байгууллагуудыг эргээд төр өөрийнхөө мэдэлд авч байна. Энэ чинь ардчилал, зах зээлийн нийгэм мөн юм уу, яавч биш.
Ард түмний хувийн өмчид ийнхүү зэрлэгээр хандаж байхад, дээгүүрээ биднээс “хулгайлсан” хөрөнгө мөнгөө гадаад руу сэм зөөж байна. Монголд, төрийн өндөр дээд албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг, шаардлагатай гэж үзвэл хянаж шалгадаг болсноос, өндөр дээд албаныхан мөнгөө гадаадын банкинд нууцаар хадгалуулж, гадаадын хамгийн сайхан байгаль цаг ууртай “диваажин”-гуудад орд харш, эдлэн газар байгуулж зарим нь бараг л хот хүрээ шиг байдаг сураг байна. Биднийгээ хамгийн утаатай, хортой нүүрсээр утаж орхичихоод, бүх зүйлийнх нь үнийг тэнгэрт хадаачихаад явцгааж байгаа нь тэр.
Би түрүү хэлсэн. Монголын хөрөнгийн ихэнх тал нь гадаадад гараад явчихсан. Түүнийг шалгая гэсэн хүн ажлаасаа халагдаж байсан юм билээ. Тэр их хөрөнгийг мөсөн уултай зүйрлэвэл, Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкинд “Хятадын Монгол” хаягаар байршуулж, татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугтаалгасан нэг сая ам.доллар бол зөвхөн ялихгүй орой нь цухуйж байгаа хэрэг. Дээгүүрээ үймэлдэж, тэр оройг булах гэж ямар ичгүүр сонжуургүй загнаж байгааг чуулганаас манайхан харсан байх. Еренхий сайд, УИХ-ын дэд дарга хоёроо, царай нь улалзаад л магтаж долигоноод байх юм даа. Тэр хүмүүсийн хэд нь гадаадад “Хятадын Монгол”- хаягаар их мөнгө байршуулчихсан “миний ээлж ирнэ” гэхээс үхтлээ айж байгаа бол хэмээн инээд хүрч суулаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гэдэг чинь аргагүй л ухаантай хүн юмаа. Тэрээр төрийн өндөр дээд албаныхан гадаадын банкуудад байршуулсан мөнгөө хоёр сарын дотор улсдаа оруулж ирэх үүрэг өгсөн. Бас л манайх шиг хөрөнгийн тал хувь нь гадаадад гарч явчихаад хүнд байгаа байх л даа. Консерциумын жагсаалтад орсон хүмүүстэйгээ гадаад улс орнууд хатуу хариуцлага тооцож эхлэлээ.
Юун албан тушаалаас огцрох, нууц мөнгөнийх нь талаар, сайдтайгаа эрүүгийн хариуцлага тооцож байгаа тухай телевизээр цацагдана билээ. Манай сэтгүүлчдийн зарим байгууллага, хүмүүс Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах консерциумд бичиг явуулах гэж байгаа сураг байсан. Монголоос, татвар орлогоо нуусан, мөнгө угаасан хүмүүсийн нэр баримтыг гаргаж ирүүлээч гэж. Урт дараалал орж ирж мэдэх л байх. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн В.Путины адилаар төрийн өндөр албан тушаалтны гадаадад байршуулсан хөрөнгийг оруулж ирмээр юм даа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надтай ярилцаж байхдаа өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонирхоно билээ. “Би, өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд тантай өрсөлдөх хэмжээний хүнийг олж харахгүй байна. Өнөөх л үеэ өнгөрөөсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гээд цоллогдож байдаг хүмүүсийн нэр яваад байна. Миний хувьд таныг дэмжинэ гэдгээ хэний ч өмнө хэлнэ. Түрүүчийн сонгуулиар таны тухай “Ардчилсан алаг туган доор дээлтэй арслан шиг дэрвэж явна” гээд бичиж байснаасаа ухрахгүй гэсэн.
Ц.Элбэгдорж гэж хүн ардчилсан хувьсгалыг ямар хэцүү хүнд үед амь насаараа дэнчин тавин удирдсаныг нь би байтугай монголын ард түмэн мартах эрхгүй. Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсанаас  хойш хоёр сар шахам хугацаа өнгөрлөө. Би бас Ц.Элбэгдорж гэж хүнийг дотроо “тандаад” байгаа. Ерөнхийлөгчийн ивээлийн өвс ачсан цуваа ч гэх шиг, хөлбөмбөгийн тэмцээн ч гэх шиг. Яль шалихгүй юманд л нэр нь гараад, дүр нь үзэгдээд байгаа.
Уул нь Ерөнхийлөгч маань, шударга ёсыг уриалан дуудаж л гарч ирсэн юмсандаа. Өнөөдөр Монгол улс, Монголын ардчилал ямар болчихоод байна? Чингис хааныхаа нэр барьж, Бонд нэрээр оруулж ирсэн өнөөх их өндөр хүүтэй валютаа Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын хэдэн хүн, ёстой л “ялихгүй зүйлд” зарсан болоод хувааж авахаар тохиролцов бололтой. Олон улсын Бондын тэр өндөр хүүтэй валютыг хотын зам засвар, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэгт хувааж байгаа сураг байна. Ийм нэрээр мөн ч их мөнгө зувчуулсан даа. Олон улсын Бондыг чинь тулгамдсан том бүтээн байгуулалтуудад зориулдаг болохоос биш ингэж үрэн таран хийдэггүй биз дээ?! Ерөнхийлөгч маань таг дуугүй.
УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос эхлээд татвараас зугтаалган гадаадын банкуудад байршуулсан асар их мөнгөний эздийн жагсаалт гарлаа. Жагсаалтад орсон хүмүүстэйгээ гадаад ертөнц хатуу тооцоо хийж байна. Манай Ерөнхийлөгч таг дуугүй. Ерөнхий сайд нь удирдаад дал, наян хүнтэй баг Бурхан-Халдунд аялж зугаалан  осгож үхэцгээгүй нь  яамай боллоо. Ямар их зардал чирэгдэл гарав. Ерөнхийлөгч таг дуугүй.
Төрийн тэргүүнтэйгээ би мөддөө уулзаж чадахгүй нь мэдээж. Энэ дашрамд нэг л зүйлийг хэлмээр байна. Ийм өөдгүй хүмүүсийн барьцаанд битгий байгаач. Шударга бус явдалтай тэмцэж, бүх ард түмний Ерөнхийлөгч гэдгээ харуулвал яасан юм. Эд, таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ үү, байна уу, өөрсдөө мэдэг. Танд дөрвөн жилийн Ерөнхийлөгчийн суудал байтугай, дөчин жил улс гүрнээ удирдах нас, эрч хүч, эрдэм мэдлэг бий. Болгоотугай.
2013.05.15.
Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Ерөнхийлөгч гэж хүний эрх үүргийг тодорхой заасан байгаа. Би тэр дундаас, Ерөнхийлөгч нь улсаа төлөөлөн гадны улс орнуудаас гуйлга гуйн, гарын үсэг зураад яв гэсэн заалтыг олж харахгүй л байгаа юм. Бэлээхэн, гэрээ хэлцэл хийдэг засгийн газар, зөвшөөрөл өгдөг Улсын Их Хурал байхад урдуур нь ингэж явж болдог юм уу?!
Монгол Улс 44 их наяд төгрөг буюу нэг хүнд 14 сая төгрөг оногдох өрөнд унаж, дампуурлаа зарлах улсуудын тэргүүн эгнээнд бичигдэж, ард түмэн, сөрөг хүчин, иргэний нийгмийнхэн нь их өрийг эсэргүүцээд байхад улсынх нь Ерөнхийлөгч “хүүдий сав ганзагалаад” хүрэх л бүх улс орноороо гуйлга гуйж явна гэдэг ичигвэртэй биш үү?! Тэгээд л би, хиргүй сайхнаар бодож итгэж явсан “дүү”- гээ шүүмжлэхээс аргагүй болоод байгаа юм. Мөн ч олон монгол хүн над шиг бодож байгаа даа.
Элбэгээ дүү минь, “Одоо дахиж та нараас сонгогдоно гэж гуйх юм биш, яасан ч яадаг юм” гэсэн сэтгэлээр хандаж байгаад чинь, өр нимгэн ард түмэн чинь, өмөрч, шататлаа гомдож байгаа шүү.
527-1386120990jamyan_1204_1204(1)
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ZOCHIN (February 24, 2016 1:12:32 pm )

    elbegee muuhai hvndee mon golchuudaar dendvv togloj bnaa

  • Anonymous (February 24, 2016 1:53:57 pm )

    90 онд бариад жагсаж байсан уриа лоозонг нь одоо бариад жагсвал утга нэг л байна даа.харин тэр үеийн дарга нарт оймсноос өөр юу ч байгаагүй юм даа.элбэгдоржтонгууд бол одоо тэрбумтангууд.эд нар хувьсгал хийгээгүй ард түмэн бид хийсэн биз дээ.талбай дээр 13 хүн жагсаад хэн ч тоохгүй байсан болов уу даа.ямар улсыг бид дээрээ гарсаныг ойлгохгүй юм.гудамжнд хүн өлбөрч үхэх нь даанч хамаагүй болжээ.энэ хүний хамаатнууд нь гэдэс цатгалан болохоор тэр л дээ..дэндүү муухай хүмүүсийг сонгож дээ. юу ч гэж хэлэх вэ дээ.энэ хүн ойлгож байгаа .тэнэг хүн биш .бид ядуу байх эдэнд ашигтай.гэвч алдах юмгүй улсууд зайсан руу сүх бариад очих үе ирэхвии дээ.үүний элбэгээ уншиж л байгаа ш дээ.чи баян баигаад давхар гутал өмсөхгүй ш дээ.одоо энэ хүнд бүх эрх мэдэл байна.бурхан л шийтгэнэ.шийтгэх нь гарцаагүй.ямар балир заваан юмнуудад хууртаж явснаа бодохоор өөртөө гомдлоо.үр хүүхдүүд нь сайн явбал бусдынх нь хамаагүй гээд л

  • гана (February 24, 2016 2:02:55 pm )

    Монголчууд бид дээшээ гарсан нэгнээ магтдаг гэж үү? Богд хаанаа “сохор”, Чойбалсангаа “алуурчин”, Цэдэнбалыг”Оросын гар хөл бологч”, Бямбасүрэнгуайг “Буурал мянгуужин”, Очирбат, Багабанди нарыг “Завханыхан урваач”, Энхбаярыг “авилгалын загалмайлсан эцэг” гэх мэт явж өгнө шүүдээ. Монголын төрийн толгойд гаднаас нэг Хятад юм уу? Орос ирээд суучихвал муулах юмгүй амар болох байхдаа.

  • Зочин (February 24, 2016 2:15:29 pm )

    ИЙМ Л БАЙГААМДАА.

  • ЗОЧИН (February 24, 2016 2:48:50 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ БУДДАА.МН ДЭЭР БАЙГАА ЛАМБУГАЙН САХИУСНУУДЫГ ГАДААДАД ЯВЖ БАЙГАА БҮХ ЦЭРГҮҮДДЭЭ ЗҮҮЛГЭХ ТУШААЛ ГАРГААЧ.УЧИР НЬ САХИУС ЗҮҮСЭН ХҮНИЙГ ЮУ Ч ДИЙЛЖ АЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА.ТИЙМЭЭС ОЛОН ЦЭРГҮҮДДЭЭ БААТАРЫН ОДОН БЭЛДЭХ ХЭРЭГ БОЛОХ НЬ ДЭЭ.ДЭЛХИЙД ХОСГҮЙ ИД ШИДТЭЙ САХИУСЫГ АВЦГААГААРАЙ.ХЭЗЭЭ Ч ҮХЭХГҮЙ ГЭНЭ ШҮҮ.ЛАМ БАГШ НАРААС ЭРТХЭН АВААРАЙ ДУУСЧИХАЖ МАГАДГҮЙ ШҮҮ.

  • Anonymous (February 24, 2016 5:01:27 pm )

    Хошируулсан л бйхгүй юу даа. За гэж хэлээд заавал биелүүлэхгүй гэдэгээ хруулж байнаа. Монголчуудын зовлонгоор бахаа ханагж байна. Намын луйварчидаа хамгаалагч, худал хуурмагтай сүжирлсэн бөөрөнхийлөгч шүү дээ

  • naruto (February 24, 2016 6:26:28 pm )

    монголд Путин шиг хүн хэрэгтэй байна. яахав түүнийг ану муулаа л биз. орос орны төлөө ихийг хийсэн гавьяатай хүн.

  • Anonymous (February 24, 2016 7:43:55 pm )

    ugaasaal hudalch nobsh baisiim bna l daa ene hudalch hol ybahguiee enhbayrtaa bariulj iduulne

  • Зочин (February 24, 2016 7:59:32 pm )

    Үадсэн хууль зөрчин гадаадын хамсаатан луйварчидаа 35 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн дөө бузар хулгайч яаж хүний нүүр лүү харж шудрага ёс ярьж чадаж байнаа

  • Улс тор судлаач. (February 24, 2016 8:10:56 pm )

    Та Еронхийлогчийг оорийн нь намтай муудалцуулах мон ч их худал ховыг Еронхийлогчид зоож, Эд нарыг хагралдуулах уйл хийж дээ. Энэ бухэн чи нь нугэл шуу.

  • Энхүүш (February 24, 2016 10:03:43 pm )

    Ардчиллын нэр барьсан луйварчин дурак чи шүү,Чамайг ард түмэн харж байгаа,

  • гутамшигт хогийн сонгол хийж үзсэн 96 онд 2008 онд монгол орон огт байхгүй болж байна монгол улсаа мөнх байхмйн төлөө санал өгнө дургүй хүрвэл (February 25, 2016 7:05:22 pm )

    энэ худлаа бага ястан өрийгөө бодно дараа нь хэнд үйлчилж байгаагаа бодно монгол улсын төлөө хэзээч бодохгүй юу үнэн тэр үнэн өөрөө сайхан амьдрах нутаг бол хаа ч очино монголоос хэн цагаачилсан ихэн нь бага ястан

  • түүхэнд үлдэх үнэн тэр заримдаа чи гитлер шиг байгаа (February 25, 2016 9:37:20 pm )

    энэ тусгай хангамж эдэлдэг дарга гэдэг хүнээс бас болоогүй орос гэдэг мангасаас сална гэсэн бид чамайг биш орос гаралтай зоригт итгэсэн туранхай та нар өлсөж юу гийхэв угаасаа бат үүл та нар өлсөглөн байлаа ямар юм ажлаа сайн хийдгүй новш бага цалин авдаг өлсөнө гэж одоо ч мэдэхгүй байгаа миний ард түмэн яачхав хэдэн хүүхэд өлсөж байна гэж байлаа өлссөн хэд ихэнх нь цагаач үлсэн хэд нь хятад гаралтай байлаа та нар монгол улсыг сайхан самарсан одоо байгаана энэ энхбаяр та нар надад огт хамаагүй тайван сайхан амьд явмаар байна

  • Anonymous (February 26, 2016 1:48:38 am )

    энэ худлаа бага ястангууд өөрийгөө л бодно дараа нь хэнд үйлчилж байгаагаа бодно монгол улсын төлөө хэзээ ч бодохгүй юу үнэн тэр үнэн өөрөө сайхан амьдрах нутаг бол хаа ч очно монголоос хэн цагаачилсан ихэнх нь бага ястангууд шүү дээ, энэ Жамьян гэдэг хүн бас хэтэрхий худлаа юм бичих юмаа, 4 мөчийг нь гавлаад Монголын нэрт дуучныг галдан шатаалаа ч гэх шиг арай ч ингэж бичиж болохгүй ш тээ тэр хүн нь Адарсүрэн үү, Норовбанзад гуай юу, эсвэл хэн нэгэн Ардын болоод гавьяат жүжигчин үү, тэр хүнийг хэн гэгч шатааж байхыг энэ хүн харсан байх нь, үүнийгээ хууль шүүхийн өмнө нотлох баримттай байх нь гэж ойлгож болох нь ээ дээ. Төрийн хамгаалалт хяналтанд /0461-р анги/ байгаа этгээдийг шатаагаад байгаа хүнийг хэн өршөөгөөд өмгөөлөөд байгааг та мэдэж байгаа юм бол шударгаар хэлээчээ

antalya rent a car