Ер нь УИХ-ын гишүүн байхад мэдлэгтэй, чадвартай, баян, сэтгэлтэй байх ч хэрэг алга. Зүгээр л азтай байхад боллоо. Гишүүн болчихвол байргүй байсан ч төрөөс орон сууц өгчихнө. Тэгээд жаахан сэргэлэн байвал мөнгөтэй, төгрөгтэй, унаа тэрэгтэй болчихно. Угаасаа азаар гишүүн болсон нөхдүүд тийм байдгийг нь жишээгээр харуулчихсан юм чинь. Бусад нь ч тэр замаар л явна шүү дээ, хамаа алга. За тэгээд, УИХ-ын гишүүн байхад дүрэм, журамд баригдаад байхгүй. Чуулганы хуралдаанд суухгүй байлаа гээд гишүүн биш болчихгүй, цалингаа бүтэн авна. Оюутан, сурагч, ажилтныг бол хичээл, ажлаа таслаад байвал сургуулиас нь юм уу ажлаас нь хөөнө, хална. Харин гишүүнийг тэгэх эрх хэнд ч байхгүй. Дуучин хүн гишүүн болчихвол чуулганд суухгүй, өрөөндөө студийн тоног төхөөрөмж тавьчихаад, дуугаа бэлтгээд байж болно.Шинэ жилээр халтуур хийсэн ч яадаг юм. Ердөө л гишүүн болсон болохоос биш ямар дуучин байхаа больсон биш. Улс орны төлөө хууль санаачлаад байх ч хэрэггүй. Угаасаа дөрвөн жил, цаашлаад найман жил суучихаад ганц ч хууль санаачлаагүй, компанийнхаа ажлыг хийгээд явж байгаа бизнесмэн байж л байна, тэр дотор. Түүн шиг л ажиллавал болно биз дээ. Ер нь өглөө Төрийн ордонд ирж үзэгдсэн болчихоод, өдөржин өрөөндөө “Candy crush” тоглоод, орой 17:00 цагаас тараад харьчихсан ч яадаг юм. Чуулган, байнгын хорооны хуралд суух ч шаардаага байхгүй. Хувийнхаа ажлыг амжуулаад л явж байгаад дөрвөн жилийг үдчихэд болно. УИХ-ын гшпүүний ажил гэдэг ийм л амархан. Тийм байхад хэн нь ч нэр дэвшсэн ер нь яадаг юм. Дуучин, зурхайч, жагсагч ч байсан хамаа алга. Тэгээд ч тэдэнд УИХ-ын гишүүний ажил ийм амархан харагдаад байгаа болохоор дуулах, жүжиглэх, лекц уншихын хажуугаар хийгээд байж болно гэж бодохгүй юу. Тийм болохоор тэднийг буруутгах арга үнэндээ алга. Бидч өөрсдөө нэр дэвшиж болно. Үндсэн хуулиар олгосон эрх байхад хамаа юу байна. Зүгээр л азаа үз.
Н.Пунцагболд
6 Comments