-Юуны өмнө танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Гэргийтэйгээ хамтарч уран бүтээлийнхээ цэнгүүнийг хийхээр зэхэж байгааг тань сонсоод таныг зорьж ирлээ. Драм, хошин урлагийн жүжигчин хүн дуучин гэргийтэйгээ хамтарч тоглолт хийнэ гэхээр эрхгүй анхаарал татаж байна шүү?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлч бидний хувьд өнгөрсөн жил олз омог ихтэй сайхан жил болж өнгөрсөн. Харин Монголд орчин цагийн мэргэжлийн байгууллагыг байгуулсны түүхт 85 жилийн ой, “Улаанбаатар чуулга” байгууллага үүсч хөгжсөний 10 жилийн ойн хүрээнд эхнэртэйгээ хамтарч тоглолт хийх гэж байна. Өмнө нь бид хоёр хамтарч нэг ч тоглот хийж байгаагүй юм билээ. Гэхдээ хоёулаа л ард түмнийхээ оюуныг гийгүүлэхийг хүсч байна.
-Тэгэлгүй яах вэ, та хоёрын уран бүтээлийн цэнгүүнд драм, чуулга гээд олон хүн оролцох байх даа?
-Тийм ээ. Энэ сарын 27, 28-нд Улсын драмын эрдмийн театрынхаа тайзан дээр “Оршихуй” уран бүтээлийн цэнгүүнээ тоглоно. Тоглолтод маань театрын хамт олноос гадна “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид оролцоно. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Ганзориг, Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, хийлч Дээгий нар оролцох юм.
-Хэд, хэдэн хошин урлагийнхан оролцох сураг дуулдлаа?
-“Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болсон. Мөн үе үеийн шавь нарын маань төлөөлөл оролцоно.
-Үнэхээр сайхан тоглолт болох нь дамжиггүй. Сүүлийн үед хошин шогийнхон драмын жүжгүүдээр үзэгчдийг уях боллоо. Ингэхэд УДЭТ-т тавигдаж байгаа жүжгүүд мэргэжлийн хувьд тэднээс юугаараа ялгаатай юм бэ?
-Манай театр бол Монголын урлагийн гал голомт юм. Ардын хувьсгал ялсаны дараахан иргэдийг соён гэгээрүүлэх, ухааруулах, гоо зүйн хүмүүжил олгох шаардлага тулгарсан. Тийм ч учраас мэргэжлийн театрыг байгуулсан байдаг. Өнгөрсөн 80 гаруй жилийн хугацаанд манай театр өөрийн гэсэн үзэгчтэй, өнгө аястай болж чадлаа. Бид дэлхийн болон Монголынхоо суут зохиолчдын бүтээлүүдийг ахмад үеийнхний өвлүүлж өгсөн чадвар дээр үндэслэн өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангасан тоглолт хийдгээрээ хошин шогийнхноос ялгаатай. Харин хошин шог бол өөрийн гэсэн онцлогтой урлагийн төрөл л дөө. Уран бүтээлч хүний авьяасыг сорих нэг талбар гэж ойлгож болно.
-Тэр ч тийм шүү. Театрт жүжиг үзэхээр ирж байгаа хүмүүс хувцаслалт, биеэ авч яваа байдлаасаа эхлээд нэг л өөр байдаг нь анзаарагддаг?
-Тийм ээ. Хүн төрөлхтөн театрыг амьдралын толь гэж үздэг. Энэ ч утгаараа ямарч хүн театрт их хүндэтгэлтэй, сэтгэлтэй ханддаг. Нөгөөтэйгүүр театрт тавигдаж байгаа уран бүтээлүүд үзэгчдэд оюуны гоо сайхныг олгодог цогц хэлбэр юм.
-Бид дэлхийн суут зохиолчдын сонгодог жүжгүүдийг тавиад л байдаг. Дэлхийн том театруудын жүжигчидтэй харьцуулахад манайхны уран чадвар ямар түвшинд байна вэ?
-Наадахыг чинь уран бүтээлч хүний хувьд сонирхолгүй яах вэ. Би “Гамлет” жүжгийг Англи, Америк, Орос, Герман гээд их олон оронд үзэж байсан. Тэдэнтэй харьцуулахад манай ахмад уран бүтээлчдийн бидэнд өгсөн жүжиглэхүйн ур ухаан бол дэлхийтэй яг эн зэрэгцчихсэн гэдэг нь харагддаг. Нэг зүйл ярья л даа.
-Тэг л дээ?
-Жишээ нь Манайд 1995 онд анх “Ричерт гурав” жүжгийг талийгаач Э.Санчигдан найруулагчийн найруулгаар тавьж байсан. Зөвлөхөөр нь найруулагч Мөнхдорж багш ажиллаж тухайн үеийн мундаг мундаг жүжигчид тоглож байлаа. Дараа нь 2000 онд би АНУ-ын Вашингтон хотод энэ жүжгийг үзэхэд Э.Санчигдан найруулагчийн тавьсан задаргаа, тавилтыг нэг бүрчлэн хуулсан юм шиг тавьсан. Азийн жижигхэн оронд байгаа найруулагч дэлхийн том театрын найруулагчтай энэ тэнцүү байсан. Үүнээс үзэхэд Монголын жүжигчин, найруулагчдын авьяас дэлхийн хэмжээнийх гэдэг нь харагдаж байна. Иймээс дэлхийн тайзан дээр тоглосон ч манайхан гологдохгүй.
-Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн “Хэрээ шиг хоолоотой хүнийг гургалдай шиг хоолоотой болгодог багш байхад гургалдай шиг хоолойтой хүнийг хэрээ шиг хоолоотой болгодог нь ч бий” гэж хэлсэн байдаг. Та СУИС-д багшлаад 10 гаруй жил болж багагүй хугацааг үджээ?
-Тийм ээ.
-Хэр сайн багш вэ. Бусдыг сурган хүмүүжүүлэх ажилдаа ямар дүн тавих бол?
-Хойч үеийнхээ халааг бэлдэнэ гэдэг ариун мөртлөө нэр төртэй, бас хэцүү алба байдаг юм байна. Зөвхөн жүжигчнээ хийгээд хар толгойгоо бодоод явахад нэг өөр. Хүний хүүхдийг хүн болгох, сайн уран бүтээлч төрүүлнэ гэдэг амаргүй. Багш хүн шавь нарынхаа төлөө байнга санаагаа чилээж суудаг юм байна. Гэхдээ би их азтай. Надаас сайн шавь нар төрөн гарсан. Миний шавь нар жил бүр “UBS” телевизээс зохион байгуулдаг “Орших уу эс орших уу” шоунд удаа дараа түрүүлж байлаа. Зарим нь мэргэжлээрээ гадаадад сурч байхад нэг хэсэг нь Монголынхоо театрт ажиллаж байна. Сайн уран бүтээлч төрж гарна гэдэг нь Монголын урлаг, театрт хэрэгтэй. Тийм болохоор миний баяр баясгалан, бахархал бол шавь нар минь юм даа.
-Багш хүн хатуу, чанга байж л сайн уран бүтээлч, чадварлаг мэргэжилтэн төрөн гарна. Ингэхэд та өөрийгөө хэр хатуу багш гэж боддог вэ?
-Намайг оюутан байхад цаг үе өөр байсан л даа. Багш даалгавар өгсөн л бол заавал хийх ёстой байлаа. Нойр хоолоо умартаад л өдөр шөнөгүй зүтгэдэг байсан. Одоо бол цаг үе өөр болж. Гэхдээ би бодсон зүйлээ хүүхдүүдээрээ хийлгэж байж санаа амардаг. Энэ ч утгаараа хүүхдүүддээ хатуу байдаг байх. Урлаг өөрөө их хатуу шүү дээ. Тийм ч амархан идчих хоол биш.
-Таныг Завхан аймагт төрж өссөн гэдгийг мэднэ. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очив?
-Миний амьдралын олон сайхан дурсамж Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг сумын дунд өнгөрсөн. Аав маань Их-Уул, ээж минь Нөмрөг сумынх. Нутгаас минь оюунлаг, авьяаслаг хүмүүс их төрөн гарсан. Тэдгээр алдартнууд болон нутаг, усаараа бахархаж явдаг даа. Ер нь Монгол хүн байгальтай шүтэлцээтэй байдаг. Модод навчилж, шувууд ганганахаар сэтгэл их гэгэлзэнэ. Хурдхан шиг л амралтаа аваад хөдөө байгалийн сайханд аялмаар санагддаг. Миний амьдралын хамгийн жаргалтай, гэгээлэг мөч ижий, аавтайгаа нутгаараа явах, ах дүүсийнхээрээ орох юм даа.
-Танай удамд жүжигчин хүн бий юу?
-Үгүй.
-Нэг ч үү?
-Огт байхгүй. Гэхдээ бүгдээрээ сайхан дуулна. Миний аав сайхан дуулна. Эмгэн ээж маань ч гэсэн дуулдаг хүн байсан. Түүнээс биш жүжигчин хүн байхгүй ээ. Бүгдээрээ цагдаа, спортын хүмүүс.
-Хүн ямар мэргэжилтэй болох нь генээс гадна тухайн хүний өсөж төрсөн орчин, нутаг ус нь нөлөөлдөг юм болов уу. Таныг жүжигчин болоход нутаг ус тань хэр нөлөөлсөн гэж боддог вэ?
-Нөлөөлнө л дөө. Их-Уул сум их өндөр уулуудтай. Дундуур нь Идэрийн гол урсана. Тэр усны чимээ, уул усны сүрлэг байдал хүнд их эрэмгий, зоримог чанарыг өвлүүлж өгдөг юм билээ. Харин Нөмрөг сумын газар зүйн байрлал нь намайг тайван, амгалан болгодог.
-Юуг тэр вэ?
-Найз маань хамт хөдөө явж байхдаа их гайхсан янзтай “Чи ийм зантай байх нь ч аргагүй юм байна шүү дээ. Заримдаа их догшин ширүүн, заавал үүнийг хийнэ гээд л зүтгэдэг. Нэг болохоор нээх тайван амгалан болчихдог” гэж хэлж байсан юм.
-Ингэхэд танд нэг зүйл анзаарагддаг уу?
-Юу.
-Төв газар төрж өссөн хүүхдүүд хөдөө тал, уул хад, гол горхины чимээ, аргалын үнэр гэдгийг огт мэддэггүй юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яах вэ. Миний үед амралтын өдрөөрөө эмээ, өвөөгийндөө очоод мал хуй хариулж, будаатай цай уугаад их сайхан байдаг байж. Харин одоогийн хүүхдүүдэд тийм зүйл алга.
Эмээ өвөө дээрээ өссөн хүүхдийн юманд хандах хандлага нь их өөр байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд эмээ, өвөө дээрээ очиж, нутаг усандаа амрах хэрэгтэй. Ялангуяа залуус эх орныхоо үзэсгэлэнт байгалиудаар аялах зайлшгүй шаардлагатай.
-Урлагийнхан сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. Гэм нь юманд амархан баярлаж, хөөрдөг шигээ сэтгэлээр унахдаа амархан юм шиг ээ?
-Ихэнх хүмүүс чам шиг ойлголттой явдаг. Жүжигчин хүн сэтгэл хөдлөлөө барьж байх ёстой. Өөрийгөө маш хурдан хугацаанд хаяж байх хэрэгтэй л дээ.
-Уран бүтээлч хүн сэтгэлийн хаттай байх ёстой гэсэн үг үү?
-Яг тийм. Хүний амьдралд мартагдахгүй хүнд үе их тохиолддог. Би л гэхэд ижийгээ алдсанаас хойш өглөө болгон ямар нэгэн байдлаар боддог. Хэдэн жил ингэж явахыг мэдэхгүй. Гэхдээ тэр бүх гунихрал, гутралаа хүн хянаж байх хэрэгтэй.
-Та хүн өөрийгөө хурдан хугацаанд хаяж байх ёстой гэлээ. Гэхдээ яаж тэр вэ?
-Ном уншдаг. Бас кино үзнэ. Эсвэл гэр бүл, найз нөхөд, шавь нартайгаа ярилцана. Янз янзаар л тайлна даа. Харин яагаад ч юм миний гомдол их удаан тайлагддаг.
-Өөрийгөө хурдан хугацаанд хаяж чөлөөлнө гэдэг магадгүй агуу ухаан байх л даа?
-Магадгүй л юм. Хэчнээн ар гэрт нь зовлон тохиосон ч билет зарагдсан л бол тоглох ёстой. Инээдмийн жүжигт уйлаад гарч л байлаа. Тийм ч учраас урлагийнхан их харгис, хатуу ч байж мэдэх юм.
10 Comments